Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мойтоо хүүхний паян буюу Өвөрхангайн түүхэнд холбогдох ХОВОР СОНИН хуучуудУншсан124,748

Сайн ноён хан 1912 онд Орос улсад айлчилж Цагаан хаанд бараалхахдаа хүртэл Авьдынгэрэлийг дагуулж явсан гэдэг. Харин ээжийг нь дутах гачигдах зүйлгүйгээр ноёны өргөөний ойролцоо тусгай гэрт байлгах болжээ. Намнансүрэн ханыг 1919 онд зуурдаар амь насаа алдах үед Авьдынгэрэл 18-19 настай залуу Төвд номыг хичээнгүйлэн суралцаж байв.

Мойтоо хүүхний паян 

Цэрэнхүү мэйрэн гэж нэгэн бэл чинээ сайтай хүн одоогийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын дээд биений Өшгөгийн нуруу, Аргалантын уулын сав газраар нутагладаг байжээ. Тэр мал сүрэг олонтой учир хэд хэдэн зарцтай байсан гэдэг. 

Тэдний нэг нь Мойтоо хэмээх хүүхэн байсан бөгөөд гэр орны нь ажил, сааль сүү боловсруулах ажилд олон жил тусалж охины хамт бор гэдсээ тэжээн амьдарч байжээ. Удалгүй ардын хувьсгал ялж "хар шар феодалын хөрөнгө хураах" гэгч нэртэй хэлмэгдэл, нугалааны шуурга улс орон даяар дэгдэв. 

 

Нэг л шөнө Цэрэнхүү мэйрэнгийн хөрөнгийг хураахаар Ардын намын Цэрэг тэргүүнтэй буу шийдэм агссан хүмүүс буучихаж гэнэ. Цэрэнхүү мэйрэн ч олон үггүй мал сүргээ тоолуулж хөрөнгө зоорио бүртгүүлэн хураалгаж амьдрал залгах төдий юмтай хоцрох болов. 

Энэ үед Мойтоо хүүхэн Цэрэнхүү мэйрэнгийнд олон жил зарцлагдаж элдвээр хавчигдаж байсандаа хорсон хөрөнгө хураах төлөөлөгчтэй сэм уулзаж Цэрэнхүүгийн нуусан алт мөнгөн үнэт эдлэлийг илчлэн хэлж айлд байгаа тоологдоогүй малыг нь хүртэл тоочиж гэнэ. 

Төлөөлөгчид ч Цэрэнхүү мэйрэнг сүрдүүлэн агсчиж нуусан үнэт зүйлс, айлд байсан мал зэргийг нь үг сүггүй хурааж улмаар "Хувьсгалын үйл хэргийг саатуулан эсэргүүцэгч" хэмээн үзэж, хар дэвтэрт нэрийг бичиж авчээ. 

Мойтоо хүүхний магнай тэнийж төлөөлөгчдийн сүрдүүлгээр Цэрэнхүү мэйрэнгийнхээс үлэмж хэмжээний эд хогшил гаргуулан авч хоёр тэмээнд ачин Сайн ноёны хүрээ рүү нүүжээ. Улмаар тэр улаан хувьсгалчдын дэмжлэгээр Улаанбаатар хот орж ажилчин болж мандсан гэдэг.

Хар Увашихай хаачсан бэ? 

Ламын Гэгээн Лувсанданзанжанцан Сайн ноён ханы хүрээний ойролцоо хоёр дуган бариулж тэдгээрт Дархадын нутгаас хоёр Увашихай залж авчран шүншиглэн байрлуулсан гэдэг. Тэдгээрийг нутгийнхан "Хар", "Цагаан" увашихай гэж сүсэглэн дээдэлж, муу муухайн үндсийг таслуулдаг байжээ. 

Гэтэл. удалгүй ардын хувьсгал мандаж хойр увашихайн модон дуганыг нураан хаяж цулгуй орхисон байна. 1926 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов уул увашихайнуудыг үзэж хар увашихайг нь мулт татан авч тусгай хүнд модон хайрцганд хийн битүүмжилж бусад үнэт олворуудын хамт нутаг руугаа авч оджээ. 

