Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шатсан гэрлээс болж сүйрсэн онгоцУншсан20,572

1972 оны 12-р сарын 29 ний өдөр Нью-Иоркын нисэх буудлаас 168 зорчигч, багийн 9 гишүүн бүхий Локхид Л-1011 Трайстар онгоц хөөрчээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1972 оны 12-р сарын 29-ний өдөр Нью-Йоркийн нисэх буудлаас 168 зорчигч, багийн 9 гишүүн бүхий Локхид Л-1011 Трайстар онгоц хөөрчээ. Онгоцны дарга Роберт А.Лофт Eastern AirLines компанид 32 жилд нийт 29700 цаг ниссэн жинхэнэ хашир туршлагатай нисгэгч бол хоёрдугаар нисгэгч Альберт Ж.Стокстилл 5800 цаг ниссэн гэхээр бас хэнээс ч дутахгүй дадлагажсан нисгэгч. Бас борт инженер Дональд Репо 51 настай, нислэгийн цаг нь 15700.

Энэ мундаг туршлагатай нисгэгчид цугласан болохоор ямар нэг онгоц турших гэж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Гэтэл энэ бол иргэний агаарын тээврийн хамгийн энгийн, жирийн нэг нислэг бөгөөд тэдгээр нисгэгчид ингэж нэгэн баг болсон нь цэвэр тохиолдол байлаа. Ингээд ч зогссонгүй нисгэгчдийн бүхээгт Eastern AirLines-ийн ерөнхий инженер Анжело Донадео бас явж таарч. Гэтэл ийм олон “ас”-уудаар удирдуулсан онгоц  хамгийн жижигхэн, энгийн нэг муу чийдэнгээс болж сүйрэх юм гэж тэр үед хэн санах билээ.

Онгоц Майамиг чиглэн нисэж явах үед цаг агаар тогтуун байсан учраас ямарваа нэг санаа зовох юмгүй ниссээр хүрэх газраа дөхөж ирлээ. Онгоцны дарга газартай холбогдож буух зөвшөөрөл аваад буухад бэлдэж эхлэх үед урд дугуй буултад бэлэн болсон гэдгийг харуулдаг гэрэл ассангүй буюу дугуй ил гараагүй бололтой байв. Хөлгийн дарга ч ийм бэрхшээл гарлаа гэдгийг газарт мэдэгдэж, диспетчерүүд уг онгоцыг 600 метрийн өндөр дэх аюулгүй бүсээр тойрог хийж гэмтлийн шалтгааныг тодруулах заавар өгчээ.

Дугуй гарахгүй байна гэдэг бол үнэндээ айхтар том гэмтэл биш бөгөөд ийм нөхцөлд дугуйг гидро-механик аргаар гаргах болон дугуйн хаалтыг нээснээр дугуй өөрөө жингээрээ ил гарч буудаг гэх мэт олон боломж бий. Энэ бүх аргыг хэрэглэж үзсэн боловч өнөөх гэрэл асдаггүй хэвээр. Энэ үед хоёрдугаар нисгэгч Стокстилл “гэрэл шатсан байж магадгүй” гэсэн таавар гаргалаа. Ийм явдал цөөнгүй тохиолдож байсан ба үнэн худлыг шалгах нэг арга нь уг гэрлийг гаргаж ирж шатсан үгүйг шалгах явдал. Энэ онгоцонд бусад улс орны онгоц шиг бүх гэрэл ажиллагаатай байгаа эсэхийг шалгадаг тусгай товчлуур гэж байсангүй.

Ингээд уг гэрлийг гаргаж авах болоход ганц биш бусад хүний туслалцаа хэрэгтэй болж. Онгоцоо 600 метрийн өндөрт авто-нислэгийн горим дээр тавиад хоёр нисгэгч ноцолдож эхэллээ. Гаргаж чаддаггүй. Дараа нь гурав дахь нь буюу борт инженер Репо нэмэгдлээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах явцад олон хүнийг гайхуулсан нэг явдал болсон нь уг онгоцны дугуй гарсан гэдгийг баталдаг гэрэл ассангүй гэдгийг мэдсэн диспетчер онгоцыг нам өндрөөр нисгэж дугуй нь гарсан эсэхийг нүдээр харж шалгадаг хамгийн энгийн аргыг хэрэглээгүйг, онгоцны багийнхан ч ийм санал гаргаагүй явдал байсан гэдэг.

