Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Казахстан дахь цөмийн хар дарсан зүүдУншсан39,808

Хүйтэн дайны үеэр дэлхийн нийт цөмийн туршилтын дөрөвний нэг орчим хувийг Казахстан улсад нууцаар хийж байв.

Хүйтэн дайны үеэр дэлхийн нийт цөмийн туршилтын дөрөвний нэг орчим хувийг Казахстан улсад нууцаар хийж байв. 1986 онд Украины Чернобылд болсон цөмийн гамшиг л энэ байдлыг өөрчилжээ.

Далан жилийн тэртээ буюу 1949 оны 8 дугаар сарын 29-нд Зөвлөлтийн харьяанд байсан Казахстан улсын алслагдсан буланд болсон РДС-1 нэртэй цөмийн туршилт нь дэлхий дахиныг цөмийн Армагедоны аюул заналд ойртуулсан Хүйтэн дайныг эхлүүлсэн юм. Түүнээс дөрвөн жилийн өмнө АНУ Япон улсад атомын бөмбөг хаячихаад байв. ЗХУ цөмийн зэвсгийн өрсөлдөөнд алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд асар их мэрийсний эцэст дөрвөн жилийн дараа ийнхүү АНУ-тай эн зэрэгцэж ирсэн нь энэ юм.

Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг доргиосон энэ дэлбэрэлт дараагийн дөчин жилийн хугацаанд тэнд туршсан нийт 456 цөмийн дэлбэрэлтийн ердөө эхнийх нь байлаа.

Орост Первая Молния (Анхны Цахилгаан), харин Америкт “Жое-1” (Иосиф Сталиныг егөөдсөн нэр) гэж нэрлэгддэг энэ дэлбэрэлтийн үеэр нийт 22 килотонн, өөрөөр хэлбэл 22,000 тонн тротил (TNT) цөмийн энерги агаар мандалд цацагдсан байдаг. Улмаар дараагийн дөч гаруй жилд Семипалатинскт дэлбэрсэн цөмийн бөмбөг нь 1945 оны Хирошимагийн дэлбэрэлттэй харьцуулахад 2500 дахин их энергийг ялгаруулсан байна.

Мөөгөн үүл

Семипалатинск орчимд амьдарч буй тосгодын иргэдийн ой дурсамжид тэдгээрийн хүүхэд насанд тэнгэрийн хаяанд үзэгдэж байсан мөөг хэлбэрт дэлбэрэлтийн үүлнүүдийн талаархи аймшигт дурсамж өнөө хүртэл хадгалагдсаар байдаг аж. Цөмийн туршилтуудын анхны жилүүдийн талаар 1949 онд төрсөн Галина Торношенко “Бид гадагш гарч, ухсан нүх шуудуунд нуугддаг байсан. Бид маш том, аймшигтай мөөгөн үүлнүүдийг харсан”, “Би тухайн үед балчир хүүхэд байсан ч тэр явдлыг сайн санадаг” хэмээн өгүүлжээ.

2016 онд Знаменка нэрт хавтгай, цасархаг газар бүхий тосгонд тэр надтай өөрийн дурсамжуудаасаа хуваалцсан юм. Нар гялбасан ч маш хүйтэн гуравдугаар сарын нэгэн өдөр (Сибирийн өмнөд хэсгийн Казахстаны энэ газар нутагт хаврын улирал орой эхэлдэг). Тосгоны олон иргэд ижил төстэй түүхүүд ярьж байв. Туршилтын өмнөхөн “Газар хөдлөлт болох гэж байгаа тул гадаа гудамжинд гарна уу” гэж радиогоор зарладаг байжээ. 1963 онд агаар мандалд цөмийн туршилт хийхийг хориглосноос хойш туршилтуудыг зэргэлдээх уулнуудын дор ухсан хонгилд, газар дор явуулах болов. Дэлбэрэлт болох үед  хэдийгээр амь насанд аюултай хэмжээний цацраг идэвхт туяанд хордож буйгаа мэдээгүй байсан ч нутгийн иргэдийн эрүүл мэндэд аюултай гэж үзсэн тэр зүйлээс багш нар хүүхдүүдийг эсгийгээр бүтээж хамгаалдаг байсан тухай казакуудын дурсамж их ажээ.

