Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Хэдхэн хоногийн дараа Бээжингийн өвлийн Олимп болох нь. Заншил ёсоор энэ их наадмын дараа тэр тэгж луйвардсан, энэ ингэж допинг хэрэглэсэн... гээд түмэн янзын яриа гарах нь тодорхой бөгөөд зарим нь Олимп эхлэхийн өмнө ч болж эхэллээ. Улс төрийн бойкот, ковид-омикрон, NHL-ийн хоккейчид оролцох боломжгүй болсон, хүйсээ солиулсан тамирчдын асуудал гэх мэт.
Өнөө цагийн Олимп нь улс төр, хими болон бусад шинжлэх ухаан, хөрөнгө санхүүтэй дэндүү их холилдож сүлэлдсэн учраас цэвэр спортын тэмцээн байхаа больж, янз бүрийн луйвар, хуйвалдааны үүр уурхай болж хувиран, яваандаа Олимпын наадам хэмээх хүн төрөлхтний сайн сайхан зүйлийг үгүй болгоход хүргэнэ гэж үздэг олон хүн бий.
Үнэн ч байх. Баталгаа нь эрт цагийн Олимп!
Эрт дээр үеийн Олимпын наадмын үеэр худал хуурмаг, авилга хээл хахууль, хөрөнгө санхүүгийн хэт их оролцоо зэрэг нь бүгд байсан бөгөөд тамирчин гэсэн үг нь “мөнгөний төлөө тэмцэгч” гэсэн утгатай байсан гэнэ.
Олимпын наадамд түрүүлсэн тамирчин нь оливийн мөчир л авах боловч нутаг орондоо очоод асар их баялаг, эд хөрөнгө, эмс охидоор шагнуулдаг байв. Дээр нь насан туршийн өндөр хэмжээний тэтгэлэг. Бас энэ тэрүүгээр явж түмэн олны өмнө хэн нэг хүнийг магтах (өнөөгийнхөөр бол сонгуулийн сурталчилгаа гэж болох юм даа) ажилд ихээр оролцох ба ийм нэг удаагийн үйлдлээрээ жирийн цэргийн 10 жилийн орлогыг олдог байсан тухай баримт зөндөө байдаг юм гэсэн. Ер нь Олимпын аварга болчихвол насаараа эзэн хаан шиг амьдарч болох нь. Ялангуяа Афинд.
Энэ их алдар хүнд, хөрөнгө мөнгөний төлөө тамирчид ч гэсэн хэрэглэж болох бүх л арга чаргыг хэрэглэнэ. Тэд янз бүрийн өвс ногоо идэж хүч тамираа нэмэгдүүлэх, биеэ тослох, архи уух... дээр нь дарга цэргээрээ яриулах, өрсөлдөгчөө болон шүүгчийг худалдаж авах, айлгаж сүрдүүлэн дарамтлах...
Хэдийгээр энэ бүхэн нь хориотой боловч бүх тамирчдад тэгш үйлчлэхгүй, боломж ч байхгүй учир Олимпын наадам маань ямар нэг барааны зах шиг тохирсон, ярилцсан, хуйвалдсан элдэв будлианаар дүүрэн болж хувирчээ. Энэ хэмжээ хязгаараа алдсан бузар явдлыг ямар нэг хэмжээгээр зогсоохын тулд Олимпын наадам болдог талбарын өмнө Зевс бурхны хөшөө босгож луйварчин Олимпын аваргыг “алдаршуулдаг” дэг жаяг тогтоосон байна. Жишээ нь, 98-р Олимпын наадмаар (м.э.ө 388 он) Фессалийн Евполид хэмээх тамирчин гурван өрсөлдөгчдөө мөнгө өгч ялсан учир энэхүү шившгийн хөшөөнд энэ явдлыг тэмдэглэн үлдээжээ. Иймэрхүү нэр ус олон байх ба заримдаа луйварчин тамирчныг түмний өмнө зодож нүдэн шийтгэх, асар их мөнгөн торгууль оногдуулах зэргээр шийтгэж байж.
