Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Польш улс ойрын хугацаанд зэвсэгт хүчнээ эрс нэмэгдүүлнэУншсан4,282

АНУ 70 км-ийн тусгалтай их бууны сум амжилттай туршиж, Польш ойрын хугацаанд зэвсэгт хүчнээ эрс нэмэгдүүлэхээ мэдэгджээ

Орчуулсан Б.Бадрал

Уншигчдадаа геополитик болон олон улсын цэрэг зэвсэглэлийн салбартай холбоо бүхий цаг үеийн мэдээллүүдийг хүргэж байна.


АНУ 70 км-ийн тусгалтай их бууны сум амжилттай туршжээ

Америкийн арми алсын тусгалтай их буутай болох ERCA (Extended Range Cannon Artillery) хөтөлбөрийн хүрээнд шинээр бүтээж байгаа M1299 өөрөө явагч их буунд зориулан бүтээсэн XM1113ER дөрвөн шинэ сумыг амжилттай туршсан тухай “General Dynamics” компани мэдээлжээ. Туршилтын буудлагын үеэр XM1113ER идэвхтэй тийрэлтэт сумнууд 70 км-ийн алсад байгаа байг онож устгасан байна. Гэвч албан бус эх сурвалжуудын өгсөн батлагдаагүй мэдээгээр эдгээр сумнууд бүр 100 км-ийн алсад туссан аж. Туршилт аравдугаар сарын эхээр Аризона муж дах, Юма хээрийн сургуулийн талбар дээр явагджээ.

“BAE Systems” компанийн бүтээж байгаа шинэ үеийн 155 мм-ийн өөрөө явагч их буу нь M109A7 "Паладин" өөрөө явагч их бууны шассийг ашиглах ч толгой нь 58 калибр (8990 мм) хүртэл уртасгасан гол төмөр бүхий XM907 их буу, өндөр ончтой галын удирдах системээр тоноглосон шинэ цамхагтай болсон. Шинэ өөрөө явагчид конвейр автомат цэнэглэгч суурилуулж өгснөөр буудах хурд нь ч нэмэгдсэн байна. Одоогоор M1299 өөрөө явагчийн туршилтын 18 загварыг бэлэн болгоод байгаа аж. Энэхүү сайжруулсан сумыг цаашдаа 100 км-ийн алслалтай болох тухай өмнө нь мэдэгдэж байсан билээ. Өөрөө явагч их буу нь автомат цэнэглэгчийнхээ ачаар минутад 10 удаа буудах чадвартай. Шинэ өөрөө явагч их буу ба шинэ сумаар зэвсэглэсэн их бууны дивизионууд 2023 оноос АНУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж ирэх ёстой. Үүний өмнө “BAE Systems”-ийн бүтээсэн 8х8 томьёолол бүхий дугуйт өөрөө явагч гаубиц их буу ARCHER-ийг туршсан тухай мэдээлж байна.

Польш ойрын хугацаанд армийн хүчээ эрс нэмэгдүүлэхээ мэдэгджээ

Польшид эрх барьж байгаа “Эрхзүй ба шударга ёс” намын тэргүүн Ярослав Качиньский “RMF FM” радио станцад ярилцлага өгөх үеэрээ өөрийнх нь тэргүүлдэг фракцаас улс орны цэргийн хүчийг эрс нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулна гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид цэргийн хувьд эрс сайжрах хэрэгтэй. Тун удахгүй Сейм болон дараа нь Сенатад холбогдох шийдлийг танилцуулна. Би армийг бүхэлд нь эрс сайжруулах тухай ярьж байна” гэжээ. Ингэхдээ армийн бие бүрэлдэхүүний тоо ба болон зэвсэглэлийн аль алиных нь тухай дурдаж байгаагаа онцолсон байна.

Үүний өмнөхөн Варшав 24 нэгж Bayraktar дрон худалдаж авахаар Анкаратай гэрээ байгуулсан нь ил болсон. Эхний дроныг Польшийн арми 2022 онд хүлээж авах ёстой. Ажиглагчдын үзэж буйгаар өмнө нь зөвхөн АНУ-ын зэвсэг худалдан авч байсан Варшав ийм наймаа хийснээр Цагаан ордон “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүйд дургүйцэж буйгаа харуулахтай зэрэгцээд цохилтын дрон их хэмжээгээр авч байгаа гэдгээрээ оросуудад анхааруулга өгөх зорилготой хэмээн ажиглагчид таамаглаж байгаа аж.

