Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Лхагвасүрэн: Монгол хүн л юм бол Чингис хаанаа тэнгэр мэт дээдэлж шүтэх ёстойУншсан5,300

Молор-Эрдэнэ доктор өөрөө монгол хүн байх л даа. Өрнөдийн оронд сурч, амьдарч байхдаа “Хаанаас ирсэн” гэхээр “Монголоос” гэж л хариулдаг байсан байх.

Ярилцсан Л.Батцэнгэл


Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөгийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Молор-Эрдэнэ хэмээх хүн “Чингис хаан бол юу ч бүтээгээгүй, Чингисийн үед төр ч байгаагүй, Монголчуудыг дэлхийгээр нэг цацсан шагай шиг тараасан этгээд” гэлээ. Энэ талаар мэргэжлийн түүхчийн хувьд та ямар байр суурьтай байгаа бол?

-Молор-Эрдэнэ гэдэг хүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс л бага сага таньж мэдэх юм. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүн гэж өөрөө ярьж байхыг нь сонссон. Түүнээс биш эрдэм ном, улс төрийн талаар энэ хүнтэй би хэлхээ холбоо байхгүй. Түүхч, судлаач хүний хувьд энэ нийтлэлийн талаар таны тавьсан асуултын дагуу хэдэн зүйл хэлье. “Чингис хаан бол эх орондоо юу ч бүтээгээгүй” гэсэн гарчигтай ярилцлага байна л даа. Зөвхөн гарчгаасаа эхлээд түүхэн үнэмшил, бодит баримт муутай ярилцлага болжээ. Яагаад гэвэл Чингис хааныг Монголд ч бай, дэлхийд ч бай юу бүтээсэн гэдгийг бидэнтэй, бидэнгүй дэлхий дахин тогтоосон. “Хүн төрөлхтөний хоёрдугаар мянган жилийн түүхт хүн” гэдгээр “Нью-Йорк таймс” болон “Вашингтон пост” сонины өнгөрөгч зууны тодруулгаар тодорчихсон алдартан.

-Философич Молор-Эрдэнэ Чингис хааныг талын хэдэн нүүдэлчдийг л дагуулаад морин дэл дээр сүйргэнэж, суурин иргэншилтэй улс орныг тонон дээрэмдсэн хуульгүй нөхөр байснаас биш эртний их түүхт Хятад, Ром улсууд шиг ганц хот ч байгуулаагүй гээд байгаа юм билээ л дээ?

-Хятад, Ром улсуудыг эртнээс соёл иргэншилтэй гэж дэндүү өргөмжилж. Эдгээр улсын соёл иргэншлийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны үед, Чингис хааны залгамжлагчдын үед Монголын их эзэнт гүрний буурин дээр Хятад улс бий болсон. Яагаад ингэж ярьж байна гэхээр өмнө нь Хятадын нутаг дэвсгэр дээр Хан, Сүн, Яо, Тан улс зэрэг жижиг жижиг улсууд байсан. Чингис хааны үеэс Алтан улс, Сүн улсуудыг нэгтгэж явсаар 1268 онд Хубилай хаан Юан гүрнийг байгуулсан. Юан гүрэн оршин тогтнож явсаар 1368 онд Тогоонтөмөр хааны ноёрхол унасны дараа Монголчуудын байгуулсан улсын суурин дээр Мин улс бий болсон. Нөгөө олон жижиг улсуудыг нэгтгэсэн улс нь Монгол. Хэн удирдсан бэ гэвэл Чингис хаан. Ганцхан Хятадын тухайд ч биш Оросын хувьд ч Создалийн, Тверийн, Новогородын, Киевийн гэх мэт жижиг вант улсууд байсныг Монголчууд нэгтгэж өгсөн. Гадуураа хэрэмтэй хэдэн байшин савтай тосгод л байсан. Энэ жижиг вант улсуудыг Чингис хааны ууган хүү Зүчийн хүү Бат хаан эзэлж аваад Алтан ордны улсыг байгуулсан. Хамгийн сүүлчийн хаан Жанибекийг нас барсны дараа Алтан ордны улсын суурин дээр Русь гэж улс бий болсон. Чингис хаан одоогийн энэ хүчирхэг улсуудыг яах аргагүй бүтээсэн байгаа биз дээ.

