Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Скрипалийн хэрэг явдлын эргэн тойрондУншсан39,040

Эх орноосоо урвасан хэргээр 13 жилийн ял авсан түүнийг АНУ-д баригдсан Оросын тусгай албаны хүмүүсээр (алдарт Анна Чапмэн) солих тохироонд хүрчээ.

Дэлхий дахины анхаарлыг их татаж байгаа цаашдаа нэлээд томоохон үр дагавартай байж болох Скрипалийн хэрэг явдлын тухай товчхон өгүүлбэл...

Скрипалийг барьж байх үеийн ТВ бичлэгийн хэсэг...

ОХУ-ын ГРУ буюу “цэргийн тагнуулын газрын” офицер асан Сергей Скрипаль нь Британийн тагнуулч Пабло Миллертэй холбоо тогтоон эх орноосоо урвасан шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2004 онд тэтгэвэрт гараад (!)удалгүй Оросын тусгай албаныханд баригдсан байна. Эх орноосоо урвасан хэргээр 13 жилийн ял авсан (эх орноос урвасан хэргээр 13 жил гэдэг бол хөнгөн хэрэг гэж үздэг) түүнийг АНУ-д баригдсан Оросын тусгай албаны хүмүүсээр (алдарт Анна Чапмэн) солих тохироонд хүрчээ. Ингээд 5 жилийн турш хоригдож байсан Скрипальд Путин өршөөл үзүүлэн суллаж өөрийн тагнуулуудаа сольж авсан байдаг.

Түүнээс хойш 10 гаран жил Британийн Солсбери хотод амьдран хаяа нэг Оростой холбоотой янз бүрийн сэдвээр лекц уншин амьдран суудаг байв. 2018 оны 3-р эхээр 33 настай охин нь болох Юлия Скрипаль аав дээрээ ирж гадуур зугаалан , нэг бар, нэг ресторанаар орон нэгэн худалдааны төвийн ойролцоох сандал дээр сууж байгаад хоёул ухаан алдан унасан байна. Скотлэнд Ярд-ынхан дор нь үйл ажиллагаа явуулан хоёр хүнийг хордуулсан зүйл нь ЗХУ-ын үед хийж, туршиж байсан байлдааны хордуулах бодис “Новичок” байна хэмээн тодорхойлж, үүнийг нь Их Британийн ерөнхий сайд, гадаад яамны сайд нар дэлхий даяар зарлан, ОХУ нь манай нутагт химийн зэвсэг хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа хэмээн шуугиан эхэлсэн билээ.

Тэрхүү “новичок” гээч нь ямар гээч зүйл юм бол?

Янз бүрийн мэдээллээр энэ нь зарины сайжруулсан хувилбар бололтой ба түүнийг гардан хийж байсан эрдэмтэн АНУ-д цагаачлан гарсныхаа дараа энэ бодисын тухай дэлхий дахинд зарлаж, химийн томьёог нь ил болгосон гэдэг. Оросын Саратов хотын орчинд энэ бодисыг судлан шинжилж, бүтээж байсан бол Нукус хэмээх Узбекистаны хотод үйлдвэрлэж байжээ.

Үйл явдлын өрнөл

Химийн, байлдааны хорт бодис аюулгүйжүүлж байгаа нь. Хамгаалалтын ялгаа нь олон хүний инээд тохуу болсон билээ.

Тереза Мэй ОХУ-г энэ хэрэгт буруутгасан мэдээлэл цацан барууны олон орныг эв санааны нэгдэлтэй байхыг уриалан Оросын дипломатчдыг хөөн гаргаж байгааг нь дэмжихийг хүссэн байна. Олон орон үүнийг дэмжсэн бөгөөд Австри мэтийн цөөхөн улс үүнийг эсэргүүцсэн байдаг. Оросууд ч хариу болгож бас баахан дипломатчдыг нь хөөлөө.

“Энд нэг юм хэлэхэд “дипломатчид гэж баахан тагнуулууд байдаг учир тагнуулуудыг нь түүж нэрлээд хөөж байгаа” гэсэн яриа, коммент харагдана. Илэрсэн тагнуулуудыг хөөж явуулаад шинэ танихгүй нөхөдтэй дахиад хөөцөлдөх нь ямар гээч тусгай албанд ашигтай байдгийг мэдэхгүй. Сүүлд Монголын нэгэн төрийн том тушаалтан болсон нэгэн, нэлээд олон жилийн өмнө гадаадын тусгай албаны үүр, ажилтны тоог жагсаал цуглаан дээр ил хэлж байсан шиг тийм тэнэг (?) үйлдэл хийдэг улс цөөхөн байх болов уу гэж бодогдох юм.”

