Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Алтан дагина”-ы эрэлд хатсан адармаатай түүхУншсан8,369

ДАШТ-ий хамгийн гол шагналыг эрж олох ажилд Английн бүх л шилдэг мөрдөгчид томилогдов. Гэвч эрэл үр дүн муутай байлаа.

1930 онд Парисын дархан Абель Лефлер FIFA-гийн ерөнхийлөгч Жюл Римэгээс нэгэн даалгавар хүлээн авчээ. Энэ нь удахгүй эхлэх ДАШТ-ий ялагчид гардуулах цом хийх захиалга байв. Ингээд алтаар бүрсэн, 35 см өндөр, 1.8 кг жинтэй (суурийг нь оролцуулаад 4 кг) цом бэлэн болов. Хөлбөмбөгч бүрийн мөрөөдөл болсон энэ цом бий болсон цагаасаа хойш олон адал явдлыг туулсан юм.

Анхны ДАШТ-д Уругвайн шигшээ түрүүлж, цомыг гардсан бол удаах хоёрт нь италичууд өнгөлсөн. Харин дэлхийн II дайны улмаас ДАШТ хэдэн жил зохиогдолгүй завсарлах үед цом Италийн хөлбөмбөгийн холбооны боссуудын нэг О.Барассигийн гэрт хадгалагдаж байжээ. Цомны үнэ цэнэ асар их гэдгийг мэдэх нацистууд энэ үед Барассигийн гэрийг орвонгоор нь эргүүлсэн гэдэг. Гэвч хайсан цомоо олж чадаагүй юм. Учир нь итали эр цомоо тун найдвартай газар буюу хуучин муу гутлынхаа түрийнд нуусан байжээ. Дайн дууссаны дараа италичууд цомыг FIFA-д хүлээн өгч, санаа амарсан байна.

 

Үүнээс 20 жилийн дараа “Алтан дагина” өөр нэг адал явдалтай учирлаа. Хөлбөмбөгийн спортыг үндэслэн англичууд 1966 оны ДАШТ-ийг зохион байгуулахаар болж, Вестминстерийн ордонд цомоо залав. Тухайн үед энэхүү ордонд марк цуглуулагчдын олон улсын үзэсгэлэн болж байжээ. Гэтэл тэмцээн эхлэхээс гурван сарын өмнө цом алга болох нь тэр. ДАШТ-ий хамгийн гол шагналыг эрж олох ажилд Английн бүх л шилдэг мөрдөгчид томилогдов. Гэвч эрэл үр дүн муутай байлаа. Харин жирийн нэг нохой алтын цомыг олж, зохион байгуулагчдын санааг амраажээ. Дэвид Корбетт хэмээх эр цэцэрлэгт хүрээлэнд салхилж явав. Гэтэл нохой нь газар үнэрлэж явснаа нэг зүйл ухаад эхэлжээ. Нохойн ухсан газраас алтлаг өнгийн цом цухайн гарахад өнөөх эр “Алтан дагина” болохыг таньсан юм. Хожим зохион байгуулагчид Английн шигшээгийн тоглолтын үеэр Корбеттийг нохойтой нь хамт цэнгэлдэхэд оруулж, хүндэтгэл үзүүлж байв. Уг нь хөлбөмбөгийн цэнгэлдэхэд нохойгоо дагуулж орохыг хориглодог. Гэтэл гавьяа байгуулсан нохойнд энэ зэргийн хүндэтгэл үзүүлсэн нь зүйн хэрэг.

“Алтан дагина”-д тохиолдсон адал явдал үүгээр дуусаагүй. 1983 оны арванхоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Рио де Жанейрод орших Бразилийн хөлбөмбөгийн холбооны байрнаас цом хулгайд алдагдлаа. Хоёр дээрэмчин өрөөнд нэвтрэн орж, сейфэнд түлхүүр тааруулан авч оджээ. Харамсалтай нь цом дахин олдоогүй юм. Хулгайчид аль хэдийнэ хайлуулж, алтан гулдмай болгосон байх гэж таамагладаг. Уг нь Бразилийн баг 1970 онд гурав дахь удаагаа дэлхийн аварга болж, цомыг үүрд хадгалах эрхтэй болсон. Гэвч хулгайд алдсан тул хуулбарыг нь л хадгалахаас аргагүй болжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]