Харин цагаан увашихайг дотоодын хувьсгалчид элдвээр хүчлэн хэмхэлж унаган төрхийг алдуулж толгойг нь хүртэл мулт татсан байна. Ингэж "хэлмэгдсэн" цагаан увашихайг 1990 оноос хойш нутгийн олон түмэн элдэвлэн сэргээж, модон дугантай болгон шүтэж байна. Харин хар увашихай нь Оросын эрмитаж музейн сан хөмрөгт хэрэгсэх хүнгүй өнчрөн хэвтэж буй хэрэг. 

"Гамин" Намсрайн явдал 

Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуунд Намсрай гэж ан гөрөө хийдэг, мэргэн бууддаг нэгэн эр байжээ. 1921 онд оргодол, босуул гамин цэргүүд хэд гурваар нэгдэн нийлж нутгийн олон түмнийг түйвээж байсан түүх бий. 

Энэ үед Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошууны нутагт бүрэн зэвсэгтэй 10 орчим гамин орж ирж замдаа тааралдсан хөдөөгийн малчин айл өрхийг түйвээж эхэлсэн байна. 

Эдгээр гамингуудын элдэв яргаллыг сонсож мэдсэн анчин Намсрай нь Бадрах, Чулуунбат, Гонгор зэрэг нөхдийн хамт тэдгээр дайснуудын явах зам бүрт отолт хийж цувуулан устгажээ. Энэ үйл явдлаасаа болж Намсрай анчин гамин хочтой болсон аж. 

Гамин Намсрай хувьсгалын эхний жилүүдэд бусдын нэгэн адил мал сүргээ адуулж, ан гөрөө хийн амьдарч байв. Гэтэл 1930-аад он гартал лам нарын хувьсгал эсрэг хуйвалдаанд оролцож байсан хэргээр аймгийн дотоод яамны төлөөлөгч мөрдөн мөшгөж шоронд хийжээ. 

Гэвч угийн овсгоо самбаатай Намсрай нэг л шөнө оргон зайлж хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн уул хадаар явсаар одоогийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт орж ирсэн байна. 

Дотоод яамныхан ч түүнийг битүүхэн мөрдөн мөшгөсөөр мөрөөр нь орж нутгийн айлд бууж тухлах гэж явахад нь бүслэн хаасан боловч Намсрай сайн морины хүчээр оргон зайлсан ч хурдан буутай мөрдөгчид элдэвлэн хөөсөөр нэгэн улаан эргэнд оруулсан гэдэг. 

Намсрай нэгэнт байдал эвгүйтсэн учир эрэгний амсар дээр эрүүгээдээ жижиг модон ташуур тулан явган суугаад амь насаа егүүтгэжээ. Дотоод яамныхан эрэгнээс цухуйх Намсрайн малгайтай толгойг хэдэн арван удаа буудаж зарим нь араар нь мөлхөн очиход аль хэдийн амьсгал хураасан байжээ. 

Ингэж эх оронч зүтгэлтэй эгэл анчин эр зуурдаар насан эцэслэж, түүний үхсэн тэр эргийг Намсрайн эрэг гэх болсон гэдэг. 

Сайн ноён ханы Хүрээний урчууд 

Сайн ноён ханы хүрээнд /Одоогийн Өөөрхангай аймгийн Уянга сум/ бурхан зураач Жамъянчоймбол, сийлбэрч Со.Дорж, Галсаннасан, "Уран" Мангал, Дарьсүрэн, Цэвэгмэд зэрэг урчууд амьдран суудаг байжээ. 

Нэг удаа Сайн ноён хан Намнансүрэн Со.Доржийн сийлбэрлэх эрдмийг бишрэн хүндэтгэж онцгой сайн нүдний шил бэлэглэжээ. Сийлбэрч Со.Дорж ноёны бэлгэнд урамшин ширхэг арвай дээр Бурхан багшийг сийлж байсан гэдэг. Мөн уран Мангал энэ үед ширхэг арвай дээр арслан сийлсэн мэдээ байдаг. 

Эдгээр урчуудаас их зүйлийг сурч үлдсэн уран Гялав, Галсан, Маань, Самбуу, Гэндэнжамц зэрэг урчууд Уянга суманд артель байгуулагдахад гишүүнээр орж он удаан ажиллаж ур чадвараа гайхуулсаар байжээ. 

