Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайснууд нийлж дайснаа дарсан ньУншсан29,851

Өнөө цаг үеийн онцлогоос болж улаан террор хэмээх нэр их дэлгэрсэн бөгөөд үнэндээ улаан гэлтгүй цагаан террор ч бас, ялангуяа дайны төгсгөл хэрд аймшигтай болж байсан тухай баримт хангалттай.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дайснууд нийлэн дайснаа дарсан нэгэн түүх

Дайн тулаан, иргэний дайн гэж олон хүний логик сэтгэлгээнд ойлгоход бэрх зүйл байдаг. Жишээ нь 1918-1922 онуудад Орос улсад иргэний дайн болж  улаан цагаанаараа ялгаралдаад хоорондоо аймшигтай алалцаж, хядалцаж байсан энэ үеийн түүхийн тухай улаан террор хэрхэн хүчээ авч байсан тухай юм их бий. Өнөө цаг үеийн онцлогоос болж улаан террор хэмээх нэр их дэлгэрсэн бөгөөд үнэндээ улаан гэлтгүй цагаан террор ч бас, ялангуяа дайны төгсгөл хэрд аймшигтай болж байсан тухай баримт хангалттай. Гэтэл ингэж хоорондоо “хосоо шувтралцаж” байсан нөхдүүд  10-аадхан жилийн дараа нийлээд өөр дайснаа даралцаж явсан түүх байдаг. Ойлгоход хэцүүхэн л зүйл.

Харин энэ удаа өөр нэгэн түүхийн тухай ярих ба энэ нь 2-р дайны төгсгөлд Их Британи, Герман хоёр нийлэн Грекийн партизануудыг дарсан явдлын тухай билээ.

1940 онд Грек улсын нутагт Италичууд довтлон орж хоёрдугаар дайнд Грек улс татагдан орсон бөгөөд Муссолинийгийн бодож байсан шиг Италичуудын амархан ялалт бололгүй харин ч бүр буцаж Албаний нутаг руу хөөгдөж баларчээ. Холбоотноо түмний шившиг болохоос нь Германчууд аврах гэж 1941 оны  4-р сард Грек рүү халдан орж маш их хүч зарж байж 20-оод хоногийн дараа буулгаж авсан байна. Үнэндээ бол эрх баригчдийг нь буулгаж авч. Энэ үед Грект байсан Англи Австралийн 62000 цэрэг тулалдаанд оролгүйгээр шууд ухарч биш зугтаж байсан гэх бөгөөд энэ удаагийн “Дюнкерк”-ээр 12 000 хүнээ алдаж баларсан юм гэнэ. Тэднийг чөлөөтэй зугтах боломжийг хангахаар Грекчүүд тулалдаж байсан гэх.

Хоёрдугаар дайнд эргэлт гарч Зөвлөлтийн арми Европын чөлөөлж эхлэх үед Грект байлдаж байсан партизаны хүчирхэг бүлгийг “Оросуудтай” найзалж болзошгүй гэсэн айдас Британичуудад төрсөн бөгөөд ингэх үндэс байсан нь уг партизаны бүлэг нь зүүний үзэл бодол бүхий намуудын санаачлага, зохион байгуулалт дор бий болсон зэвсэгт бүлэглэл байжээ. Тэдний дунд байсан коммунист нам бас бүлэг дотроо ихээхэн нэр нөлөөтэй байв. ЭЛАС нь 125 000 хүнтэй жинхэнэ хүч байсан бөгөөд дайны турш Германы армийг жинхэнэ туйлдуулж байсан, ард түмний дэмжлэгийг нэлээд ихээр хүлээсэн тийм партизанууд байлаа.

