Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүсгүйчүүдийн ширээнд нэмэгдэх "Шилмэл шүлгүүд"Уншсан5,153

Михаил Басманов бол амьдрал ахуйн жирийн нэг зүйлсийг сэтгэл татам сайхнаар урлан бичдэг, уян зөөлөн сэтгэлтэй, амьдралд туйлын хайртай, дорнын яруу найргийг шүтэн биширдэг хүн байжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Монголын шүлэг найргийн ертөнцөд нэгэн шинэ ном мэндэлсэн юм. Энэ бол Зөвлөлт, Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Михаил Иванович Басмановын "Шилмэл шүлгүүд". Басманов бол Хятадын эртний уян тансаг яруу найргийн өв сангаас Зөвлөлт, Оросын уншигчдад шүүрдэн хүргэсэн нэртэй дуун хөрвүүлэгч бөгөөд яруу найрагчийн хувьд ч яндашгүй авьяас билэгт нэгэн аж. Түүний шилмэл шүлгийн түүвэр зохиогчийн ертөнц, хүн байгалийг үзэх үзэл, амьдралын утга учир, хайр сэтгэл, дайн ба энхийн тухай чамин тансаг хэрнээ эгэл энгийн бодролуудыг танд хүргэх болно. 

Ерөөс Басмановын шүлгүүдийг уншвал таны оюун санаа түрхэн зуур ч атугай бодрол бясалгалын ертөнцөд умбана. Нэг ёсондоо энэхүү ном нь яруу найргийн тайвшруулах эм л гэсэн үг.

Энэ онд Михаил Иванович Басмановын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэмдэглэлт ойд нь зориулж шүлгийн ном нь монгол уншигчдын гар дээр очих болсон бяцхан түүх бий.

Номыг Монголын уншигчдад хатагтай Гончигдагвын Наранцэцэг, орчуулагч Намжилдоржийн Түмэндэлгэр нар өргөжээ. Г.Наранцэцэг номынхоо өмнөтгөлд бичихдээ "...Миний хань Цогсүрэнгийн Ганболд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт Ерөнхий консулаар томилогдон ажиллах болсноор манай гэр бүлийн хувь тавилан цөөнгүй сэжмээр Азийн санхүүгийн төв Хонконгтой холбогдсон билээ. Энэ гайхалтай газар бид олон шинэ найз нөхөдтэй болсны дотор ОХУ-ын Ерөнхий консул Владимир Калинин, түүний гэргий, хатагтай Татьяна Калинина нартай дотно сайхан нөхөрлөсөн юм.

 

Танягийн аав Зөвлөлтийн дипломатч, хятад хэл, соёл судлаач, орчуулагч, яруу найрагч Михаил Басманов гуай ирээдүйн хүргэнтэйгээ нэгэн адил манай эх оронд ирж 4 жил дипломат албанд зүтгэсэн бөгөөд 1965-1969 онд Улаанбаатар дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхийн өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан гэдэг.  

Танягийн ачаар би аавынх нь уран бүтээлийн өвтэй танилцаж билээ. Түүний Хонконгт бэлэглэсэн аавынх нь шилмэл шүлгийн түүврээс “Любовь моя Монголия” гэсэн сэтгэл хөдөлгөм мөр олж, түүнээс хөөж шүлгүүдийг нь уншсаар нэг л мэдэхэд амьд ахуйд нь хэзээ ч зүсийг нь харж, гар барьж үзээгүй Оросын яруу найрагч агсан Михаил Басманов гуайн шүтэн бишрэгч болсон юм. Өөрөө түүний шүлгүүдийг таалаад зогссонгүй өргөн олон монголчууддаа уншуулахсан гэх далдхан хүсэл намайг эзэмдэж, Ленинградын Инженер-эдийн засгийн дээд сургуульд цуг сурч байсан, бичиг соёлын торгон мэдрэмжтэй Намжилдоржийн Түмэндэлгэртээ шилмэл шүлгийн түүврийг нь монгол хэл рүү буулгаж өгөөч гэх хүсэлт тавьж, Түмээ маань түүнийг хичээнгүйлэн хөрвүүлснээр уншигч олондоо Басманов гуайн шүлэг найргийн охь дээжээс танилцуулах учрал ерөөл  бүрдлээ.

Бүр багадаа аав ээжээсээ өнчирч, хагацал зовлон дундуур хатуужин өндийж, дэлхийн хоёрдугаар дайны үхэл сэхэл зэрэгцсэн халуун фронтод холбоочин офицероор 4 жил тулалдаж, 1945 оны ялалтын баяртай эсэн мэнд золгож, Зөвлөлтийн дипломат албанд лавтайяа 20 жил тасралтгүй зүтгэсэн Михаил Басмановын уран сэтгэмжийн ертөнцөд уншигч авхай Та саатан зочлоно уу" хэмээжээ.

