Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХУ-ыг бутрахад нөлөөлсөн инженерУншсан52,741

Адольф Толкачев Зөвлөлтийн зэвсэглэлд байгаа олон онгоцны бүх л нууцыг Америкчуудад өгч, тэд нь ч өрсөлдөгч талын зэвсгийн хор нөлөөг саармагжуулах олон ажил хийсэн ба Америкчуудад хамгийн багадаа 10-аад жилийн үйл ажиллагаа, 100-аад тэрбумын (өнөөгийн ханшаар) нөр их хөрөнгийг хэмнэж чадсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1970-аад оны дунд үед ЗХУ-ын КГБ хэд хэдэн амжилттай ажиллагаа явуулсны үр дүнд улс оронд нь шургалсан АНУ-ын ТТГ, Их Британийн Ми-6 зэрэг тагнуулын байгууллагын голлох сүлжээг илрүүлэн устгажээ. Барууны эдгээр улсуудын хувьд Зөвлөлт дэх тагнуулын сүлжээг шинээр зохион байгуулах хэрэгтэй болсон ба энэ бол дахиад олон арван жилийн маш нарийн нягт, асар их хөрөнгө зарсан ихээхэн төвөгтэй ажиллагааг 0-ээс эхэлнэ гэсэн үг. Ямар нэг алдаа мадаггүй ажиллаж чадвал өөрсдийн хэрэгтэй мэдээллийг авдаг суваг нь 5-10 жилийн дараа л ажиллаж эхлэх нь... Гэсэн ч нэгэн санаандгүй явдал тэдэнд үнэлж баршгүй их тус болсон байна.

1978 онд Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны байранд нэгэн учир битүүлэг хүн орж ирэн “зарим нэг сонирхолтой сэдэв"-ээр ярилцах гэсэн тухайгаа хэлжээ. Элчин сайдын яамны ажилтнууд гэж тэр чигээрээ тусгай албаныхан юм болохоороо тэр “сонирхолтой сэдэв” гэдэг нь юуг илэрхийлж байгааг дор нь ойлгосон боловч КГБ-ийн ээлжит тоглоом байх гэж болгоомжлон энэ хүнтэй аль болохоор харьцахгүй байсаар гаргажээ. Гэсэн хэдий ч уг хүнийг анхааралдаа авч, хэрвээ дахин ирвэл “тохиолдлын байдалтайгаар уулзалдах” арга хэмжээ бэлдэж эхэлсэн байна. Удалгүй энэ хүн эргэн ирсэн ба Элчингийн байранд орох гээд чадалгүй буцан явах үедээ замд нь зогсох АНУ-ын Элчин сайдын яамны дугаартай машинтай таарчээ. Үл таних хүн машины баруун талаар гарахдаа цонх нь бага зэрэг онгойсон байгааг анзаарч, жижигхэн дугтуй хаячихаад яваад өглөө.

Элчингийн ажилтнууд тэр даруй байрандаа ирж дугтуйг задлахад “Батлан хамгаалах салбарын Фазатрон эрдэм шинжилгээний төвийн томоохон албан тушаал бүхий инженер” гэснээс өөр юу ч байсангүй. Харин энэ хэдэн үг нь америкчуудад маш их юм хэлж өгч байлаа.

ТТГ нь энэ хүнийг хэдэн сарын турш нууцаар шалгаж үзээд энэ нь КГБ-ийн ажиллагаа биш харин 50 жилд ганц тохиох онцгой азтай явдал гэж үзлээ. Удалгүй тэр инженерт тусгай нууц нэр өгч, ТТГ-ийн хамгийн нууц төслийн нэг болгон ажиллаж эхэлсэн гэдэг.

1980-аад оны эхээр АНУ дахь Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас (КГБ-ийн ажилтнуудаас) маш түгшүүртэй мэдээнүүд Москвад ирж эхэллээ. Тэднийхээр бол ЗХУ-ын хамгийн сүүлийн үеийн чухал зэвсэглэлийн тухай маш их хэмжээний нууц мэдээнүүд Лэнглид ирж байгаа шинж тэмдгүүд илэрсэн ба цаашид судлах явцад эдгээр мэдээлэл нь голчлон радиолокац болон микроэлектроникийн чиглэлийн хамгийн шинэ, хамгийн нууц зүйлүүд болох нь тогтоогджээ. Хамгийн сонирхолтой нь дээрх нууц зэвсгүүд дөнгөж туршилтын болон эскизийн шатанд яваа техникүүд бөгөөд үйлдвэр заводод одоогоор огт хамаагүй зүйл байв. КГБ ч дор нь арга хэмжээ авч нууц хаанаас алдагдаж байж болохыг тогтоохоор ажиллаж эхлэн Зөвлөлтийн Батлан хамгаалах салбарын гурван том эрдэм шинжилгээний төвийг хянаж эхэлжээ.

Бараг дөрвөн жилийн турш үргэлжилсэн энэ ажиллагааны үр дүнд сэжигтэй хүмүүсийн хүрээг дээд зэргээр багасгаж чадсан боловч чухам урвагч хэн бэ гэдгийг тодорхойлж чадаагүй л байлаа. Гэсэн ч бас нэгэн санаандгүй явдал тэдэнд үнэлж баршгүй их тус болсон байна. Энэ удаа америкчуудад биш харин зөвлөлтүүдэд аз дайрлаа.

