Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэнгисийн хаан БарбароссаУншсан20,602

Тэрээр Грек улс дахь Паллайокипос тосгонд албани гаралтай сипах Якуп Ага болон үнэн алдартны шашинтан грек эмэгтэй нарын хүү болон мэндэлжээ.

Османы тэнгисийн цэргийн жанжин Хайреддин Барбаросса пашаг далайн дээрэмчдийн хаан ч гэж нэрлэдэг. Түүнийг паша болгон өргөмжлөхийн өмнөх жинхэнэ нэрийг Хизр Рейс гэдэг байв. Барбароссагийн тэнгисийн цэргийн олон олон ялалтууд нь 16-р зууны дунд үеийн турш Газар дундын тэнгист Османы эзэнт гүрний давамгайллыг тогтоон барьж байв. Түүний Хайреддин (Араб хэлнээ Khayr ad-Din буюу “туйлын итгэл найдвар” гэсэн утгатай) хэмээх нэр алдрыг Османы эзэн хаан Сулейман өөрөө өргөмжилжээ. Төрсөн ах Оруч Рейс нь Алжир улсад Испанийн эсрэг тулаанд эрсэдсэний дараа Хайреддинд “Барбаросса” (италиар “Улаан сахалт” гэсэн үг) нэр залгамжлагдан ирсэн ба энэ нэрээрээ Европт алдаршсан юм.

Тэрээр Грек улс дахь Паллайокипос тосгонд албани гаралтай сипах Якуп Ага болон үнэн алдартны шашинтан грек эмэгтэй нарын хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх хоёр охин, дөрвөн хүүтэй байв. Хизр өсөж том болоод ваарчин болж, бараа бүтээгдэхүүнээ худалдаалах завь худалдаж авав. Эцгийнхээ худалдаа наймаанд дөрвөн хүү нь ханцуй шамлан тусалж байсан гэдэг.

Оручийн үе

Удалгүй Османы эзэнт улсын цэрэгт ах дүү дөрвүүл татагдаж, тэнгисийн дайн тулаанд оролцож эхлэв. Оруч ах нь усан онгоц амжилттай жолоодож сурсны ачаар дүү нар нь Османы хөлөг онгоцон дээр чухал байр суурь эзлэх болжээ. Улмаар ах дүүс өөрсдийн гэсэн байлдааны хөлөг онгоцтой болж Газар дундын тэнгист "Гэгээн Ионны баатрууд" хэмээн алдаршсан, Османы худалдааны хөлгүүдийг үргэлж түйвээдэг байсан далайн дээрэмчдийн эсрэг амжилттай тулалдах болов. Триполийн орчимд болсон тэнгисийн нэгэн тулалдаанд дүү Ильяас нь алагдаж, ах Оруч олзлогдож гурван жилийн турш цайзад хоригдсон гэдэг. Ахынхаа хоригдож байгаа газрыг олж мэдсэний дараа Хизр нөхдийн хамт зүсээ хувирган дайсныхаа газар нутагт нэвтрэн орж, маш өндөр чадвартай тулааны урлаг эзэмшсэнийхээ ачаар амжилттай чөлөөлж чаджээ.

Оручийн хоригдож байсан Бодрум цайз

Дүүгийнхээ ачаар эргэн ирсэн Оруч цол зэрэг ахиж, Османы эзэнт улсын ханхүү, шехзаде Коркутын хараанд өртөж, шагнал болгосон 18 хөлөг онгоц бүхий флоттой болж "Гэгээн Ионны баатрууд"-ыг дайлаар мордохоор явав. Газрын дундад тэнгист хэд хэдэн амжилттай тулааныг өрнүүлсний дараа ханхүү Коркут 24 хөлөг бүхий илүү том флот захируулж Италийн Апулиа руу довтлохыг тушаав. Оруч эргийн хэд хэдэн цайзыг довтолж, хоёр усан онгоцыг олзоллоо. Гэтэл Оручийн ивээгч болох Коркут Стамбулыг орхин Египет рүү зугтав. Учир нь Османы эзэнт улсын хаан ширээ залгамжлах ёсоор I Селим султан болсноор алагдахгүйн тулд Коркут ханхүү зугтсан байжээ. Коркутын ойрын хүнд тооцогдож байсан тул Оруч ч мөн шинэ султанаас эмээж Египет рүү хөлгийнхөө жолоог эргүүлсэн юм.

1503 онд Оруч Венецийн гурван хөлөг онгоцыг булаан авч, үйл ажиллагаагаа Газар Дундын тэнгисийн баруун хэсэгт шилжүүлэв. 1504 онд ах дүү нар Тунисийн султан Абу Абдуллах Мухаммед Хамисын дэмжлэгийг авч томоохон флот босгож чадлаа. Ах дүүс хамтдаа Англи, Испани, Францын эсрэг хэд хэдэн ялалтуудыг тэнгист байгуулснаар муслим гаралтай далайн дээрэмчид тэдэнтэй олноор ирж нийлж эхэллээ.