Харин орчуулагчийн зүгээс "Михаил Басманов бол амьдрал ахуйн жирийн нэг зүйлсийг сэтгэл татам сайхнаар урлан бичдэг, уян зөөлөн сэтгэлтэй, амьдралд туйлын хайртай, дорнын яруу найргийг шүтэн биширдэг хүн байжээ. Түүний шүлгүүдийг уншиж байхад сэтгэл сэргэн инээмсэглэмээр, өөрийн эрхгүй харамсан шүүрс алдмаар, сэтгэл өвдөн нулимс унагамаар мөрүүд олонтоо тааралдана" хэмээн Оросын нэрт яруу найрагчийг тодорхойлжээ

Шүлэг найргийн хорхойтон уншигчдадаа Мартын 8-ны өдрийг тохиолдуулан уг номоос найман шүлгийг толилуулж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр хайртай дотны хүмүүсийнхээ ширээний номыг эргэлзээгүй Михаил Басмановын "Шилмэл шүлгүүд"-ээр нэмэх биз ээ.

***

Зэгзгэр агч моддын алтан навчсыг намар

Цэцэрлэгийн чөлөөнд атга атгаар шидлэнэ

Хорвоогийн жамыг өөрчлөх ч биш дээ

Хичнээн хүсэвч зун нэгэнт дуусчээ.

 

Ирж буй намар цаанаа л нэг зэврүүн

Ивээлт наран ганц удаа ч харагдсангүй

Гэмээ цайруулах мэт түмэн өнгөөрөө

Ганц сайн биднийг баярлуулахыг хүсчээ.

 

Өглөгч сэтгэлийнхээ гүнээс дэлгэсэн

Өгөөмөр бэлгэнд чинь бахдаад ханашгүй

Өөрийн чадлаар чамайг би магтъя

Үнэн сэтгэлээсээ чамд би талархая.

 

Магтах дуу минь гунигтай байж мэдэх ч

Магадгүй цагаа сайн олоогүй байж мэдэх ч

Навчин бороогоо оруулж дуусаад л шууд

Нарийн аалзны тор унаад чи одно шүү дээ.


***

Галт тэрэгний тавцан дээр хөл хөдөлгөөн болж

Илчит тэрэгнүүд сүлжилдэж байна

Цахилгаан тэргэнд суухаар ирсэн зорчигчид

Цагтаа амжиж суудлаа эзлэхээр яарцгаана.

Уяхан хонгор минь хоёулаа ч гэсэн бас

Урьдын адил буудлын цагны дор болзож

Алсаас ирсэн энэ хүмүүсийн дунд ороод

Аль нэг тийшээ хурдлан давхих юм бишүү.

Хаашаа гэж үү? Хаашаа  ч яадаг юм!

Хусан ой руу эсвэл хэн нэгний зуслан руу

Дөнгөж арван долоон настай юм шиг

Дуусах хугацаагүй амьдрах юм шиг

Хэлж загнах, хардаж зовоох хэн нэгэн

Хорвоо дэлхийд огт байхгүй мэтээр

Дэлгээтэй цонхоор харж байгаад л

Дайралдсан газраа таагаад буучихья.

***

Ирсэнгүй. Нумалсан хөмсөг мэт саран

Нойрссон айлуудын дээрээс мэлтийнэ

Хоёулаа энд дахиж уулзалдахгүй нь

Хамтдаа байж чадашгүй нь харамсалтай.

Ирсэнгүй. Түрүүчийн одод өндөр тэнгэрт

Түгэн асаад анивчиж эхэллээ

Ойлгож байна би чамайгаа

Одоо ирэхэд дэндүү оройтсоон.

 Ирсэнгүй. Үүрийн гэгээ цонхоор шагайж

Өглөө шувууд сэрж эхэлж байна

Нарны хэт хурц гэрэлд гялбасан

Нүд минь аяндаа анилдаж байна.

 

***

Хөхөө шувууг донгодоод эхлэхэд

Хэд наслахаа асууж би амжсангүй

Хөхөө надад их ч үгүй бага ч үгүй

Арван жил, бас нэмж таван жил өглөө

 Би баахан бодлогошров, бас сандрав

Баттай үнэн нь аль нь юм бол?

Ямартай ч гэсэн би чинь тэгэхлээр

Яах аргагүй хэдэн жил амьдрах нь ээ!

Хөвч дэлхийгээ харан баясаж

Хийх ажилдаа шамдан орж

Бага залуудаа хийж чадаагүй

Бал сараа ч бас тэмдэглэнэ шүү.

