Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Батсуурийн өвчин Бадам заанд халджээ"Уншсан46,592

Гэтэл хэрэг бишдэж дарга нар уурлаж нөгөө гурвыг ч барилдуулалгүй, бай шагналаа ч өгөлгүй тарлаа. Сүүлд сонинд "Батсуурийн өвчин Бадам заанд халджээ" гэж гарсан даа.

Б.Бадам зааны тухай энэхүү нийтлэл, ярилцлагыг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан тэрлэж, 1990-ээд онд Бөх сонинд "Даруу мөртөө аатай байх учиртай..." нэртэйгээр нийтлүүлж байжээ.

1955 оны наадам. 23 настайдаа үзүүрлэжээ

"Бяр, биеийн идийг бүрэн гаргаж, хүрэх газраа хүрэхэд бөх хүн даруу мөртөө аатай, шаргуу бэлтгэлтэй байх учиртай бас аливаа маргаан мэтгээнээс хол явах хэрэгтэй" гэж залуу бөхчүүддээ хандан хэлсэн энэ бөх бол улсын заан Балжингийн Бадам бөлгөө.

Зааныг 60 гарсан насанд харахад өндөр нуруу, ханхар цээж, товгор зузаан хөмсөг, хүрз мэт том гар нь цаанаа л өөр бөгөөд "яаж заанаар тогтсон юм бол" гэж аргагүй бодогдоно. Барилдааны түүхийг нь сонирхвол бяцхан харамсал төрнө. Учир нь 1955 онд 23 настай цэрэгт байхдаа шууд үзүүрлэж заан цол хүртээд /тэр жил улсын наадамд 256 бөхийг сугалаагаар барилдуулахад Оргодол түрүүлж арслан болсон түүхтэй/ 1956, 1957, 1958, 1959 онд Тэшиг сумандаа 3 жил, аймагтаа нэг жил барилдаад улсад зодоглоогүй болой.

Наана дэвж буй нь С.Оргодол арслан, цаана нь Б.Бадам. Хоёул улсын цолгүй байхдаа үзүүр түрүүнд үлдсэн.
С.Оргодол түрүүлж улсын арслан, Б.Бадам үзүүрлэж улсын заан цол аваад зогсч буй нь

Харин 1960 онд спартакиадад тэмээ өргөдөг Жамъяндоржид 1 унаж 33 бөхөөс 2 дугаар байранд шалгарсан жилээ Улаанбаатарт ирж 4 жил хүссэн улсынхаа наадамд зодоглож 6-д Хөвсгөлийн Ванчимначинг, 7-д Өмнөговийн Ламаажавыг сугадаж нохой мордоход нь мулталж тонгорон даваад азын биш аргагүй л заан шиг заан гэдгээ харуулав. Тэр жил Ламаажав 6-д Батсуурь аваргыг давж томчуудын зүрхэнд шар ус хуруулсан ид сайхан байсан гэдэг. Сонирхолтой нь Дамдин аварга тэр жил бяцхан "будилж" анх заан Чойжилсүрэнг амлалаа гэснээ яг гардгийн даваан дээр "аваа 6уруудлаа" хэмээн зарлуулж Бадам зааныг сольж авчээ. Заан аваргатай барилдаж үзээгүй байсан ч нэг их айлгүй ороод ирэхэд нь дагуулж цохих бодолтой анаж барилдсан ч хальт цохиод унасан гэдэг. Тэр жил бол Дамдин аварга арслан Бадамсэрээжидийг үзүүрт хаяад "тэссэнгүй" гэж ярьсан түүхт жил ажгуу.

Үүнээс хойш Бадам заан 3 удаа улсад зодоглосон ч танхимын барилдаан ид эрчээ авч бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн үед хөдөө амьдарч буй бөх аргагүй ур чадвар дутаж дахин шөвгөрсөнгүй. Гэвч заан маань 1961 онд "Соёл" нийгэмлэгийн аварга шалгаруулахад Ж.Мөнхбат зааныг хаяж түрүүлж явсан удаатай. Заан ерөөсөө танхимд нэг л удаа 1961 онд барилдаж 4-ийн даваанд заан Ц.Санжааг амлан барьцгүй цохиж хаяхад Санжаа заан толгой сэгсрээд босч байсан гэдэг.

