Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ер бусын үзэсгэлэнтэй живсэн эмэгтэйУншсан45,000

Элизабет Сиддал бол өөр шигээ горзгор, цонхигор, гал улаан үстнүүдэд өнөөг хүртэл загварын тайзнаа, гялгар сэтгүүлүүдийн хавтаснаа ноёрхох замыг засч өгсөн гавьяатай эмэгтэй юм.

Викторианы Английн зураачид ба тэдний улаан үст супермодель

1800-гаад оны дунд үе буюу хатан хаан Викториагийн үед Англид нэгэн цуутай үзэсгэлэнтэй хүүхэн байжээ. Тэр үеийн гоо үзэсгэлэнтэйд тооцогдож байсан намхан махлаг эмэгтэйчүүдийг бодвол илүү өндөр, туранхай учир Элизабет Сиддалыг хүмүүс нэг их анзаардаггүй л байж. Гэтэл "гоо эмэгтэйчүүд" өч төчнөөнөөрөө байсаар атал Викторианы үеийн алдартай зураачид тэрхүү "эв хавгүй, горзгор туранхай" хүүхнийг цуутайуран бүтээлийнхээ моделоор сонгосон байх юм.

Үүнийг нэг талаас уран бүтээлчдийн билгийн нүд өөр байдгийг баталсан тохиол гэж хэлж болохоос гадна нөгөө талаар ирээдүй цагийн гоо сайхны үнэлэмжийг тэдгээр яруу найрагч, зураачид л нийгэмд танилцуулдаг гэж хэлж болохоор.

Элизабет Сиддал бол өөр шигээ горзгор, цонхигор, гал улаан үстнүүдэд өнөөг хүртэл загварын тайзнаа, гялгар сэтгүүлүүдийн хавтаснаа ноёрхох замыг засч өгсөн гавьяатай эмэгтэй юм.

Жон Милле. "Офелия" 1852


Ер бусын үзэсгэлэнтэй живсэн эмэгтэй

 

 

Элизабета Сиддалийн модель болсон хамгийн агуу зургуудын нэг бол энэхүү усанд живсэн үзэсгэлэнтэй эмэгтэй "Офелия"-гийн зураг. Энэ зургийг бус Жон Милле хэмээх тухайн үеийн Английн нэгэн сод зураач зуржээ. Зөвхөн энэ зургийг зуруулахын тулд Сиддал хуучны тансаг даашинзтай, дүүрэн устай онгоцонд хэдэн цагаар хэвтэнэ. Энэ нойтон нугалааснууд, Офелийн гараас нь задран хөвж буй цэцгийн титмийг үнэн зөвөөр дүрслэхийг Жон Милле хүсчээ. Харин Жон Милле тухайн үеийнхээ гоо үзэсгэлэнгийн жишигтэй огт төсгүй бүсгүйг тэр яагаад загвараараа сонгов?

Викторианы үеийн гоо бүсгүйчүүд хатан хаан шигээ намхан, булцгар харин Элизабет Сиддалд тийм хэмжээ байсангүй, урт үе мөч, хүзүүтэй басхүү тэр үеийнхэн муухай гэж үздэг байсан гал улаан үстэй эмэгтэйг яагаад ийм цуутай зургийнхаа моделоор сонгосныг нь уран зургийн түүх судлаачид ингэж тайлбарлажээ.

Тайлбар: Ёс суртахуунд хүлэгдсэн “эрэмдэг” урлагаас залхсан Милле ба түүний санаа нэгтнүүд нийгмийн үзэл бодлыг эргүүлэхээр шийдсэн. Сэргэн мандлын анхдагч мастеруудтай оюун санааны холбоотой гэдгээ харуулахаар тэд өөрсдийгөө прерафаэлити гэж нэрлээд, тэр агуу гоо үзэсгэлэн орших Бурхны ертөнцөө Сиддал хэмээн алдаршуулсан. "Хамгийн бичил өчүүхнээс ч тэнгэрлэг гоо үзэсгэлэнгийн мөнхийн таашаал, агууг олоод сэтгэн харах увидасгүйчүүдэд хүргэх” хэмээн тэд өөрсдийгөө тодорхойлж байсан гэдэг.

...“Офелия” зургийг бүтээх ажил өвөл ч зогссонгүй. Нэг удаа Жон Милле болон Лиз хоёр онгоцтой усыг дороос нь халааж байсан дэн унтартал уйгагүй ажиллав. Хүйтэн усанд тэсвэр гарган хэвтэж байсан Лиз хатгаа авсан гэдэг. Гэхдээ ингэж тэвчээр гаргасны хүчинд зураач "живсэн үзэсгэлэнт бүсгүйн зураг"-аа сонгодогт тооцуулж, тэрхүү улаан үст бүсгүй өнөөдрийг хүртэл дэлхийн гоо зүй, урлагийн түүхэнд мөнхөрсөн юм.