1510 оноос эхлэн ах дүү гурвуул Сицили, Италийн өмнөд хэсэгт орших Реджио Калабрия, Испанийн Андалусын эрэг, Лигуриа, Алисанте зэрэг олон олон газруудыг уулгалан довтлов. Ах дүүс сүүлдээ тэнгисийг бүрэн хяналтдаа авахын тулд дайсантайгаа ч нийлэх болов. 1513-1514 онд ах дүү гурав тодорхой шалтгаануудын улмаас Испанийн тэнгисийн цэрэгтэй нэгдэн Алжирийн ойролцоо идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байдаг. 

Эцэст нь хүч чадлаа бэхжүүлж, өөрийгөө Алжирийн султан хэмээн өргөмжилсөн Оруч газар нутгаа өргөжүүлэхийг эрмэлзэж Милиана, Медеа болон Тенесийг эзлэн авав. Хойд Африкийн цөл, Газар дундын тэнгист Оруч болон түүний дүү Хизрийн алдар нэр цууриатаж, тэдний эрдэнэсийн сан үлгэр домог мэт ам дамжин яригдаж, султанууд хүртэл атаархах болсон байна.

Гэсэн хэдий ч ах дүүс Алжирыг испаничуудын дайралтаас хамгаалахын тулд Османы эзэнт гүрэнтэй нэгдэхийг эрмэлзэх болов. Хөлгүй тэнгист аялан тулалдаж сурсан ах дүүст хот суурин газруудыг захиран, нутаг орноо дайснаас хамгаалахад илүү бэрхшээлтэй байсан аж. Ингээд османчуудын өмнө эрх ямбаасаа татгалзаж, Османы I Селим султанд Алжирыг санал болгов. Султан саналыг хүлээн авч Алжирыг Османы санжак (“аймаг”) болгон, Оручыг захирагчаар нь томилсон бөгөөд Газар Дундын тэнгисийн баруун хэсгийн Османы тэнгисийн цэргийн захирагчаар давхар томилж, янычарууд, хөлөг онгоц болон их буу, сумаар бүрэн хангах боллоо.

1518 онд Испанийн эзэн хаан өөрийн биеэр флот болон цэрэг удирдан ирж орон нутгийн мянга мянган бедуинуудыг өөртөө татаж Алжирыг дайрлаа. Ах дүүс 1500 орчим янычарь, 5000 гаруй марокко цэргүүдийнхээ хамтаар хуурай газарт, тэнгист тэднийг тосон тулалдаж 20 гаруй хоног хүнд ширүүн тулаан хийсний эцэст ах Оруч нь алагджээ. Ялагдаж зугтсан хэдий ч Хизрт ахынх нь байр суурь төдийгүй нэр хүнд, үүрэг даалгавар янычарууд, хөлөг онгоц, их буунууд залгамжлагдан ирэв.

 

Алжирын паша

1518 оны 12-р сард султаны илгээсэн шинэхэн цэргийн хүчнийг удирдаж Хизр Барбаросса Алжирыг дайран эзлэв. Шинэхэн захирагчийн эрс шийдэмгий удирдлагад дагалдагсад нь урамшин, зоригжжээ. Тэрээр өөрийгөө испаничуудыг үзэн яддаг бүхий л лалын шашинтнуудаар хүрээлүүлж чадав. 1519 онд Алжирыг эргүүлэн авах гэж оролдсон Испани-Италийн арми гутамшигтайгаар ялагдав. Хизр тэнгисийн усанд Испанийн 11 хөлгийг живүүлж, найман хөлгийг олзлон авжээ. Мөн Францын өмнөд хэсэгт орших Прованс, Тулон руу Барбаросса уулгалан дайрч, амжилт олсоор байв. Газрын дундад тэнгисийг тойрсон христийн шашинтнууд бүр ч аюултай дайсантай нүүр тулснаа ойлгов. 1521-1532 оны хооронд түүний ялалт зогсолтгүй үргэлжилж, Европ тивийн олон олон орнууд руу довтлон, ялалт байгуулсаар байлаа. 1532 онд Сулейман түүнийг ордондоо хүлээн авч, Османы тэнгисийн цэргийн Капудан-Дерья буюу "Дээд жанжин", Хойд Африкийн Бейлербэй буюу “Ахлах захирагч” хэмээх хоёр цолоор нэг дор шагнажээ. Мөн Родес арал, Эгийн тэнгис дэх османы удирдлагыг Барбароссагийн гарт өгөв.