Гүнгийн ухаант хатны түхай 

Сайн ноён хан Намнансүрэнгийн эх тусгаар дүү Ринчинсаш гүн, эх Цогтдарь, Балбар тавнан, Гэнпил хиа нарын хуйвалдаанд нэр холбогдож, хан ахынхаа амийг бүрэлгэх хэргийг сэдэхэд гар бие оролцсон гэж ялын дээд хэмжээ авсан аж. 

Түүний хатан Нэнсэндэн хэмээх сайхан бүсгүй уул хуйвалдааны талаар сэжиг авч энэ талаар хэдэн ч удаа Намнансүрэн ханд бараалхаж "Хүмүүсийн санаа эргээд байна шүү" хэмээн битүү утгаар уйлан хайлан хэлсэн боловч "Хол нутгийн хүн болохоор ээж, ааваа санажээ" хэмээн хан бодоод тоолгүй орхижээ. 

Гэтэл байдал буруугаар эргэсэн үед Намнансүрэн хан болон тамгын газрынхан Нэнсэндэн хатны ухааныг хүндэтгэн үзэж түүний амийг ял хэлтрүүлж нутагт нь үлэмж хэмжээний хөрөнгөтэй хүргүүлсэн гадэг. 

Нэнсэндэн хатан Ринчинсаш гүнээс Шийрэвнямбуу гэдэг ганц хүүтэй үлдсэн байна, Амьдралын эрхээр залуу хатан дахин гэрлэж хэд хэдэн хүүхэд төрүүлсний нэг нь доктор Лувсанбалдан агсны гэргий Дагвадулам гуай байсан аж. 

Авьдын гэрэл

Сайн ноён Хан Намнансүрэн нэг өдөр өргөөлж байтал хоёр хиа нь амьсгаа дээр орж иржээ. Учрыг нь лавлавал "Нэг солиотой шахам эмэгтэй манцуйтай хүүхдээ гэр дээрээ шидэн өнхрүүлж элдвээр үйлийг нь барж байна.

 Үе үе "Миний хүү хувилгаан хүн юм чинь үхэхгүй ээ гээд орилоод байх юм. Ингэж байгаад нялх хүүхдээ бүрэлгэж орхих нь. Яадаг билээ. Ноён минь" гэж айлтгав. Сайн ноён хэсэг зуур бодол хийлснээ "Та хоёр түргэн яваад тэр хүүхнийг хүүхэдтэй нь хамт яаралтай авчир. 

Хувилгаан хүн гээд байхыг бодоход нэг учир байна" гэж зарлигдсан байна. Даруй хоёр хиа нөгөө хүүхнийг манцуйтай хүүхдийн хамт авчирч ноёнд бараалхуулжээ. Ноён ээж, хүү хоёрыг өргөөндөө оруулж эелдгээр мэндэлж, ээжээс нь хэд гурван зүйлийг асууснаа манцуйтай хүүхдийг сайтар ажиглаж хараад хэсэг бодолхийлснээ хаван, бойдаа нараа дуудан ирүүлж тусгай гэр барьж эх хүү хоёрыг ноёны өргөөний ойролцоо асрамжилж байхыг тушаасан байна. 

Улмаар удалгүй ноён хүүхний манцуйтай хүүхдийг өөрийн гар дээр авч Авьдынгэрэл хэмээн нэр хайрлажээ. Энэ үед Сайн ноёны хоёр хүүхэд бусдын гарт хорлогдсон байв. Авьдынгэрэл 4-5 настайгаасаа ном заалгаж эхэлсний дээр гайхамшигтай ой тогтоомжтой ер бусын увидастай хүү байжээ. 

Тэр хүний үзэж хараагүй, сонсож мэдээгүй зүйлийг урьдчилан мэдэрч, шууд илэрхийлэн хэлдэг байсан гэж өндөр настангууд ярьдаг. Намнансүрэн хан, Магсар хатан нар хаана л явна Авьдынгэрэлийг байнга авч явдаг байжээ. 

Сайн ноён хан 1912 онд Орос улсад айлчилж Цагаан хаанд бараалхахдаа хүртэл Авьдынгэрэлийг дагуулж явсан гэдэг. Харин ээжийг нь дутах гачигдах зүйлгүйгээр ноёны өргөөний ойролцоо тусгай гэрт байлгах болжээ. 

