Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эрдэмтэд гэж янзын хүмүүс шүү...Уншсан4,031

Нильс Бор мэтийн том эрдэмтдийг энд тэнд урьж элдэв лекц уншуулах нь элбэг байсан нь ойлгомжтой. Харин энэ эрдэмтэн маань яг л өөртөө зориулж бичсэн мэт логикийн хувьд их үсэрсэн, хүн ойлгоход нэлээд төвөгтэй лекц уншдагаараа алдартай хүн байв.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Алдарт эрдэмтэн Нильс Борын хотын гадна орших гэрийн үүдний дээр морины тах хадаатай байдаг байжээ. Тухайн үед ийм тах хаалганыхаа дээр хадах нь аз жаргал авчирдаг гэж үздэг учир бараг айл болгонд л ийм юм байх. Нэгэн удаа Борын эрдэмтэн найз гэрт нь зочлон ирэхдээ уг тахыг хараад,

-Нильс!  Чи эрдэмтэн хүн... үнэхээр морины тах хаалганы дээр хадахаар аз авчирдаг гэдэгт итгэдэг хэрэг үү?

Нильс Бор зальтай инээснээ:

-Яалаа гэж. Юу гэж ийм мухар сүсэгт итгэх билээ. Гэхдээ ийм юманд итгэдэггүй хүнд ч гэсэн морины тах аз хийморь авчирдаг гэж сонсож байсан юм даа!

 Британийн физикч Поль Дирак гээч хүн янз бүрийн лекц, илтгэлийнхээ дараа “Асуух юм байна уу” гэж дуусгадаг заншилтай байж. Хатуу ширүүн, яг таг хэвшилтэй энэ эрдэмтний лекцийг сонссоны дараа ийм тийм юм ойлгосонгүй гэж асуух зүрхтэй оюутан гэж хаа байхав. Харин нэг зальтай оюутан багшдаа багахан тал засаж, шалгалт шүүлэгтээ ахиу оноо авах арга бэлдсэн байв.

Лекц явдгаараа явж дуусаад Поль Дирак ч “Асуух юм байна уу“ гэсээр оюутнууд руу хандлаа. Өнөө оюутан үүнийг л хүлээж байв.

“Багшаа та яаж ийм мундаг лекц бэлдэж чадав аа” гэж оюутан асуухад багш нь юу ч болоогүй юм шиг “Энэ бол асуулт биш, ердөө л тодорхой юмыг тоймлосон төдий баталгаа байна. Асуух асуулт байна уу?” гэсэн гэдэг.

 Зөвлөлтийн цөмийн энерги судалдаг хэсэг том эрдэмтэн-физикчид Крымд бөөнөөрөө очиж амрахаар болжээ. Наран шарлагын газар руу явах замдаа дэлгүүрээр дайрч ганц нэг шил дарс авахаа ч мартсангүй. Очоод усанд орж наранд шарж байхдаа нөгөө дарсаа задлан уух гэтэл бөглөөг нь авах хутга байдаггүй. Тухайн үед дарсыг хуванцар тагтай хийдэг байсан ба ийм тагийг хутгаар зүсэж авдаг байж л дээ. Шүд амаараа янз бүр болоод дарсаа онгойлгож чадаагүй эрдэмтэд гайхшаа баран байтал хажуугаар нь архичин бололтой эр шил цуглуулаад явж байв. Эрдэмтэд нөгөө нөхрийг дуудаад “дарс онгойлгох хутга сэрээ байна уу” гэж эелдгээр асуухад өнөөх нь “хутгагүйгээр онгойлгож болно л доо, чүдэнз байна уу” гэж сөргүүлж асууж. Эрдэмтдийн нэг нь чүдэнз гаргаж өгтөл өнөөх нөхөр гал асаан дарсны тагийг халааж зөөллөөд ганцхан суга татан онгойлгосон байна. Эрдэмтдийн биширсэн харцыг ойлгосон эр явахдаа “Иш муу сурлагатнууд минь дээ... дунд сургуульд физикийн хичээл дээрээ охид харж суулгүй хичээлээ хийж байсан бол юу гэж ингэх вэ дээ...” гэж толгой сэгсэрсээр цааш явжээ.

