Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Миньонуудын дуэль” буюу хачирхалтай халз тулаан-3Уншсан10,673

Александр Дюмагийн “Гүнгийн хатан Монсоро” романд Генрих III хааны миньонууд хоорондоо халз тулалддаг нэгэн хэсэг бий.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

"Хачирхалтай дуэль-2"-ын үргэлжлэл болох энэ нийтлэлдээ хоёр алдартай халз тулааны тухай өгүүлэх бөгөөд эхнийх нь А.Дюмагийн зохиол бүтээлийг унших дуртай хүмүүсийн сайн мэдэх нэгэн түүх байх билээ.

Ингээд “Миньонуудын дуэль”  буюу солиотнуудын цуглаан

Александр Дюмагийн “Гүнгийн хатан Монсоро” романд Генрих III хааны миньонууд хоорондоо халз тулалддаг нэгэн хэсэг бий. Үйл явдлын өрнөлийг тод хурцаар харуулахдаа мастер болсон Дюма энэ хэсгийг ёстой л нүдэнд харагдаж, баатруудын өмнөөс баярлаж зовж хашхирмаар бичсэн байдаг боловч харамсалтай нь болсон үйл явдлыг ихээхэн гажуудуулсан юм гэнэ лээ.

Болсон үйл явдал нь де Келюс гүн өөрийн учир явдалтай бүсгүй нь барон д’ Антрагтай цуг байхыг харснаар эхэлсэн гэдэг. Тухайн үед барон д’ Антраг нь ихээхэн хүүхэмсэг, улаан хөлтнийг урдуураа гаргадаггүй гэдэг алдартай байсан учир ийм явдлын дараа халз тулаан болох нь бараг ойлгомжтой байлаа.

Ингээд тохирсон цагт хоёр эр өөр өөрийн хоёр гэрчийг дагуулан ирсэн ба Келюс нь Можирон, Ливарог авчирсан бол Антраг нь Шомберг болон Рибейрактай цуг ирсэн байна. (нэрний өмнөх де болон д-г орхисон бөгөөд эдгээр хүмүүс бүгд тайж гаралтай хүмүүс)

Ингээд заншил ёсоор гэрч болох Рейбейрак муудалцсан нөхдийг эвлэрүүлэх оролдлого хийхэд туслахыг нөгөө талын гэрч Можироноос хүслээ. Хариуд нь “Рейбейрак боль доо! Бид энд серенада дуулах гэж биш харин тулалдах гэж ирсэн хүмүүс. Тулалдах ч болно” гэж хариу өгч. Гайхсан Рейберак өөдөөс нь “Можирон та хэнтэй тулалдах гэж ирсэн хэрэг вэ? Та энэ хоёр хүний маргаанд ямар ч хамаагүй, таныг муу хэлсэн хүн ч энд үгүй” гэхэд өөдөөс нь “Тэгвэл тантай л тулалдах болох нь дээ” гэсэн хариу үг сонссон байна. Рибейрак ч уурлан бачимдсандаа илдээ сугалан тулалдаж эхэлсэн ба Можироныг хатгах үедээ өөрөө мөн илдэнд өртөж тэр дороо амьсгал хураалаа.

Харин тулалдахаар ирсэн Келюс ганцхан илд авчирсан байгаагаа хэлж халз тулааны дүрэм ёсоор нөгөө гартаа хэн нэгний хутгыг гуйж авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Антраг зөвшөөрсөнгүй. Аргаа барсан Келюс өрсөлдөгчөө шударга байхыг хүсч хутгаа хаях санал тавьсан ч мөн л хүлээж авсангүй байсаар тулаан эхэллээ.

Энэ хачин явдлыг харж байсан Шомберг Ливарод хандаж “Хоёр биш дөрвөн хүн тулалдаж эхэллээ, одоо хоёулаа яах вэ” гэж асуухдаа тэрээр гэрчийн хувиар халз тулааныг зогсоох хэрэгтэй гэсэн утгаар ингэж хэлсэн байна. Харин Ливарно өөдөөс нь “Тэгвэл бид хоёр ч гэсэн тулалдах ёстой болжээ гэсэн үг. Нэр төрийнхөө төлөө илдээ сугалаарай эрхэм ээ” гэсээр дахин нэг халз тулаан эхэллээ. Шомберг Ливарногийн хацрыг зүсэх үедээ урт илдэнд өртөж тун удалгүй талийсан гэдэг.

