Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шүдний эмчийн санаачлага ба цахилгаан сандлын түүхУншсан6,644

Америкийн нэгэн шүдний эмч болох Альберт Саутвик гээч нь өөрийнхөө амьдардаг хот болох Буффаллогийн цахилгаан станцын ойролцоо ямар ч юм хэргээр тэнэж явсан байна.

Америкийн нэгэн шүдний эмч болох Альберт Саутвик гээч нь өөрийнхөө амьдардаг хот болох Буффаллогийн цахилгаан станцын ойролцоо ямар ч юм хэргээр тэнэж явсан байна. Гэтэл ойролцоо явсан нэгэн хүн цахилгааны ил гарсан утсанд санаандгүй хүрч тас няс хийн тэр дороо бурхны оронд заларч л дээ. Энэ явдал Альбертын яг урд талд болсон бөгөөд манай хүн үүнээс ямар сургамж авсан гэж бодно?

 

“Хүн цаазлахад ингэвэл маш амархан, хүмүүнлэг аргаар үхүүлэх нь. Үхэж байгаагаа мэдэлгүй тэнгэрт халих нь“ гэсэн мундаг санаа түүнд төрсөн ба шинийг санаачлагч маань тэр даруй энэхүү чухал хүмүүнлэг санаагаа боловсруулаад амьтан дээр хэдэн туршилт хийсний үр дүн гэж "гялалзсан сайхан". Иймэрхүү мундаг амжилттай төслөө сенатор Дэвид Макмилланд танилцууллаа. Уг сенатор нь цаазаар авах ялыг байх ёстой гэж үздэг, түүний төлөө тэмцэгч нэгэн бөгөөд харин яаж буудахгүй, дүүжлэхгүй, толгойг нь тасдахгүйгээр хүмүүнлэгээр алж болох вэ гэдэгт л анхаарал тавьдаг нөхөр байсан аж. Сенатор энэ төслийг уухайн тас дэмжин цааш Нью-Йоркийн мэрд танилцуулахад нөгөөх нь ч хүлээн авч тусгай комисс байгуулан шалгуулж, комисс ч энэ арга нь маш сайн, хүмүүнлэг гэж үзлээ.

Энэ үед Америкт цахилгаан, эрчим хүчний том ноёд болох Томас Эдисон, Жорж Вестингауз нар хоорондоо ид үзэлцэж байсан цаг. Томас нь тогтмол гүйдлийг хүн төрөлхтний ирээдүй гэж үзэж түүнийгээ дэлгэрүүлэх гэж байсан бол Вестингауз болон тухайн үед талийгаач болсон байсан Никола Тесла нар харин хувьсах гүйдлийг ирээдүй гэж тодорхойлж байжээ. Хэн дийлэхээс мөн ч ихээхэн юм шалтгаалах учир (тоогоор илэрхийлэх аргагүй их мөнгө, эрх нөлөө) өрсөлдөгч талууд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй байсан юм.

Цахилгаанд цохиулж хүн алах боломжийн тухай сонссон Томас энэ явдлыг ашиглан “гэмт хэрэгтнүүдийг Вестингаузын хувьсах гүйдлээр алах нь хамгийн зөв” гэсэн ихээхэн хар пиар явуулсан нь зохих үр дүнгээ өгч “цахилгаан сандал” ашиглан цаазын ял гүйцэтгэх тухай үзэл бодол хүчээ авлаа. Томас ямар бодолтой байсныг мэдэхгүй, бодвол цахилгаанаар алах явдал бүтэлгүйтвэл муулах, бүтвэл ийм аюултай, хувьсах гүйдэл нь алж хядахтай холбоотойгоор хүний санаанд үлдэг гэсэн тооцоотой байсан юм болов уу гэж таамаглах юм.

1890 онд нэгэн шоронгийн цахилгаанчин анхны цахилгаан сандлын хувилбарыг хийлээ. Олон хүний анхаарал татсан энэ сэдэв улам бүр газар авч байсан болохоор шинэ бүтээлийг туршиж үзэх, үр дүнг нь харах гэсэн хүмүүс, сэтгүүлчид ёстой л байж ядаж байх үед хамтран амьдрагч эмэгтэйгээ сүхээр цохиж алсан Кеммлер гээч нөхрийг шүүж цаазын ялаар яллах нь бараг л тодорхой мэт харагдаж байв. Цахилгаан сандлын үйл ажиллагааг харах сайхан боломж. Гэтэл энэ шүүхийн шийдвэр олон түмний хүссэнээр гарахад бас нэг саад бий болсон нь Вестингаузын талынхан хамгийн шилдэг өмгөөлөгч нараар хэрэгтэнг хамгаалуулж эхэлсэн явдал юм. Томас яав? Томас “их эд” болохоор аль эрт, хүчтэй арга хэмжээ авсны үр дүнд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч шүүхийн шийдвэр олон түмний, Эдисоны хүлээснээр гарлаа. (шүүхийн шийдвэр хэний талд гарах тухай л яриа гарч байгаагаас шударга үнэний талд гэх яриа ер алга) 

1890 оны 8-р сарын 6-ны өглөө 06.00 цагт хэрэгтэн Уильям Кеммлерийг цаазаар авах явдлыг харах гэсэн сэтгүүлч сурвалжлагч зэрэг хүмүүс цаазын ял гүйцэтгэхийг харах зориулалттай өрөөнд чихцэлдэн байв.  Америкийн шүүхийн хүнлэг (?) чанарыг харуулдаг сүүлчийн үг хэлэх тэр боломжийг Кеммлер ашиглахдаа “Сонинд бүү итгэ. Сонинд миний тухай худлаа бичсэн юм шүү. Баяртай, би илүү сайхан орчлон ертөнцөд очих байх гэж найдаж байна. Та бүхний энэ ертөнц дэх амьдралд чинь амжилт хүсье “ гэжээ.

