Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны аюулт дайсан Хүчүлүг Хар Хиданы хаант улсыг самарсан ньУншсан31,862

Монголчууд тагнуулын чиглэлээр хангалттай мэдээлэл цуглуулж Хүчүлүгийг дарахад бэлдэв. 1218 онд Чингис хаан Зэв буюу Зургаадай жанжнаар цэрэг удирдуулан 20000 цэрэг гаргаж Хар Хиданд хүрэхдээ лал сүм хийдийг нь дахин нээж, Хүчүлүгтэй байлдахаар ирсэн гэдгийг орон нутгийн иргэдэд мэдээлж байв.

Хүчирхэг Найман аймгийн тэргүүн Таян хааны хүү Хүчүлүг бол 1204-1218 онуудад Чингис хааны эсрэг тэмцэж байсан аюултай дайснуудын нэг билээ. Наху гүний тулалдаанд буюу 1204 онд Найман аймгийн цэрэг монголчуудтай тулалдаж ялагдсан байдаг. Энэ тулалдаанд Таян хаан амь үрэгдэж Найман аймгийн нутгийг Чингис хаан эзлэн авсан юм. Хүчүлүг Мэргидийн Тогтоа бэхийн хамтаар зугтан гарсан боловч монголчууд гэзэг даран нэхэж байв. Түүх судар бичгүүдэд Хүчүлүгийн зугатсан талаар их бичсэн байдаг. Араас нь гэзэг даран нэхэх монголчууд түүнд хүчээ сэлбэх боломж олгохгүй байсан ажээ.

Хүчүлүгийн цэрэг Алтайн нурууны өмнө талд буюу бүр тодруулбал Луугийн голын адаг гэдэг газар Монгол цэрэгтэй тулсан боловч дахиад л цохиулжээ. Тиймдээ ч энэхүү талыг “Ясан тал” гэж нэрлэх ба Хүчүлүг энд хиартал цохиулсныг гэрчлэх ажээ.

 

Хүчүлүг хэдийгээр ялагдаж байсан боловч аюултай дайсан байв. Хүчүлүг бол залирхаг, хор найруулж чаддаг хүн байсан бөгөөд үүнийг нь ч Чингис хаан мэддэг, тэр хүнийг удаан, дур зоргоор нь явуулаад байж болохгүй байв. Түүхэн нөхцөл байдлын эрхээр Чингис хаан цэрэг зэвсгээ базааж, харийн довтолгооноос сэргийлж байв. Чингис хаан ихэнхдээ орон нутгийн шинж чанартай довтолгооноор өөрийн цэргийн эрдэм, тактик болон эсрэг талынхаа байлдах чадварыг туршдаг байжээ. Чингис хаан цэргийнээ байр байдлыг шалгах анхны сорилт нь Хүчүлүг байсан юм. Хүчүлүг өөрийн авга ах Буйруг хааны цэрэгтэй нийлэн нэгдэж 1205 онд Эрчис мөрний ойролцоо Чингис хааны цэрэгтэй дахин тулсан боловч мөн л цохиулжээ. Хүчүлүгийн цэргийн цөөнгүй нь Эрчис мөрөнд үйж үхсэн гэдэг. Ингээд Хүчүлүг Хар Хидан руу зугтан гарахаас өөр аргагүй болжээ.

Хүчүлүг Хар Хидан улсын Гүр хаанд дагаар оров. Дагаар орохдоо Несторианы урсгалаас татгалзаж, шарын шашинд орсон гэдэг. “Гүр хаан” гэдэг нь Жувейнийн тайлбарласнаар “хаадын хаан” гэсэн утгатай ажээ. Гүр хааны захиргаанд Долоон улсын өмнөд хэсэг, Нульжины хязгаар, Сырдарья мөрний сав газар орж байв.