 Нильс Бор мэтийн том эрдэмтдийг энд тэнд урьж элдэв лекц уншуулах нь элбэг байсан нь ойлгомжтой. Харин энэ эрдэмтэн маань яг л өөртөө зориулж бичсэн мэт логикийн хувьд их үсэрсэн, хүн ойлгоход нэлээд төвөгтэй лекц уншдагаараа алдартай хүн байв. Гэтэл нэгэн удаагийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээ олигтой бэлдэж чадаагүйгээс болж бүр ч холион бантан болж хувирсан байна. Агуу эрдэмтний лекцийн дараа хүмүүс алга нижигнүүлэн ташдаг боловч энэ удаа хэн ч алга ташсангүй, бүгд л нэг нэгнийгээ гайхан харах нь “Нильс Бор ер нь эрүүл байна уу“ гэсэн мэт таг чимээгүй. Мань хүн ч бяцхан бантаж хэсэг зогсож байснаа “Миний өмнө тавьсан олон үл бүтэх илтгэлийг сонсоод хариугаа авч байгаа минь энэ юм шүү” гэж хэлээд бушуухан индрээс буусан байна.

 Рентгенийг зохион бүтээгч Вильгельм Рентгенд нэгэн захиа иржээ. Тэр захиаг бичсэн хүн нь дайны үеэр цээж хэсгээрээ шархадсан, тэр сум нь одоо хүртэл биед нь байгаа гэсэн зовлонтой хүн байж. Тэрээр “Та өөрийн зохион бүтээсэн тэр Х цацрагаасаа хэдийг надад явуулна уу, эрүүл саруул болмоор байна” гэсэн утгатай хүссэн, тушаасан хэлбэртэйгээр захиагаа бичсэн байсан гэдэг. Хариуг нь ч Рентген тэр дор нь явуулсан ба энэ захиандаа “Харамсалтай нь би танд Х туяаг одоо явуулах боломжгүй байна. Гэхдээ үүнээс гарах арга бий бөгөөд та өөрийн цээж хэсгээ тусад нь над руу явуулж болохсон болов уу...“ гэж хариулжээ.

 Британийн нэрт эрдэмтэн Артур Эддингтонтой ярилцлага хийж байсан сурвалжлагч “Сэр, энэ дэлхий дээр Эйнштейний харьцангуй онолыг ойлгодог гуравхан хүн байдгийн нэг нь таныг гэж ярьдаг гэсэн. Энэ үнэн үү?” гэж асуужээ. Эддингтон юу ч хэлэлгүй таг чимээгүй бодол болон нэлээд удахад сурвалжлагч бах нь ханасан байдалтайгаар “Уучлаарай миний асуулт таныг эвгүй байдалд оруулсан байж магадгүй, дараагийн асуултдаа ороё” гэхэд Эддингтон асуултыг нь таслан “Яалаа гэж, зүгээр зүгээр. Тэр онолыг ойлгодог гурав дахь хүн гэж хэн байж болох вэ гэж л бодсон юм” гэсэн гэнэ.

 Норберт Винер гэх хиймэл оюун ухааны үндэслэгчдийн нэг болсон том эрдэмтэн байж. Энэ хүн маань ажил төрөлдөө дэндүү их анхаардгаас болоод тэр үү... бусад юманд тун ч анхаарал муутай, мартамхай гэдгээрээ алдартай гэж жигтэйхэн. Нэгэн удаа энэ эрдэмтний гэрийнхэн нүүж өөр байранд оржээ. Винер ч өглөө болонгуут ажилдаа явах гэхэд эхнэр нь мартамхай нөхрийнхөө занг мэдэх болохоор шинэ байрныхаа хаягийг бичсэн цаас энгэрт нь хийж өгсөн байна.

Ажилдаа улайрсан Винерийн толгойд гэнэт нэгэн санаа орж ирэхэд нь нөгөөхөө цаасан дээр буулгах гээд ойр хавьд сул цаас байхгүй болохоор нь хармаанд байсан цаасан дээр бичээд... бичиж байх явцад энэ санаа нь утгагүй зүйл болохыг ойлгоод уурандаа базаад хогийн сав руу шидчихлээ. Орой болж гэртээ харих боллоо. Винер бодолдоо дарагдан явсаар гэртээ иртэл гэр нь хоосон, хэн ч байхгүйг хараад гэнэт нүүснээ санасан байна. Харин хаашаа нүүсэн билээ? Юу ч санадаггүй...

Гайхшаа барсан эрдэмтэн гадагшаа гартал нэгэн охин зогсож байхаар нь очоод:

-Сайн байна уу, залуу хатагтай. Би энэ байранд амьдардаг байсан юм л даа. Та энд байгаа юм чинь намайг санаж байж магадгүй... Манайх хаашаа нүүснийг мэдэхгүй биз? Охин эрдэмтний асуултыг таслалгүй сонсож дуусаад,

-Мэдэлгүй яахав дээ аав аа! Ээж таныг шинэ байраа олохгүй, энд ирж магадгүй гэж намайг явуулсан юм...

Эрдэмтэд гэж янзын хүмүүс шүү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]