Намнансүрэн ханыг 1919 онд зуурдаар амь насаа алдах үед Авьдынгэрэл 18-19 настай залуу Төвд номыг хичээнгүйлэн суралцаж байв. Үе үе тэр ер бусын авир төрх үзүүлэх буюу хэд хоногоор сураггүй болж гэнэт ирэх Лхас, Утай Гүмбэн хийдийн элдэв явдлыг ярин үеийн нөхдөө гайхшралд оруулдаг байсан аж. 

1930-аад онд "Феодлын хөрөнгө хураах" нэртэй их нугалааны жилүүд эхлэхэд Авьдынгэрэл гэнэт алга болжээ. Тэр дахин Сайн ноён ханы хүрээнд ирээгүй бөгөөд Төвдөд очсон байна гэсэн мэдээ дуулдаж байснаа удалгүй Тайванаар дамжин Америк улсад гарсан сураг дуулдаж байсан аж. Түүнээс хойш Авьдынгэрэлийн тухай ямар нэг сураг чимээ гаралгүй өдий хүржээ. 

Сайн ноён ханы сүүлчийн алтан аяга 

Сайн ноён хан Намнансүрэнгийн бэлбэсэн хатны хөрөнгийг 1929 онд хоёр дахь удаагаа битүүмжлэн хураажээ. Энэ ажпыг "Ардын намын" Цэвэг, хошууны залуучуудын эвлэлийн хорооны дарга Ж.Сэнгэдорж, залуу хувьсгалч А.Дашням нар буу зэвсэг агсан очиж хураасан түүхтэй. 

Энэ үед Магсар хатан өрлөг эх Долгорын хамт Өшгөгийн нурууны зүүн үзүүр Өнц Шилүүстэй хавьд нутаглаж байжээ. Тэдний үнэт эдлэлийг бүртгэн хурааж авахад урьдын адил их зүйл гараагүй бөгөөд хэд гурван мөнгөн цөгц, аяга, алт мөнгөн бөгж зэрэг гарсны дотор ганц алтан тагш ялгарч байсан гэдэг. 

Тэдгээр үнэт эдлэлийг уул хувьсгалчид Онгийн хүрээний дэргэд байсан хошууны тамгын газрын феодалын хөрөнгө хураах төв комисст хүлээлгэн өгчээ. Уул комисс хураасан аливаа өмч хөрөнгийг үнэ хаялцуулан зарж үрэн таран хийдэг байв. 

Энэ л дагуугаа Сайн ноён хан Намнансүрэн агсны гэрээс хураасан үнэт зүйлийг үнэ хаялцуулан зарахад ханы алтан тагшийг тэр үеийн хоршоо дарга байсан Илдэн бэйсийн хошууны Жамъянсүрэн гэгч эр 300 төгрөгөөр худалдан авсан гэдэг. 

Энэ аяга одоо хэн нэгэнд өвлөгдөн байгаа юу эсвэл үрэгдэж ор сураггүй болсон уу гэдгийг тоймлох аргагүй. 

Сайн ноёны хүрээний ном судар, тахилын зүйлс хаана байна вэ? 

"Онгийн" хэмээхдэх Сайн ноёны хүрээ нь "Өлзийг бадруулагч" гэсэн цол гуншин бүхий, 2500 орчим лам хуварга хуран чуулсан Халхын соёлын томоохон төв байжээ. 1938 он 5-р сарын 1-нээс эхлэн уул хүрээг буулгах, галдан шатаах, эвдэн бусниулах ажил эрчимтэй эхэлсэн гэдэг. 

Ном судрын хэсгийг одоогийн Уянга сумын төвийн ойролцоох жалганд овоолон шатааж, тахилын үнэт зүйлсийг үхэр тэргээр Цагаан оломын бааз руу зөөлгөн Орос руу гаргажээ. Мөн хүрээний гол шүтээн "Ногоон Дарь эх" бурхан нь гэнэт өөрийн хүчээр нисэн Эрээтийн хийдийн ойролцоо эргэнд нуугдсан гэдэг. 

