Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Шагнуулж, алдарших нь бүү хэл шийтгүүлсэн гавьяатанУншсан2,901

Дайн тулааны тэр хэцүү цаг үед дайсны бүрэн зэвсэглэсэн цэргийн өмнөөс ганцаараа алхсан баатарлаг хилчин ингэж гоминдааны 120 гаруй цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авчээ.

Дайсны зэвсэглэсэн 120 цэргийн өмнөөс манай хилчин ганцаар алхан очиж, улмаар буун дуу гаргалгүй саатуулсан баатарлаг үйл явдал тэртээ олон жилийн өмнө эх орны өмнөд хилд өрнөжээ.

Манай улсын хилийн өмнөд захын цэг болох Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгойн ойролцоо Гурван бичигтийн хилийн застав гэж байж.., тэр намар заставын дарга төврүү сургалтад яваад, бага дэслэгч З.Жигжидсүрэн заставын даргыг орлон үлдсэн байв. Цэрэг халагдаж, шинээр цэргүүд застав дээр очиж амжаагүй, хүн хүч дутмаг байсан үе гэдэг. 

1949 оны аравдугаар сарын 20-ны өглөө хилийн манаанаас Орвог гаршууны бор толгой орчимд машины дуу гарлаа гэсэн мэдээ авсан бага дэслэгч З.Жигжидсүрэн жагсаалын дарга н.Ганганд “Шаардлага гарвал нэмэлт хүч дуудаарай” гэж тушаагаад нэг цэргийн хамт машины дуу гарсан зүгт явсан байна. Замд тэмээ нь зогсож, хэсэг алхсаар хилд дөхөж ажиглалт хийж байтал нэг хөнгөн тэрэгний араас хоёр ачааны машин, тэвшин дээр нь зэ всэглэсэн дүүрэн хятад цэрэг, кабин дээрээ пу лемёт хүртэл зоочихсон байв.

Жигжидсүрэн хамт явсан цэрэг н.Гэндэнсүрэнд “Чи бутны ард хэвтээд үлд. Би тэдэн дээр ганцаараа очъё. Хэрэв намайг амиа алдах буюу баригдах юм бол застав руу шуурхай хэл хүргээрэй. Ярилцах боломж гарвал би учраа олохыг хичээе” гээд бичиг баримтаа далд хийчихээд өөдөөс нь алхжээ.

“З.Жигжидсүрэн буу, малгайгаа гартаа барьчихаад буу шагайсан цэргүүдийн өмнөөс алхаж явахад нурууны хүйтэн хөлс чийхарч, хөл салгалж байсан” гэж хожмоо дурссан байдаг. Азаар хятадууд гал нээсэнгүй. Хятад цэргүүдийн дунд байсан орос хэл гадарладаг цэргээр дамжуулж, шороон дээр зурж янз бүрээр оролдсоор тэдэнд “Монголын нутаг дээгүүр явж байна. Та нар Орос, Монголын цэргийн ангид бүслэгдсэн. Та нар гарах гарцгүй, бууж өг” гэж ойлгуулжээ. Ингээд түүний шийдэмгий царай, хэлсэн үгэнд итгэсэн Гоминданы дарга 120 гаруй цэрэгтэйгээ хамт зэвсгээ газар тавин бууж өгцгөөсөн гэдэг.

Дайн тулааны тэр хэцүү цаг үед дайсны бүрэн зэвсэглэсэн цэргийн өмнөөс ганцаараа алхсан баатарлаг хилчин ингэж гоминданы 120 гаруй цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авчээ. Эр зориг, ийм овсгоо самбаа гаргаагүй бол тэр үед тулгаралт болж олон арван хилчдийн амь нас  үрэгдэх байсан нь гарцаагүй. Тэд Хятадын ардын чөлөөлөх армид хөөгдсөн Гоминданы цэргүүд байсан бөгөөд Монголд жил гаруй саатуулагдаж байгаад 1950 он гарсан хойно эх оронд нь хүлээлгэн өгсөн юм.

Уншигч авхай таны төсөөлөл ёсоор эл үйл явдлын дараа залуу офицер алдар гавьяагаа дуурсган, амжилтын шатаар өгсөх учиртай биз... Гэвч тийм зүйл болсонгүй.  Шагнуулж, алдарших байтугай шийтгүүлж, хоригдож, энэ цагаас амьдралын бараан өдрүүдийг туулжээ. Тэр үед түүнийг хятад цэргийн эд хэрэгсэлд халдсан гэх хэрэг тулган хорьж, шийтгэж, улмаар цаашид ажиллах замыг нь харлуулж, боломжийг нь хулгайлж орхисон юм билээ. Үнэндээ нэмэлт хүч иртэл саатуулах хугацаанд заставынхан хятад цэргүүдийн даалууг сонирхож тоглож, тамхинаас нь татаж үзэх төдий зүйл л болсон байв. Дотоод яамны тусгай ажилтнууд гэмгүй нэгнийг гэмтэн болгож, албан тушаал алдар хүндийн замаа засдаг адал балмад жишээнүүдийн нэг хөөрхий цэрэг эрд тохиосон хэрэг...

Ингэж шийтгүүлснийхээ дараа тэрээр Говь-Алтай аймагт олзны япон цэргийг хамгаалах хороонд ажиллаж байгаад 1953 онд ял шийтгэл эдлэж байсны учир орон тооны цомхотголоор халагдсан байна. Цэргээс халагдах үед нь анхны эхнэр нь нас барж, ганц охинтойгоо үлдсэн тэрээр хоёр дахь амьдралаа эхлүүлээд байтал 1960-аад онд хоёр дахь эхнэр нь бас нас барж, гурван өнчин охинтой үлдсэн гэдэг. Үр хүүхдээ өсгөхийн тулд энд тэнд хар бор ажил гололгүй хийсээр, барилгын цэрэгт хэсэг хугацаанд ажиллаад Булган аймаг руу шилжиж удалгүй 30 гаруйхан насандаа ан хийж яваад бусдын суманд оногдон амиа алджээ.  Эгэл жирийн хилчин эр ийнхүү ээдрээт, хүнд амьдралыг туулж, хүртэх ёстой гавьяа, хүндэтгэлээ амьд сэрүүндээ хүртэж, сонсолгүй цэл залуугаараа хатуу хорвоог орхижээ.

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах 0131 ангийн “Цагаан дэрс”-ний завставыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат эрэлхэг хилчин Зэвэгийн Жигжидсүрэнгийн нэрэмжит болгожээ.

Нөхөд нь түүнийг эх оронч Жигжид гэж авгайлдаг байв...

Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]