Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Тулалдаанд зөвхөн шонхрууд буюу Германы 2 асыг унагасан ПопковУншсан40,546

Фронтод очиж тулалдах хүсэлтээ илэрхийлсэн 6 дахь хүсэлтийн дараа буюу 1941 оны 12-р сард Виталий Попков сөнөөгч нисэх хүчний ангид хуваарилагдан очжээ.

Виталий Попков

Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ хэмээх нэртэй, нэлээд гэнэн боловч сайхан кино байдгийг олон хүн санаж байгаа байх. Тэрхүү кинонд гардаг Маэстро, Кузнечик зэрэг дүр бол харин бодит нэгэн хүний амьдралаас авсан дүр гэдгийг харин тэр болгон мэдэхгүй байж магад. Энэ хүн бол ЗХУ-ын хошой баатар сөнөөгч нисгэгч Виталий Попков юм.

Энэ хүнтэй холбоотой олон домог шиг яриа байдгаас хамгийн алдартай нь Жуковт буудуулах шахсан, Германы шилдэг асуудын (уг нь эксперт гэж бичих ёстой) эхний аравт багтах хоёр ч хүнийг буудаж унагасан зэрэг зүйл байдаг бөгөөд эдгээр болон бусад зүйлийнх нь тухай аль болох товчхон танилцуулахыг хичээе.  
Попковын тухай яриад эхлэх үед кино яриад уналаа гэж бүү андуураарай.

Киноны Кузнечик болон Маэстро нар. Бодит амьдралд нэг хүн.

Фронтод очиж тулалдах хүсэлтээ илэрхийлсэн 6 дахь хүсэлтийн дараа буюу 1941 оны 12-р сард Виталий Попков сөнөөгч нисэх хүчний ангид хуваарилагдан очжээ. Чухам энэ үеэс түүний адал явдал эхэлсэн байна.

 

Тулалдаанд орох болоогүй шинэхэн “ангаахай” Попков нэгэн гөлөг олж аван сургаж эхэлсэн байдаг ба жагсаалын үеэр өнөөх гөлөг команд бүрийг биелүүлж олны инээдийг хүргэн, сахилга бат алдуулна. Дарга нар гөлөг тэжээж цэргийн сахилга алдаж байгаа нөхрийг нислэгт гарах эрхийг нь хасан гал тогооны мөнхийн жижүүр болгон шийтгэсэн байна. Энэ хэзээ ч үл дуусах, гал тогооны мөнхийн жижүүр маань нэгэн удаа ээлжит төмсөө арилган суух үед агаарын түгшүүр зарлан, бүгд сандарч эхэлсэн бөгөөд Германы 4 онгоц (2 сөнөөгч  Ме-109, 2 бөмбөгдөгч  Do-217) нисэх буудал руу дайрч эхэлжээ. Энэ үед Попков хамгийн ойрхон байсан “Лагг 3”-т харайн орж тасарч чадаад удалгүй эхний дайралтаараа л Дорнье-г буудан унагасан гэдэг.

Попковын араас агаарт гарч чадсан эскадрилийн дарга бас нэг онгоц унаган тулалдаан дуусжээ.

Бууж ирсэн Попков онгоц буудан унагах нь тийм ч хэцүү зүйл биш мэтээр нөхдөдөө ярьж байхыг  сонссон эскадрилийн дарга уурлан “Тийм мундаг юм бол яагаад ганцханыг унагав?” гэж ширүүхэн асуусан байна.

Өөр хүн юу гэж хариулах байсныг, эсвэл таг дуугүй болж болохыг төсөөлөхөд хэцүү биш. Харин Попков бол Попков.

Саяхан л мөнхийн гал тогооны жижүүр хийн төмс арилгаж байсан залуухан ангаахай ийм асуултын дараа "Уг нь бүгдийг нь унагах санаатай байсан чинь та өөрөө дотуур өмдтэйгөө агаарт гарч немцүүдийг үргээчихлээ гэжээ. Үнэхээр ч яаран сандран агаарт гарсан дарга гуай “дүрмийн бус хувцастай” байсан гэдэг.

Германы экспертүүдтэй тулалдсан нь

Ингэж анхны ялалтаа авсан Попков удалгүй ангаахай биш шонхор болон тулалдаанд улам бүр ихээр оролцон унагасан онгоцны тоо ч нэмэгдсээр байсан нэгэн үед Харьков орчимд нэгэн агаарын тулалдаан болсон байна.