Энэ аргыг хэрэглэх санаа төрөөгүй гурван нисгэгч гайтай чийдэнг гаргах гэж ноцолдож байх үед нэг нь хүч гаргахдаа онгоцны удирдлагын хүрдийг нэлээд хүчтэй хөдөлгөснөө мэдсэнгүй. Автомат нислэгийн горимд байсан онгоцны удирдлагын хүрд ийм хүчтэй огцом хөдөлгөөнийг автомат горимоос гаргах дохио  гэж “ойлгож” удирдлагыг салгалаа. Удирдлагагүй болсон онгоц аажуухан өндрөө алдаж эхлэхийг гурван нисгэгч, тэдэнд зааварлаж байгаа инженерүүд мэдсэнгүй. Шатсан гэрлийг зовж байж нэг юм гаргаж аван үзээд “шатжээ” гэдгийг ойлгосон хэд маань одоо бүр доош орж, дугуй яг гарсан эсэхийг шалгах ёстой. Хоёр инженер ээлжлэн доош бууж дугуйг гарсан эсэхийг шалгах гэсэн боловч юу ч харагдсангүй гэсээр гэрэл гаргах юм хайж эхэллээ. Энэ үед хоёрдугаар нисгэгч “бид чинь 600 метрийн өндөрт байгаа биз дээ?” гэж дуу алдан асуулаа. Бүгд хөлгийн удирдлагын самбар, дараа нь бүхээгийн цонхоор харахад газар энүүхэн ойрхон болсон байв. Хөлгийн дарга ганц орилоод хүрдээ шүүрч аван дээшээ татаж эхэлсэн ч амжсангүй...

23 цаг 42 минутад 365 км цагийн хурдтайгаар Эверглейдс хэмээх намагтай газрыг мөргөн сүйрлээ. Онгоц унахдаа хэд хэдэн хэсэг болон шатахуун ихээр асгарсан боловч намагтай газар унасан учраас тэр үү их хэмжээний гал гаралгүй, энд тэнд алаг цоог жижиг түймэр гарсан байна.

Онгоц унах үед ойрхон байсан хоёр хүн яаран давхиж очин осолдсон, амьд байгаа хүмүүсийг аварч байхдаа өөрсдөө тү лэгдэж байсан боловч дахин хүмүүсийг аюултай бүсээс гаргасаар байсан гэдэг ба тэд бараг 40-50 хүн аварсан байна. Ослын үеэр 99 хүн а м ь ү р э г д э ж (зарим нь онгоц унахад тэр дороо, зарим нь онгоц унаснаас хойш, зарим нь эмнэлэгт очоод) 77 хүн амьд үлджээ. Хамгийн сонирхолтой нь нисгэгчийн бүхээгт байсан ерөнхий инженер хүнд гэмтсэн ч амьд үлдсэн явдал юм. Хоёр хоногийн дараа дахин 2 хүн нөгөө ертөнцөд одсноор энэ ослын х о х и р о г ч 101 болсон гэдэг.

Энэ осолтой холбоотой хэд хэдэн хачирхалтай юм бий.

1-рт онгоц автомат горимоос гарсан тухай чимээ өгдөг бөгөөд нисгэгч нар энэ чимээг тоож анзаараагүй явдал. Бүгд маш туршлагатай нисгэгч нар боловч ийм чухал дуун дохиог тоохгүй өнгөрнө гэдэг байж боломгүй мэт.

2-рт дээр дурдсан дугуй гарсан эсэхийг нүдээр шалгах арга хэмжээг газраас аваагүй, нисэх багийнхан ч шаардаагүй явдал.

3-рт энэ сүйрсэн онгоцноос үлдсэн, ашиглаж болох эд ангиудыг авч өөр онгоцонд тавьсны дараа тухайн онгоцнуудад сөнөсөн онгоцны багийн гишүүд харагдсан, янз бүрийн дохио өгсөн тухай яриа юм. Иймэрхүү явдал хэд хэдэн удаа болсон гэсэн мэдээллийн дараа компани тэдгээр эд ангиудыг онгоцноос салгаж авсан ба түүнээс хойш дахиж элдэв хий үзэгдэл үзэгдэж харагдсан тухай яриа гараагүй гэдэг. Итгэх үгүй нь хувь хүний хэрэг байх. Ямар ч байсан энэ онгоцны сүйрэл, түүний дараах хий үзэгдлийн тухай сайн муу хэд хэдэн ном, кино гарсан аж. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]