Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн I дайны үеийн нэгэн хүмүүнлэг түүхУншсан32,774

Гамшигт дайны түг түмэн бараан түүхийн дундаас хаа нэгхэн цухалзах гайхалтай сайхан, хүмүүнлэг энэрэнгүй түүхүүд байдаг.

 

Бидний өгүүлэх гэж буй түүх 10 сая цэрэг эрсийн амь насыг авч  одсон Дэлхийн I дайны эхний жил буюу 1914 оны арванхоёрдугаар сард болсон юм. Гамшигт дайны түг түмэн бараан түүхийн дундаас хаа нэгхэн цухалзах гайхалтай сайхан, хүмүүнлэг энэрэнгүй түүхүүд байдаг. 1914 онд өрнөд фронтод тулалдаж байсан Англи ба Германы армийн цэргүүд Зул сарын баяраа тэмдэглэн галаа  зогсоосон төдийгүй түр эвлэрэл зарлаж, бэлэг солилцон, хөлбөмбөг тоглосон нэгэн гайхалтай түүх бий.  Хүнлэг чанарыг илтгэсэн энэ түүхийг өдгөө “Зул сарын түр эвлэрэл” хэмээн нэрлэж заншжээ.

Энэ гайхалтай явдал фронтод тулалдаж байсан 100 000 орчим цэргүүдийг хамарсан тухай түүхчид баталжээ. Нэг талаас Англи, Франц, Бельгийн цэргүүд нөгөө талаас Герман цэргүүд түр эвлэрч бүтэн оройжингээ ба дараа өдөр нь хамтарч Зул сарын баярыг тэмдэглэсэн. Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж, лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулахад английн цэргүүд сонсоод даган дуулж эхэлжээ.  Маргааш нь буюу Зул сарын баярын өдөр эсрэг талын цэргүүд нэг нэгтэйгээ мэндчилж, бэлэг солилцож эхэлжээ. Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байжээ.

Энэ үйл явдлын гэрч болсон нэгэн цэргийн дурсамжид "Зул сарын баярын өмнөх шөнө бусад шөнүүдээс их онцгой шөнө байсан. Зөөлөн цас хаялсан их намуухан байсан даа.

Гэхдээ манай нуувчинд ямар ч баярын ууур амьсгал, баяр хөөрийн царай байгаагүй бүгд л айдаст автан үхлээ хүлээж буй мэт команд хүлээн хэвтэцгээж байв. Гэнэт германчуудын талаас нэгэн дуу сонсогдож эхэлсэн нь герман хэл дээр дуулж буй Зул сарын баярын дуу байх нь тэр. Хийх зүйлгүй зэвсгээ тэврэн нуувчинд хэвтсэн манай цэргүүд ч англи хэлээр энэ дууг аялцгааж эхлэв. Дуу аажмаар чангарч улам тод нүргэлсэн ба цэрэг бүрт гүнгүнзгий сэтгэгдэл төрүүлж бүгд босож зогсон, дайсныхаа нуувчны зүг харж байсан ба шархадсан цэргүүд хүртэл өндийж босохыг хичээнтэнхээ мэдэн дуу аялж байлаа. Мөч бүрт цус урсаж, хүн үхэж байсан дайны тэр аймшиг дундуур ийм зүйл үзэх нь эгээ л зүүд мэт санагдаж байсан ба тэр мөчүүд одоо хүртэл нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байна. Харин маргааш өглөө нь тэд бидэн рүү даллаж байв. Бидэнтэй  Зул сарын баяр тэмдэглэх гэж байгааг ойлгож хоорондоо танилцаж хөлбөмбөг хүртэл тоглосон" хэмээжээ.

 

1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг нэг нэгэнтэйгээ солилцдог хоббитой байж. Эвлэрэлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, бүр цэрэгт татагдахаасаа өмнө үсчин байсан герман цэрэг зарим англичуудын үсийг засч өгсөн гэдэг. Ахлах офицерууд, улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудын санаачлагаар фронтын завсрын бүсэд амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж маш онцгой үйл явдал болжээ.

Харин энэ байдал дайтагч талуудын удирдагчдад таатай санагдсангүй. Бүр арванхоёрдугаар сар дөнгөж эхэлж байхад Ромын Пап лам Бенедикт Зул сарын баярыг тохиолдуулан гал зогсоохыг  дайтагч талуудад уриалаад байсан ч Англи, Франц, Германы жанжин штабууд хүлээн аваагүй аж. Гэтэл цэргүүд, бага тушаалын офицерууд дээд удирдлагын тушаалгүйгээр Зул сарын баярыг тэмдэглээд зогссонгүй дайсан этгээдтэйгээ эгээ л найз нөхөд мэт дотно байгааг дуулсан аль ч талын генералууд нь галзууртлаа уурсжээ. Бүр цэрэг офицеруудыг дайсанд урвасан хэрэг тулгаж цэргийн шүүхээр оруулах тушаал ч өгч.

Берлин, Лондонд өдөр тутмын сонинуудын тэргүүн нүүрэнд энэхүү гайхалтай эвлэрлийг хачирхан нийтэлцгээсэн төдийгүй, хариуцлага тооцох, эх орноосоо урвасан цэргүүдийг хэрхэх талаар бичиж байжээ. 

Гэхдээ л яаж ийгээд энэ түр эвлэрэх Зул сарын баяр тохиосон долоо хоногийг дуустал үргэлжилжээ. Францад дайтаж буй англи цэргүүдэд л гэхэд түр эвлэрлийн үеэр эх нутгаас нь 400 мянга орчим илгээмж, 2.5 сая захидал ирснийг түүхчид онцолдог. Харамсалтай нь нүргэлж буй буун дуу ойртсоноор цэргүүд салах ёс хийж өөр өөрсдийн нуувчиндаа оржээ. Хожим энэ явдлын гэрч болсон цэргүүдийн дурсамжинд "Зул сарын эвлэрэл хэчнээн сайхан байсан ч бид чинь эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн цэрэг эрс  шүү дээ" гэсэн байдаг.

2014 оны арванхоёрдугаар сард Их Британийн армийн хөлбөмбөгийн баг Германы армийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж Зул сарын эвлэрлийн 100 жилийн ойг тэмдэглэжээ. Дайны түүхэнд хадгалагдан үлдсэн энэхүү бодит бөгөөд гэгээлэг үйл явдлаар “Sainsbury's” компани шоколадны сурталчилгаагаа хийсэн байдаг.

 “Sainsbury's” компанийн сурталчилгааны видеог  эндээс үзнэ үү: https://www.youtube.com/watch?v=6KHoVBK2EVE

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2017, 10 сар 11. 11:35
Otgoo LhaajavFacebook-р нэвтэрсэн

Yasan saihan tuuh ve
Dain buhnii shiidel bish enh taivnaar baigali delhiigee hairlan orshih yumsan daa hun turulhtun mini

2018, 2 сар 19. 23:31
Зочин

Ene tyyxiig egyylsen uran saixanii kino baidag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]