Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жон Ханн-Английн бахархалУншсан13,186

АНУ, ИХ Британи зэрэг дэлхийн 2-р дайнд оролцсон улсуудын хувьд яагаад баатарлаг гавья байгуулсан цэрэг дайчдын тухай түүх ховор байдаг юм бол гэж та бодож байсан уу?

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

 АНУ, ИХ Британи зэрэг Дэлхийн 2-р дайнд татагдан оролцсон улсуудын баатарлаг гавьяа байгуулсан цэрэг дайчдын тухай түүх яагаад ховор байдаг юм бол гэж та бодож байсан уу?

Нээрээ л эдгээр улсуудын цэрэг офицерын баатарлаг явдлын тухай түүх цөөн байдаг ба шалтгаан нь тэд аймхай хулчгартаа биш харин харьцангуй “амар тайван, зөв дайтаж” байсантай холбоотой гэдэг.

ЗХУ болон Германы цэргүүдийн хувьд (Японы хувьд тусад нь ярих хэрэгтэй биз) нутаг дээрээ, гарах газаргүй болсон үедээ араатны гэмээр эр зориг гарган мундаг гавьяа олноор байгуулж байсан бол АНУ болон британичууд өөрийн газар нутаг дээрээ дайн хийж байсангүй. Тэд хүний нутагт, хүчирхэг эдийн засаг, ер бусын гэмээр хангалт зэрэг олон зүйлээр ноёлон тулалдаж байсан учраас тэдэнд баатарлах хэрэг бараг байгаагүй буюу хийх ёстойгоо л хийдэг байж. Харин дайны үеийн янз бүрийн гэнэтийн явдлаас болж гарах газаргүй болсон үедээ хэнээс ч дутахгүй хатан зориг гаргаж байсан бөгөөд энэ удаа тийм нэгэн түүхийг сонирхуулъя.

Гитлерийн Герман Францын газар нутгийн гуравны хоёрыг гартаа оруулж авсны дараа Их Британи улстай тооцоо бодохоор бэлдтгэж эхэллээ. Германы цэрэг улс төрийнхний бэлтгэсэн “Далайн арслан” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хуурай замын 40 орчим дивизийг Ла Манш гатлуулан арлын орныг эзэлж авах төлөвлөгөөтэй ба энэ том ажиллагаанд зориулан олон тооны, төрөл бүрийн усан онгоцнуудыг цуглуулан уг ажиллагаанд зориулан бэлдэж эхэлсэн байна.

Англичууд ч энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Тэд “Далайн арслан” ажиллагааны үндсэн зорилго, хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг мэдэж байсан бөгөөд үүний эсрэг сөргүүлж чадах юм нь агаарын цохилт гэж үзжээ. 1940 оны 9-р сар гэхэд “Британийн төлөөх дайн” гэсэн агаарын асар том хэмжээний дайнд Люфтваффе нэгэнт ялагдаж эхэлж байсан учир британичууд дайсныхаа хураан цуглуулж буй хөлөг онгоцны бөөгнөрсөн цэгүүдэд ончтой цохилт хийхээр бэлтгэлээ базаан дайралтаа эхлүүллээ.

Ийм нэгэн цэг нь Антверпен байсан бөгөөд 1940 оны 9-р сарын 15-нд Эзэн хааны агаарын нисэх хүчний (Их Британи) 83-р эскадрилийн олон тооны бөмбөгдөгч онгоц тус хотыг чиглэн хөөрчээ. Дайсны хураан цуглуулсан хөлөг онгоц бүхий эрэг газрыг дайран бөмбөгдөж байх үеэр нэгэн “Хемпден” зенитийн их бууны галд өртөж, уг онгоцонд байсан хүчилтөрөгчийн баллон доторх хийгээ алдаж эхэлснээр онгоц доторх галыг улам бүр хөөрөгдөж эхэлсэн байна.

