Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн I дайнд АНУ ингэж оролцжээ (фото нийтлэл)Уншсан27,098

Есдүгээр сарын 26-нд Аргонне ой ба Меузе голын дунд болсон ширүүн байлдаанд барагцаагаар 900000 америк цэрэг оролцов.

Энэ онд Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ой болж байгаа. 1914 оны долдугаар сарын 28-наас 1918 оны арваннэгдүгээр сарын 18-нд албан ёсоор дууссан энэхүү аймшигт дайн дөрвөн жил, гурван сар, хоёр долоо хоног үргэлжилсэн юм. Хүн төрөлхтөн урьд өмнөх түүхэндээ ийм хор хөнөөлтэй дайн үзсэн нь юу л бол. Олныг үл нуршин энэхүү 100 жилийн ойд зориулан цувралаар хүргэх фото нийтлэлүүдийнхээ эхний хэсгийг сонирхуулья.


 

АНУ 1917 оны дөрөвдүгээр сард буюу дайн дуусахаас 1 жилийн өмнө Европт үлэмж хэмжээний цэрэг армиа буулгалаа. Мэдээж хэрэг Германы эсрэг, Антантын талд.

Юуны өмнө АНУ дайнд орох болсон шалтгаан, цаг үеийн түүхийг  өгүүлье.

1917 оны эхээр Франц, дараа нь Нэгдсэн Вант улс Тэнхлэгийн гүрнүүд (Герман, Австри-Унгар, Итали, Оттоман) - ийг ялах найдлага хомсдож буйг анзаарч эхлэв. Орос улсад гарсан хувьсгал Холбоотнуудын байдлыг бvр ч найдваргvй болгожээ.

Антантын хамгийн хүчирхэг улс Оросын эзэнт гүрэн дайны ачаал­лыг даалгүй урт хугацааны гүн хямралд орж, 1917 он гэхэд аж үйлдвэр, тээвэр, санхүү, улсын ардын аж ахуй задран сүйрч байв. Хэдийгээр Оросын арми дорнод фронтод Герман, Австри-Унгарын талаас илүү хүчийг өөртөө татаж дайтсан хэвээр байсан ч ард нь улс орон нь өлсгөлөнд нэр­вэгдэж, Зас­гийн эрх баригчдын нэр хүнд унаж, нийгмийн зөрчил ихэслээ. Ингээд 1917 оны хоёрдугаар сарын 23-нд Петро­гра­дад бүх нийтийн ажил хаялт болж, Москвад цэргийн бослого гарч, гуравдугаар сард нь II Николай хаан ширээнээсээ огцорч, гэрийн хорионд орлоо. Германтай дайтсан хэвээр байсан ч хэзээ мөдгүй Орос гүрэн дайнаас гарч, Герман, Австри-Унгарын асар их баруун фронтод шилжүүлэн хаягдсанаар Франц, Их Британи сүйрэх нь гарцаагүй байв.  Эртнээс дайнд оролцохоор ашигтай байдлыг хүлээж байсан АНУ бүх ялалтыг Германы гарт өгөхийг хүссэнгүй.

АНУ-ын арми "Америка" танкийг олноор үйлдвэрлэж байв.

Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед Ерөнхийлөгч Вудро Уилсон Нэгдсэн Улс төвийг сахих тухай мэдэгдэж байв. Дийлэнх америкчууд Европын дайнд татагдан орохыг ч эсэргүүцэж байв. Харин АНУ-ын Луизанна хөлөг онгоцыг Германы шумбагчид живүүлсэн болон жирийн иргэдийн эсрэг Германы бусад үйлдлүүдийг АНУ-ын Засгийн газар сонин хэвлэлүүдээр зохион байгуулалттайгаар цацаж эхэлснээр иргэдийн санаа бодол өөрчлөгдөж эхэлжээ.

1917 оны хоёрдугаар сард Герман усан доорхи байлдаанд ихээхэн хүч, хөрөнгө хаяж, Их Британийн тэнгисийн давамгайллыг бууруулж, эх газраас таслахыг оролдож байв. Ингэхийн тулд Нэгдсэн Улсаас Британийг зорьсон тусламжийн, худалдааны хөлөг онгоцуудыг ч устгахаас аргагүй байдалд орсон байна. Ингэснээр АНУ-ыг дайнд оруулах магадлалтай гэж болгоомжилж байсан ч Германы цэргийн удирдагчид Британийн хангамжийг таслах нь дайнд ялахад маш чухал хэмээн үзэж байлаа.

Шумбагч онгоцуудын амжилттай үйл ажиллагааны ачаар Нэгдсэн Улс дайнд бэлтгэж амжихаас хамаагvй өмнө, хэдхэн сарын дотор Нэгдсэн Вант улсыг бууж өгөхөд хүргэх болно гэж тэд тооцоолж байсан хэрэг.