Тэр бурханыг зөв сэтгэлтэй "Таадгар" Самбуухүү гэдэг хүн олж, хожим нь хот руу шилжих үедээ "Ногоон" хэмээх Жимээ өвгөнд хадгалуулсан байна. Харин цогчин дуганы алтан ганжир, бодь гөрөөс зэрэг дугануудын онцгой чимэглэлүүдийг сүсэгтэн хүмүүс шөнийн цагаар сэм авч хүрээний ойролцоо булсан гэдэг. 

Энэ газрыг Шийрэвнямбуу ламтан сайн мэддэг байсан гэсэн мэдээ байдаг. Түүний шавь Цэрэнчимэд гэдэг "Хувилгаан" залуу багшийнхаа зааснаар нэг хэсэг эрсэн боловч тэр газрыг олсонгүй. 

Мөн хуучин Дэлгэрэхбулаг сумын Тангаа" Самдан гэдэг хүн "Онгийн хүрээний ихээхэн хэмжээний ном судар, тахилын зүйлсийг Арвайхээрийн онгоцны буудлын хөл рүү орчим найм найман алхамын хэмжээнд газар ухаж булсан юм" гэж нэг үе Уянга сумын найман жилийн сургуулийн захиралаар ажиллаж байсан Чүлтэмийн Гончигзэвэгээд ярьсан мэдээ байдаг. 

Эдгээрээс гадна Оросын эрдэмтэн П.К.Козлов уул хүрээний түүх, соёлын үнэт дурсгалуудаас нэлээд хэсгийг Орос руу гаргаснаа тэмдэглэлдээ бичжээ. Энэ мэт түүхэн баримт, аман мэдээнээс үзэхэд Онгийн хүрээний ном судар, тахилын зүйлс хувьсгалчдын гараар газар газар цацагдсан байна. 

Сайн ноён ханы хүрээнд байсан төвүүд 

Сайн ноёны хүрээ нь 19-р зууны эхэн үеэс Төвдийн гүмбэн Дашлхүмбэ хийдтэй холбоо харилцаа тогтоож, хүрээний гачин ламаа тэндээс залж байжээ. Тухайлбал тэндээс Галсанданзанжамц, Лувсандамба, Галсан-Иш, Иш-Дорж зэрэг ном эрдэм, далд увидсаар ялгарсан гачингууд нэр тодрон заларсан байна. 

Мөн тэдний шавь Дашжанцан. Гэлэгжанцан. Лувсангэндэн, Данзан, Зоохио, Хас зэрэг эрдэмтэй төвд лам нар Сайн ноёны хүрээнд сууж байжээ. Тэдгээр лам нар хүрээний дэргэд 189 алд урт модон хашаанд байшин, 2 гэрт хуваагдан суудаг байсан мэдээ бий. 

Ардын хувьсгал ялан мандаж элдэв хэлмэгдэл газар авч эхлэхэд ихэнх төвд ламнар нутаг буцсанаас гадна хамгийн сүүлчийн гачин лам Иш-Дорж улс төрийн хэлмэгдэлд өртөж хуулийн дээд хэмжээ авчээ. 

Харин Хас гэдэг төвд лам шар мултлан хөдөө гарч эхнэр авч, мал маллан амьдарч байгаад сүүлд 1990 онд Уянга сумын төвд Гандан Цэмплин хийд нээгдэхэд дахин хурал номондоо оролцож байгаад бурхан болжээ. 

Сайн ноёны хүрээнд байсан оросууд 

Сайн ноёны хошуунд 19-р зууны сүүлчээр Иван, Мишка гэдэг ах дүү хоёр худалдаачин орос орж ирэн суурьшиж бэлэн бараагаар солилцоо хийн үлэмж хэмжээний ангийн үс, ноос ноолуур, үхэр мал цуглуулж үе үе Оросын хилээр гаргадаг байжээ. 

Нутгийн ардууд Иванаас удаа дараа их зүйлийг зээлж аван өр ширэнд орж байсан түүх бий. Тухайлбал: Бага баруун сумын хиа Жанцан гэдэг хүний Иванд төлөх өр тарваганы арьс 190, хонины унгас 132 жин болж байсан бол Цэрэнпил гэгч 40 тарваганы арьс, 12 эр хонины өртэй болж байжээ. 