Энэ үед Попковын хорооны өөдөөс Германы алдарт 52-р сөнөөгч эскадр тулж байсан бөгөөд чухам энэ эскадрт Германы хамгийн шилдэг экспертүүд болох Хартман, Баркхорн, Граф, Ралль, Батц нар тулалдаж байсан билээ. Бүгд 200-гаас дээш ялалт авсан ийм хүмүүстэй тулалдаж байгаа гэдгээ оросууд ч сайн мэдэж байсан бөгөөд анчдыг авлах гэж бас элдэв арга хэрэглэсээр байв.

Герман Граф райхсмаршалл Герингтэй хамт

Нэгэн удаа Батц өөрийн дагуултайгаа Зөвлөлтийн нисэх хүчний байрлаж буй буудал дээгүүр нисэн өнгөрөхдөө  “Ноёдоо! хоёрын эсрэг хоёроор халз тулалдъя. Тасарч байхад буудахгүй” гэсэн “урилга өгсөн” байна. Эскадрилийн дарга Игорь Шардаков залуухан дагалдагчтайгаа агаарт гарсан ба  удалгүй дагалдан буудуулж унажээ.  Батц ч оросуудыг доромжлон далавчаараа дохисоор нисэн одлоо.

Энэ явдлын дараа Попков Александр Пчелкинтэй хамтран (ЗХУ баатар 14+2 ялалт) Батцыг сургахаар жижүүрлэж эхэлсэн байна.  Гурван өдрийн дараа Батц дахин ирэх үед Зөвлөлтийн хоёр нисгэгч нисэх буудлын өөр өөр газраас, өөр өөр чиглэлд  тасарч агаарт гарсан нь Батцыг хэсэг гайхахад хүргэсэн ба учрыг нь олон байх хооронд Попков Батцын ард наалдаж авчээ. "Сүүлээ сэгсрэн" маневрлах Батцаас Попков огт салаагүй ба Батц сүүлийн арга болох шумбалтаар зугтах гэж оролдон шумбахад Попков дагаж шумбан газраас хэдхэн метрийн өндөрт байхад буудан унагасан байна. Зөвлөлтийн нисэх буудлаас 4 км-ын зайд унасан Батцыг нутгийнхан барьж авсан боловч удалгүй өнөөх нь оргож гарсан бөгөөд үүнээс хойш Батц  дахиж элдэв урилга явуулалгүй, томоотой болсон гэдэг.

Вилгельм Батц

Дайны дараа энэ хоёр дахин таарсан ба Попков ойрхон байгааг мэдээгүй Герман маань өөрийнхөө амжилтаар нэлээд сайрхаж, Гитлерээс өмнө нацист намд элссэн, 445 агаарын тулалдаанд 237 онгоц унагасан зэргээ ярин байх үед Попков 1943 онд Харьковын ойролцоо болсон тулалдааныг сануулж,  Батц ч уурлаад гарч явсан байна. Германы сонинд энэ тухай бичиж нэлээд шуугиан болсны дараа Батц уучлал гуйн Попковт өөрийн бичсэн дайны тухай номоо бэлэглэсэн байдаг.

Сталинградын тулалдааны үеэр Попков Германы бас нэг мундаг эксперт Херманн Графыг ялсан юм. Хэдэн жил Зөвлөлтийн хорих лагерьт хоригдож байгаад гарсан Граф фашизмын эсрэг тэмцэгч болсон бөгөөд Бундестагт нэр дэвшиж байсан гэдэг. Нэмээд хэлэхэд Хартман Графыг шууд биш боловч урвагч гэж ойлгохоор зүйл ярьсан байдаг билээ.

Харин Попков Графыг дажгүй эр, хөөрүү Батцын хажууд “мужик” гэсэн нь бий. 