Хүйтэн дайны үеэр Казахстанд Семипалатинскийн ойролцоо полигон байрлуулсан нь дээд зэргийн нууц байв. Түүний гол төв нь Зөвлөлтийн үеийн газрын зураг дээр Конехная буюу “Сүүлийн зогсоол” хэмээн тэмдэглэгдсэн “Семипалатинск-21” нэртэй тосгонд байрлаж байсан. Туршилтын талбай тэнд байсан талаар дийлэнх хүмүүс мэдээгүй ба хаалганы гадна дэлбэрэлт болж буйг сэжиглэсэн хэн болгоныг чимээгүй байхыг зөвлөж байв. 1970-аад онд болсон зүйл цөмийн дэлбэрэлт байсныг одоо л мэдсэн Семипалатинскийн иргэн Сэсэнбэе Зантемиров “Чи айсан ч бай, үгүй ч бай чамд ямар ч сонголт байхгүй. Хэрэв чи тэр талаар яривал тэд ирээд амыг чинь хамхиулна!” гэв. 

Хүн - Усан гахай

Семипалатинскийг хэрхэн туршилтын талбай болгон сонгосон бэ? Тохиромжит байршлыг хайх явцдаа тэд тухайн үеийн ЗСБНУ-уудын нэг ЗСБНКазахстан улсын зүүн хойд хэсэгт байрлуулахаар тогтжээ. Цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн газрын дарга Лавренти Берия өөрийн биеэр Семипалатинскийг ирж үзээд уг газрыг “хүнгүй” гэж тунхаглав. Түүний буруу байлаа. Казахстаны аж үйлдвэрийн зүрхэн хэсэгт байрлалтай Семипалатинск нь 18,500 километр квадрат газар нутагтай, одоогийн Сэмэе хотоос 120 км зайтай, Казахстан болон зүүн Оросын бусад хотуудаас холгүй ба олон тосгод, суурин газруудын ойролцоо байрладаг байв. Туршилтын үеэр Казахстан ба Оросын Сибирийн хойд, өмнөд хэсгийг цацраг идэвхт дэлбэрэлт нөмрөн авах үед багаар бодоход хэдэн зуун мянган хүн хорт туяанд өртөж, тэндхийн оршин суугчид нь “хүн-усан гахай” болж эхэлсэн байдаг. Бод малд илэрсэн халдварт өвчнийг судалдаг байсан “Бруцеллёзын эсрэг Диспансер-№4” нэрт судалгааны төв нь үнэндээ цацраг хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судлахаар бий болсон байжээ.

Полигон хаагдсанаас гуч орчим жилийн дараа ч хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй байгаль орчинд дэлбэрэлт хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ тэдгээр туршилтууд нь олон төрлийн хавдар, бусад өвчин эмгэгүүдийг дагуулсан талаар баримт нотолгоонууд бий. Мөн хибакуша (Хирошима ба Нагасакигийн дэлбэрэлтэд өртөгсдөд бий болсон сэтгэлзүйн эмгэгийг нэрлэдэг япон үг)-тай иргэд олон болж, Казахстаны цөмийн туршилтын хохирогч нар одоо ч зовж шаналсаар байгааг судалсан байдаг. Туршилтыг 1989 онд зогсоосон ч гэсэн Семипалатинскийн цөмийн туршилт тэндхийн бүх хүмүүсийн амьдралыг үгүй хийсэн билээ.

Жаннур Жумагелдинагийн талаар өгүүлье. Тэрээр 1992 онд полигон бүрэн хаагдсанаас нэг жилийн дараа Олжабая гэх тосгонд төрсөн ба тархины саажилтаар илэрдэг мэдрэлийн эмгэг болох микроцефали болон түүнийг саажилттай болгоход хүргэсэн нуруу нугаламын муруйлт буюу кифосколиоз өвчнөөр шаналж байгаа. Цацраг туяаны улмаас үүссэн эдгээр гажигууд Жаннурт оношлогдох үед түүний ээж Майра полигоны талаар огт мэдээгүй байжээ. Гэтэл тэрээр бүхэл амьдралынхаа туршид яг дэргэдээ байгаа цөмийн бөмбөгийн туршилтын нөлөөнд өртсөөр, хэзээ ч эргэшгүй аймшигтай үр дагаврыг ийнхүү авчээ. Майра охиныхоо саажсан хөдөлгөөнгүй мөчүүдэд иллэг хийх зуураа “Жаннуркаг 15 сар хүртэл би полигон байсан гэж сонсоо ч үгүй явсан” хэмээн өгүүлэв. “Миний нөхрөөс эхлээд эмч нар, хадам ээж гээд бүгд л намайг охиноо хаях хэрэгтэй гэцгээж байсан”. Ганц бие ээж Майра сүүлийн 27 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй болсон охиноо асран Семипалатинск дахь жижиг, түрээсийн байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээр амьдарч байна.

