Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Дамбийжаа, Сумъяа бэйс нар Шинжааныг Монголд нэгтгэхээр хэлэлцэж байвУншсан33,397

Хэзээнээс Монголын тусгаар тогтнолыг хүсэн мөрөөдөж, хошуу хотлоор цэрэг мэт тэмцэж, баттай байж ирсэн Сумъяа бэйсийнхэнд Оросын хилийн дагуу газар нутаг өгсөн нь цаанаа маш нарийн учиртай байсан биз.

Эрхүүд очоод хувьсгалын үйл хэрэгт суралцаад ирсэн Д.Сүхбаатар Сэлэнгийн харуулын нутагт хүрч журамт цэрэг элсүүлэх нөхөддөө “Урьдаар бэйс Сумъяатай уулзвал та нарын хэрэгт тус болж магадгүй. Юу гэвэл Сумъяа бол Ар Илийн цахар хүн бөгөөд уул нутагтаа Хятадын дарлалын эсрэг тэмцэн Монголд ирж, тусгай хошуу болсон авч Богд хаант улсын үед өөрийн хошууны залан Мэнгэттэй заалдан тэмцэлдэж, тэдний хэргийг Богд хаант улсын засгийн газраас шийтгэн тасалсан. Гэвч Сумъяагийн санаанд төдий л тохиромжгүй мэт сонсогдддог. Тэр дээр үеэс Хятадтай тэмцэл бүхий бөгөөд энэ хэр гаминтай төдий л нийлээгүй яваа мэдээ бий... Иймд эдүгээ үеийн гамин Хятадын ба Барон цагааны элдэв гашуун бэрх дарлагдлаас ангижрахаар Зөвлөлтийн засагт улсад очиж тусламжийг олоод эргэж Дээд шивээнд ирээд эл ажлыг үүсгэхээр яваа зэргийг тайлбарлаж хэлбэл Сумъяа заавал манай хувьсгалын ажилд тусална гэж санана” гэж хэлж байжээ.

Сумъяа бэйс ч Чойбалсан нарын хүсэлтийг хүлээж авч цэрэг мориор туслах болсон байдаг. Харин Чойбалсан эрх ямбанд дуртай хошуу залан Мэнгэттэй холбоо (нууц) тогтоож тэр ч бас гаминг эсэргүүцэх бодол өвөртөлж байжээ. Харин сүүлдээ Мэнгэт цагаантантай нийлж Чойбалсан нарын удирдсан баруун замын гэх байлдаанд Улаан арми, Ардын журамт цэргийн эсрэг зогсч байсан гэдэг. Цагаантнууд дарагдсаны дараа Чойбалсан Мэнгэтийг өршөөн хэлтрүүлсэн ба энэ хэргийн улмаас алба ажлаасаа авахуулж, архи дарсанд орж явсан гэдэг. Харин Монголын үндэсний эрх чөлөөний төлөө шантрашгүй тэмцэгч, Ардын хувьсгалын үйл хэрэгт анхнаасаа зүтгэж ирсэн Ялгуунбаатар Сумъяа бэйс хэзээ ч гуйвж дайвж явсангүй.

Сумъяа бэйс төрөлх Ар Ил, Тарвагатайг эзэлж байсан хятад цэргүүдийн эсрэг тэмцэх зорилго өвөртөлж байлаа. 10 гаруй жилийн өмнө орхисон төрөлх нутгаа дайсныхаа гараас чөлөөлөх бие даасан бодлого явуулж байв. Тийм ч учраас Монголын харгис бөгөөд гуйвшгүй үндсэрхэг үзэлтэн Хаант Орос, Улаан Орос хоёрын аль алиных нь дургүйг хүргэж байсан Дамбийжаад захидал бичиж тэр нутгийг Монголд нэгтгэх бодолтойгоор илэрхийлж байв. Сэлэнгэ нутагт ирж төвхнөсөн Сумъяа, Маажинсан ууланд шивээ цайз босгон хасаг дээрэмчдээс Монголын баруун хязгаарыг хамгаалж байсан Дамбийжаа хоёр ямархан үг хэл, захиа нэгэндээ илгээдэг байв аа?

“Багш ламын бие сонорт манай ирсэн ардуудад санаа чиглэхийг тайтгаруулсугай. Эдүгээ таны газраас зарсан Дорждэрэмээр шавь Сумъяа би шинэ жилийн мэнд, шинэлэхийн билэг муу фэн шар торго нэг зах, ариун цагаан хадагны хамтаар хутагт багш ламын амгаланг эрж хүргүүлэн барив” хэмээгээд Ар Ил, Тарвагатайг эзэлж байсан хятад цэргийг хамтын хүчээр хөөн гаргахад бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

 

Сумъяа 1874 онд Ил Тарвагатайн Улаанбулаг гэдэг газар төржээ. 1909-1910 онд Чин улсын дотор Манжийн хаанчлалыг эсэргүүцсэн ард олны хөдөлгөөн гарахад хошууныхаа дэвшилт үзэлтэй хүмүүстэй үг нэгсэн цэрэг элсүүлж бослого гаргахаар бэлтгэж байв. Гэтэл Шинжаан мужийн баруун гарын бүгдийн дарга Сотоо гэгч Хятадын цэргийн эрхтнүүдтэй холбоо тогтоож босогчдын эсрэг цэрэг хөдөлгөжээ. Босогчид хүчинд автагдав. Сумъяа хошууныхаа гурван зуу гаруй өрхийг дагуулан Оросын хилийг давжээ. Энэ бол 1911 оны хавар байв. Тэд Монгол улсыг өөртөө засах эрхтэй тусгаар улс болсныг нэгэн сонины тасархайнаас олж мэдээд Сибирийг туулан 1912 оны намар Монголын нутагт хөл тавьжээ.