 Бас болоогүй ээ, олон шүлэг бичиж

Бахдам залуу насаа гэгээнээр дурсана

Хангалттай олон нас зөгнөснийх нь төлөө

Хөхөө шувуунд ч талархлын шүлэг бичнэ.

Залуу насанд

Тэврэлтээс минь зайлсхийгээд “Үгүй” гэсэн

Тэр л өдрийг би маш сайн тогтоосон

Үнэхээр гомдсон би тэгэхэд “Өмс” гээд

Үрчийсэн дугуй малгайгаа л чамд өгсөн.

Нулимс ч дусаалгүйгээр орхиод явахад чинь

Нэрээр чинь дуудаж араас чинь очилгүйгээр

Тэвэрч аваад бут руу ч аваачилгүйгээр

Тэр чигээрээ дуусгасан нь дээр байсаан.

 

Хар дайнаас бүүр өмнө ийм зүйл болсон

Хэтэрхий их бүрэг байж дээ би тэр үед

Үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан болохоор

Өөрөөр байж чадаагүй юм даа тэгэхэд би.

 

***
Хаалга түгжээтэй. Манайд ирэх хүн байхгүй.

Хэн ч намайг энд хайж ирэхгүй нь бололтой

Хэн хүнд, бурханд хүртэл мартагдсан гэртээ

Хүний нүднээс далд одоо би амьдарч байна.

Фауст, Тао Цянь, Гесиод нарын нэгэн адилаар

Хэзээ ч дуусдаггүй хэвшмэл бүхнийг үүрд орхиод

Хувь заяаныхаа эргэлтийн сүүлчийн өдрүүдийг

Хоромхон энэ амьдралтай ураг барилдуулж байна.

Модоо би суулгасан, цөөрөм лайдаж цэвэрлэсэн

Мод гөлөглөн нахиалах, нар ургахад би баярладаг

Мөнхийн гариг, салхи, хур усны жамыг би дагадаг

Нар жаргахад унтаж, мандахад нь би босдог.

Өглөө босоод гэртээ би аар саархныг урлана...

Өнөөх зүйл маань харин яггүй болсныг хараад

“Өчүүхэн төдий зогсооч агшин, хичнээн чи сайхан юм!” гэж

Үүрийн гэгээг ширтэнгээ өөрийн эрхгүй дуу алддаг.

Хэрлэн голын орой

Орой. Голын дагуух дов толгод.

Хацар нүүрийг минь ороолгон чавхдах

Халиуран намилзах туяхан хулснууд

Хангай нутгийн хаврын анхны элч

Хөл дор сагсайх хөх яргуй гээд

Ховорхон гайхамшгийг чи минь төсөөл

Анхилуун, энхрийхэн, ухаалаг түүнээс өөр

Алагхан цэцэг энэ ертөнцөд үгүй!

Гунигтайгаар инээвхийлэн цэцэгсийг ширтээд

Гилбэлзсэн дэлбээнүүдийг нь би зөөлөн илбэв...

Анхны яргуйд чи минь хичнээн дуртай билээ

Амраг чи минь надаас даанч хол байна даа!

 

***

Цээнэ цэцгийн ягаахан дэлбээн дээр

Цагаахан сувд мэт шүүдэр гялалзана

Цэцэрлэгийн зөргөөр алхаж явсан бүсгүй

Цэмцгэрхэн түүнийг тасдан авлаа.

Хайрт залуугийнхаа өөдөөс хараад

"Цээнэ цэцэг бид хоёрын алиныг нь

Цэгнэж чи илүү таашаах вэ?" хэмээн

Царайлаг бүсгүй овжноор асуулаа.

Залирхаг асуултад нь тааруулаад залуу:

"Чи үнэхээр хүсээд байвал хариулъя

Чин үнэнээ яг хэлэх юм бол

Чамин цээнэ үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэлээ.

Барьц алдан сандарсан бардам бүсгүй

Байж ядсандаа гараа уурлан базалж

Залуугийн нүүр рүү цэцгээ шидчихээд

Зөрөг замаар цааш гүйх шахам одов.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 8. 14:42
А.Лхагва

Нараа эгч минь сэдэж санаачлан сайхан үйл бүтээжээ. Эрдэм номын гэгээ цалгисан сайхан гэр бүлийн "хатан хаан", нутгийн эгч минь дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтсэн бүсгүй билээ. Монголын уншигчдад яруу тунгалаг шүлгийн гэгээ түгээсэн эрхэм бүсгүйчүүддээ төгөлдөр баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
"Сарны дарс"-тай найрагч. 2018.03.08.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]