-Дэлхийд ч яахав, Чингис хаан том том улсуудыг хүртэл байгуулсан юм биз. Эх орондоо юу ч хийгээгүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хаан харилцаа холбооны томоохон эхлэлийг тавьсан. Тухайлбал, дэлхийд анх удаа өөрийнхөө эзэнт гүрнийг хамруулсан морин өртөөг байгуулсан. Морин өртөө гэдэг одоогийн даяарчлал, цахим ертөнцийн эхлэл болох үндэслэл болсон. Гэтэл энэ хүнийг, дэлхий дахиныг хамарсан том бүтээн байгуулалт хийчихсэн байхад юу ч бүтээгээгүй гэж яагаад ч ярьж болохгүй. Чингис хаан бол даяарчлалыг үндэслэгч. Чингис хаан “Дэлхийн бүх хүмүүс нэгэн гэрийн хүмүүс мэт эвтэй найртай амьдрах аваас миний хүсэл биелмой” гэж хэлсэн байдаг. Ерээд оноос даяарчлал гэдэг үг хүчтэй сонстож эхэлсэн. Одоо ч энэ үйл явдал хүчтэй өрнөж байна. Гэтэл энэ бүхний эхлэлийг 1206 онд Чингис хаан тавиад дорно дахины ард түмнийг өрнө дахинтай таниулсан гавьяатай. Өрнө дахины өчнөөн хүмүүс Ази тивд ирж дорно дахиныг мэдсэн. Чингис хаан бол дэлхийг эзэлсэн хүн. Түүний үед дэлхийд Ази, Европ хоёр тив л тодорхой байсан. Васка де Гама хэдэн онд Африк тивийг нээлээ, Христофер Колумб Америк тивийг хэзээ нээлээ. Үндсэндээ Америкийг анх нээсэн улс чинь манай өвөг Монголчууд шүү дээ. Мезойлитийн үед буюу арван таван мянган жилийн тэртээд манай Монгол нутгаас нүүж Сибирийн Лена мөрний сав, Камчаткийн хойг, Берингийн хоолойгоор дамжиж Аляскийн хойг хүрсэн эртний индианчуудын өвөг чинь Монголчууд байсан.

-Чингис хаан соёл иргэншлүүдийг нураан устгагч байснаас бүтээн байгуулагч байгаагүй гэдгийн тухайд?

-Чингис хаан бусад хаад шиг өөртөө зориулсан хөшөө дурсгал, том том барилга байгууламж, Египетийн фараонууд шиг цац суварга ч босгосонгүй. Угийн даруухан ийм хүн. Аян дайнд явахдаа цэргүүдтэйгээ хамт амарч хоноод, тэднийхээ хоол унднаас идээд явдаг энгийн хүн байсан. Хот суурин байгуулаагүй гэсэн тухайд Чингис хаан 1220 онд Хорезмыг дайлаар мордох зуураа Хархорины суурийг тавиад, Өгөдэй хаанчилж байсан 1229-1230 оны үес Чингис хааны авга ах Даридай Отчиган сүндэрлүүлсэн. Хархорины тууриас гэрэлт хөшөө олдсон. Хөшөөн дээр Хархориныг хэзээ, хэрхэн барьж байгуулсан тухай бичсэн байгаа. Дорно дахины болон өрнө дахины бичгийн бүхий л сурвалжид Хархорины талаар тодорхой бий. Мөнгөн мод байсан гэж хүн бүхэн мэднэ. Энэ чинь Хархорин хот байсны л баримт биз дээ. Хархоринд 1948 онд археологийн малтлага хийж эхэлсэн. Хархорин ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад орчихлоо.