Хүчүлүг ийнхүү Харлаг, Уйгураар дайрч 1208 онд Хар Хидан хүрчээ. Хүчүлүг өөрийгөө аюултай байдалд оруулахгүйн тулд өөрийн оронд нэгэн нөхрөө Гүр хаантай уулзуулаад, өөрөө гадаа хөтчийн дүрээр хүлээж байв. Эрсдэлгүй гэж тооцсоны эцэст өөрөө биеэр орж уулзаж байсан гэдэг. Хүчүлүг Гүр хааны охин Хунхутай гэрлэснээр Гүр хааны итгэлт хүн нь болжээ. Ингээд 1211 онд Хүчүлүг хадам аавынхаа нэрийг барин Самаркандад нэр хүндтэй болж Хорезм Шахтай Монголчуудын эсрэг холбоо тогтоосноор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын баруун-өмнөд хил аюултай байдалд орсон байна.

Хүчүлүгийн Хар Хиданд очсон үйл явдал нь Хар Хиданы уналттай давхцсаныг энд бас дурдах хэрэгтэй. Хар Хиданы хараат улсуудад шил шилээ дарсан бослого хөдөлгөөнүүд өрнөж байв. Гүр хаан энэ үед төрийн хэргийг мэдэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэл, ан гөрөө хөөцөлдөх болж, төрийн хэргийг огоорч эхэлсэн нь Хүчүлүгт сайхан далим болсон байна. Ингээд Хүчүлүг өөрийн талын хүмүүсийг цуглуулж эхэлжээ. Хар Хиданы язгууртнуудын дунд хов хутгаж эхэлсэн Хүчүлүг Найман аймгийн тарж бутарсан ноёдыг ч хурааж татаж авахаа мартаагүй байв. Хүчүлүг ийнхүү Хар Хиданд хүчирхэг болсон нь монголчуудад бодит аюул байсан юм.

Хүчүлүг Хорезмд хүн илгээж Хар Хиданыг хоёр талаас нь хавсран цохих санал тавьж байжээ. Ингээд Хар Хиданчууд Хүчүлүг болон Хорезмтай зэгсэн ширүүн тулалдаануудыг хийж Самарканд хот хоёр этгээдийн гарт ээлжлэн шилжиж байлаа. Хүчүлүг Гүр хаантай хийсэн эхний тулгаралтад дийлэгдсэн. Хорезм ч Хар Хидантай хийсэн тулгаралтад дийлдэж байжээ. Хар Хиданыг ид хүчирхэг байх үед хорезмчууд орших уу эс орших уу гэдэгтээ тулж байв. Самарканд хотыг хар хиданчууд 70 удаа дайрч Хорезмыг сандаргаж байжээ. Тиймэс Хар Хиданы эсрэг Хүчүлүгтэй Хорезм шах холбоо тогтоох нь түүнд өөрт нь ашигтай байв. Гэвч Хар Хиданчуудын ялалт богинохон настай байв. Олз ашгаа булаалдсан Хар Хиданы энэ байдлыг Хүчүлүг овжин ашиглан Гүр хаанд гэнэтийн цохилт өгчээ. Хүчүлүг Гүр хааныг олзлон авч Хар Хиданы төрийн хэргийг мэдэх болсон юм.

Хүчүлүг үнэхээр харгис захирагч байв. Лалын шашныхныг гадуурхан хавчиж харгислах болсон ба  Харлагийн хаант улстай олон удаа байлджээ. Гэхдээ энэ дайн нь ашигтай гэхээсээ илүү ашиггүй байсан юм.

Хүчүлүг ноёрхлоо тогтоосон газрынхаа ард иргэдийг дарлаж, айлуудад нэжгээд цэрэг суулган тэд нар нь садарлах, алан хядах явдал үйлдэж байв.

Хүчүлүг хүчирхийлэл айлган сүрдүүлэх замаар тухайн орны зан заншлыг өөрчлөхийг оролдсон байна.