Барбаросса тэнгист хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөж, Европын хаад хүртэл түүнийг хүндэлж, их хэмжээний бэлэг, эд агуурс илгээн, тусламж гуйх болов. Жишээ нь 1533 онд Францын хаан I Францис өөрийн элч Жан де ла Форестыг Барбаросса руу илгээж, Хабсбургийн угсааны хаадын эсрэг хийх тулаанд тэнгисийн цэргийн хүчний дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Хабсбургийн угсаанд Испанийн хаан ч орох тул 1534 онд Барбаросса 80 хөлөг онгоц, 5000 цэрэг бүхий томоохон флоттойгоор Стамбулаас хөдөлж, 4-р сард Испанийн Корона, Патрас болон Лепантог дайлаар морджээ. 1534 оны 7-р сард тэрээр Мессинагийн хоолойг гатлан, Калабрийн эрэг рүү дайрч Испанийн олон чухал түшиц газар, боомтуудыг эзэлж, усан онгоцуудыг нь олзолж авав. Итали, Испанийн эсрэг тоо томшгүй олон ялалтуудыг байгуулж, асар их гарз хохирол учруулсныхаа дараа тэрээр Тунисийг эзлэн авч чадлаа.

1535 онд 300 хөлөг онгоц, 24000 цэрэгтэй Испани-Италийн томоохон хүч Тунисийг дайрч эргүүлэн авчээ. Давуу хүчинд түрэгдсэн Барбаросса Тунисийг орхин гарч Алжирт өөрийн хүчийг сэргээсний дараа Испанийн эрэг хавийн хотууд руу улам хүчтэй дайралтуудыг явуулж, Неаполийн хаант улс, Венецийн Бүгд Найрамдах улсыг Францын эсрэг дайнаас гаргаж чадав. Европчуудыг маш их сандралд автуулсан тул Ромын пап Барбароссагийн эсрэг загалмайтны аян зохион байгуулахыг уриаллаа. Испани, Ариун Ромын эзэнт гүрэн, Венеци, Мальтын асар том тэнгисийн хүчин Барбароссагийн эсрэг цугласан хэдий ч Превезийн тулалдаанд бутцохигдсоноор дараагийн 33 жилийн туршид Газар Дундын тэнгист "Улаан сахалт" ноёрхсон билээ. Венец Эцэст нь Венец Сулеймантай энхийн гэрээ байгуулж, Османы татварыг хүлээн зөвшөөрч, 300,000 алтан дукат жил бүр төлөхийг зөвшөөрчээ.

Аргаа барсан Испанийн эзэн хаан Барбароссатай холбоо тогтоож, түүнийг тэнгисийн цэргийн ахлах жанжин, Хойд Африк дахь Испанийн газар нутгийн захирагч болохыг санал болгосон боловч тэр татгалзжээ.

Франц-Османы холбоо

1543 онд Барбаросса Османы эзэнт гүрний холбоотон болох Францад туслахаар Марсель рүү чиглэн 210 хөлөг онгоц, 30,000 цэрэг авч зорив. Мессинагийн хоолойг даван гарах замдаа Реджо Калабрия мужийн захирагч Диего Гаетанигаас бууж өгөхийг шаардахад Гаетани хариуд нь их буугаар галласанд маш их уурссан Барбаросса хотыг бүслэн авч, дайрсаар эзэлж ихээхэн хядлага явуулжээ. Үүний дараа Барбаросса Итали, Испанийн хэд хэдэн арал, эргийн сууринг дайрч, 1543 оны 8-р сарын 5-нд Францын хаан I Францисын нэрийн өмнөөс томоохон хотуудыг нь эзлэн авчээ. 1544 оны хавар Барбаросса Испани-Италийн 300 хөлөг онгоц, 20 мянган цэрэг бүхий флотыг бут цохиж, Неаполийн Хаант улсыг довтлов. Улмаар Францын өмнөд нутагт амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч ар хударгаар нь Испанийн хаан Чарльз, Османы Сулейман султантай асар их алтаар төлөөс төлж тохиролцсоны үндсэн дээр Стамбул руу эргүүлэн татагджээ.

Насан өндөр болсон Барбаросса 1545 онд хүү Хасан пашадаа бүх эрх мэдлээ өвлүүлж, Алжирын залгамжлагчаар томилуулсны дараа жил Стамбулын далайн эргийн ордондоо таалал төгсчээ.

Олон зууны туршид Барбароссагийн өмнөх ч, дараах ч олон агуу далайчид түүний удирдаж байсантай дүйх асар их тэнгисийн цэргийн хүчийг олж авч байсан нь цөөн билээ.

Түүний бунхан болон дурсгалын хөшөө нь Стамбулын Барбарос цэцэрлэгт, Стамбулын тэнгисийн цэргийн музейн дэргэд байрладаг. Түүнийг насан нөгчсөний дараах өнөөг хүртэлх хэдэн зууны турш Осман, Туркийн тэнгисийн цэргийнхэн тулалдаанд орохын өмнө түүний бунханд ирж ёсолдог заншил тогтжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]