Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Франц Гэлэнхүү буюу сүүлчийн үсрэлтУншсан6,021

Хүн өндрөөс биедээ гэм халгүйгээр үсрэн бууж болох зарчмыг аль эрт бодож олсон бөгөөд Леонардо да Винчигийн тэмдэглэлийн дэвтэрт энэ тухай бичсэн байдаг юм гэсэн.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүн өндрөөс биедээ гэм халгүйгээр үсрэн бууж болох зарчмыг аль эрт бодож олсон бөгөөд Леонардо да Винчигийн тэмдэглэлийн дэвтэрт энэ тухай бичсэн байдаг юм гэсэн. Дараа нь Фаусто Веранцио (1550-1617) гээч хүн да Винчигийн шүхэрлэн буух санааг нэлээд өөрчлөн сайжруулаад Братиславын Гэгээн Мартины сүмээс үсэрсэн тухай баримт бичиг бий . Гэхдээ олон түүхч, судлаачид яг үнэндээ ийм үсрэлт болоогүй гэж үздэг. Харин 1783 онд Луй Себастьян Ленорман гэдэг хүн шүхрээр үсэрсэн, амжилттай газардсан анхны хүн болсон ба чухам энэ хүн л парашют буюу шүхэр хэмээх үгийг бий болгосон билээ. (Para гэдэг нь латинаар эсрэг, харин Chute гэдэг францаар унах юм байна)

Нисэх онгоц, агаарын бөмбөлөг хөгжих хэрээр жижиг хэмжээтэй шүхрийн хэрэгцээ бий болж, олон хүмүүс энэ тал дээр ажиллаж байсан ч олигтой амжилтад хүрч байгаа хүн байсангүй.

Тэдний нэг болох Франц Рейнхельт гээч хүн 6 ам дөрвөлжин метр даавуугаар нуруундаа зүүж болох шүхэр хийсэн боловч энэ нь бараг 70 кг-ийн жинтэй болохоор бүтэлгүй зүйл гэдэг нь ойлгомжтой байв. Гэсэн ч Франц шантралгүй зүтгэсээр шүхрийнхээ жинг 25 кг болгосон төдийгүй шүхрийн эзлэх талбайг ч хоёр дахин нэмж чаджээ. Тэрээр онгоцноос, өндрөөс үсрэх боломжтой шүхэр бүтээсэн гэдэгтээ огт эргэлзээгүй бөгөөд боломжийнхоо хэрээр өөрийнхөө гэрийн ойролцоох өндөр юмнаас шүхрэндээ ачаа хийж хаяж туршсаар байлаа. Ганц ч оролдлого нь амжилттай болоогүй төдийгүй мань эр өөрөө үсэрч үзэн хөлөө хугалсан байна. Гэсэн ч энэ нөхөр  зөрүүдэлсээр байсан ба өөрийнхөө бүтэлгүйтлийг зөвхөн өндөртэй холбон тайлбарлаж байлаа. “Хэрвээ хангалттай өндрөөс үсэрч чадвал миний шүхэр бүрэн дэлгэгдэж, ямар ч аюулгүй газарт буух болно” гэж тэр ярьсаар.

Үүнийгээ батлахын тулд Франц Эйфелийн цамхгаас үсрэх зөвшөөрөл олон удаа гуйсан боловч зөвшөөрсөнгүй. Бүтэн жил шалж зовоосны эцэст иймэрхүү зүйл хариуцсан түшмэл нь зөвшөөрөл өгчээ. Гэхдээ Франц өөрөө үсрэхгүй, хүнтэй адил хэмжээний жинтэй ачаа зүүж хаяж болохыг л зөвшөөрсөн байна.

1912 оны 2-р сарын 4-ний өдөр Франц Рейнхельт Эйфелийн цамхагт хүрэлцэн ирэхдээ өөрийнхөө шүхрийг нуруундаа зүүсээр иржээ. Энэ шүхэр нь элбэг цув хэлбэртэй, биеийн хөдөлгөөнд ямар ч саад болохооргүй байсан ба гараа алдлахад л агаарын урсгалаар бүх шүхэр дэлгэгдэх ёстой байв. Франц тэнд цугласан сэтгүүлчдэд өөрийнхөө бүтээлийг танилцуулахдаа “энэ шүхэр 9 кг жинтэй, харин дэлгэгдэх үед 30 кв метр талбай эзэлнэ ээ” гэж хэлсэн нь тэрээр шүхрээ сайжруулах тал дээр ихээхэн амжилт олсныг харуулж байгаа хэрэг биз.