Эдгээр орос худалдаачдын дараа 1923 оны намраас "центр союз" хэмээх хувьсгалт Оросын худалдааны байгууллага Сайн ноёны хүрээний дэргэд байгуулагдаж ажилтан Сергей, эхнэр Марина, ажилчин Шизов эхнэрийн хамт байснаас гадна Алексеев, Самарин, хэлмэрч Буриад Санж, Будгаев нар суурьшсан байна. 

Тэдгээр орос худалдаачид хувьсгалын үзэл санааг зүйл бүрээр дэмжиж байсан бөгөөд 1926 онд анх удаа майн баярын жагсаал, цуглаан зохион байгуулж, бүжиг ший үзүүлж байсан гэдэг. 

Шивээний өврийн хятад пүүсүүд 

Одоогийн өвөрхангай аймгийн уянга сумын төвийн урд Шивээ овоо гэж том овоо бий бөгөөд түүний өвөр бэлд 19-р зууны сүүлчээс 20-р зууны 20-оод он хүртэл хятад худалдаачдын суурин байжээ. 

Энд Да Шин Хү-гийн пүүсээ гадна Хуа Хүй Сан /Даржаа/, Хай Го Мин /Баянмөнх/, Мин Цо /Номт/, И Оо Сан /Баянсан/, Да Ши Оо /Арвинсан/, Ио Цун Ци /Баярмөнх/ нарын томоохон худалдаачид суурьшсан байв. Мөн Баярт, Өлзийт, Дашдондог зэрэг ӨвөрМонголчууд удаа дараа ирж наймаа хийдэг байжээ. 

Эдгээр пүүс, худалдаачдад нутгийн ард иргэд өр алдаж аргагүй байдалд хүрэхэд Сайн ноён хан Намнансүрэн уул зээлийн хүүг жил чөлөөлж өгөхийг хүссэн бичгийг аймгийн чуулганд явуулж байсан гэдэг. 1928 он хүн амын тоологоор пүүсүүдийн ажилчин 138 хятад иргэд байжээ. 

Дошгин цоохор ноёны хүүхдүүд 

"Дошгин цоохор" хэмээн нутаг хошуундаа нэрлэгдэж байсан Төгс-очир нь Насанжид, Дэжиддулам буюу Цогт Дар, Магадар гэсэн гурван хатантай байжээ. Төгс-очир ноёны хүү Бандинамжил, Намнансүрэн, Довчинсодном нар нь авааль хатан Насанжигжидээс төрсөн бол Ринчинсаш, Дониддагва, Дагданасан нар удаахь хатан Дэжиддулам /Цогтдар/-аас төржээ. 

Хамгийн том хүү Бандинамжил нь нас барсан учир удаахь хүү Намнансүрэн нь эцгийнхээ угсааг залгамжилж, хүү Довчинсодном нь шашны номд хичээнгүйлэн нэвтэрч Сайн ноён хүрээний хувилгаан лам болсон байна. Харин хүү Ринчинсаш, Дониддагва, Дагданнасан нар сул гүнгийн зэрэгтэй байжээ. 

Хэдийгээр тэдний хэн нь ч угсаа залгамжлах эрхтэй байсан ч Дониддагва баруун гар, Довчинсодном хувилгааны зүүн хөл тахир дутуу байсан учир эцгийн хэргэмийг залгамжлах боломжгүй байв. Хүү Ринчинсаш нь Намнансүрэнгийн дараа угсаа залгамжлахаар байсан ч ахын эсрэг хийсэн хуйвалдаанд орж бие барсан аж. 

Үүнээс их удалгүй Ардын хувьсгал мандсан учир урьдын адилаар угсаа залгамжлах ёсны дэг ёс алдагдсан ч 1919 оноос 1924 он хүртэл Намнансүрэн ханы нялх хүү Батсүх угсаа залгамжилж байсан түүхтэй. 

Цэрэг Онолтын бослого 

Манжийн засаг захиргааны эсрэг жирийн ард хамгийн анхны хийсэн тэмцэл бол 1880 оны 6-р сард Улиастай хотын Хөшөөт хэмээх газар хуарганаж байсан Монгол цэргүүдийн бослого юм. 

Уул бослогыг Сайн ноён Хан аймгийн Сайн ноёны хошууны цэрэг Онолт удирдан зохион байгуулж Манжийн дарга жанжингуудын эсрэг 2000 цэргийг босгон хөдөлгөж тэмцэл хийгээд олон арван цэргийг дагуулан нутгийн зүг оджээ. 