Их Британийн гадаад яамны сайд Борис Жонсон бүр ч шулуухан ярьсан ба түүнийхээр бол Путин энэ хорлолтыг мэдэж байсан төдийгүй бүр үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл өгсөн шахам юм ярьсан байдаг.

Баруун талын улс орнууд ОХУ-ыг буруутган “дип” дайн эхлүүлж байх үед Оросууд яав?

Оросууд яахав, өнөөх л сурснаараа баталгаа л шаардана. Хэрэгтэй үед “Оросууд хийсэн” гэсэн аман баталгаа байхад л хангалттай хойно үйл явдал Оросуудын хувьд улам бүр эвгүй болсоор.

Тереза болон Борис

Борис Жонсон Германы нэгэн ТВ-д өгсөн ярилцлагадаа Английн нууц лаборатори болох Портон-Даунд хийсэн шинжилгээгээр энэ бодис нь ОХУ-ын гаралтай болохыг ямар ч эргэлзээгүй нотолсон хэмээн мэдэгдлээ.

Хэд хоногийн дараа өнөөх Портон-Даун нь үүнийг үгүйсгэн “бид тухайн бодисын гарал үүслийг тодорхойлж чадаагүй, тийм үүрэг ч үгүй” гэж мэдэгдлээ. Гадаад хэргийн сайд Борис Жонсон худлаа ярьсан хэрэг үү? Тэгвэл Тереза Мэй ч бас худлаа ярин ард түмнээ, гадаадын улс орныг төөрөгдүүлж байгаа хэрэг үү хэмээн түмэн асуулт гаран байдал бүр л ээдрээтэй болж ирсэн байна.

Оросын Холбооны улс ч гэв гэнэт сонин сонин асуулт, шаардлага тавьж эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь Скрипалийн гэрт байсан хоёр муур, усан гахайнуудын биеийн байдлын тухай мэдээлэл шаардсан явдал юм. Ингэх учир байсан бололтой.

Английн хэвлэл мэдээллээр гарч байсан мэдээллээр бол хоёр Скрипаль нь (дараалал нь) ресторанд хордсон, машинд хордсон байна, эхнэрийнх нь булшин дээр тавих цэцэгт хор байж, Оросоос авчирсан бор будаанд "новичок" шингээсэн байсан гэх мэтээр хордсон газрын байрлал өөр болсоор хамгийн сүүлд гэрийнх нь хаалгануудын бариул дээр “новичок”байсан болж таарч байгаа юм.

Үйл явдал ид өрнөж байх үед хоёр Скрипалийг амьд үлдэхгүй, үлдлээ гэхэд тахир дутуу амьд үхдэл болно гэж ярьж байсан ба Оросын нэгэн химийн мэргэжилтэн энэ тухай асуултад “ байлдааны хорт бодис шүү дээ. Хэрвээ үнэхээр хэрэглэсэн бол тэр хоёр тэр даруй л үхэх байсан. Одоо хүртэл амьд байгаад гайхаж байна” гэж хэлж байлаа.

Удалгүй залуу бүсгүй ухаан орлоо. Ярьж чадаж байгаа бололтой гэсэн мэдээлэл гарч байтал яаж яваад утас олсон юм бүү мэд өөрийн хамаатан бүсгүйтэй утсаар яриад түүнийг нь өнөөх нь бичиж аваад Оросын нэгэн том ТВ-ийн talk show-гаар гаргаж байдаг.

Удалгүй хөгшин ч сэргэлээ.

Борисын яриа худлаа байсан нь мэдэгдсэний дараа Оросууд гэрт байсан амьтад ямар байгаа талаар асууж эхэлсэн гэж дээр хэлсэн. Мөн Англичуудын янз бүрээр ярьж хамгийн сүүлд хор хийсэн газар нь гэрийн хаалга байсан болж таарахаар Оросуудын амьтан сонирхдог нь аргагүй гэмээр.

Олон хоног хаалттай, битүүмжилсэн байсан гэрийг онгойлгоход гэрт байсан хоёр усан гахай үхсэн байсан ба нэг муур нь алга болж нөгөө муур нь тун хүнд байдалтай байсан байна. Хоёр усан гахай өлсөж үхсэн бол муур тун муу, сэхэх ирээдүйгүй байсан учир тариа хийн бурхны оронд явуулсан тухай зарлалаа. Өлсөж үхсэн хоёр далайн гахай, нэг өлсөж үхэж байгаа муур! Нөгөө химийн зэвсэг юу болсон бэ? Новичок яав аа?

