Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Модон хөл дээр явагсадУншсан8,049

Францын баруун өмнөд хэсэгт, Испанийн хил орчим буюу Бискайн буланд ой модоор бүрхэгдсэн газар нутаг байдаг.

Францын баруун өмнөд хэсэгт, Испанийн хил орчим буюу Бискайн буланд ой модоор бүрхэгдсэн газар нутаг байдаг. Эл ой нь тус улсын хамгийн том ойд тооцогддог юм. Ландес буюу Ланс хэмээх энэ газарт зуу гаруй жилийн өмнө байгалийн байдал одоогийнхоос огт өөр байжээ. Нарс модтой өтгөн шигүү ойн оронд өргөн уудам намаг балчигнаас өөр юм үгүй байв.

Энэ нутагт аж төрж ирсэн малчид намагтай, дов сондуул ихтэй газрын хөрсөн дээр модон хөлөөр явах санааг хэзээ ч юм бодож олжээ. Бороо хур орсны дараа нил намаг болж орхидог газрын хөрсөн дээр малчдыг ажил амьдралаа зохицуулахад энэ ер бусын тээврийн хэрэгсэл нь тусалсан юм. Үүгээр ч зогсохгүй өөр бусад давуу талуудыг ч бүрдүүлж өгчээ.

Өндөр модон хөлтэй байхад өлөн ховдог чонын сүргээс хоттой хонио хамгаалах ч хялбар болж ирэв. Дээрээс нь малчид илүү богино хугацаанд хол зайг туулах боломжтой болжээ. Модон хөл нь ойролцоогоор 1,5 метр өндөр байсан ба унахгүй тулгууртай болгохын тулд өргөн суран бүсийг хийж өгсөн байна.

Харин газарт хүрдэг доод хэсгийг хонины ясаар хийн, бага зэрэг өргөсгөж өгсөн нь бусад хэсгээсээ илүү бат бөх, тулгууртай болжээ. Малчид эд зүйлсийг ашиглан урт модон хөлөн дээр гарч зогсох бөгөөд хонин сүргээ хариулахдаа шилбүүрний оронд модон хөлөө ашигладаг байв.

Хачирхалтай нь модон хөл ер дэнжигнэдэггүй тун тогтвор сайтай байсан учраас малчид өндөрт өдрийн ихэнх цагийг ч өнгөрүүлдэг. Өндөрт явах чадварыг дан ганц малчид эзэмшсэнгүй. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшидгүй модон хөлөн дээр тун чадамгай явдаг байв.

Бүр бага балчир наснаас нь л модон хөлөн дээр явахыг зааж, тэнцвэр, ур дүйн гайхалтай үзүүлбэрүүдийг  сургадаг байжээ. Жишээлбэл охид эмэгтэйчүүд модон хөлөн дээрээс газраас цэцэг түүдэг байсан бол шуудан зөөгчид илгээмжийг модон хөлтэйгээ шуурхай зөөж хүргэдэг байсан байна. Гэрийн эзэгтэй нар дэлгүүр хэсэхдээ ч модон хөлтэйгөө, зах дээр цуу үг тараасан ч модон хөлтэйгээ л байдаг байв. Хүүхдүүд гэрийн ажлаа хийсэн ч сургуульдаа явсан ч модон хөлнөөсөө ер сална гэж үгүй.

1808 онд Наполеонтой уулзахаар энэ нутагт ирсэн Хатан хаан Жозефина болон ордны ихэс дээдсийг модон хөлөн дээр сурамгай гэгч явдаг хүмүүс угтан авч, морин тэрэгтэй нь эн зэрэгцэн явж байсан нь хатан хааныг гайхашруулсан гэсэн яриа байдаг юм. Хатагтай нар газарт зоос шидэн модон хөлтэй хүмүүсийг бутархай мөнгөнөөс болж хоорондоо зодолдон эцэстээ унаж бөөн инээдэм ханиадам болохыг харж суусан гэх.

1891 онд энэ нутгийн оршин суугч Силвэйн Дорнон Парисаас Москва хүртэлх 2800 км зайг ердөө 58 өдөрт туулсан нь модон хөлтнүүдийн гаргасан хамгийн сэтгэл татам амжилт ч байж мэдэх юм.  19-р зууны сүүлээр намгархаг газрыг хүмүүс хатааж, оронд нь нарс мод тарих болсноор энэ нутагт модон хөл унаж хонь хариулах хүнгүй болжээ. Гэхдээ нутгийнхны ер бусын чадвар бүрмөсөн мартагдан үгүй болчихоогүй байгаа юм. Ардын урлагийн наадмаар нутгийнхан одоо ч гэсэн модон хөлтэй номеруудыг үзүүлж үзэгчдийг хөгжөөдөг хэвээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]