Дараа нь Бээжин аваргыг /заан цолтой байсан/ мөн цохиж хаяад Дамдин аваргад унажээ. Заан хуучлах нь "Жамъяндоржтойгоо л олон барилдсан. Шуудагдаад авбал би хаячих гээд байдаг. Шуудагт хүрэхээс өмнө намайг хаячихна. Жамъяндорж шилэн хүзүүн дээр буулгадаж дарна, өр нь хүчтэй, урагшаа унах дургүй, уг нь барилдахад амархан, олон юм ирэхгүй, дэгээдэхэд баргийн хүнийг шувт татаад л ирнэ. Арагшаа унамтгай, унах газраа хараад л яваад өгнө. Эхэндээ би олон унасан, сүүлдээ би түлхүү хаясан. Мижиддорж арслантай өгөө аваатайхан цөөн барилдсан. Бид хоёр цээжээрээ хэмжиж үзэхэд минийх нэг хуруу илүү байсан юм. Хойноос нь харвал тэр их өргөн. Мижиддорж өөдөө харж хэвтчихээд 32 кг-ын туухай өргөж байгаад дээрээс хаяад орхи гэдэгсэн. Голын цэнгэлдэхийг хаана гэж хэд хоног амраагаад барилдуулсан санагдана. 1955 онд юм л даа. 9 сарын 4-нд хэдэн бөх шатарчлан барилдацгаалаа. Батсуурь аварга, Бадамсэрээжид арслан, Мижиддорж заан, Дамдиндорж заан, Авхиа начин нар л лав байсан. Батсуурь, Мижиддорж, Авхиа гурав нэг нэг унаатай, адилхан цэрэг Мижиддоржоо түрүүлүүлэх санаатай би унаад өгчихсөн, дахиулахад нь бас унаад өгчихсөн.

Гэтэл хэрэг бишдэж дарга нар уурлаж нөгөө гурвыг ч барилдуулалгүй, бай шагналаа ч өгөлгүй тарлаа. Сүүлд сонинд "Батсуурийн өвчин Бадам заанд халджээ" гэж гарсан даа. Би ер нь золгоод авбал гар, цээжиндээ бяр гэмгүй байсан. Үргэлж залуу байх аятай юм бодоод байж л дээ! Одооных шиг ингэж ноцолдуулдаг байсан бол нэг их амархан унаад байх байсан нь юу л бол. Хор шар багатай л хүн байсан болоод байгаа юм аа даа. Хүн гуйвал сэтгэлд нэг эвгүй өрөвч юм оргилно, гомдчих вий гээд унаад өгнө, маргах аядвал бас тэгнэ. Сэтгэлд юм орохоор бяр гарахгүй. Уг нь надаас өөр хүн бол улам шатна шүү дээ! Ийм ч учраас би "бөх хүн даруу мөртөө, аатай байх учиртай" гээд байгаа юм. Энгийн үедээ даруу, барилдахдаа аатай гэсэн үг л дээ... Заан ийн хуучлаад "өөр юу билээ" гэсэн шиг хэсэг бодов. Тэгснээ "Дамдиндорж заантай хэд барилдсан, нэг ч их унаагүй байхаа, манай хүн их сүртэй, хүмүүс алга ташаад өгөхөөр улам ч галзуураад өгнө. Энэ л нөгөө барилдахдаа аатай байхын жишээ л дээ. Батсуурь аварга аагүй байсан, Дамдин аварга шиг бяртныг мэдэхгүй юм. Хот орж их барилдаагүй болохоор олон бөхтэй гар зөрсөнгүй дээ! Гүрбадам заан, Сугар начин нартай барилдаж л байсан. Харин сүүлд 1965-1966 онд Хайдав /начин/, Норов, Юүвээ, морьт Пүрэв /начин болоогүй/ нар ирж нөхөрсөг барилдаан хийхэд дөрвүүлэнг нь хаяж түрүүлсэн. Манайхаас Жамъяндорж арслан, Хишигсүрэн начин нар барилдсан л даа.

Зааны яриаг анзаарвал олон хүчтэнтэй, олон барилдалгүй залуу насаа өнгөрөөсөндөө нэлээд харуусдаг бололтой нь мэдрэгдэнэ. Бяр сорьж явсан эсэхийг нь сонирхоход өгүүлсэн нь "Тэшиг суманд ахындаа очих замдаа /1956 оны зун/ Ангилаг гэдэг газар Өндөр Гэндэн гэдэг манай нутгийн хүчтэн дээр үед морин дээгүүрээ давуулж шидэн хүчээ сорьдог байсан бөөрөнхий чулууг өргөж үзсэн. Тэр хүн их бяртай, Бөхөн шар гэдэг уулын бэлээс агнасан гахайгаа үүрээд орой өөд нь гарч байсан юм гэдэг. Тэр чулуу 150 кг орчим жинтэй бөөрөнхий, эвгүй чулуу байсан. Морин дээгүүрээ өргөөд давуулахдаа эмээлийн хярыг шүргүүлж жаахан гэмтээсэн гэлээ.

Балжингийн Бадам гэж ийм нэгэн бодь сайхан эр төрөлх Булган нутагтаа эмээл, тооно урлан, ан хийн эрүүл энх аж төрж сууна.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 7 сар 4. 8:50
Зочин

П0

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]