Шоу эхлэх цаг боллоо.

Хамгийн анхны оролдлого бүтэлгүй. Эхлээд 17 секундын турш гүйдэлд цохиулахад Кеммлер хүний гэмээргүй дуу авиа гарган, өтгөн шингэнтэйгээ холилдон байсан бөгөөд эдгээр нь түлэгдэж шарагдаж байгаа мах, арьсны үнэртэй холилдон байхын аргагүй  болж ирлээ. Эмч үзлэг хийхэд хэрэгтэн амьд байв.

“Show must go on”

Дараагийн оролдлогоор хүчдэлийг 2000 В хүртэл нэмэх дүрэм журамтай байсан бөгөөд үүнийг тохируулахад нэлээд хэдэн минутын хугацаа хэрэгтэй байжээ. Энэ хооронд ухаан орсон Кеммлер аймшигтай муухай дуугаар гиншиж эхэлсэн бөгөөд энэ “шоуг” үзэж суугаа, айж ичсэн олон таг чимээгүй байсан болохоор чихэнд бүр ч муухай сонсогдож байсан гэдэг.

Дараагийн оролдлогоо найдвартай байлгахын үүднээс бүтэн минутын турш цахилгаанаар цохиулсан бөгөөд удалгүй хэрэгтний толгойноос утаа, уур манарч эхэлжээ. Хэрэгтэн эцсийн эцэст нөгөө ертөнц рүү явлаа.

Энэ явдлын дараа сэтгүүлчид янз бүрээр бичиж байсан ба зарим нэг нь тэгэхээс тэгэх гэсэн бололтой “хэрэгтэн ямар ч өвчин зовлон мэдрэлгүй тэнгэрт халилаа” гэсэн гарчигтайгаар нийтлэл бичиж цахилгаан сандлыг “даапаалж” байв. Харин Вестингауз “зүгээр л сүх дээр байж” гэж хэлсэн байдаг.

Анх энэ аргаар цаазын ялыг гүйцэтгэхэд шийтгүүлэгч нь ямар нэг зовлон мэдрэхгүй, хурдан түргэн, хүмүүнлэг байх болно гэж найдаж байсан маань эргэлзээтэй болж ирсэн бөгөөд хаа ч гэж шоу талаасаа ёстой л сайн зүйл боллоо.

Цааш цаашдын “туршилтаар” хүчдэлийг нэмэх зэргээр улам бүр сайжруулж байсан бөгөөд “тог”-онд цохиулж байгаа хүний хөлийн ул нь төмөр контакттайгаа цуг шатах, нүд нь хагарч, бүлтрэх, толгой болон цээж нь зад үсрэх зэрэг зүйл тохиолдож байв. Бүр хөл гараа хуга татан цахилгаан сандлаас босоод ирсэн тохиолдол ч байдаг юм гэсэн. Цаазын ял гүйцэтгэсний дараа өрөөний үнэр танар, хөл толгойтой цуг шатсан төмрийг цэвэрлэх явдал ихээхэн ярвигтай, хэцүү ажил байсан тухай ял гүйцэтгэгчид ярьсан юм их байдаг билээ.

Олон арван жилийн туршид энэ арга улам боловсронгуй болж байсан бөгөөд одоо найдвартай байлгахын үүднээс хоёр удаа "тог"-нд цохиулдаг болсон гэнэ. Завсар хоорондоо 10 секундын зайтай тог өгөх бөгөөд нэг удаадаа бүтэн минутын турш “шарах” ба үүний дараа хэрэгтэн нөгөө ертөнцөд очих нь шийдэгдсэн зүйл. Гэхдээ янз бүрийн явдал гарсаар. Хамгийн сүүлд 1985 онд Уильям Вэндивер (энэ Уильям гээч нэртнүүд цахилгаан сандалд суумааргүй юм) гээчийг Индиана мужид цаазлахдаа 5 удаа цахилгаан өгч байж цааш харуулсан гэдэг бөгөөд энэ хүн 17 минутын турш тарчилж байж үхсэн байна. Одоо харин 3 дахь удаагаа “тог” өгөөд үхээгүй бол амьд үлдээдэг болсон гэсэн юм бий. Чухам ийм юмны дараа үлдсэн юмыг амьд хүн гэж хэлэх нь хэр зөвийг мэдэхгүй.

Америкчууд цахилгаан сандалд суулгах энэ аргыг 4,3 мянган хүнд хэрэглэсэн бөгөөд тэдний дотор хөгшин, залуу, өсвөр насны хүүхэд, дээрэмчин, алуурчин, тагнуул, эмэгтэй ... гээд олон янзын хүн бий. Бүр Гитлерийг хүртэл олны өмнө ийм аргаар цаазлах санаатай байсан гэдэг.

Сүүлийн  үед энэ аргыг хэрэглэх нь улам бүр цөөн болж байгаа ба одоогоор Америкийн 8 мужид цахилгаан сандал хэрэглэж байна. Бусад нь илүү хүмүүнлэг арга болох хорт тариа тарих аргад шилжсэн билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]