-Хятадууд хааны ордонтой, засчихсан тайган эрчүүдээр хатдаа мануулдаг байсан болохоор хааны удмынхан цэвэр цусныхан байдаг байсан. Харин Чингисийн үед Монголчууд эсгий гэрээс өөр юманд амьдардаггүй байсан учраас ураг удмынхан нь өөр хүний хүүхэд байх ч магадлалтай гэсэн байна лээ?

-Молор-Эрдэнэ доктор өөрөө Монгол хүн байх л даа. Өрнөдийн оронд сурч, амьдарч байхдаа “Хаанаас ирсэн” гэхээр “Монголоос” гэж л хариулдаг байсан байх. Өрнөдийнхөн “Чингис хааны Монгол уу” гэж асуух дуртай. Мань эр мэдээж “Чингис хааны орноос ирсэн” гэж хэлж л байсан байх. Чингис хааны байгуулсан улс хэд хэдэн онцлогтой. Их Монгол Улс шиг хамгийн олон жил оршин тогтносон гүрэн улс дэлхий дээр байхгүй. Чингис хааны суурийг тавьсан гүрэн шиг дэлхийн хамгийн олон үндэстэн ястнуудыг хамарсан улс одоо хүртэл байхгүй. Чингис хааны байгуулсан улс шиг газар нутгийнхаа хэмжээгээр уудам, хамруулсан үндэстэн угсаатнуудынхаа тоогоор толгой цохих улс байхгүй. Европын болоод дэлхийн түүхэнд бичигддэг Наполеон Бонапарт, Александр Македонский, Кутузов нарын алдарт жанждын байгуулсан улс бол манай Чингис хааны үндэслэсэн улсын дэргэд юу ч биш. Чингис хааны байгуулсан улс шиг хуультай, цаазтай, хатуу сахилга баттай төр улс дэлхийд өөр оршин тогтноогүй. Чингис хаан төрийн дөрвөн их хатантай байсан. Хатан Бөртэг төрийн их хатан гэж нэрийдэж, Бөртэгийн хүүхдүүд хаан ширээг залгамжилж, Бөртэгийн үгийг бусад хатад нь дагаж явдаг байсан. Чингис хаан бол гэр орон, авгай хүүхдийн асуудлыг түлхүү тавьдаг хүн биш шүү дээ.

-Тэгэхээр “Гэрээ засаад төрөө зас” гэдгийг мэддэггүй хүн байсан гэсэн үг үү?

-Хувийн тохь тухыг тэгтлээ эрхэмлэж яваагүй. “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэж төр, түмнийхээ төлөө л зүтгэсэн хүн. Том эрдэмтэн Молор-Эрдэнийн хэлсэнчлэн Чингисийн үр хүүхдүүдийн авгай нарын тэмцлээс болж том эзэнт гүрэн нурсан гэдэг үгүй шүү. Монголын эзэнт гүрэн түүхэн жамаараа л бутарсан. Одоогийн Монгол Улсын газар нутаг чинь Монголын эзэнт гүрний газар нутгийн хорин гуравхан хувь дээр оршиж байгаа. Цаана нь 77 хувь үлдэж байгаа биз. Тийм уудам газар нутгийг бидэнд өвлүүлсэн. Тэгсэн атлаа Чингис хааны бидэнд өвлүүлсэн газар нутаг буюу манай улс газар нутгаараа дэлхийд 18 дугаарт бичигдэж байна. Ийм уудам нутгийг өвлүүлсэн агуу хүн чинь бүтээн байгуулагч биш үү. Юу ч бүтээгээгүй гэж юу яринам бэ. Гадаадад яваа Монгол хүн бүр л Чингис хаанаа нэрийн хуудсаа болгож явдаг шүү дээ. Даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч бол Чингис хаан мөн байгаа биз.

