Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Титаник хөлгийг живж байхад ахмад нь юу хийж байсан бэ?Уншсан20,001

1912 оны 4-р сарын 14-ний бүтэн сайны оройн 11 цаг 40 минутанд Титаник хөлгийн ахмад Смитийг хаана байсныг яг таг мэдэх хүн байдаггүй юм.

1912 оны 4-р сарын 14-ний ням гаригийн оройн 11 цаг 40 минутад Титаник хөлгийн ахмад Смитийг хаана байсныг яг таг мэдэх хүн байдаггүй юм. Гэхдээ нүдээр харсан гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр онгоцны ахмад Смит Атлантын далайд анхны аяллаа хийж явсан хөлгөө юутай мөргөлдсөнийг асуухаар хөлгийн тавцан дээр гарч ирсэн ажээ. Түүний асуултад нэгдүгээр офицер Уиллиам Мёрдок “Мөсөн уул, ноёнтон” гэж хариулав. Ингэж л хөлгийн ахмад Эдвард Жонн Смитийн амьдралынх нь хамгийн азгүй шөнө эхэлсэн билээ.

Дөч гаруй жилийн турш далайтай амьдралаа холбохдоо нэг ч удаа осол аваар гаргаж хариуцлага хүлээж үзээгүй тэрээр бүх цаг үеийн хамгийн том далайн ослын нэгийг даван гарах хүндхэн сорилттой тулгарав. Хэдхэн цагийн дараа онгоцонд яваа 1500 гаруй зорчигч, хөлгийн багийнхан, өөрөө ч гэсэн энэ хорвоогоос явсан байх болно. Онгоцны ахмадыг нялх хүүхэд тэврээд онгоцноосоо үсэрсэн гэх зэргээр хүмүүс олон янзаар дүрслэн ярьсан ч Смитийг хэзээ ч олоогүй юм. Зохиолч Вайн Крейг Вэйд The Titanic: End of  a Dream номондоо “Ахмад Смитийн баатарлагаас авахуулаад шившигтэй таван өөр төгсгөлийг гэрчүүд дүрсэлсэн байдаг” гэж бичсэн байдаг. Үүнээс гадна түүнийг амьд үлдсэн гэсэн цуу яриа ч бас бий.

Ослын  мэдээ

Хөлгийн багийн офицер Жозеф Боксхолл ямар ч осол гэмтэл илрээгүй гэдгийг илтгэхээр ахмадын тавцан руу ирсэн байдаг. Гэвч хөлгийн ёроолын 16 тасалгааны наанадаж тав нь усаар дүүрсэн гэсэн мэдээг Смит хэдийнэ бусдаас сонсож амжсан байж. Бүх тасалгааны дөрөв нь усаар дүүрсэн тохиолдолд хөлөг хэвийн горимоороо хөвж чадах ч гэлээ тавд нь ус дүүрнэ гэдэг нөхцөл байдлыг дэндүү хүнд болгоно. Шөнө дундын орчим ахмадад Титаник хөлөг сайндаа л 60-90 минутын дараа живж үгүй болно гэдгийг офицерууд нь сануулжээ. Ахмад Смит хөлгийн хувь заяа нэгэнт биш болсныг ухаарч, бууж өгөхөөр шийджээ. Нийт 1178 зорчигчийг суулгах багтаамжтай 20 аврах завь хөлөг дээр яваа 2200 зорчигч, багийн гишүүдэд бүгдэд нь хүрэлцэхгүй гэдгийг тэр ойлгож байсан юм.

Аврагдахыг хичээсэн ч...

Байдал ийм болсон ч ахмадад гай гамшгийг зайлуулж чадна гэсэн итгэл найдвар багахан ч гэсэн үлдсэн байв. Мөсөн уултай мөргөлдсөний дараа ахмад болон бусад офицерууд тийм ч холгүй зайд усан онгоцны гэрэл тусч байхыг харах шиг болжээ. Багийн гишүүд энэ хөлгийг 8 километрийн зайд хөвж яваа гэж тооцоолж. Шөнийн 12:05 цагт Смит аврах завиудыг гаргаж, зорчигчдод анхааруулга өгөхийг тушаан мөнөөх хөлөг рүү аюулын дохио дамжуулахыг даалгажээ. Гэвч офицеруудын олж харсан онгоц Титаникт ямар ч хариу ирүүлээгүй ч өөр хэд хэдэн онгоц дохио хүлээн авснаа мэдэгджээ. Хамгийн ойр зайд хөвж явсан Карпатия хөлөг онгоц чигээ өөрчлөн хурдаа чадлаараа нэмж очих болно гэсэн хариуг Титаник хөлөг дээр хүлээж аваад ахмад харьцангуй тайвшрах шиг болжээ. Гэхдээ л 93 километрийн зайд хөвж явж байсан Карпатия хөлөг 4 цаг гаруйн дараа ирнэ. Бараа нь харагдаж яваа 10-аадхан километрийн цаана байгаа тэр нэгэн нууцлагдмал хөлөг л Титаникийн найдлага болж байв. Анхаарлыг нь татахын тулд ахмад ослын пуужин хөөргөлөө. Гэрлээр морз код илгээж, холбоо тогтоохыг хичээсэн ч хариу ирсэнгүй.

