Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Миний мэдэх “Монцонковын дарга”Уншсан6,692

“Да да, я Монцонковын дарга аа” гэж Монгол талыг төлөөлөн эрхий хуруугаар тамга дарж байсан тэр агуу эмэгтэй миний мэдэх хамгийн агуу хүн.

…Хааяа нэг пад пад дуугаран шороо манаруулан давхих “Салга улаан” тракторь, “Зис-5”, Газ-67 гэх машинуудыг цаанаа л нэг залхуутайгаар ширтэж, уйтгарлан суух эмгэнийг хараад ээжтэй хүн бүрийн өр өвдөж нэгийг бодох нь лавтай.

Ганц хүүтэйгээ баян айлын хаяаг түшээд цайны сүү, унд хоолоор дутахгүй аятайхан л байтал залуу, бас омголон хүү нь “Хадам ээж, аав дээрэлхээд байна. Өөрийнхөөрөө амьдарна” гээд Жамц баяныхаас өрх тусгаарлаж хайртай ханиа, нялх үртэйгээ орхиод ирсэн нь энэ. Үхтэл үр харам гэгчээр хүүгээ дагаад сумын төвд ирсэн ч зуны халуунд хар цай ууж гол нь харлаж, хүүгийнхээ амьдралыг бодон сэтгэл чилээж суугаа энэ эхийн сэтгэл санаа ямар л олиг байв гэж.

Хэдэн буурал үс нь сэгсийчихсэн, их л тамирдсан хүн сүүдэр бараадан гэрийнхээ хаяаг нар зөв эргэсээр өдрийг үддэг ажилтай болсон нь энэ. Энэ эмгэн бол “Монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны гол дүр Дэмбэрэлийн ээж юм.

…Нэгдэлжих хөдөлгөө­нөөс малаа харамласан авгай ёстой нэг шившгээ дэлгэв. Дарга нар гайгүй сайн, бас ч залуу хоёр үхрийг нь авчих санаатай зүсээр нь асууж “Ханд гуай, нуугаад байгаа юм биш биз” гэхэд “Үгүй, үгүй тэднийг чинь аль ноднин учрыг нь олчихсон” гэж аргалчихаад байтал хойд уулын модны захад уяж орхиод ирсэн нөгөө хоёр нь ургаа модыг булга татан чирээд гүйгээд ирэх нь тэр. Нүүр хийх газаргүй болтлоо ичихдээ “Ээ, заяа чинь гэж дээ, олигтойхон уяхгүй яасан юм” гэж хүүгээ зэмлээд “Дарга аа, авбал ав л даа. Уг нь энэ муу хүүдээ л хадгалсан юм” гэж уруу дорой царайлж асгарах хөлсөө арчин зогсох энэ авгайг Ханд гэдэг. Монголын уран сайхны “Морьтой ч болоосой” киноны гол дүр Дондогийн ээж .

Дээрх кинонуудын хоёр сайхан ээжийг өгүүлэхийн учрыг уншигч та лав гадарласан байх. Монголын театр дэлгэцийн хатан хаан гэгдэж явсан нэрт жүжигчдийн нэг Түдэвийн Цэвээнжавын тухай өгүүлэхийн тулд түүний бүтээсэн дүрүүдээс ийн дурьдсан хэрэг л дээ.

Тэртээ 1916 оны намар Дорнод аймгийн Матад сумын нутаг “Цагаан дэрс” гэдэг газар нутаглаж байсан малчин айлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын авьяаслаг жүжигчин Цэвээнжав байж.

Цэргийн даргын гэргий болсон тэрбээр 1939 онд Улаанбаатар хотод ирж гар үйлдвэрийн артельд ажилчин болжээ.Тэр л цагаас түүний авьяас нээгдэж уран сайхны дугуйланд явж, дуулж жүжиглэж сурснаар урлагийн амтанд орж улмаар 1943 онд урлагийн сургуульд элссэн ч ганцхан жил болоод Улсын төв театрт V зэргийн жүжигчнээр ажиллаж эхэлсэн байдаг.

Угийн заяамал авьяас­тайн дээр өөрийн уйгагүй хичээл зүтгэлийн үрээр цаг ямагт өссөөр ард түмний хайртай жүжигчин болж чадсан тэрбээр дэлгэцийн бүтээлээс гадна тайзны урлагт ч оргил байсан гэдгийг үе үеийн урлагийн мэргэжилтнүүд үнэлэн бахдсан байдаг.

Т.Цэвээнжав 1948 онд “Далан худалч” жүжгийн Пагма хэмээх эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээсэн нь урлагийнхны дунд нэлээд яриа өрнүүлж шавьтай бүхэн Цэвээнжав шиг жүжигчин төрүүлэхийг мэрийх болсон гэдэг. Түүний тайз дэлгэцнээ бүтээсэн дүрүүд нь инээдмийн жанртай боловч хоёр талтай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.

Үүний нэг нь амьдралд байсан, одоо ч байгаа, хошид ч байх ховдог шунахай, хатуу харгис ховч, бүдүүлэг зан авиртай эсрэг талын дүрүүд. Харин нөгөө нь огт эсрэг буюу сайхан сэтгэлтэй, энгийн шулуун шударга, тохитой, төлөв ч бас наргиантай тийм дүр юм.