АНУ дахь Зөвлөлтийн КГБ-ийн тагнуул болсон, ТТГ-ын ажилтан, Америкийн иргэн Эдвард Ли Ховард гээч шинэ эздэдээ хэр үнэтэй хүн болохоо харуулахын тулд хамгийн түрүүнд “Америкийн №1 тагнуул"-ыг оросуудад зааж өгсөн нь тэр. Тэрхүү “Сфера” хэмээх нууц нэртэй хүн нь Фазатрон эрдэм шинжилгээний төвийн удирдах албан тушаал хашдаг инженер Адольф Толкачев байв.

КГБ энэ мэдээллийн дараа Толкачевын гэр болон зуслангийн байранд нууц нэгжлэг хийхэд их хэмжээний рубль, гадаадын дансан дахь долларын баримт, ЗХУ-д зарагддаггүй гадаадын маш хүчтэй ховор эм мөн рок-н-ролын кассетууд (тухайн үед барууны ихэнх дуу хөгжмийг ЗХУ-д орж ирдэггүй байлаа) зэрэг хөдөлшгүй баримт олсны дараа 1985 оны 6-р сарын 9-нд эхнэртэй нь цуг баривчилжээ. Гэр бүлийн хоёр урвагч хэргээ тэр даруй хүлээсэн ба америкчуудад ямар хэмжээний, ямар материал тараасан тухайд янз бүрийн мэдүүлэг өгч байжээ.

1986 оны 9-р сарын 24-нд буюу баригдсанаас хойш гуравхан сарын дараа Адольф Толкачевыг шүүхээр оруулж эх орноосоо урвасан хэргээр буудан хороосон байна. Оросууд ийм айхтар яарсан нь яавч зүгээр хэрэг биш. Толкачев улс орондоо ямар хэмжээний хохирол учруулсан тухай янз бүрийн зөрүүтэй баримт байдаг ба цөөнгүй шинжээчид энэ урвагчийн хийсэн ажлын үр нөлөө одоо ч мэдрэгдсээр байдаг гэж үздэг.

Адольф Толкачев Зөвлөлтийн зэвсэглэлд байгаа олон онгоцны бүх л нууцыг америкчуудад өгч, тэд нь ч өрсөлдөгч талын зэвсгийн хор нөлөөг саармагжуулах олон ажил хийсэн ба америкчуудад хамгийн багадаа арваад жилийн үйл ажиллагаа, 100-гаад тэрбумын (өнөөгийн ханшаар) нөр их хөрөнгийг хэмнэж чадсан байна. Ганц жишээ хэлэхэд тухайн үед Зөвлөлтийн армид байсан Миг-23, Су-17 зэрэг онгоцыг цаашид ашиглах нь утгагүй болсон ба энэ нь нэлээд хэдэн мянган байлдааны онгоц нэгэн зэрэг жагсаалаас гарсан үг юм. Ингээд ч зогсохгүй шинээр хийж байсан Су-24, Су-24 М, бүр Су-27 зэрэг онгоцны боломж, зэвсэглэлийн тухай америкчууд ихээхэн мэдээлэлтэй болсон ба Миг-31-ийн талаар ч бас зохих мэдлэгтэй болж амжжээ. Гэтэл 1976 онд урвагч Беленкогийн гайгаар Миг-25 онгоцны бүх нууц үгүй болсны дараа асар их хөрөнгө зарж байж шинэ Миг-31-ийг бүтээгээд байсан билээ.

Энэ бол ердөө нисэх хүчний тухай ярьж байгаа хэрэг. Мөн агаараас эсэргүүцэн хамгаалах систем, радиолокаци, пуужингийн техникийн тухайд бас дээрхээс дутуугүй хохирол учруулсан гэхээр энэ хүн АНУ-д ямар чухал хүн байсан нь ойлгомжтой болов уу.

Зарим түүхчдийн бичдэгээр бол Толкачев ЗХУ-ыг, түүний Батлан хамгаалах салбарыг нураан унагахад гол үүрэг гүйцэтгээгүй юм аа гэхэд ядаж л хамгийн сүүлийн хүчтэй цохилтыг хийсэн хүн мөн гэж үздэг юм билээ. Үнэний хувьтай гэж болох бөгөөд Толкачевын урвалтын дараа олон арван жилийн, асар их хөрөнгө зарж хийсэн зэвсэг, эрдэм шинжилгээний ажлууд утгагүй болж хог дээр хаягдсан ба бүх зүйлийг шинээр эхлүүлэх, бүр ч их хөрөнгө шаардлагатай болсон юм. Гэтэл тэр үед ЗХУ нь эдийн засгийн хувьд хамгийн эмзэг үе дээрээ ирсэн байсан цаг билээ. Дараа нь алдарт “перестройка”, залгаад аймшигт 90-ээд он, удалгүй ЗХУ бутарсан гэхээр жирийн нэгэн инженер дэлхийн аварга гүрнийг нураасан гэдэг үг хоосон ч яриа биш бололтой.

Нэг ийм урвагч байгаад, өөр нэг урвагчийн урвалтаар амьгүй болсон түүх энэ буюу.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 3 сар 20. 16:18
Зочин

Iimerhuu novshnuud delhiin amar amgalan taiwan baiflig aldagduuldag shunalin tiip hariugaa avche

2021, 10 сар 7. 8:38
Зочин

Эх орноосоо урвагч биш дампуурсан коммунизмыг сөнөөж өгөхөд нэмэр оруулсан баатар эр байна. Хогийн оросуудын систем явуургүй болсны нэг илрэл

2021, 4 сар 26. 2:40
Зочин

Адгийн урвагч

2021, 4 сар 25. 1:00
Зочин

дэлхийг аварсан үнэлж баршгүй гавяатаа хүн байж дээ

2021, 5 сар 6. 20:36
Зочин

Хуцах байлгүй чи муу хөгийн алиалагч

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]