Чингис хааны хувьд Хүчүлүгийн хүчирхэгжсэн байдал нь Их Монгол улсын аюулгүй байдалд шууд заналхийлж улмаар түүнийг өөрийн аав Таян хан болон авга ах Буйруг хааны  өшөөг авах гэж оролдох нь тодорхой хэмээн үзэж байв.  Тиймээс Хүчүлүгийг устгах зайлшгүй шаардлага Чингист тулгарсан юм.

Монголчууд тагнуулын чиглэлээр хангалттай мэдээлэл цуглуулж Хүчүлүгийг дарахад бэлдэв. 1218 онд Чингис хаан Зэв буюу Зургаадай жанжнаар цэрэг удирдуулан 20000 цэрэг гаргаж Хар Хиданд хүрэхдээ лал сүм хийдийг нь дахин нээж, Хүчүлүгтэй байлдахаар ирсэн гэдгийг орон нутгийн иргэдэд мэдээлж байв. Зэв жанжны энэ арга дорхноо үр дүнгээ өгч Хүчүлүгийн эсрэг бослого дэгджээ.

Энэхүү аян дайны хамгийн хүнд хэсэг нь Хүчүлүгийн цэрэг бус, харин газар зүйн нөхцөл байсан. Зэв жанжны цэрэг Хар Хиданы нутгаар нийтдээ 2600 км давшсан байдаг. 3000 метрээс ч өндөр Алтайн нуруу, Иссык-Куль нуур, Тэнгэр уулс зэрэг газарзүйн хувьд тун хүнд даваануудыг давсан юм. Энэ бүх шалгуурыг давсан монгол цэргүүд Хүчүлүгийн цэрэгтэй тулсан билээ.

Дараа дараалан үүссэн энэхүү нөхцөл байдалд Хүчүлүг сандарч, задгай газарт монголчуудтай тулах гэсэн боловч төдий л амжилт олсонгүй. Лал цэргийн гарнизон нь бүр хөдлөө ч үгүй гэдэг. Хүчүлүг Кашгар тийш зугтаж харин Зэв жанжин мөр авсан анч нохой шиг араас нь хөөж байв. Хүчүлүг одоогийн Пакистаны нутгийг чиглэн зугтаж байсан болов уу. Зэв жанжин түүнийг нэхэн гүйцэж Бадаман гэдэг газар Хүчүлүгийг хөнөөж толгойг нь энэ тухай мэдээг Хар Хиданы өнцөг булан бүрт хүргэж мөн тусгайлан Чингис хаанд хүргэсэн юм. Хүчүлүг бол Хэрэйд, Найман, Мэргидийн үлдэгдлүүдээс хамгийн сүүлд үлдсэн Чингис хааны эсрэг тэмцэгч байжээ.

Хүчүлүгийг дарж Хар Хиданы нутагт хяналтаа тогтоосноор хүчирхэг Хорезм улстай монголчууд шууд хил залгах болж Төв Азийн хүчний тэнцвэрт асар том өөрчлөлтийг бий болгосон билээ.

Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад” түүхийн шаштир, 3-р боть.

Ш. Насанбат. “Монголын түүхийн эрт, эдүүгээх 33 онцлох хүн: Хүчүлүг”

John Man. “The Mongol Empire: Gengis Khan, his heirs and the finding of modern China: The gates of Hell”.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 26. 17:24
Бүрдхүү

Гол цөм нь Монголд байгаа тэд олдоод байгаа нь зөвхөн үр удмынх нь юм .

2017, 10 сар 19. 10:49
Зочинч

Чингис хаан чинь алтыг цаасан мөнгөөр солих санхүүгийн ажиллагааг эзэнт гүрэнтээй зөв хийж,дипломатыг хүндлэх ёсыг нэвтрүүлсэн хүн зүгээр нэг өнөөгийн монгол кинон дээх шиг хөмхийгөө зуусан адууны хулгайчны хэмжээний эр хүн биш Төрийн ухаантай байж

2017, 10 сар 19. 12:14
Зочинv

lololooloo

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]