Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Батцэцэг: Манай улс аливаа сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр бат зогсдогУншсан978

Орос-Украины хооронд үргэлжилж буй хямрал мөргөлдөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хэрхэн илэрхийлснийг сонирхож үзье.

Нийтлэлч Д.Баярхүүгийн "Орос–Украин ба Монголын нийгэм" нийтлэлд Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэгийн хэлсэн албаны байр суурийг хавсаргажээ. Орос-Украины хооронд үргэлжилж буй хямрал мөргөлдөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хэрхэн илэрхийлснийг сонирхож үзье.


Орос-Украины хооронд үргэлжилж буй хямрал мөргөлдөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг ийнхүү илэрхийлжээ.

- Украинд үүссэн цэрэг дайны хямрал дэлхий нийтийг түгшээж байна. Энэ дайн аль хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?

Украины нөхцөл байдлыг дэлхий нийт сэтгэл эмзэглэн ажиглаж байна. Энгийн иргэд аюулд өртөж, гэр орон, эх орноосоо дайжиж, амь насаа алдаж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх бодит эрсдэл тулгарч байгаад хүн болгон санаа зовж байна.

Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж оролцогч талуудыг хурцадмал байдлыг даамжруулах аливаа алхам, үйлдэл хийхээс татгалзаж хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэ хямрал хэр удаан үргэлжлэхийг олон улсын харилцаа, аюулгүй байдал судалдаг хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Зарим нь ойрын хугацаанд байлдааны ажиллагаа зогсож иж бүрэн яриа хэлэлцээ эхлэх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Зарим нь хурцадмал байдал улам даамжирч хэдэн сар сунжрах шинжтэй болчихлоо хэмээн дүгнэж байна. Дэлхийд шинэ дэг журам тогтоох, хүчний тэнцвэр хуваарилагдах үйл явц дөнгөж эхэлж байгаа тул энэ байдал дор хаяж 4-5 жил үргэлжилнэ гэсэн таамаглал ч байна. Энэ олон таамаг, дүн шинжилгээ бүгд үндэслэлтэй, гэхдээ өнөө маргаашийн тодорхойгүй нөхцөлд аль аль нь амархан няцаагдах боломжтой тул тэр нь зөв, энэ буруу гэж хэлэх аргагүй. Украины нөхцөл байдалд эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн иргэд хүртэл санаа зовниж нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна. Ганц манайд ч биш дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлж байна. Цэрэг дайны аюул түргэн арилж, сөргөлдөөнийг энхийн замаар шийдээсэй гэсэн хүсэл хүн болгоны дотор хадгалагдаж байгаа гэж бодож байна.

- Та Украинд үүссэн нөхцөл байдал гэж томьёолж байна. Бас хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсанд санаа зовж байна гэж ярилаа. Тэгвэл Монгол Улсын байр суурь юу вэ?

-Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлого явуулдаг, аливаа сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр бат зогсдог улс. Тийм болохоор ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээ эхэлснийг сайшааж байгаа, бодит үр дүнд хүрнэ гэдэгт ч итгэлтэй байна. Хурцадмал байдал даамжрах нь Европ төдийгүй дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд ноцтой хор уршиг учруулна. Улс орнууд өөрийн аюулгүй байдлаа хангах зорилгоор зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэлбэл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн өмнөх ололтуудыг үгүй хийх эрсдэл үүснэ. Тийм болохоор олон улсын хамтын нийгэмлэг үүссэн нөхцөл байдлыг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж Украинд хүмүүнлэгийн хямрал хяналтаас гарахаас хамтын хүчээр сэргийлэх нь чухал гэж үзэж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]