Дайн тулалдааны үеэр Попков Германы шилдэг нисгэгч нартай үзэлцэж байх үедээ ялж байсан үе бий ч ялагдаж байсан цаг ч бас бий. Тэрээр 1944 онд хоёр “хенкель” унагаж байх хооронд  (хенкель 111 бололтой) экспертэд  буудуулсан ба хөдөлгүүр нь гэмтсэн онгоцоо дараагийн буудалтаас зайлуулахын  тулд өрөмд орсон (онгоц доош чиглэлд эргэлдэн унах хөдөлгөөн, өрмийн хошууны адил зарчмаар унах) байна.  Хэт даралт, нам өндөр зэргээс болон Попков шүхэр ашиглах боломжгүй байсан бөгөөд Германы нисгэгч ч шархтсан ангаа тавихгүйн тулд дагаж доошлон буудсаар байлаа. Нэгэн үе онгоцноос нь салан унасан аккумулятор зэрэгцэн унаж байсан гэдэг ба хамгийн сүүлийн мөчид машинаа өрмөөс гаргах үед  цахилгааны шугам дайрч (шугам дайрсан нь амийг нь аварсан) газарт унажээ. Бүх л нүх сүвээс цус гарч байсан Попков 10 хоногийн дараа бөөн боолт болсон хүн хороон дээрээ ирж байсан гэдэг.

1942 онд бас буудуулж унах үедээ шүхрээр үсэрсэн ч шүхэр нь шатаж эхэлсэн бөгөөд намагт унаагүй бол үхэх байсан Попков энэ тулалдаанд буудуулж байгаа даргыгаа хаан онгоцныхоо элгийг дайсанд тавьж өгсөн байжээ.

Жуковт буудуулах шахсан нь

“Жуковыг цагаатгах гарын үсэг цуглуулах үед би эрс эсэргүүцсэн цорын ганц хүн байж магад. Агуу жанжин биш байсан гэж байгаа юм биш, харин хувийн гомдол байдгаас” гэж Попков ярьж байсан тухай сэтгүүлчид бичсэн байдаг билээ.

Сталинградын тулалдааны үеэр германчууд хотыг бөмбөгдөж нефтийн агуулах эвдрэн, урссан нефть шатаж хот тэр чигээрээ галан бөмбөлөг болж байх тэр үед нацистууд агаарт бүрэн ноёрхож байлаа. Попковын хорооныхон өдөрт хэд хэдэн удаа нислэгт гаран, олон нисгэгчээ алдаж байх тэр нэгэн үед буюу 1942 оны 8-р сарын 26-нд Попков болон өөр гурван шилдэг нисгэгчийг төв штаб дээр дуудсан байна. Төв штаб дээрх ажилтнуудын гаргасан алдаа юу, Жуковын аашнаас болсон уу, ямар ч байсан Попковын бодож байсан шиг шагнах тухай яриа огт болоогүй билээ.

Штаб болон газар гэрт орох үед олон том тушаалын офицерууд цугласан байсан ба нисгэгчид хамгийн үүд хавьд зогсож таарчээ. Жуков болон Маленьков орж ирэх үед штабын зан авирыг мэдэхгүй фронтын нисгэгчид маань нэг л мэдэхэд хамгийн урд буюу догшин генералын яг өөдөөс нь харан зогсож байлаа.

-Яагаад ийм муу тулалдаж байна? гэж Жуков хашхиран асуусан бөгөөд асуулт дунд олон хараалын үг урсаж байв. –Яагаад муу тулалдаж байна? Муу хулчгаруудыг буудах хэрэгтэй... Чи өөрөө хэчнээн дайсан буудсан хүн бэ? гэж хамгийн урд буй Попковоос гэнэт, шууд тулган асуув.

-Буудах германууд хангалттай, буудаж л байна. Харин өөрийнхнийгөө бууддаггүй ээ...

-Харин би хулчгаруудыг, урвагчдыг бууддаг хүн. Эд нарыг хашаанд гарга!...

Нисгэгчдийг хашаанд хөөн гаргах үед хэд хэдэн автоматчид ч гараад ирлээ. Виталий Попков тэр үед юу болж байгааг сайн ойлгохоо больсон бөгөөд дээд зэргийн доромжлол, айдас гэдгийг тэнд л үзжээ.

Автоматчид үнэхээр таних тэмдэггүй болсон офицер хувцастай 3 хүнийг тэнд буудаж хороосон бөгөөд хэнийг буудчихав, яасан гэж буудчихав аа гэдгийг Попков огт ойлгоогүй байна.

