Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үлэг гүрвэлүүдийн Дэлхийг мөхөлд хүргэсэн сүүлт од бидний тооцсоноос ч холоос ирсэнУншсан58,740

Хэдэн арван жилийн турш үлэг гүрвэл яагаад мөхсөн шалтгааныг тайлбарлахдаа Ангараг, Бархасбадь гарагийн дундах бүсээс нэгэн бага гараг манай дэлхийтэй мөргөлдсөнөөс болж манай гараг дээр амьдарч байсан ихэнх амьтад үгүй болсон гэсэн онолыг бататган ашигласаар ирсэн билээ.

Б.Нямдолгор

Хэдэн арван жилийн турш үлэг гүрвэл яагаад мөхсөн шалтгааныг тайлбарлахдаа Ангараг, Бархасбадь гарагийн дундах бүсээс нэгэн бага гараг манай дэлхийтэй мөргөлдсөнөөс болж манай гараг дээр амьдарч байсан ихэнх амьтад үгүй болсон гэсэн онолыг бататган ашигласаар ирсэн билээ. Тэгвэл Харвардын Их Сургуулийн эрдэмтэд саяхан явуулсан судалгаагаараа үлэг гүрвэлийг энэ хорвоогоос “арчиж хаясан” тэрхүү биетийг та бидний бодож байгаагаас ч алс холоос ирсэн гэсэн онолыг дэвшүүлсэн байна.

Тодруулбал Бархасбадь гарагийн таталцлын хүч сүүлт одыг нарны аймгийн тойрог замд оруулснаар сүүлт од наранд ихээхэн ойртож, нарны татах хүч өнөөх сүүлт одыг хэдэн хэсэгт хуваажээ. Сүүлт одны зарим хэлтэрхий Дэлхийн тойрог замд орсон бол нэг нь Мексикт унасан. Тэдний дэвшүүлсэн шинэ онолоор бол энэ мөхөл нь манай дэлхийтэй ойрхон бага гарагаас болоогүй харин “Оорт үүл” бүсийн нарны системд харъяалагддаг сүүлт одноос болсон гэнэ.

Судлаач Сираж, Ави Лоеб нар өөрсдийнхөө анализын үр дүнд Бархасбадь гараг маш хүчтэй татах хүчтэй учраас “Оорт үүл” бүсээс ирсэн тойрог замыг удаан хугацаанд туулдаг сүүлт оддыг нартай маш ойрхон очтол нь түлхэх замаар замаас нь гаргадаг байсан гэж үзэж байгаа юм. Ийм төрлийн сүүлт оддыг “Нартай маш ойрхон зайд зөрж өнгөрдөг сүүлт од” гэж нэрлэдэг байна. Тойрог замыг удаан хугацаанд туулдаг нийт сүүлт оддын 20% нь нартай маш ойрхон зөрж өнгөрдөг агаад нарны асар хүчтэй татах хүч нь сүүлт одыг олон жижиг хэсэгт бутарган хуваадаг гэнэ.

Улмаар наранд ойрхон байгаа том хэмжээтэй сүүлт одод нарны татах хүчээр олон жижиг хэсгүүдэд хуваагдаж, хуваагдсан тэрхүү жижиг хэсэг нь Дэлхийтэй мөргөлдөх боломжтой байдаг гэсэн тайлбарыг Сираж хийсэн юм. Профессор Ави Лоебын эрдэм шинжилгээний өгүүллийг хамтран бичсэн Харвардын их сургуулийн одон орны физикийн ангийн оюутан Амир Сираж “Бархасбадь гараг яг л билльярдны ширээ шиг ажилладаг” гэж нэмж хэлсэн юм.

Чиксулуб тогоо

1970-аад оны сүүлчээр геофизикчдийн анх илрүүлсэн Юкатаны хойгийн Чиксулуб тогоог тус сүүлт од үүсгэсэн гэж үздэг билээ. Хэмжээгээрээ аварга энэхүү тогоо нь нарны системийн эхэн үед холбогддог балар эртний материал болох нүүрстөрөгчийн хондритоос бүтсэн байдаг бөгөөд дэлхийн гүн дэх боржин чулууг хайлуулан мегацунамийг үүсгэж, ууршсан чулуу, сульфат агаар мандалд цацагджээ. Энэ нь дэлхийн цаг уурыг өөрчилж, бүх амьд амьтныг мөхөхөд хүргэсэн гэж үздэг юм. Уг сүүлт од манай дэлхийг мөргөхдөө 1945 оны Хирошима, Нагасаки хотын атомын бөмбөгдөлтөөс хэдэн тэрбум дахин их энергийг ялгаруулсан гэсэн тооцоог өнгөрсөн жил Nature Communications шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлж байв. Тус бүсэд харъяалагддаг бага гарагуудын ердөө 10% нь л нүүрстөрөгчийн хондритоос бүтсэн гэж эрдэмтэд мэдээлээд байгаа юм. “Бидний таамаг дэлхийн түүхэн дэх хамгийн том батлагдсан тогоо, сүүлийн нэг сая жилийн хугацаанд бий болсон хамгийн том тогооны үүслийг тайлбарлаж байгаа юм.

Чиксулуб тогооны ер бусын найрлагыг шинжилж үзэн бага гарагийн бүсээс бус харин “Оорт үүл” бүсээс гаралтай болохыг нь нотолсон тус судалгааны ажлыг бичсэн Сираж, Лоеб нар найрлагын хувьд хоорондоо тун төстэй, 2 тэрбум жилийн өмнө Өмнөд Африкт үүссэн Вредефорт тогоо, сүүлийн нэг сая жилийн дотор үүссэн Казакстаны Заманшин тогоог судалгаандаа дурьдаж, сайтар судалж үзсэнийхээ эцэст сүүлт од 250-730 мянган жил тутамд манай дэлхийг ирж мөргөдөг гэсэн тооцооллыг гаргажээ. Чиксулуб тогоотой нэг үед үүссэн жижиг хэмжээтэй тогоонуудыг олж илрүүлснээс хойш 66 сая жилийн өмнө манай дэлхийг сүүлт одны хэлтэрхийнүүд ирж мөргөсөн гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байсан билээ.

Сираж, Лоеб нарын дэвшүүлсэн уг онолыг эрдэмтэн судлаачдын нэг хэсэг нь гайхсан байдалтайгаар хүлээж авсан бол нөгөө хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Колорадо мужийн Баруун өмнөдийн судалгааны хүрээлэнгийн дэлхий, одон орон судлаач Билл Боттке “Тэдний судалгааг асуудалтай гэж үзэж байгаа. Ганцхан жишээ л татахад тэдний санал болгосон загвар нь тойрог замыг удаан хугацаанд туулдаг сүүлт однуудыг нар ямар давтамжтайгаар задалдагийг буруу тооцсон байсан. Хэрэв энэ мөхлийг үнэхээр л сүүлт одноос үүссэн болгохыг хүсч байгаа юм бол тэгж чадах байх. Гэхдээ мэдээж хэрэг өмнөх онолуудыг няцааж өөрсдийнхөө зөв гэдгийг нотлох нь амархан байхгүй л дээ” хэмээн New York Times сонинд ярьжээ. Судлаачид өөрсдийн дэвшүүлсэн онолыг батлахын тулд ирэх жилийн анхны нар хамгийн түрүүнд үзэгдэх Чилийн Вера Рубины Судалгааны Төвөөс ажиглалтаа явуулж, сүүлт оддын талаар илүү их мэдээ баримт цуглуулан судалгаагаа цаашид гүнзгийрүүлэн явуулах бодолтой байгаагаа хуваалцсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]