Энэ тухай мэдээ Халхын морин цэргийг ерөнхийлөн захирах чуулганы дэд дарга, вангуудад дорхноо хүрчээ. Чуулганы дэд даргаас бяр чадалтай хуяга, бошгуудыг зэвсгэлэн яаравчлан хөдөлгөж Онолт тэргүүнтэй босуул цэргүүдийг угтан авч баривчлуулж Улиастайн амбанд хүргүүлсэн байна. 

Тэдгээр цэргүүдийг маш хатуугаар эрүүдэн шүүж, цэрэг Онолтыг цаазаар авчээ. Эрэлхэг цэрэг Онолтын толгойг тасдан авч бадруулт төрийн зургадугаар оны 9-р сарын 10-нд харъяат хороонд тусгай модонд өлгөж цээрлүүлжээ. 

Энэхүү тэмцэл нь Монгол цэргүүдийн зүрх сэтгэлд нэгийг шивнэж Манжийн эсрэг тэмцэлд уриалсан гэж болно. Цусаа үзсэн Монгол эрчүүд дайсанд сөгдөж үзээгүй нь эртний уламжлал буюу.

Сайн ноёны хошууны жинчид 

Сайн ноён хошууны тамгын газрын шийдвэрээр тусгай үнэмлэх /виз/ бүхий жинчид Хятад орны хил нэвтэрч малын гаралтай түүхий эд борлуулж үлэмж хэмжээний өргөн хэрэгцээний бараа татан авчирдаг байжээ. 

Сайн ноён хошууны "Дэлдэн" Жигжид, "Бээжин" Пэрэнлэй, Шорны Шоовдор, Намхайн Насанбат, "Жуухай" Намсрай, Намсрайн дүү Вандан нар Хөх хот, Жанчхүү худалдаа хийж байсан бол ноёны бойдаа Сангибат, Балбар нярав, гэлэн Хишигбат, Даш, Цэнд, Бат, Данзан, Дулам нарын 70 гаруй жинчид Хөх хот, Боуга, Гацаа, Алшаа зэрэг газруудад хүрч наймаа арилжаа хийж байсан түүх бий. Мөн зарим жинчид нь хүчинд автагдан Хятадын хар цэрэгт дайчлагдаж буу, сум, зэвсэг ачиж Нийслэл хүрээнд хүргэн арайхийн амьд мэнд нутгийн бараа харж байсан удаатай гэнэ. 

Тэр үеийн жинчид өвлийн сард ихэвчлэн явдаг байсан бөгөөд мичид гудайтал яваад сая буудаллан амарч 2-3 цаг болоод дахин ачаалан хөдөлдөг байжээ.

Хоёр Буриадын яриа 

1905 оны үед Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуунд тэр үеийн дотоодын хямралаас улс төрийн хавчилтад орсон хоёр буриад хүн босуул маягаар орж ирсэн гэдэг. Энэ нутгийн олон ч тэднийг цааш гэж түлхэлгүй бор амьдралынхаа цай хоолыг хуваалцан нэгэн нутаг усны хүмүүс лугаа ижил амьдрах болсон аж. 

Түүний нэг нь Цэрэн буриад бөгөөд бичгийн боловсрол сайтай, орос хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байсан учир Оросын газарзүйч П.К.Козловын экспедицид хэлмэрчээр хүртэл ажиллаж байжээ. 

Цэрэн буриад эндээс халх бүсгүйтэй гэрлэж хэд хэдэн хүүхэд төрүүлсэн байна. Түүний хүү Ц.Чуваадарь, ач хүү Д.Тогоохүү, Ч.Өлзийваа нар нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргаар ажиллаж байжээ. 

Харин Дорж буриад нь одоогийн Хайрхандулаан сумын нутагт амьдран сууж байсан бөгөөд партизан Дэндэв гэгчтэй Орос худалдаачны үхрийг тууварлан явж Алтанбулаг орчмоор хил гаргаж байсан мэдээ байдаг. 

Н.Даваадаш /МУСГЗ/

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 23. 16:06
Итгэл

Төгс-Очир ноёны 3 хатны гарлын талаар мэдээ баримт байдаг болов уу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]