Харли Дэвидсон мотоцикл хөлөглөсөн америк цэргүүд

Ингэж байтал Германы гадаад хэргийн сайд Артур Циммерманы Мексик дэх Германы элчин сайдад явуулсан нууц цахилгаан мэдээг англичууд замаас нь барьж, АНУ-ын талд өгсөн нь байдлыг үлэмж хурцатгажээ. “Циммерманы ноот“ гэж алдаршсан тэрхүү цахилгаанд Мексикийг АНУ-ын эсрэг дайнд түлхэх гэсэн Германы санаархал тодорхой байв. Английн тагнуулын алба энэ мэдээг Уилсонд өгч, гуравдугаар сарын эхээр тэр “ноот“ Нэгдсэн Улс даяар хэвлэгдсэн аж.

Дашрамд Циммерманы ноотыг Английн тагнуулын алба шинэ их гүрнийг дайнд татан оруулахын тулд хуурамчаар бэлтгэж америкчуудад итгүүлсэн гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тийм ч бай, үгүй ч бай энэ цахилгаан мэдээ англичуудад лавтайяа тус болсон. Дараахан нь Германы шумбагчууд АНУ-ын тээврийн хэдэн онгоцыг далайн ёроол руу илгээсэн нь америкуудын хилэнг улам бадрааж орхив.

Нэгдсэн улсын нисэх онгоцууд дайны тэнгэр рүү тэмүүлж байлаа

Дөрөвдүгээр сарын 2-нд Уилсон дайнд орох шийдвэрээ уншив, “ардчиллын төлөө дэлхийн энх тайван байдал баталгаатай болсон байх ёстой“ гэж тэр хэлжээ. Дөрөвдүгээр сарын 6-нд Конгресс Германд дайн зарлалаа. АНУ дайныг дуусгахад үлэмж нэмэр болж чадна гэдэгт харин цөөхөн хүн итгэж байсан нь сонирхолтой. Ер нь далайн цаадах гүрний цэрэг зэвсгийн хүчийг хөгшин тивийнхэн тэгтлээ их үнэлэхгүй л байж.

Сугалаагаар дайнд мордож буй цэргүүд. Тэдний дунд байлдааны сайн бэлтгэлтэй цэрэг эрс ховорхон байв. 

Дайн зарласны дараа Засгийн газар сурталчилгаа, ухуулгаар энэ дайн бол эрх чөлөө болоод ардчиллын төлөө тэмцэл юм гэдгийг ихээр ойлгуулж байв.

Нэгдсэн Улсын дэлхийн дайнд нэмэрлэсэн хамгийн гол хүч нь хүний хүч байв. Дайнд орж байхад 128000 хvнтэй энгийн армитай байсан бол цэрэг татлагаар 21-30 насны бvх эрчүүд цэргийн албанд бүртгүүлэх үүрэгтэй болов. 1918 онд насны хязгаар 18-45 болж тэлжээ. Яг хэн дайнд мордохыг сугалаагаар шийдэж байлаа. 

Холбоотнуудад цэргүүд тун яаралтай хэрэгтэй байсан тул тэднээс цөөхөн нь л хангалттай байлдааны бэлтгэл хийж амжсан байв. 

 Олон эр сайн дураараа явцгааж байсан бөгөөд мөн олон эмэгтэй сувилагчаар болон бичиг цаасны ажил, зэвсгийн үйлдвэрт бүртгүүлж байв. Дайн дуусах vед Нэгдсэн Улсын арми бараг 5 сая эрэгтэй, эмэгтэйг эгнээндээ нэгтгэсэн байжээ. Тэднээс 2 сая 750000 нь цэрэгт татагджээ.

Цэргийн үйлдвэрт олон мянган эмэгтэйчүүд ажилд оров

 Нэгдсэн Улсын цэргийг Европт буулгахын тулд Холбоотнууд Атлантын далай дахь Германы шумбагчуудын аюулыг шийдсэн байх ёстой болжээ. 1917 оны 5 сард Нэгдсэн Вант улс далай тэнгисийн бүх хүчээ Америкийн тээврийн хөлгүүдийг хамгаалахад чиглүүлж, эсрэгээрээ Германы шумбагчууд ч ноцтой аюул учруулж чадсангүй.

Охайо мужийн Кливленд хотын ойролцоо. Европт илгээх танкуудыг шаварт туршиж байна.

Нэгдсэн Улсын армийн командлагч генерал Жон Першинг 1917 оны зургадугаар сарын дундуур Францад иржээ. Цэргүүдийн эхний хэсэг ч мөн сарын сүүлээр амжилттай газардацгаав. Америкийн цэргийн албадад хандан Першинг 3 сая америк цэрэг хэрэгтэй байгааг, мөн тэдний гуравны нэгийг дараа жилийн дотор ирүүлэх шаардлагатайг дуулгажээ. Ердөө 650000 цэрэг л илгээхээр төлөвлөж байсан Засгийн газар энэ тоонд цочирдсон ч дайны эцэс гэхэд Европт буусан америк цэргийн тоо 2 сая болсон аж.