Шокын байдал

12:45 цагт багийнхан хөлгийн эхний аврах завийг далайд буулгалаа. Хоёрдугаар офицер Чарльз Лайтоллерыг “Эхлээд хүүхэд эмэгтэйчүүдийг буулгавал ямар вэ, эрхэм ээ?” гэж санал болгох хүртэл ахмад Смит нэг ч аврах завийг далайд буулгах тушаалыг өгөөгүй юм. Энэ мэт цөөнгүй үйлдлээс нь дүгнэн түүхчид ахмад Смит цочирдолд орсон уу гэдэгт маргаантай байр сууринаас ханддаг. Өөр нэгэн хүний мэдүүлснээр ахмад Смит зорчигчдын тавцангаас завь буулгахыг даалгасан ажээ. Бас нэгэн зорчигч ахмадад хандан “Бүх шилэн цонхыг хаасан гэдгийг та мартчихаагүй биз дээ” хэмээн сануулахад Смит хариуд нь “Бурхны авралаар таны зөв” гэж хариулсан хэмээжээ.

Энэ мэт үйлдэл, хариултаас харахад ахмад Смитийн ухаан санаа орж гарч байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ ахмад Титаник хөлөгт тохиолдсон эмгэнэлт явдлын өмнө бууж өгөхийг хүсээгүй нь илт харагддаг. Тэр багийнхандаа хандаж аврах завинуудыг далайд буулган зорчигчдыг дотор нь суулган чадлынхаа хэрээр олон хүнийг амьд мэнд үлдээхийг хичээсэн. Смит шөнийн 2 цаг хүртэл радио холбоочдоос ямар нэгэн мэдээ ирж байгаа эсэхийг асуусаар байсан бөгөөд эцэст нь холбооны аппаратаа орхиж амьд үлдэхийг тэдэнд тушаажээ.

Ахмад Смитийн үхлийн  олон хувилбар

Шөнийн 2:20 цагт Титаник хөлгийн сүүл хэсэг далайн усанд живлээ. Эндээс эхлээд ахмад Смитийн сүүлийн мөчүүд тодорхойгүй болдог. Зарим гэрчүүдийн ярьснаар ахмад Смит гар буугаа гаргачихсан ямар нэг юмнаас зуурч зогссон гэх. Зарим нь ахмадыг далайн давалгаа авч явсан, усанд сэлж байхыг харсан гэж итгэлтэйгээр ярьсан байдаг. Титаникийн уурын зуухны галч Харри Сениор ахмад Смитийг усан онгоцноосоо нялх хүүхэд  тэврэн үсэрч сэлсээр зэргэлдээх аврах завинд сууж байсан хүмүүст хүүхдийг өгчихөөд эргээд Титаник хөлөг рүүгээ сэлж ирсэн гэж баталдаг.

Ахмад үнэхээр амиа алдсан уу?

Олон нийтэд түгээмэл тархсан бас нэгэн хувилбараар түүнийг  нас бараагүй гэж үздэг. Титаникийн сүйрлээс хойш 3 сарын дараа буюу 1912 оны 7-р сард Балтимороос гаралтай Петер Прайл гэх залуу ахмад Смитийг хотын гудамжинд алхаж явахыг харсан, чингэхдээ хүмүүсээс царайгаа нуун далдлахыг хичээж байсан гэж мэдүүлжээ. Прайл Титаник дээр биш ч өөр нэгэн хөлөг дээр ахмад Смитийн удирдлагад усан цэргээр ажиллаж байжээ. Прайлыг эмч нар “эрүүл ухаантай, хий юм хардаггүй” гэдгийг баталсан ба Прайлын ярьж буйгаар Смитийг хоёр ч удаа харсан гэнэ. Ахмад Смит өөрийг нь таньсныг мэдээд хүрч Прайл дээр ирэн яажшуухан амьдарч байгааг нь асуугаад “би ажлаар явж байгаа, битгий цагдаад хэлж намайг бариулаарай” гэж гуйсан гэжээ. Прайл “Би андуурсан байх боломжгүй ээ. Ахмад Смитийг сахалгүй байхад ч хараад л танина” гэж сурвалжлагчдад ярилцлага өгчээ.

Шүүхийн шийдвэр

Болж өнгөрсөн харамсалтай явдлын дараа сонин сэтгүүлүүд Смитийг хөлөг онгоцтойгоо живсэн зоригт ахмад, баатар гэх зэргээр бичиж шуугицгааж байсан бол Британи, Америкийн мэргэжлийн байгууллагын байцаалт, мөрдлөгөөр ахмад Смитийг бусад усан онгоцнуудаас илгээсэн мөсөн уул гэсэн анхааруулгыг үл тоомсорлосон, нөхцөл байдалдаа тохируулан онгоцныхоо хурдыг багасгаагүй хэмээн буруутгасан юм. Товчхондоо Английн талаас явуулсан байцаалт түүнийг онгоцны ахмадын хийх ёстой бүхий л зүйлийг хийсэн гэж үзэн зөөлөн хандсан гэж ойлгож болох бол Америкийн мөрдөн байцаалтын комиссыг даргалж байсан Сенатч Виллиам Алден Смит “Эмгэнэлт байдалд хүргэсэн шууд хүчин зүйлсийн нэг нь ахмад Смитийн хайхрамжгүй байдал байсан” гэж нэг талаар буруутгаж, нөгөө талаар “Гэхдээ тэр эр хүний гаргах ёстой зан чанарыг гаргаж, хүүхэд эмэгтэйчүүдэд зөөлөн хандсан, мөн үхлээс эмээгээгүй” хэмээн өндрөөр үнэлсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]