Сумъяагийн дагаар орох өргөдлийг Богдын Засгийн газраас талархан хүлээж аваад хошуу нутаг заан өгч суулгав. Хэзээнээс Монголын тусгаар тогтнолыг хүсэн мөрөөдөж, хошуу хотлоор цэрэг мэт тэмцэж, баттай байж ирсэн Сумъяа бэйсийнхэнд Оросын хилийн дагуу газар нутаг өгсөн нь цаанаа маш нарийн учиртай байсан биз. Монгол улсын тусгаар тогтнолд Хятадын эрх баригчид удаа дараа заналхийлэхэд Сумъяа Богдын зарлигаар зүүн өмнөд хязгаарыг тохинуулах цэргийн сайдаар томилогдон үүргээ сайтар биелүүлэв. Өвөрмонголын Шилийн голын чуулганы Сургаа хөөрөг, Дархан уул зэрэг газраар Хятадын цэргийг хөөн цохиж нутаг орноо чөлөөлсөн гавъяатай нэгэн билээ. Энэ тулалдаануудад баатарлаг зориг гаргасны учир “Ялгуунбаатар” цолоор шагнуулж байжээ.

Хиагтыг чөлөөлөх төлөвлөгөөнд Жанжин Сүхбаатарын шадар цэрэг Хиагтыг баруун ба баруун хойд Эргэн хамар, Төгсөө булгийн эхэн манхныг авч орно. Хавсран захирах Сумъяагийн цэрэг болбол Төгсөө булгийн эх, Ноён-Овооны зүүн, орос булгийн хамраар орно” гэсэн заавар бий. Монгол ардын журамт цэргийн анхны тулалдааны өмнө гуравдугаар сарын 6-ны өдөр хамтран хуралдсан хурлын тогтоолд “Сумъяа бэйс болбоос цэргийн явдалд далдыг нээн олсон хүн болох тул цэрэг байлдааны явдалд зайлшгүй хэрэглэгдэх учир нөхөр Данзанг штабын гишүүний үүргээс чөлөөлж, оронд Сумъяа бэйсийг сонгож цэргийн байлдааны ангийн эрхлэгчийн үүргийг хүлээлгэхээр тогтов” гэжээ. Сумъяа бэйс Хиагт руу дайрахаас өмнө гамингуудтай хэд хэдэн газар тулгарч тулалдаж байсан нь Сүхбаатарт бичсэн захианаас нь тодорхой харагддаг. 1921 оны 2-р сарын 18-нд тэрбээр “Мунхаг ах Сумъяа хичээнгүйлэн туйлын дотно дүү жанжин танаа амгаланг эрэхийн ялдамд гуйх учир!

Мөнөө очих дөрвөн элч цэргийн хэргийг Данзангийн хэлсэн нууц хэдэн үгнээс мэдэж жич бичээч Элбэгээс учрыг сонсох тул юун хэлэх аж. Гагцхүү гуйх нь манай хошууны цахар цэргүүдийг энэхүү өгсөн элч цэргийн хамт янагш буцааж орныг бусад хорооноос нөхөн очуулах ажаамуу.

Тэрхүү тус хошууны цахар цэргүүдийг бэйс би биеэрээ авч мордоод тэрхүү муу хулгай нарыг хядан сөнөөсүгэй хэмээмүй. ѫүний тулд дахин давтан ёслон гуйна” хэмээсэн нь тэр үеийн нууцыг чандлан элчдээ хүртэл үнэнийг хэлэхгүй ёгт утгаар холбоо барьж байсныг гэрчлэх биз ээ. 1935 онд Сумъяа бэйс 61 насандаа өөд болжээ. Энэ хүртэл тэр хэлмэгдэж, хар феодал гэж цоллогдон сонгох, сонгогдох эрхээ хүртэл хасуулж явсан байна.

