Их Британи, Франц хоёр одоогоос зуун жилийн өмнө буюу 1916 оны тавдугаар сарын 16-нд Османы эзэнт улсын Ойрхи Дорнодын хэсгийг хуваан эзэмших талаар тохиролцоо хийжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд ялалт байгуулвал шүү дээ. Тэгээд удалгүй Антантын улсууд буюу Франц, Англи Германыг ялж дээр дурдсан Османы эзэнт гүрний эзэмшлийн Ойрхи Дорнод дахь нутгийг хуваажээ.
Энэ баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” нэртэйгээр 100 жилийн турш Ойрхи Дорнодын хэрэг явдалд барууны орнуудын оролцооны бэлгэдэл болж оршсон бөгөөд олон араб улстөрчид төдийгүй исламын хэт даврагсад, алан хядах байгууллагууд түүнийг баруунтай тэмцэх шалтгаан болгон дурдаж иржээ. Тэгэхээр өнөө цаг үед үүсээд байгаа терроризмын аюулд энэхүү Сайкс-Пикогийн гэрээ чухал үүрэгтэй гэж хэлж болохоор.
Хэн ямар учраас гэрээнд оролцов?
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр (1914-1918) Османы эзэнт улс суларч доройтсоны улмаас Франц, Их Британи хоёр түүний газарзүйн чухал стратегийн мужууд ба байгалийн баялаг ихтэй арабын эзэмшлийг хуваах нууц хэлэлцээрийг 1915 онд эхлүүлжээ. Энэхүү Османы эзэнт улсыг хуваах төлөвлөгөөнд Орос, дараа нь Итали нэгдэн оржээ. Гэрээний төсөл дээр гар бие оролцож, түүнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн британийн Марк Сайкс, францын Франсуа Жорж-Пико зэрэг офицер, дипломатуудын нэрээр нэрлэгдэн танигдах болсон. Сайкс-Пикогийн гэрээ гэж.
Гэрээ нь 1916 оны тавдугаар сарын 16-нд Их Британийн Гадаад хэргийн сайд Эдвард Грейгийн Францын элчин сайд Поль Камбонд илгээсэн албан ёсны нотоор сүүлд нь баталгаажсан байна.
Османы эзэмшил хэрхэн хуваагдсан бэ?
Османы эзэнт улсын эзэмшлийг шууд хураагдах эсвэл захиргаанд орох бүсүүдэд хуваасан байв. Франц улс орчин үеийн Туркийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Ирак, Сирийн хойд хэсэг ба Ливан ногдсон байна. Харин Их Британийн мэдэлд орчин үеийн Иракийн төв ба өмнөд хэсэг, өнөөгийн Израилийн Хайфа, Акка боомтууд очжээ. Франц, Британийн нөлөөний бүсийн дундуур орших газар нутагт Сири, Иордан, баруун Ирак, Саудын Арабын зүүн хойд хэсэгт Британи-Францын захиргаан дор Арабын вант улс байгуулахаар төлөвлөсөн байжээ. Палестин, Иерусалимын хамт бараг тэр чигтээ олон улсын захиргааны бүсэд оржээ. Оросын хувьд Арабын нутаг дэвсгэрээс авах хүсэлгүй, харин Босфор ба Дарданеллын хоолойнуудад хяналтаа тогтоохыг эрмэлзэж байлаа. Итали 1917 оны наймдугаар сард орчин үеийн Туркийн нутаг болох төв болон баруун өмнөд Анатолиад өөрийн нөлөөг тогтоохоор хүлээн зөвшөөрүүлжээ.
Гэрээ хэрхэн ил гарч, Арабын ертөнц яагаад түүнийг сөргөөр хүлээн авсан бэ?
Октябрийн хувьсгалын дараа Орос Османы эзэнт улсыг хуваах хэлэлцээрт оролцохоо зогсоож, хаант Оросын Засгийн газрын баримт бичгүүдийг тэдний тоонд Сайкс-Пикогийн гэрээнд хамаатай архивын материалуудыг нийтэлжээ. Гэрээний баримт бичгүүд нийтлэгдсэнээр том гүрнүүдийн чимээгүй хийхээр төлөвлөж байсан эзэрхийлэл олон улсад илчлэгдэж ялангуяа исламын шашинт улс орнуудын дургүйцлийг ихээхэн төрүүлэв.
