Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Владимир Зеленский: Уулзалт хүссэн үр дүнгээ өгөөгүйУншсан1,421

Орос, Украины талууд Беларусийн хил орчимд таван цагийн турш уулзаад, хэлэлцээгээ өндөрлүүлжээ

Орос, Украины талууд Беларусийн хил орчимд таван цагийн турш уулзаад, хэлэлцээгээ өндөрлүүлжээ. Тэдний дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлжээ. “Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл хот руугаа буцна. Бид нийтлэг байр суурийн талаар урьдчилан таамаглаж болох зарим асуудлыг олж харсан” гэдгийг тэрбээр тодотгожээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус уулзалтын талаар хэлэхдээ "Уулзалт одоогоор хүссэн үр дүнгээ өгөөгүй. Төлөөлөгч нар Киевт эргэж ирээд, уулзалтын үйл явцын талаар хэлэлцсэний дараа хоёр дахь шатны уулзалтад хэрхэн шилжих тухай ярилцана. Орос өөрсдийн байр сууриа илэрхийлж, харин бид дайныг эцэслэмээр байгаагаа хэлсэн" гэв.

Орос болон Украины талууд өчигдөр Беларусийн хил орчимд уулзалтаа эхлүүлсэн. Хурал эхлэхээс өмнө Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангасан тухай мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ уулзалтаар хоёр тал асуудлаа шийдэж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн гэдгийг уламжилсан.

Уулзалтад Украины талаас парламент дахь "Ард түмний зарц" намын бүлгийн дарга Давид Арахамия, Батлан хамгаалахын сайд Алексей Резников болон Укарины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк нар оролцов. Харин Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин болон парламентын гишүүн Леонид Слуцкий нар иржээ.

Украин улс Европын холбоонд тусгай журмын дагуу элсэх хүсэлтээ гаргаад буй. Энэ тухай даваа гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит видео мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна. Тэрбээр “Энэ захидлаар Украин Европын холбооны гэрээний 2-р зүйлд заасан үнэт зүйлсийг хүндэтгэдэг Европын улсын хувьд, Европын холбооны гэрээний 49-р зүйлд заасны дагуу Европын холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байна” гэв.

Гэвч Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европын холбоонд хэдхэн сарын дотор нэгдэх боломжгүй, өөрчлөлтийн үйл явц шаардлагатай байдаг" гэж онцлон тэмдэглэжээ.

Харин Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда "Польш улс Украиныг ЕХ-нд гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Нэр дэвшигчийн улсын статусыг нэн даруй олгож, гишүүнчлэлийн тухай яриа хэлэлцээрийг даруй эхлүүлэх ёстой. Украин улс Европын холбооны сэргээн босголтын санд хамрагдах боломжтой байх ёстой" гэжээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]