1944 онд Англичууд Грект десант буулгаж эхэлсэн бөгөөд тэдний зорилго нь Германы цэрэгтэй дайтах биш харин зөвлөлтийн довтолгооны замд нь зогсож, яриа хэлэлцээрээр стратегийн энэ чухал бүсийг Оросуудад алдахгүй байх хөзөртэй болох гэсэн явдал байсан юм. Европт Германуудтай алалцаж байх боловч харин энд Британичууд Германуудтай тохиролцон, найраагаа хийсээр. Германчууд тохирооны дагуу Грекийг орхиж эхлэх үед ЭЛАС-ын гэнэн партизанууд өөрсдийгөө ялалт байгуулсан, ЭЛАС-ыг энэ улсын ирээдүйг шийдэх нэг хүч гэж тооцож байлаа. Үүнийгээ ч ялалтын баярт зориулсан жагсаалаар сүртэй жагсаж ард олондоо харуулна гэж бодож төлөвлөж байсан ба дөрвөн өдрийн турш Грек даяар ялалтын баяр тэмдэглэж баярлаж хөөрсөн хүмүүс байв. Гэтэл баярын жагсаалаар хотод орж ирнэ гэж бодож байсан партизануудын зэвсгийг нь хурааж авах тухай тушаалыг Англичууд гаргаж оронд нь хуучин хааны талыг баримтлагч нарыг ялагч нар болгон жагсаан оруулж ирсэн байна.

Дайн эхлэхэд нь Грекийг хаяж яван Германуудын атганд орхиж байсан Англичууд нь, харин Германтай цусаа урсган тэмцэж байсан нөхдүүдийн зэвсгийг хураах, ЭЛАС бүлгийг тараах болоход нөгөө хэд нь үгүй гэж.

1944 оны 12 сард хотын нэгэн төв талбайд ЭЛАС-ыг дэмжсэн, Английн ивээл доорхи Засгийн эсрэг үзэл бодолтой 500 000 хүний жагсаал болоход барууны үзэл бодолтой намуудын толгойлогч нар болох эрх баригчид жагсаалыг буудан тараахыг тушаасан нь ёсоор болон 33 жагсагч буудуулж амь эрсдэн, 148 хүн шархатлаа.

Маргааш өдөр нь энэ явдлын хохирогч болох алагдсан хүмүүсийг оршуулах том ёслол болоход цагдаа нар бас л буудаж 100 гаруй хүн алсан байна. Буудсан хүмүүсийг барьж аван балбаж эхлэх үед Английн танк орж ирэн тэднийг хамгаалалтаа авах зэргээр... дахиад дайн, энэ удаа Англичууд оролцсон иргэний дайн эхэлж. Сар гаруй байнга мөргөлдөөн гарч 6000 гаруй Грекчүүд үрэгдсэн (аль аль талаас нийлээд) бол  256 Английн цэрэг эрсдэж, сураггүй болсон гэсэн тоо бий. Боссон Грекчүүдийг дарахад Англи улс 90 000 цэрэг илгээсэн байна. 1944-1945 онд буюу дэлхийн 2-р дайны үе гэдгийг санаарай.

Партизанууд 1945 оны 1-р сард эвийн гэрээ гэсэн бууж өгөх гэрээнд гарын үсэг зуран энэ дайн Грекийн эх газарт дуусжээ.

Энэ бүх будлиан болж байх үед Грекийн Кипр арал дээр Германчууд байсаар байсан бөгөөд Германы арми ялагдаж бууж өгсөн гэсэн мэдээг аваад хамаг буу зэвсгээ хурааж тавиад өөрсдийнх нь хувь заяаг шийдэх Англичуудыг ирэхийг хүлээн номхон зөөлөн байж байв. 5-р сарын 11 нд Англичууд Критэд бууж ирэнгүүтээ уг арал дээр байсан ЭЛАС-ын үлдэгдэлтэй дайтаж эхэллээ. Гэтэл гай болж партизанууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж улмаар Англичуудын хувьд байдал маш хүнд болох үед тэд Германы цэргүүдээс тусламж хүсэж өнөө хэд нь ч яаран буу зэвсгээ гаргаж аван Англичуудтай нийлэн нутгийн партизануудыг намнах ажилд нь ханцуй шамлан орлоо. Партизануудад олзлогдох дээрээ тулаад байсан Английн генерал Престоныг эдгээр германчууд чөлөөлж, түүний машиныг нь хамгаалж Германы хоёр танк байнга дагаж явдаг болсон гэж байдаг.

Хоёр сар ингэж тулалдсаны дараа партизануудыг дарж, германчууд ч тэр даруй зэвсгээ хурааж англичуудад өгөөд цэргийн олзлогсдын лагер руу цөлөгджээ. Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байх дундуур нь болж байсан бас нэг жижиг дайны түүх энэ буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]