Буянт Биатрис

"Буянт Беатриче" 1870 он. Зургийн нэгдүгээр хувилбар

Лиз Сиддалийг мөнхөлсөн бас нэг бүтээл нь Данте Габриел Россеттийн “Буянт Беатрис” хэмээх зураг. Миллегийн гоо зүйн хөдөлгөөний найз, зураач, яруу найрагч Россеттийн хувьд найзынхаа зургийн баатар эмэгтэйг биширсэн нь нэг ёсондоо хайрын өвчин болов. Цаг мөч өнгөрөх бүрт Лизд сэтгэл алдарсан зураач Россетти найзаасаа ч илүү сайхан зураг бүтээхээр Элизабетийг дундад зууны хувцсаар байнга гоён, төгсгөлгүйгээр судлан зураад л сууна. Ингэсээр Россетти сэтгэлээ илчилж Лизийг эхнэрээ болгосон аж.

Гэвч түүний гал улаан үст нүдэн дээр нь “мөхөж”, уй гашуу дагуулах болов. Өнөөдөр судлаачид Лизийн талаар өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж буй. Элизабет сүрьеэгээр өвчилсөн юм биш биз? Эсвэл анорекси байв уу? Өвчин зовлонгоос гадна бусдаас хараат, тэжээгдэгч байх дарамт Элизабетийг зовоодог байж. Баян цатгалан, Италийн цагаач дипломат, яруу найрагч Россетийн гэр бүлийнхэн түүнийг хүүдээ тохирохгүй эмэгтэй гэж үздэг байв.

Ингэсээр Россетти Лизээс хөндийрлөө. Харин Лиз нөхрийнхөө завхайрал,  хүүхэд нь зулбасан гэх мэтийн зовлондоо дарагдан гиеүрэлд автсаар опиумын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1862 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.

Нэгэнт өнгөрсөн хойно нүгэлдээ гэмшсэн Россетти эхнэрийнхээ тэнгэрлэг дүрийг үргэлжлүүлэн зурж эхлэв.

Эхнэрийнхээ зургийг Россетти дөнгөж танилцаж байх үедээ буюу 1850-иад оны эхэн үед бүтээхээр шийдсэнийг гэрчлэх зураачийн таталбарууд олон байдаг. Ингэсээр 20 гаруй жилийн хөдөлмөр нь дуусаж 1870 онд л "Буянт Беатрис" гэж нэрлэсэн зургаа Россетти зурж дууссан байдаг юм.

Гэтэл 1870 онд Россеттигийн эхнэр, манай нийтлэлийн гол баатар эмэгтэй Элизабет Сиддал нас бараад найман жил өнгөрсөн байсан тул өөрийнхөө зургийг харж чадаагүй юм.

1882 он. Зургийн хоёрдугаар хувилбар 

Эхнэрийнхээ булшийг ухсан зураач

 

 Зургийн тайлбар: Сиддалын булшнаас гаргаж авсан

Россеттийн шүлгийн гар бичмэл

...Түүний ухаангүй хайртай байсан эмэгтэй хуримын өдрөөс хойш хоёрхон жилийн дараа бурхны оронд одсон билээ. Зовлон шаналалд автсан Россетти өөрийн яруу найраг, шүлгээ Элизабетын хамт оршуулжээ.

Гэтэл гэнэтхэн, Россеттид эхнэрийнхээ хамт оршуулсан яруу найргийнхаа цорын ганц эх хувийг хэвлүүлэх санаа орж ирлээ... 

Энэ готикийн жүжгийн төгсгөл нь цус царцмаар. Дахин нээсэн булш, хэзээ нэгэн цагт салхинд сэвэлзэж явсан гал улаан үсэн дороос хайрын яруу найргийнхаа өт хорхойд идүүлсэн эх хувийг гарган авах нь  сэтгэлд багтамгүй.

Ингээд Россеттигийн яруу найраг хэвлэгдсэн ч амжилт олсонгүй. Эхнэрийнхээ булшийг хөндүүлснээ мартаж чадахгүй, амиа хорлохыг ч оролдож байлаа... Сэтгэл санааны хүнд дарамтад орсон Россетти архи, мансууруулагч хоёроос авралаа хайсаар ухаан санаа нь муудан үхлийн хаалга татсан гэдэг.

Элизабет Сиддал, 1855 он. Тейт галерей, Лондон
Элизабет Сиддалын хөрөг, 1855 он. Оксфордын их сургуулийн урлагийн музей

  Өөрийн хөрөг, Элизабет Сиддал (1854 он.) Офелийн загвар болон зурагдсан эмэгтэй.

Зарим судлаачид зургийн баруун хэсэгт хохимой толгойн нуугдмал дүрс зурагдсан гэдэг
Жон Эверетт Милле. Өөрийн хөрөг
Данте Габриэль Россетти . Өөрийн хөрөг, 1847
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 23. 0:21
Зочин

ene dundad zuunii ueiinhen harin jinhene emorogchid baisiim shig baigaamaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]