-“Их засаг” хууль бол албан ёсны хууль биш зүгээр л нэг хорио цээр, Чингис ард түмнийхээ боловсролд огт санаа тавиагүй гэсэн байсан?

-Монголоо бичиг үсэггүй гэж доош хийнэ гэдэг даанч утгагүй. Чингис хааны нэртэй бичээс бэлээхэн байж байна. Хорезмыг дайлаар мордох замдаа Буха Сачиху хэмээх газар наадам хийж, Хасарын хүү Есүнхэ мэргэн 225 алд газар харвасан тухай биччихсэн байгаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн толгой бүхий Чингис хааны албан бичиг захидлууд дэлхий даяар байгаа шүү дээ. Ромын пап манай төрийн тэргүүнийг айлчлан очиход захианы хуулбарыг өгсөн. Францын хаанд явуулж байсан захианы хуулбарууд байдаг. Дараагийн бүх хаадын захидал бичгүүд одоог хүртэл худам Монголоороо хадгалагдаад үлдчихсэн. Монголчууд бичиг үсэгтэй байсны баталгаа энэ биш үү. Чингис хаан гэсэн бичигтэй зооснууд байна. Чингис хааны үед холбогдох 200-гаад булшийг Монголын нутгаас оллоо. Манай “Чингис хаан” дээд сургууль профессор Харгана Балжиннямаар удирдуулан “Дэлхийн Монголчуудын өв соёл” гэж есөн боть гаргалаа. Дундад Ази, Алтан ордны улс, БНХАУ, Өмнөд Монголд байгаа Чингис хаантай холбогдох дурсгалууд хаа сайгүй байна.

-Чингис суурин иргэдийн тариа будааг талхчин булаасан жирийн нэг алан хядагч байснаас Хятадын Күнз шиг ард түмнийхээ оюун санааны эцэг байгаагүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хааны ертөнцийг үзэх үзэл, билиг сургаалийг нарийвчлан судалдаг түүхийн ухааны доктор Шагдар, Баяр, Болд-Эрдэнэ, академич Ч.Жүгдэр нар олон ном бүтээл туурвисан. Түүхийн ном бүтээл уншаагүй зарим нөхөд Чингис хааныг юу ч бүтээгээгүй гэж үзэх нь аргагүй. Гэтэл Чингис хааны философийг дэлхий даяар судалж байна. Аль тэртээх эриний Күнзийн үеийг Чингис хааны үетэй харьцуулаад байх утгагүй. Бид чинь малчин нүүдэлчин ард түмэн. Тэд суурьшмал иргэд. Чингис хааны цаг үе өөр, Күнзийн цаг үе ондоо. Чингис хаан зүгээр ч нэг харанхуй бүдүүлэг амьтан байгаагүй. Ертөнцийг үзэх талаар эрдэм номын мэргэдтэй хүртэл уулзаж учирч, урьж залж явсныг Чан Чунь бумбатай уулзсан нь гэрчилнэ. Монголчууд ямар ч цаг үед Чингис хааныгаа шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Социализмын үед МАХН-ын Төв хорооны тогтоол гарч Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хөвөөнд Чингис хааны гэрэлт хөшөөг босгосон. Үүнээс болж зарим хүн хэлмэгдсэн. Социализмын үед Чингис хааны хөшөөг босгосноос гадна төр засгаас “Монголын нууц товчоон”-ыг арван хоёр удаа хэвлэсэн гээд бод доо. “Нууц товчоон”-оос харахад Монголчууд ямар эртний түүхтэй, бичиг үсэгтэй, бичгийн их боловсролтой мэргэдтэй байсан нь тодорхой байдаг. 1240 онд бичигдсэн ном шүү дээ. Тэр үед бичигдсэн ийм агуу түүхэн баримт бүтээл байсаар байхад үгүйсгэнэ гэдэг үнэхээр утгагүй. “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй үе чинь чамайг их буугаар буудна” гэсэн үг байдаг даа. Чингис хаан хэн нэгнээр муулуулж баалуулаад байхаар буруутан биш. Энэ хүн бол Монголын биш дэлхийн хаан. Энэ хүний нэр алдар, гавьяа үйлсийг бид л хайрлаж хүндэлж явах учиртай. Хаанд зориулж том хөшөө дурсгал босгохоос илүү түүхэн гавьяа, билэг сургаалийг нь хар дээр цагаанаар бичин хойч үедээ мөнхлөх учиртай.