Оросын сум, галт хэрэгслийн үйлдвэрлэгчид хамгийн том зах зээлээ алдлаа

АНУ-ын зүгээс Химийн болон биологийн зэвсэгт хяналт тавих хуулийн дагуу ОХУ-ын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээ есдүгээр сарын 7-ноос үйлчилж эхэлсэн. Энэ хориг арга хэмжээгээр АНУ нь ОХУ-аас буу болон сум, галт хэрэгслийг импортлон оруулж ирэхийг хориглож байгаа юм. Гэхдээ Оросоос ирж байгаа галт зэвсэг, сум ба галт хэрэгслийн импортыг шууд нэг дор бүгдийг хориглосонгүй, Америк дахь импортлогч компаниудад Оросын бүтээгдэхүүнийг оруулж ирэх зөвшөөрлийн лиценз шинээр олгохгүй байх замаар хориглосон байна. Тиймээс ОХУ-аас АНУ-ыг чиглэсэн сум, галт хэрэгслийн наймаа нэг дор зогсохгүй ч Оросоос шинээр лиценз авах хүсэлтүүдэд бүгдэд нь татгалзсан хариу өгөх болно.

Энэ хоригоос ОХУ-д учрах эдийн засгийн хохирол нэлээд их байх төлөвтэй байгаа тухай энэ салбарын мэргэжилтнүүд ТАСС агентлагт ярьжээ.

Нэгдүгээрт, АНУ-ын сум, галт хэрэгслийн зах зээл дэлхийд хамгийн том, Латин Америк, Африкийн зах зээлээс ч том гэнэ. Тиймээс ийм зах зээлийг алдана гэдэг маш том гарз дагуулах нь ойлгомжтой. Хоёрдугаарт, АНУ-ын зэвсгийн зах зээл Оросын галт зэвсэг, сум ба галт хэрэгслийн хамгийн том худалдан авагч байсан аж. АНУ-ын зэвсэг эзэмшигчдийн хэрэгцээг хангахад Оросын аж үйлдвэрлэлийн иргэний зориулалттай сум үйлдвэрлэлийн салбар бүхлээрээ ажиллаж байсан гэнэ. Гуравдугаарт, АНУ хориг арга хэмжээ аваад ирэхээр уламжлал ёсоор Европын холбоо дагадаг. Иймд АНУ-ыг дагаад удахгүй Европын зах зээл Оросын сум, галт хэрэгслийн хувьд хаагдах магадлал өндөр.

Иймд Оросын буу, сум галт хэрэгсэл үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай болж байгааг ТАСС уламжилсан байна. Хэдий хэмжээний том зах зээл алдаж байгаа бол гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгвэл Оросын үйлдвэрлэгчдээс нэг жилийн дотор АНУ-д нийлүүлдэг зөвхөн сумны нийлүүлэлт гэхэд л 100 сая доллар давж гардаг. Энэ наймдугаар сард Оросын сумны импорт 28 сая доллар болж өссөн юм байна.

Нийтдээ энэ оны эхний найман сарын байдлаар Оросоос АНУ руу импортолсон сумны хэмжээ 114 сая долларт хүрсэн. ОХУ нь 2020 онд АНУ-ын галт зэвсгийн сумны нийт импортын 21 хувийг эзэлж байсан нь нийлүүлэгчдийн дундаа хамгийн том нь юм. Хоёрдугаарт нь Өмнөд Солонгос, гуравт Чех улс орж байв.

Улмаар Оросын сумнууд Америкийн галт зэвсгийн сум ба галт хэрэгслийн зах зээлийн 4 хувь орчмыг хангаж байдаг. Ийм мэдээллийг есдүгээр сард консалтингийн “Small Arms Analytics & Forecasting” компанийн эдийн засагч Юрген Брауэр өгч байжээ. Энэ компанийн мэдээллээр бол 2020 онд АНУ-ын импортлогчид ОХУ-аас нийтдээ 765 сая гаруй сум импортлон оруулж ирсэн. Улс бүрээс орж ирсэн нийт импортын хэмжээ 3,5 тэрбум сум болж байсан.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]