Манай эриний өмнөх 332 онд болсон Олимпоор Афины тамирчин Калипп нь өрсөлдөгчөө, шүүгчтэй нь цуг худалдан авч аварга болсныг тогтоон асар их мөнгөөр торгоход нөгөөхөд нь тийм мөнгө байсангүй. Афинчууд ч хайртай аваргаа аврахын тулд нутгийн хамгийн уран илтгэгчээ явуулж гоё сайхан “үлгэр” яриулж хамгаалах гэж үзсэн ч шүүгчид хүлээж авсангүй. Үүнд нь уурлаж бухимдсан Афинчууд торгууль төлөхгүй гэж шийр зааж үзээд нэмэр болоогүй төдийгүй дараагийн Олимпд орох эрхээ хүртэл хасуулсан байна. Үүний дараа нөгөө хэд нь бууж өгөлгүй хаачихав. Ингэлээ гээд наадам цэвэр ариун болсонгүй буюу найраагаа хийдгээрээ хийж, луйвраа үргэлжлүүлсээр...
Ромын эзэнт гүрний тамирчид Грекийн тэр олон хот улсуудаас юугаараа дутах билээ гэсэн шиг бас л бөөн будлиан. Олимпын аварга болсон хүн оливийн мөчир авдаг ба энэ нь одоогийнхоор алтан медаль гэсэн үг. Тэгвэл 2008 онд Бээжингийн Олимпоор 8 алт авсан АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс нь эртний Ромын алдарт тамирчин, эзэн хаан Нероны хажууд ёстой хэн ч биш гэнэ. Нерон 67 онд болсон Олимпын 212-р наадмаар нийт 1808 (олдсон эх сурвалжид маань яг ингэж л бичиж) удаа оливийн мөчир авсан гээд бод доо.
Нерон нь сайн тамирчин гэхээсээ илүү хөрөнгө мөнгө, эрх мэдэл ихтэйгээрээ тэр их мөчрийг авсан байна. Бүх л төрлийн тэмцээн уралдаанд (тухайн үед яруу найраг, хөгжим...гээд дэндүү олон төрлийн уралдаан болдог байв) орохдоо шүүгч, тамирчдыг, зохион байгуулагчтай нь цуг хуйгаар нь худалдан авах ба тэрэгт дугуйн уралдаанд орох үедээ тэрэгнээсээ унаж барианд ороогүй ч бас л “түрүүлж” оливийн мөчир авч байв.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин болсон Нероныг нутагт нь тун ч удалгүй зүйл дуусгаж, хаан ширээг нь авсан Сервий Гальва нь Нероны аварга болох гэж зарсан асар их мөнгийг буцааж өгөхийг Грекүүдээс шаардсан байна. Аваад идчихсэн тэр их мөнгийг өгөөгүй нь ойлгомжтой ба энэ явдлаас болж Грек Ромчууд муудалцаж, улмаар 67 оны Олимпын наадамд оролцсон Ромын тамирчдын амжилтыг хүчингүйд тооцохоор болсон гэдэг. Ийнхүү Нероны дахин давтагдашгүй “амжилт” түүхийн хуудаснаас арчигдан алга болсон билээ. Энд нэмээд хэлэхэд орчин цагийн Олимпын наадмын эцэг болсон Пьер де Кубертен 1912 оны Олимпын наадамд яруу найраг, уран зохиолын төрлийг оруулж, өөрөө түрүүлэн Олимпын аварга болсон явдал бий.
Эрт дээр цагт Олимпын наадам маань иймэрхүү байдлаар болдог байгаад дампууран алга болсон бол өнөө цагийн Олимпд ч гэсэн иймэрхүү аюул нүүрлэж байна. Хэт их мөнгө, улс төр, допинг, хээл хахууль... Яг л адилхан байгаа биз?
P.S
Бээжингийн Олимпыг АНУ бойкотлож байгаа тухай мэдээлэл манай зарим сайтуудаар гарсныг та харсан байх. Тэдгээр мэдээг бичсэн сэтгүүлчид маань зарим юмыг жаахан утга учиртай, ойлгож байж мэдээлдэг баймаар. Бээжингийн Олимпыг АНУ бойкотлоогүй, улс төрийн бойкот л зарласан бөгөөд үүнд нь миний ойлгож байгаагаар Япон болон Канад улс одоогоор нэгдээд байх шиг. Улс төрийн бойкот гэдэг нь Олимпын наадамд төр засгийн тэргүүн, ажилтнуудаа явуулахгүй байхыг хэлдэг ба тамирчид нь оролцдогоороо оролцоно. Харин Олимпын наадмыг бойкотлох гэдэг нь 1980 болон 1984 оны наадмыг хэлэх билээ.