Гамшиг

ЗСБНХУ-ын нөгөө талд Семипалатинскаас 4000 километр зайтай Чернобылийн осол болох хүртэл Кремль цөмийн зэвсгийн хөтөлбөр юм уу цөмийн эрчим хүчний хэрэглээний давуу болон сул талуудыг ярилцахыг цээрлэж байлаа.

1986 оны хоёрдугаар сард Зөвлөлт Украин улсын Эрчим хүчний сайд Виталий Скляров “Уналтын (Зөвлөлтийн цөмийн хүчний байгууламж) магадлал 10,000 жилд нэг тохионо” гэж итгэлтэйгээр мэдэгдэв. Үүнээс хоёр сарын дараа Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч, дэлхийн түүхнээ хамгийн аймшигт цөмийн гамшиг болсон билээ.

1986 оны 4-р сарын 26-нд атомын цахилгаан станцын реактор дэлбэрч, хэдэн мянган километрт цацраг тархаж, олон хүний аминд хүрсэн юм. Эхлээд Кремль үүнийг нууцлах гэж оролдсон ч дэлбэрэлтээс хоёр хоногийн дараа Швед улсад цацрагийн түвшин огцом нэмэгдэж, улмаар Европын орнуудад ил болсон юм. Эрх баригчид нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ч хожимдсон байлаа. Чернобылийн дэлбэрэлтийн улмаас нийт хичнээн хүн нас барж, хэд нь ор сураггүй болсныг бид одоо ч мэдэхгүй. Судалгаануудад 200,000 хүртэл гэсэн тоо гарсан нь бий.

Чернобылийн эмгэнэлт явдал ЗХУ нуран унахад ч томоохон түлхэц болсон юм. Перестройкагийн нөлөөгөөр 1989 онд Семипалатинскаас цацраг идэвхт хий алдагдсаныг олж илрүүлсэн ба үүний дараа цөмийн туршилтын эсрэг олон нийтийн эсэргүүцэл Казахстанд бий болов. Яруу найрагч Олжас Сулеймановын тэргүүлсэн “Невада-Семипалатинск” (Зөвлөлт ба АНУ-ын туршилтын талбай) нэртэй хөдөлгөөн дэгдэж, цөмийн туршилтын эсрэг олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ хөдөлгөөн нь Казахстаны хамгийн хүчирхэг улс төрч, Зөвлөлтийн улс төрийн гялалзаж буй од байсан Нурсултан Назарбаевын дэмжлэгээр явагдаж байсан ба тэрээр 1989 онд Бүгд Найрамдах Казах улсад Кремлээс зөвшөөрсөн удирдагч болсон билээ. Тэрбээр 1991 онд Казахстан улсыг тусгаар тогтнолд хүргэсний дараа 2019 оны 3-р сард огцрох хүртлээ гучин жил төр барьсан.

Аймшигт үе залгамжлал

1989 оны 10-р сарын 19-ний өдөр, анхны цөмийн туршилтаас дөчин жилийн дараа, дэлхий даяарх нийт цөмийн туршилтын дөрөвний нэг тэнд явагдсаны дараа Семипалатинск хотод хамгийн сүүлийн цөмийн төхөөрөмж дэлбэрсэн. 1991 оны 8-р сарын 29-нд Семипалатинск хотод туршилт хийхийг хойшлуулснаас хоёр жилийн дараа, Зөвлөлт Улс нуран унаж, Казахстан улс тусгаар тогтнох тэр мөчид Назарбаев полигоныг үүрд хаасан. Тэрээр мөн нийт 1410 байлдааны цэнэгт хошуу бүхий тактикийн зэвсгүүдтэй, энэ үзүүлэлтээрээ дэлхийд 4-рт бичигдэх Казахстаны цөмийн агуулахаас татгалзсан байдаг.

Өнөөдөр Казахстан улс АТОМ (“Туршилтыг зогсоох - Бидний Зорилго”) төслөөрөө цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна. АТОМ-ын төлөөлөгч Карибпек Куюков нь Семипалатинск хотод үүссэн цацрагийн нөлөөгөөр төрөлхийн гаргүй төрсөн ба одоо өөрийн хөл, амыг ашиглан уран зураг зурдаг ажээ. Цөмийн туршилтыг зогсоогоод 30 жил өнгөрсөн хэдий ч түүнийхтэй адил амьдралын түүхүүд Казахстан улс болон ард иргэдэд, цаашдын үе залгамжлагч нарт ч аймшигт түүхийг хэдэн зуун биш ч хэдэн арван жилийн турш сануулсаар л байна.

Орчуулсан Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 12 сар 12. 22:49
Зочин Michika

би энийг уншиад зарим нэг юум мэдсэн

2022, 12 сар 12. 22:47
Зочин Michika

маш гоё байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]