Т.Санаа

Эх сурвалж: wikimon.mn

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 17. 19:14
Зочин

Odoogiin ene usan tarhitai zdu nariig er oilgohgui yum, hedii Baron tsagaantanii \socilizmiin tuuher bol daisan\ tald ulaantanii \sotsilizmiin tuuher manai tal\ esreg baildaj bsanch tusgaar uls er chuluuniihuu tuluu temtsij bsan baatar humuus bhad yagad ymiig zuvhun manai tanai gj dovgo jalganii uchuuhen tarhiaraa setgediin be?
Ulaan tsagaan, ar uvur, oird durvud bugd l mongol shde, orgoo busgaa tsagiin dor uzel bodol l uur baij aldaj onson yum bga l bz, zarim n bur hajuud n baisan yumshig hujaa erliiz r n duudatsgaah yum

2019, 4 сар 22. 11:19
Зочин

Улсын арслан ГЭЛЭГ барга хүн байсан. Түүнтэй хууч хөөрч байхад монгол хүмүүсийг халх, дөрвөд, барга энэ тэр гэж хувааж ярих нь угаасаа буруу. Монгол л бол монгол гэдэг үзэл баримтлалтай хүн байсан. Энэ нь ч туйлийн зөв байхаа.

2018, 3 сар 5. 11:48
Зочин хүн

Сумьяа бээс ҮЛЭМЖ ГАВЬЯАТАН шүү.Ийм эх орончид сэрээсэй дээ

2019, 2 сар 26. 14:27
Түүхч

Халх Монголын өмөг түшиг болсон Цахарын Лигдэн хааны үнэнч албат Сумьяа бэйс бол ЖИНХЭНЭ Монгол эх оронч байсан. Бор талд дүүрэн өөлд, торгууд нарын дунд байсан цөөн тооны Цахарууд л зэвсэгт бослого гаргаж Хятадуудтай байлдан хожим нь Халх Монголоо бараадан ирсэн түүхтэй. Сумьяа бэйсийн суу алдар үүрд мөнх!!!

2020, 12 сар 18. 1:40
Зочин

Сумъяа бээс Цахар биш Торгууд хүн байжээ. Бор талын торгууд. Бослого гаргаад хүчинд түрэгдээд 300 орчим өөрийн харъяат өрхүүдээс авч хойшоо Халимаг руу нүүсэн байдаг юм. Ө.х Халимаг торгууд аа бараадсан хэрэг. Тэр үед хаант Орос Хятадуудтай Сумъяа бэйсийнхэнийг Халимаг буюу Орост дагаар оруулж асуудал үүсгэхгүйн тулд саяхан Манжаас салаад тусгаар тогтнолоо сэргээсэн Богд хаант Монгол улс руу очихыг зөвлөсөн ба Монгол руу нүүсэн тохиолдолд замын зардал хоол хүнс өгье гэсэн байдаг. Ингээд тэд хойгуур Эрхүүгээр дамжин Монголд орж ирсэн ба Сэлэнгийн нутагт ирж суурьшсан ба хуучин Ойрад Халхын сөргөлдөөнөөс болгоомжлон өөрсдийгөө Цахар гэж мэдүүлсэн байна. Сүүлд ардын засгийн үед нутаг орныхоо бүртгэлд торгууд гэж 70 орчим хувь нь бүртгүүлсэн байжээ

2021, 3 сар 10. 12:43
ЗочинОюун

Худлаа шаагаад байгаарай. Тэд чинь цахарууд байсан.

2020, 3 сар 12. 16:51

Ene aguu erhem hunii ur hoich bolj tursunduu baharhaj yavdagdaa

2018, 3 сар 6. 20:50
Түүхч

1735 онд өмнөд Хятадад гарсан бослогыг далимдуулан Лингдон хааны ач Эжэй Хонгор ноёун ЦАХАР 8 Хошуугаа удирдан бослого гаргасан боловч Манжийн их цэрэг хүчээр дарж, Цахаруудыг уугуул нутаг шилийн голоос нь нүүлгэн Шинжааны Бор тал, Ил тарвагатайд Цөлсөн. Шинжаанд цөлөгдсөн ЦАХАРУУДААС Монголын баатарлаг эрчүүд олон төрж гарсны нэг нь Сумьяа Бэйс юм. Чингис хааны дүрийг бүтээс Баасан гуай ч мөн Шинжааны Цахар хүн юм.

2018, 1 сар 23. 13:25
Зочин;

TEGSEN BOL UDIID MONGOL CHINI SHINJAANI UURTUU ZASAH ULS BOLOHGUIYU

2020, 12 сар 15. 17:06
Зочин

Маажинсан ууланд Хасагын дээрэмчдээс хамгаалж байсан Дамбийжаа гэчихжээ. Тэнд энгийн ардыг маш ихээр тарчлаан зовоож Ардын засгаас урваж, урвасан хулгай Дамбийжаа нэр хүртэж байв. Дамбийжаа Улсыг нэгтгэх нь бүү хэл Дөрвөдийн Бүгд Найрамдах Улс байгуулж улс таслах даалгавартай байж байгаад тэрийгээ хэрэгжүүлэх гэж яваад Сүхбаатарт баригдаж сэлэм Тогмид жинхэнээсээ муусайн хулгай нарыг бүгдийг нь чавчих уу гэж байсан гэдэг. Османы дээрэмчдийг хашрааж байсан нэг хошууны мал хүн буцааж авчирсан нь харин түүхэн үнэн шүү. Харыг хараар цагааныг цагаанаар бичиж бай. Түүх гуйвуулах муухай шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]