Хөлгийн штурман болон буудагч нар онгоцоо гэмтэж, шатаж эхлэнгүүт шууд шүхрээрээ үсэрсэн учир одоо энэ галан бөмбөлөг дотор хөлгийн дарга, 2-р буудагч хоёр л үлдлээ. Онгоцны дарга ямар нэг хэмжээгээр удирдаж болж байгаа онгоцоо бага ч гэсэн дайсны нутгаас холдуулах санаатай зүтгэж байсан бол 2-р буудагч  Жон Ханна гал унтраах гэж оролдож эхэлсэн байна. Онгоцонд байдаг жижиг галын хороор асаж байгаа түймрийг унтраах гэж бүтэлгүйтэх хооронд түймрийн халуунаас болж пулемётын сумнууд ээлж дараалан тэсэрч эхэллээ. Удалгүй хөнгөн цагаанаар хийсэн шалнууд уярч дээр нь гишгэхэд цөмөрч байсан учир Жон онгоцны үндсэн нуруу төмөр дээр л гишгэн байж галын хороо шүршиж байв. 

Энэ үед хөлгийн дарга онгоцоо чухам хааш нь чиглүүлэхээ мэдэхээ байсан учир яаралтай газрын зураг олж авчрахыг Жонд тушаалаа. Штурман аль эрт үсрээд алга болсон болохоор тэр гайтай зургийг Жоноос өөр хэн олж даргадаа өгөх билээ. Түймэр дундуур, шатан тэсэрч буй галт хэрэгслийн дундуур, нуруу төмөр дамжин явсан Жон ямар ч байсан газрын зургаа шатаж үгүй болохын даваан дээр байсныг олж авчээ. Хамгийн гол нь тэрээр онгоцны түймрийг хүчилтөрөгчийн баллоноос алдагдах хий л хөөргөдөөд байгааг олж харсан байна. Газрын зургаа даргадаа өгч амжсан Жон хүчилтөрөгчийн баллоноос хий алдагдахыг зогсоох гэж буцан их гал руу орлоо. Хүчилтөрөгчийн тэр том сав удахгүй дэлбэ үсэрнэ, үгүй байлаа ч алдагдаж байгаа хүчилтөрөгчийн хөөргөдөх галаас болж онгоц нь хэдэн хэсэг салан унах болно гэдгийг Жон сайн ойлгож байсан учир түлэгдэж шатаж байгаагаа үл тоон баллоны бүх хаалтуудыг хааж, өөр бусад нүх сүв байгааг янз бүрийн аргаар дарсан ба дараа нь хөлөг дотор асаж байгаа галыг галын хороор унтрааж эхэлсэн байна. Түүний гар бараг тэр чигээрээ түлэгдэж, өмссөн бээлий, ханцуй нь гартай наалдсаныг ч үл тоон зүтгэсээр түймрийг унтрааж чадлаа.  Удалгүй маш хүнд гэмтэж, шатсан онгоц өөрийнхөө нисэх буудалд ослын буултыг эсэн мэнд хийж газардахад Жон Ханна дөнгөж ухаантай төдий, зогсож чадахгүй байсан гэдэг.

Жон Ханнагийн байгуулсан гавьяа Их Британи даяар цууриатаж, эгэл даруухан жирийн нэг хүү улс орныхоо хамгийн алдартай баатар болов. Түүний гавьяаг үнэлж Викторийн загалмай одон олгосон ба энэ бол Их Британийн зэвсэгт хүчний хамгийн том шагнал юм. Харин энэ том шагналыг авч байгаа Ханна тэр үед дөнгөж 18 нас хүрч байсан билээ. Магадгүй ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй насан дээрээ явсан учир тэр аймшигт түймрийн үеэр үсрэхгүй үлдсэн биз.

Харамсалтай нь Жонн энэ явдлын үеэр авсан гэмтэл болох гарын түлэгдэл, нүдний гэмтлээс болж бие нь аажмаар сульдан доройтсон ба удалгүй сүрьеэ өвчнөөр өвчилсөн учир цэргээс халагджээ. Дараа нь эхнэр авч гурван охинтой болсон ч бие нь муудсаар 1947 онд нас барсан байна.

P.S.

“Британийн төлөөх дайн” хэмээх нэгэн агаарын тулаантай холбогдуулж нэг юм хэлэх хэрэгтэй байх.

 Бид 1939 онд болсон Халх голын дайны тухай ярих болгондоо шахам “Халх голд дэлхийн хамгийн том агаарын тулалдаан болсон” гэж “цохон тэмдэглэдэг”. Гэтэл энэ маань хагас үнэн буюу чухам 1940 он хүртэл үнэн юм. Үүнээс хойш Халх голын агаарын тулалдаантай харьцуулахын аргагүй гэмээр олон том агаарын дайн болж байсан бөгөөд тэдний нэг нь энэхүү Британийн төлөөх дайн билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]