Тиймдээ ч орчин үеийн кино урлагийг нэрт жүжигчин Т.Цэвээнжавгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж үздэг биз. Түүний нэг тод илрэл бол Л.Ванганы “Сэрэлт” кино юм. Ардын хувьсгал манай оронд ялсны дараа шинжлэх ухааны эмнэлэг үүсч байсан үед эрүүл энхийн төлөө халуун санаа өвөрлөсөн орос эмч хязгаар нутагт анх удаа ирж нутгийн ардуудын янз бүрийн зөрчилтэй тулгарч байхад Бумаа шиг сайхан сэтгэлээр угтан, халамжилсан нь тэр үед тийм ч олон байгаагүй биз.

 

Түүний тухай олныг нурших нь илүүц бөгөөд дэлхийн урлагт Т.Цэвээнжав гэдэг хүнийг таниулсан олон сайхан дүрийг нь нэрлэх нь зүйн хэрэг биз.

Буриадын зохиолч Шагжийн Цэрэнгийн “Будамшуу” жүжгийн Пиглай. Баяжих нэр алдарт дуртай алдар хүнд олохын төлөөх хүслийн тулам болсон ухаан мулгуу, харамч, амьдрал нь бузар булай явдлаар дүүрэн авгайн дүрийг бүтээсний дараа түүнийг гудамжинд явж байсан хүүхдүүд хуруугаараа чичлэн шоолж байсан гэдэг.

А.Корнейчукийн “Платокречит” жүжгийн Кристина Архиповна гэх сүү шиг цагаан сэтгэлтэй бүсгүйн дүрээрээ тэр Оросын ард түмнийг ч байлдан дагуулж байсан нэгэн.

Мөн хятадын зохиол ч Дэн И-гийн “Буурал бүсгүй” жүжгийн Хуан Ши Жингийн эх Хуан Мүгийн дүр ч дэлхийн урлагийн түүхэнд тод мөр үлдээсэн байдаг. Хуучныг баримталсан, харгис дотуур тамиртай, муу санааны хүч ихтэй энэ эхнэр ч тухайн үедээ олныг гайхшируулж байсан нь бий.

А.Н.Островскийн “Аянга” жүжгийн гол дүрд харгис хэрцгий авгай Кабаних, харанхуй бүдүүлэг мөхөж буй харгис худалдаачдын дүрийг бүтээсэн байдаг. Хэдийгээр эерэг сөрөг хоорондоо ижил мэт олон дүрийг бүтээсэн ч хэзээ ч цутгасан мэт адилхан болж байгаагүйгээрээ энэ хүн агуу нэгэн байсан юм.

“Да да, я Монцонковын дарга аа” гэж Монгол талыг төлөөлөн эрхий хуруугаар тамга дарж байсан тэр агуу эмэгтэй миний мэдэх хамгийн агуу хүн.

С.Туул

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 20. 10:03
Зочин

hudal zuils ih bna da. da da mantsonkoviin dargaa gej bumaagiin heldeg ug bish shuu dee. mongol talaasaa l negdugeerh ni de gej heleed huruugaaraa tamga dardag. hurgen huu deer ch gesen ehner, hadmuudaa l orhidog. huuhed ni teer suuld tordog biz de. geh metchilen shal hudlaa bicheed.

2020, 3 сар 12. 16:28
Зочин

Үнэн шүү. Яг миний хэлэх гэж байсныг биччихсэн байна. Сэрэлт, хүргэн хүү зэрэг ард олны сэтгэлд үг, өгүүлбэртэйгээ хоногшсон kинонуудын тухай ингэж дөхүүлсхийгээд худлаа тууж болохгүй шүү дээ. Цэвээнжав гуайн тухай бол мэдээж, гайхалтай давтагдашгүй жүжигчин л дээ. Хүргэн хүүгийн тэр гэрийн гадаа байдаг хэсгийг өөрөө Жигжид найруулагчид хэлж байж авахуулсан зураг гэж байгаа юм шүү.

2021, 2 сар 12. 20:28
Khukhsuuri

Манцонковын дарга гэдэггүй.юмаа ямарчил байсан монгол талаасаа нэгдүгээр хүн гэж
хуруугаараа дардаг тэр үеийн манцонковын дарга гэдэг чинь хоршооны.дарга гэсэн үг шүү буруу нэр өгсөн байна шү

2018, 9 сар 14. 6:14
Зочин.

харин тийм

2019, 2 сар 9. 5:53
Зочин

сайн сайхан юмыг сайханаар нь л хүлээж авч бай л даа,жаахан зөрсөн ч гэл ээ.засаад л ойлгочихл доо.бөгс ухагчидаа

2019, 11 сар 28. 1:02
Зочин

Аугаа жүжигчин хүнийг худлаа бичиж бхгүй шүү дээ табуруугаа хүлээж сурах хэрэгтэй залуучууд кино г үзээд ойлгоно хойч үедээ худал ярьж бхгүй ээ тэх тусмаа тайз дэлгэцийн алтан үеийн төрмөл авьяастай одо ч энэ хүнтэй зэрэгцэж гарч ирэх жүжигчин алга даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]