Чернобылийн атомын цахилгаан станцыг Оросын цэргүүд хяналтдаа авсныг Украины албаны эх сурвалж баасан гарагт /2022.02.25/ мэдээлсэн. 1986 онд Чернобыльд болсон дэлбэрэлтийн улмаас хүн төрөлхтөн түүхэндээ хамгийн том хохирол амссан. Хэрэв Орос түрэмгийллээ үргэлжлүүлбэл ийм гамшиг дахин тохиолдож магадгүй гэдгийг Украины ерөнхийлөгч анхааруулсан билээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский “1986 оны эмгэнэлт явдлыг дахин давтуулахгүйн төлөө манай цэргүүд амиа золиосолж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичиж байв. Киев хотоос хойд зүгт 130 км зайтай оршдог Чернобылийн атомын цахилгаан станцын реактороос одоо болтол цацраг идэвхт бодис ялгарч байгаа тул хамгаалалтын бүрхүүлээр хаасан байдаг. Энэ бүсэд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл байгаль орчны томоохон гамшиг бий болох эрсдэлтэй юм.
“Эзлэн түрэмгийлэгчдийн их бууны сум цөмийн хаягдал хадгалах байгууламжийг сүйтгэвэл цацраг идэвхт тоосонцор Украин, Беларусь, цаашлаад Европын Холбооны орнуудын нутаг дэвсгэрийг бүрхэх эрсдэлтэй” гэж Украины дотоод хэргийн дэд сайд Антон Херащенко ярьж байна хэмээн BBC агентлаг мэдээлсэн билээ.
Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 24-ний өдөр Хар тэнгис дэх Украины Змеиный аралд хяналтаа тогтоожээ. Нийгмийн сүлжээгээр Оросын цэргийн усан онгоц украин цэргүүдэд бууж өгөх санал гаргахад украинчууд эсэргүүцсэн тухай аудио бичлэг тархжээ. Үүний дараа Украины Дотоод хэргийн яамнаас тус арал дээрх бүх цэрэг оросуудын гарт амь үрэгдсэн тухай мэдээлж байв. Харин Оросын тал 82 цэрэг олзонд байгаа тухай мэдэгджээ.
Мөн ОХУ-ын батлан хамгаалах яам Киевээс баруун хойд зүгт 7 км зайд орших стратегийн ач холбогдолтой Хостомел нисэх буудлыг эзэлж авсан талаар мэдээлсэн байдаг. Орос, Украины хооронд хамгийн ширүүн тулаан Хостомел нисэх буудалд болсон гэж эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд тус буудалд хүнд даацын нисэх онгоцнууд буух боломжтой хэмээж байв.