Яагаад энэ муурыг хурдан гээч нь цааш нь харуулав? Аливаа хор үсэнд сайн шингэдэг гэдгийг захын уншигч сайн мэднэ. Тэгвэл тэр муур нь жигтэйхэн үстэй үүлдэр байсан юм байх. Нөгөө нэг муур хаачив?

Юлия Скрипаль, "өнөөх" муур

Одоо бүр Скрипалийн гэр болон орсон бар рестораныг ч нурааж магадгүй сурагтай. Гэмт хэргийн ул мөр энэ тэрээ...?

Энэ бүхнээс хамгийн их эргэлзээ төрүүлж, гайхуулж байгаа зүйл нь:

-Яахаараа Оросууд ийм хэрэг хийх гэсэн бол ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, хөл бөмбөгийн дэлхийн аваргын өмнөхөн хийдэг хэрэг вэ? Оросууд тийм тэнэг хүмүүс үү? Цаг хугацааны хувьд Орост хамгийн ашиггүй үед, Путиныг ерөнхийлөгч болгохгүй, хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг болгохгүй гэсэн (хөл бөмбөг ямар хамаатай гэж болох. Ёстой л “хамаатай, хамгийн их хамаатай” гэдгийг хэлэх байна) хүмүүст хамгийн ашигтай үед шүү.

-ОХУ-ын хувьд бол аль эрт тэтгэвэрт гарсан, ялаа эдэлсэн, хэрэггүй учир гадаадынханд өгсөн хүнийг яах гэж хороох вэ? Ямар ач холбогдол? Тэр тусмаа тусгай албадын дунд солилцоо гэсэн ойлголт бий. Хэн нэг тагнуул нь илрээд хөөгдөх бол зөрүүлээд нөгөө талын тагнуулыг хөөх, хэн нэг нь танай тагнуулыг устгавал зөрөөд... гэх мэт

-Хоёр Скрипалийг ухаангүй байхад нь олсон цагдаа бараг хүрээд л үхэх шахсан юм гэсэн. Тэгээд яахаараа өнөө хоёр одоо хүртэл үхээгүй, бүр сайжраад байна? Тэр цагдаа одоо хаана ямар байдалтай байна?

-Муурыг яах гэж устгалд оруулав?

-Яахаараа заавал “новичок”?, Оростой хамаатай зүйл хэрэглэдэг хэрэг вэ? Дахиад л Оросууд тийм тэнэг юм уу? Цагтаа Литвиненко хэмээх ФСБ-гийн хуяг байсан нөхөр зугтаж Англид ирсний дараа полоний-гоор хордуулж алсан явдал бий. Бас л Оростой хамаатай бодис.

Тусгай албадын ажил гэж жирийн бид төсөөлөх ч үгүй хачин юм байдаг байж таараа. Магадгүй энэ нь Орос, Их Британид хамаагүй харин 3 дахь улс энэ хоёрын хэрүүлээс ашиг олох, энэ хоёр улсын дотоодын аль нэг хүчинд байдал ийм ээдрээтэй байх нь хэрэгтэй... гээд түмэн янзын сэдэл байж болно. Одоогоор дайсны тагнуулыг их бууны аманд хүлж байгаад бууддаг, тасдаад нохойд өгдөг, шатаадаг мэтийн нэлээд хялбаршуулсан ойлголттой, жирийн хүмүүст л зориулсан мэдээллийн дайн яваад байна. Бүр ширүүсэх нь үү? эсвэл ямар нэг өөр том үйл явдал болж үүнийг мартагнуулах нь уу гэдэг нь олон юманд хариулт өгнө дөө. Магадгүй өчигдөр Сирид болсон гэх Израилийн пуужингийн довтолгоо, Асадын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэтийн үйл явдал нь энэ мартагнуулах үйл явдал биш биз.

P.S.

ОХУ нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн химийн зэвсгээ устгах үүргээ 2017 онд биелүүлсэн байдаг. (2015 онд биелүүлэх ёстой хугацаанаасаа хоцорч) Нөгөө нэг химийн зэвсгийн асар том нөөцтэй улс болох АНУ энэ үүргээ 70%-тай биелүүлж яваа, 2023 онд дуусах төлөвтэй.(2012 онд дуусгах ёстой)..

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]