-Та нарыг ч гэсэн хулчийж, муу байлдах юм бол ингэх болно за юу новшнуудаа (суки). Энэ өдрөөс эхлээд энэ нисгэгч нарын байлдааны нислэг, унагасан онгоцны тоог тооцохгүй, элдэв шагналд нэр дэвшүүлэхгүй шүү. Явж болно...

Ийм л явдал болсон гэдэг. Дайны хатуу цагт иймэрхүү юм фронтын хоёр талд  олон болж  байсан боловч шилдэг нисгэгч нартай  ингэж харьцаж байсан тохиолдол цөөхөн байх. Геринг Галланд нар муудалцаж, Галланд загалмай одонгоо ширээн дээр шидэж байсан түүхээс өөр ийм явдал сонсоогүй юм байна.

Алдарт Покрышкин, Попков хоёр.

Таран буюу мөргөн устгах арга

Попков гэдэг хүний зан аашийн тухай дээрх хэдэн түүхээс зарим нэг ойлголт авсан бол энэ хүнийг бүр илүү сайн тодорхойлох нэгэн тохиолдол байдаг билээ.

Попковын хороонд нэгэн нисгэгч хоёр ч ялалтаа таран буюу мөргөн устгах (камиказегийн дайралтаас огт өөр зүйл) байдлаар авсан байна. Попковын хорооныхон энэ аргыг дэмждэггүй байсан бөгөөд байлдааны онгоцыг мөргөх гэж хийгээгүй, дайсныг илүү цэвэр аргаар устгах ёстой гэж үздэг байв. Гэтэл нэгэн нөхөр хоёр ч таран хийснээ гайхуулсаар. Попков өнөө нөхөрт таран гэдэг маань тийм ч их мундаг эр зориг шаардсан зүйл биш, ер нь чи эр зоригтойдоо биш хурдаа цагтаа хасч чадаагүйгээс болсон байж магад хэмээн хэлснээс болж ... мэдээж эрчүүд болсон хойно юм юм болж таараа.

Энэ явдлаас болж Попков таран гээчийг тийм айхавтар зүйл биш гэдгийг өөрөө биеэрээ үзүүлнэ гэж мөрий тавьжээ. Ингээд 1945 оны хавар Берлиний ойролцоо Германы Ю-88 бөмбөгдөгчийг Попков мөргөсөн байна. Араас нь орохдоо сүүлийг нь сэнсээрээ тайрч хаясан ба цус нөжтэйгээ хутгалдсан амьтан Ю-88-ыг мөргөж устгасан тухай рапортоо өгсөн гэдэг. Харин энэ онгоцыг нь ялалтад тооцоогүй бөгөөд “сурган хүмүүжүүлэхийн” тулд ингэсэн гэсэн тайлбарыг дарга нь өгсөн байна.

Хөшөө

ЗХУ-ын хоёр удаагийн баатар Виталий Попковыг амьд байх үед нь Москвагийн нэгэн районд түүний хөшөөг босгох болжээ. Хөшөөг ч нэр төртэй нээж олон хүн цуглан сайн сайхны тухай, өнгөрсөн дайны тухай яриа олон болсон байж таараа. Орой болж хүмүүс цөөрсөн үед Попков хөшөөний загвар хийж, барьсан хүнтэй цуг буцан ирж шил шампанскаа хөшөөндөө цохин хагалж ёс гүйцэтгээд байлдааны 100 граммаа татахаар задалж,  даруулга болох өргөст хэмхээ ч гаргаж иржээ. Яг энэ үед шил хагарах чимээгээр ирсэн сэргийлэх (одоогийнхоор бол цагдаа) загнаж, барих торгох тухай ярьсан байж таарна. Хөшөөг бүтээсэн барималч маань дуугүй зогсож байгаад гэв гэнэт

-Чи ингэхэд хэнтэй ярьж байгаагаа ер нь мэдэж байна уу? гэж асуужээ. Гайхсан сэргийлэгч хэсэг байснаа  гэв гэнэт хөшөөг нэг харж дараа нь Попковыг нэг харж байснаа шууд л өргөст хэмхээс нэгийг аваад

–нэг хийчих, гэсэн гэдэг. 

Василий Сталинтай цуг шахам өсөж, түүнтэй цуг тулалдаж явсан энэ эрийн тухай олон сонин яриа байдгаас зарим нэгийг нь л хүргэлээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]