1917 оны намар буюу хүйтрэхээс өмнө давшилтад орохоор төлөвлөсөн Нэгдсэн Вант улс, Франц АНУ-ын хvн хүчийг туйлын яаралтай хүсч байлаа. Першинг болон Холбоотны цэргийн удирдлагын хооронд үл ойлголцол үүсэв. Америкчуудыг тэдний цэргийг нөхөх хүчин мэт байж, хэрэгтэй газар нь нөхөж цоолдохыг Англи, Франц хүсч байсан бол Першинг Америкийн арми бие даасан нэгж болж байлдааны ажиллагаанд оролцоно гэсэн байр суурьтай байлаа. Европын болон тэдний Америк холбоотнуудын дунд маргаан өрнөж, Першинг ч өөрийн бодол дээрээ баттай зогсож байв, гэхдээ явцын дунд тэрээр Франц ба Нэгдсэн Вант улсад цэргээсээ түр шилжүүлэн өгч байсан ч энэ үл ойлголцол дайсандаа хүчтэй хориглох шугам байгуулах боломж олгосон гэдэгт цэргийн түүхчид санал нэгддэг.

АНУ, Оклахома. Бэлтгэлийн талбарт агаарын бөмбөлөг сүйдэх зэргээр байлдааны бэлтгэл дээрээ ч хөглөж байв. 

Цэргийн хөлөг онгоцны загвар зохион бүтээгчид

Америкийн хөлөг  онгоцууд ийм загвараар үйлдвэрлэгдэх болов

Хөлөг онгоцууд Европыг зорьж байна

 Герман цэргийн давшилтыг Шатъеу-Тиерри хотын дэргэд, Парижаас зүүн хойно 80 хүрэхгvй км зайд франц, америкийн хамтарсан хүч зогсоож чаджээ. Дараа нь зургадугаар сарын үеэс АНУ-ын цэрэг германуудыг Марне орчмын ойт нутгаас хөөн гаргав. Долдугаар сарын 15-нд германы цэрэг Марне голыг гаталсан ч Франц% Америкийн арми сөрөг довтолгоонд оров.

Марнегийн хоёрдугаар тулалдаан 1918 оны долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 6-ны хооронд асар ширүүн үргэлжилж, талууд их хэмжээний хохирол амсав. Нэг ёсондоо махан овоо, цусан далай болгов. Энэ тулалдаан дэлхийн нэгдүгээр дайнд эргэлт авчирсан бөгөөд тулалдаанд хүн хүчээр илт илүүрхэж ялсан Холбоотнууд тасралтгүй давшилтад оров. Наймдугаар сарын 8-ны өдөр Нэгдсэн Вант улс, Францын цэргүүд Амиений дэргэд германуудыг довтоллоо. Есдүгээр сарын эх гэхэд Герман хавраас хойш эзэлсэн бvх газраа эргүүлэн алдсан байв. Есдүгээр сарын дундуур Першингээр удирдуулсан АНУ-ын цэрэг Сент Мишелийн дэргэд дахин томоохон ялалт байгуулав.

Есдүгээр сарын 26-нд Аргонне ой ба Меузе голын дунд болсон ширүүн байлдаанд барагцаагаар 900000 америк цэрэг оролцов. Герман улсад Холбоотнуудын хүчийг даван гарах тэнхээ нэгэнт үгүй болсныг Людендорф ойлголоо. 

Цэрэгжилтийн бэлтгэл. Нью-Йорк хот

Нью-Йорк, химийн зэвсгийн эсрэг бэлтгэл

Цэрэгжилтийн бэлтгэл улс орныг бүрэн хамарсан нь дайн цаашид яаж ч эргэж болно гэсэн Засгийн газрын болгоомжлолыг илтгэнэ.  

Америк цэргийн хуаран

 Нью-Йорк хот

Америк цэргүүд дайны үеэр ч бэйсболоо тоглосоор байв. 

 Европыг зорьсон хөлөг онгоц дээр

Европт дайнд сүйдсэн газар орон иймэрхүү л дүр төрхтэй

Английн танкууд

 Дайнд 11 хүүгээ явуулсан хөгшин

Шархадсан америк цэрэг

 Шархдаж, нүүрний арьс нь түлэгдсэн цэргийн нүүрийг будаж өгч байна

 Бараг л анхны хөлөг онгоц тээвэрлэгч юм уу даа

 Америкийн хар арьстнууд дайнд

Европт илгээх цэргүүд нэмэгдсээр л 

 Хөлөг онгоцууд Европыг зорьсоор

 Шумбагчийн эсрэг торпед  хаяж байгаа нисэх онгоц

Америк цэргүүд

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 26. 14:17
Зочин

dain yzechihsen Oros Germani tsergiin hajuud uruvdultei amitad baij dee

2020, 1 сар 13. 0:44
XAH

Дэлхийн 1-р дайн гээд байхад чинь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]