-Чингис хаан ганц ч их дээд сургууль байгуулаагүй нь үндэсний эмгэнэл гээд байна л даа?

-Их, дээд сургууль байгуулна гэдэг тухайн улсын хөгжлийн гол тулгуур биш. Чингис хаан 1206 онд зарлиг гаргаж Монгол бичгийг төрийн бичиг болгосон. Төрийн бичгийг бий болгоно гэдэг чинь бүхэл бүтэн соёлыг эх орондоо түгээж байгаагийн илэрхийлэл. Соёлын нэг хэсэг нь сургууль юм.

-“Чингис хаан” дээд сургууль хэдэн онд байгуулагдав?

-1999 онд байгуулсан. Монгол орон бол Чингис хааны өлгий нутаг. Тийм учраас өлгий нутагт нь эзэн хаанаар нэрлэгдсэн сургууль байх учиртай гэж бодсон хэрэг. Манай сургууль Чингис хаан судлал, түүхэн газарзүй, гүн ухаан, Чингис хааны үеийн Монголын археологи, хоронологи, цэргийн судлал гэсэн бие даасан зургаан хичээлийн хөтөлбөрийг Монголын дээд боловсролын тогтолцоонд бий болголоо. “Чингис хаан судлал” гэсэн эрдэм шинжилгээний хорь гаруй дугаар сэтгүүл, "Чингис хааны нэвтэрхий толь” номыг 2012 онд гаргалаа. Чингис хаан судлалын дөч гаруй ном хэвлүүлсэн байна. Манай сургуулийн “Эзэн Чингисийн ивээл дор эрдэм номд шамдан суралцаж Монгол хэмээх их нэрийг дэлхий дахинд мандуулъя” гэсэн уриа бий. Монгол хүн л юм бол Чингис хаанаа тэнгэр мэт дээдэлж шүтэх ёстой. Монгол хүн Чингис хаанаа муулж болохгүй.

                  Л.Батцэнгэл

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 10. 15:50
Монгол хүн

Энэ Молорэрдэнэ гэгч нөхөр хэн юм..Энэний эрдэмтэн гэж юу байдаг юм..Муу баас Чингис хааныг минь муулдаг хэн бэ..Хэн ч биш нэг хагас солиотой нөхөр байна лээ..Ер нь энэ балай юмны амыг таглах аавын хүү олон байгаа шүү..Аминдаа хайргүй нөхөр юм байна л даа хөөрхий...

2020, 8 сар 30. 14:52
Ганаа

Молор-эрдэнэ гээд юмны амыг нь барьчих боломж байдаггүй юм уу?
Дэлхийн байдал төвөгтэй, геополитик маш их ярьдаг болсон энэ үед эрдэмтэн судлаач нэртэй иймэрхүү юмнуудын үгийг бусад улсууд нь өлгөж аваад л Монгол улс манай улсын харьяанд байсан.
Танай хамгийн том эрдэмтэн чинь батласан эсвэл Чингэс хаан манайх,Монголчууд та нар дотор нь байсан жижигхэн ястан байсан гээд цуурах юм.

2020, 10 сар 15. 15:27
Зочин

Монгол иргэн Молор_Эрдэний гарал үүсэл аль нутаг усний хүн байгаад Монголийн түүхийг үгүйсгээд байдгийг ойлгодоггүй юм Хятадыг төвийлгэх дуртай суурин иргэншлийг шүтдэг гэх юмуу сонин эрдэмтэн байж л байдаг юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]