Арабын лидерүүдийн хувьд эдгээр баримтуудыг англичуудын зүгээс хийсэн давхар тоглоом хэмээн хүлээн авсан байна. Учир нь 1915-1916 онуудад Их Британийн Египет дэх дээд комиссар Генри Мак-Магон ба Меккагийн шериф Хусейн бен Али хоёрын хооронд Ойрхи Дорнодод тусгаар улс байгуулах талаар идэвхтэй санал солилцжээ. Османы эзэнт улсын бүх араб нутгийг хамаарсан тусгаар тогтносон улс байгуулж, арабуудын зүгээс бүх нутагт Туркийн эсрэг бослого гаргах баталгааг өгөх талаар хоёр тал захидлаар санал солилцож байжээ. Гэтэл арабын лидерүүдийг дэмжих талаар өрнөдийнхөн санаачилга гаргаж байсан хэрнээ цаагуураа өөрсдийн ашиг сонирхлын бүсэд ихэнх газар нутгийг авах гэж байсныг мэдээд арабууд ихэд дургүйцэж эсэргүүцсэн байна.
Сайкс-Пикогийн гэрээний хувь заяа хэрхсэн бэ?
Ийнхүү олон эсэргүүцлийн хүчинд Сайкс-Пикогийн гэрээнд батлагдсан тохиролцоо хүчин төгөлдөр болж чадаагүй ч Дэлхийн нэгдүгээр дайны дараах хэлэлцээрүүдийн үндэс болжээ. Османы эзэнт улсын араб газар нутагт захиргааны мандатын дэглэм тогтоохыг Үндэстний лигийн 1919 оны дүрмэнд заажээ. Түүнийг 1920 оны Сан-Ремогийн бага хурлаар нэг мөр тохирч, 1922 онд Үндэстний лиг баталжээ. Ингэснээр Их Британи Ирак, Палестиныг, Франц нь Ливан, Сирийг захирах эрхтэй болжээ. Хяналтын захиргааны бүсүүдийн хил нь Сайкс-Пикогийн гэрээнийхээс өөр байснаараа онцлогтой ч тэрхүү гэрээг Ойрхи Дорнодыг газар зүй, яс үндэс, шашны бодит байдлыг тооцохгүйгээр барууны орнууд хуваах гэсэн анхны оролдлого гэж үздэг.
Энэ нь Ойрхи Дорнодын хувь заяанд хэрхэн нөлөөлөв?
Гэрээ нь бүс нутгийн олон сөргөлдөөний үндэс суурь болсон юм. Жишээлбэл Ливаны иргэний дайн (1975 -1990) гэх мэтээр. Гэрээ нь Араб-Израилийн сөргөлдөөнийг бий болоход хамгийн гол нэмэр үзүүлсэн. Гэрээний гол заалтуудын нэг нь Палестины хяналт байсан бөгөөд Лондон тухайн газар нутгийг арабуудад (1916 оны нэгдүгээр сар, Мак-Магон–Хусейны захидлуудад) мөн сионистуудад (1917 оны Бельфурын тунхагт) ч амлаад асуудлыг хурцатгасан юм. Англичууд газар нутгийг хоёр удаа худалдаад, арабчуудыг ч еврей нарыг ч хуурч, нутгийг өөрийн захиргаандаа үлдээсэн юм. Энэ гэрээний дагуу Иордан байгуулагджээ.
Энэхүү баримт нь “Сайкс-Пикогийн гэрээ” гэсэн нэртэйгээр зуун жилийн турш Ойрхи Дорнодын хэрэг явдалд барууны орнуудын оролцооны бэлгэдэл болсоор ирсэн бөгөөд олон араб улстөрчид түүнийг өрнөдийнхөнтэй тэмцэх шалтгаан болгон ашиглаж иржээ. Бүс нутгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ХХ зууны дундуур гарч, өнөөдөр ч тэр хандлага үргэлжилсээр байна. Жишээлбэл, “Исламын улс” гэх өнөөгийн бүлэглэл Сири-Иракийн хил дээрх постуудыг устгаад “Сайкс-Пикогийн” төгсгөлийг зарласан юм. Туркийн улс төрийн элитүүд ч өнөөдөр дэлхийн нэгдүгээр дайны дараах хилийн хуваарилалтад эмзэг ханддаг. Өнөөдөр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы Сири, Иракийн хэрэг явдалд оролцож байгаа амбиц нь зуун жилийн түүхтэй холбоотой аж.