Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XVIII зууны тахал буюу Английн хаад, ноёдын өвчинУншсан15,116

Мах болон чихэрлэг эдийн хэрэглээ хэд дахин нэмэгдэж, дээр нь тугалгаар хордсон портвейн нь ус шиг элбэг болсноор угаасаа хөдөлгөөн багатай баячуудын эрүүл мэндэд нөлөөлж, тулай өвчин газар авч эхэлжээ.

History.mn, Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Тулай өвчин газар авчээ... Тулай өвчин нь эрүүл бус амьдралын хэв маягаас бий болдог... гэх мэтийн юм та зөндөө харж байсан байх. Нээрээ ч олон танил хүмүүс маань энэ өвчнөөр өвдөж, зовж шаналж байгаа бөгөөд зарим нэг нь ямар муухай өвчин болох тухай шагшран ярьж байхад өөр нэг хэсэг нь “Энэ чинь хааны өвчин байхгүй юу” хэмээн их л учиртай нүд ирмэнэ.

Энэ дэлхийгээр дүүрэн өвчин зовлон байхад юун тулай өвчний тухай солиороод эхлэв ээ гэж гайхаж магадгүй. Тэгвэл энэхүү “Хаадын өвчин” нь дэлхийн түүхэнд ихээхэн сонин байдлаар, асар их нөлөө үзүүлсэн хачирхалтай түүхтэй эмгэг юм байжээ.

Өвчин үүссэн шалтгаан

XVIII зууны үеэр Европт, ялангуяа Англид энэ өвчин газар авч эхэллээ. Тухайн үед Британийн эзэнт гүрэн улам бүр өргөжин тэлж, тэр хэмжээгээр гадаад дотоод худалдаа ч өргөжин баяд ноёдуудын хэрэглэх хүнс илт сайжран, согтууруулах ундаа, махны төрлийн хүнсний хангамж эрс нэмэгджээ. Мөн Карибын сав газрын улс орноос их хэмжээгээр чихэрлэг бүтээгдэхүүн орж ирдэг болсноор сахарын хэрэглээ хэдхэн арван жилийн дотор тав дахин нэмэгдсэн байна.

1703 онд Метуэний гэрээ гээчийг хийснээр Португалиас их хэмжээний портвейн нийлүүлэх болсон нь Британийн дайсан болсон Францын дарсыг шахан гаргах зорилготой байв. Францын дарснаас долоо дахин бага гаалийн хураамж төлөх портвейн тэр даруй Британийн зах зээлийг эзлэн авсан нь ойлгомжтой. Харин тэрхүү портвейныг тугалган саванд хадгалдаг байсан гэдэг.

Мах болон чихэрлэг эдийн хэрэглээ хэд дахин нэмэгдэж, дээр нь тугалгаар хордсон портвейн ус шиг элбэг болсноор угаасаа хөдөлгөөн багатай баячуудын эрүүл мэндэд нөлөөлж, тулай өвчин газар авч эхэлжээ.

Тулай өвчний тухай тэр үеийн ойлголт

Энэ үеэс эхлэн Англид яагаад ч юм тулай гээч өвчин бол сайн сайхан эмгэг, өөр олон бусад өвчнийг хаан зогсдог ачтай зүйл хэмээн бодох болсон байна.

Жишээ нь тухайн үеийн нэг томоохон гүн болох Честерфилд “Нуруу өвдөнө гэдэг бол дэлбэгч зэрэг доодсын өвчин бол харин тулай бол жентелмений өвчин” гэж илт сайрхдаг байлаа. Дээрээс нь энэ өвчин зөвхөн сайн цусны язгууртан дээдсийн цусаар удамшин дамждаг, тэднийг барлаг ядуусын өвчнөөс хамгаалдаг гэдэгт бүрэн итгэнэ.

Алдарт зохиолч Жонатан Свифт “Тулай бол өвдөж зовсон хүнийг жаргуулах идтэй өвчин” гэж байхад өөр нэг зохиолч болох Хорас Уолпол “Тулай бусад өвчнөөс хамгаалдаг, хүний амьдралыг уртасгадаг өвчин. Хэрвээ би тулай өвчнөө эдгээчихвэл намайг ямар нэг халдварт өвчин, саа татран алж магадгүй юм. Тийм учраас би тулайг өвчин биш харин эм гэж үздэг. Яагаад тулайн эсрэг эм байдаггүй гээч? Яагаад гэвэл энэ маань өвчин биш өөрөө эм учраас тэр. Би тулай өвчнөөс салмааргүй байна” гэж байжээ.

Энэ мэтийн үзэл бодлоос болж олон хүмүүс тулайгаар өвчлөх донд автаж эхэллээ. Тулай өвчин туссан л бол тодорхой хэмжээний дээдэс болон хувирч, амьтан хүний харилцаа ч өөр болж ирэх хойно арга ч үгүй биз. Тэгээд бас тулайтай хүнд өөр өвчин бараг тусдаггүй гээ биз дээ...

XVIII зуун гэж.

Удалгүй Англи даяар далайн эрэг дээрх амралт сувиллын газар олны хөлд дарагдаж эхэлсэн ба тэр үеэс л энэхүү наран шарлагын газар өнөөгийн өнгө төрхөө олсон гэдэг. Тулайд шаналсан олон дээдсүүд иймэрхүү газрыг зорин очиж өвчнийхөө шаналлыг жаахан ч гэсэн багасгах гэж далайн усанд шумбасаар. Тэдний хувьд шаналлаа л багасгах нь чухал болохоос хайртай өвчнөөсөө салах бодол байсангүй.

Тулай өвчин дэлхийн түүхэнд нөлөөлсөн нь

Британийн парламент тухайн үед Америк дахь колони улсуудад өндөр хэмжээний татвар тогтоох тухай, тэндээс асар их ашиг олох арга зам бий тухай ярилцан тусгайлан хууль батлахаар зорьж байв. Харин энэ бүхнийг нэгэн депутат ихээхэн эсэргүүцэж байсан нь Уильям Питт гээч нөхөр. Өндөр нэр хүндтэй, олонд нөлөөтэй энэ хүн нь “Уг хууль гарсан нөхцөлд колони орнуудад бослого хөдөлгөөн гарч тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн хаа сайгүй өрнөж эхэлнэ, ийм юм болгож болохгүй” гэж ярьж, үүнийгээ ч идэвхтэй хамгаалан парламентыг ёстой нэг самарч байлаа.

“Америкчууд бол бидний үр хүүхэд болохоос, ямар нэг гудамжны золбингууд биш...” хэмээн хашхирах түүний дуу хоолой улам бүр олны дэмжлэг хүлээсээр. Хуулийг хүчин төгөлдөр болгох санал хураалтын болохын өмнө олон хүн уг хуулийг унана гэж тооцож байсан ба хуулийг эсэргүүцэгч Уильям Питт ч үүнд эргэлзэхгүй байсан юм. Гэтэл Питтийн тулай өвчин сэдэрч босож явч чадахгүй болсноор хуралдаа ирж чадсангүй. Хууль батлуулахын төлөөх нөхдүүд энэ эгзгийг ашиглан бүх л арга хэмжээг авсны үр дүнд хууль хүчин төгөлдөр болж чаджээ. Үүнээс шалтгаалан Америкт “Бостоны цай уулт” (Boston Tea Party) хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн бий болж улмаар хувьсгал болон өргөжсөнөөр өнөөгийн АНУ бий болох суурь тавигдсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]