Ингээд ачаа зүүсэн шинэ төрлийн шүхэр цамхгаас хэрхэн буухыг харах гэж цугласан олон хүлээж байтал Рейнхель өөрөө нөгөө хувцастайгаа гарч ирлээ. Хэн ч харсан ачаа хаях биш харин Франц өөрөө үсрэхээр шийдсэн нь илт байлаа. Хэдийгээр Францын хажууд өчнөөн олон цагдаа, сурвалжлагч нар байсан ч тэдний хэн нь ч энэ хүнийг зогсоох оролдлого огт хийсэнгүй. Хүн бүхэнд одоо юу болох нь сонин байлгүй яахав.

Ингээд 57 метрийн өндөрт байгаа тавцан дээр гарч ирсэн Франц бараг 40 секундийн турш зогсож байгаад “эргэн уулзана аа“ гэж хашхираад үсэрлээ. Шүхэр задарсангүй.

Энэ үсрэлт кино хальсанд бууж үлдсэн бөгөөд хэрвээ та хүсвэл https://www.youtube.com/watch?v=FBN3xfGrx_U  холбоосоор орж үзэж болно.

Энэ явдлаас яг хоёр хоногийн өмнө Америкийн Фредрик Лоу гэдэг хүн Эрх чөлөөний хөшөөнөөс шүхрээр үсэрч эсэн мэнд буусан учраас Франц Райхель ийнхүү амиа золин үсэрсэн гэдэг.

P.S.

Шүхрээр үсэрч бүтэлгүйтсэн нэг ийм түүх байдаг, тэрийг нь дэлхий дахинд ярьдаг л юм байна. Харин манайд бас ийм юм болж байсан бололтой гэмээр юм байдаг гэдгийг олон хүн бүдэг бадаг мэдэж байгаа байх. Бямбын Ринчен гуайн бичсэн “Шүхэрч Буниа” зохиолд Тэнгэрийн тэтгэсэн хааны 10-р онд нэгэн хүү сүмийн оройгоос өөрийн хийсэн шүхрээр үсэрч буудаг, өглөө болгон ингэдэг байсан тухай гардаг. Ринчен гуай энэ тухай бичихдээ “Улиастайн амбаны хуучин данс бичиг байсныг сонирхон сөхөж үзэхэд Тэнгэр тэтгэсэн хааны бичиг хэргийн дансанд Эрдэнэ зууд шүхэр хэрэглэж ниссэн банди Буниаг торлогдон шийтгэсэн учрыг мэдүүлсэн бичиг үзэж, Европт Отто Лилиенталь гэдэг герман хүн анх шүхэр хэрэглэж нисэхийг оролдсоноос аль эрт Эрдэнэзууд нэг ядуу жаал банди Буниа, цовоо ухаан санаагаараа шүхэр хэрэглэж нисэх гэж оролдоод торлог даасангүй нас барсныг Улиастайн амбанд айлтган мэдэгдсэн бичгийг гашуудан үзсэн билээ” гэсэн нь бий.

Ринчен гуай худлаа зохионо гэж үгүй. Дээрх бичигт алдаа мадаг байгаа ч (Отто Лилиенталь нь шүхрээр үсрээгүй, планер загварын онгоц маягийн зүйлээр анх өндрөөс нисэн буусан хүн) ийм явдал болсон тухай бичиг баримт харснаа, бүр байцаалтынх нь тэмдэглэлийг уншсанаа ч бичсэн байхыг бодоход үнэхээр тийм зүйл болсон бололтой.

Хэрвээ үнэн бол Тэнгэр тэтгэсэн хааны 10-р он гэдэг маань 1745-46 он болж таарах нь. Луй Себастьян Ленорман 1783 онд!

Бас нэг юм...

Гэлэнхүү гэдэг хүний тухай олон хүн л сонссон байж таараа. 1910-аад оны үед ч юм уу, 1920-оод оны үед ч юм уу...бүр 32 онд ч юм уу, Хөвсгөл ч юм уу хаа нэгтээ  нэг ийм хүн байгаад шүхэр хийж  өндрөөс үсэрч сүрэг хониныхоо дээрээс бууж гэмтэж бэртээгүй юм гэнэ лээ...

Хайлтын системээр Гэлэнхүүгийн тухай хайхад Монгол дээр ямар нэг үлгэр ч юм уу, эсвэл зүгээр нэг цуу яриа шиг л юм харагдах бол Орос сайт дээр бага сага юм байна лээ.  Уг нь манай түүх биз дээ...гэхээс өөр юу хэлэх вэ дээ. Түүхчид минь дээ...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]