Харин анхнаасаа тулалдах гэж ирсэн хоёрын тулаанд илүү давуу байдалтай болсон Антраг нь Келюсыг газартай хадаж орхижээ.

Энэ хачирхалтай, солиотой гэмээр тулааны үр дүнд дөрвөн  хүн нөгөө ертөнцөд одсон ба эдгээрийн гурав нь уг тулааны эх үүсвэр болсон маргаанд ямар ч хамаагүй хүмүүс байсныг хэлэх нь зөв болов уу. Хацраа зүсүүлсэн Ливарно дараа нь өөр нэгэн халз тулаанд оролцож нөгчсөн ба Антраг нь хааны хилэнгээс айж улс орноосоо зугтан зайлсан түүхтэй.

Хамгийн сайн найзууд нэг нэгнийхээ хоолойг ... байхдаа ...

Английн жентельменүүд болох Генри (Хенри) Белассес болон Том Портер хэмээх хоёр эрхэм ёстой л салж хагацашгүй найзууд байжээ. 1667 оны нэгэн өдөр хоёр нөхөр айлын найранд уригдаж очоод нэлээд балгаад согтож эхэлсэн юм биз. Яагаад ч юм Генри нь найз Томдоо их л чухал юм том дуугаар зөвлөөд заагаад эхэлсэн ба тэнд байсан олон хүмүүс “Хамгийн сайн хоёр найз муудалцаж хэрэлдэх юм гэж үү дээ” гэж гайхан шивнэлдэж эхэллээ.

Үүнийг сонссон халамцуу Генри босож ирэн  “Би хүнтэй маргадаггүй ээ. Шууд л цохиод унагаадаг” гэв. Хариуд нь бас л согтуу Том босож ирэн “Алив намайг цохиодох доо... Англи улсад намайг цохих зүрхтэй хүн байдаг үгүйг үзье л дээ” гэхтэй зэрэгцэн Генри ч тас буулгаж, Том нь хариуг нь өгөх гээд бөөн зодоон.

Ойрхон байсан хүмүүс зодолдож байгаа хоёрыг салгаж тус тусын тэргэнд суулган гэр рүү нь явууллаа. Харин Том замаасаа хазайн Генригийн тэргийг гүйцэж очин хаалгыг нь тогшоод “Найз минь ээ... маргааш гэхэд бид хоёр эрүүл болж өнөөдрийн маргааныхаа учрыг ололгүй мартаад өнгөрөх нь. Тэгэхээр юмны халуун дээр, яг одоо халз тулаан хийж маргаанаа дуусгавал яасан юм” гэхэд нөгөөх нь ч дуртай нь аргагүй зөвшөөрч тэрэгнээсээ буусан байна.

Хоёр найз нэг нэгнийгээ хүндэлж хайрлаж явдаг зэргээ ярьж харилцан үнсэлцээд тулаанаа эхлүүлсэн ба аль аль нь үхлүүт шарх авч үхэж байхдаа ч найздаа хайртай, сайн найз чигээрээ диваажинд очно маягийн юм үглэсээр үхэцгээж.

Энэ тулааны тухай түүхийн хуудсанд бичиж үлдээсэн Самуэль Пеписийн дурссанаар бол “Сэр Генри Белассес нь Том Портертой хийсэн халз тулаанаас авсан шархнаас болж нөгчлөө. Мал нядалж байгаа юм шиг нэгэндээ хандаж байхдаа ч хайртай дуртай юм ярьсаар нөгөө ертөнцөд одсон энэ хоёрыг олон түмэн “Хайрандаа шатаж нэгнийгээ цааш харуулсан хоёр тэнэг хэмээн доромж нэрээр нэрлэдэг боллоо“ хэмээн бичсэн юм гэнэ лээ.

Энэ олон халз тулааныг хараад байхад хүн өөрөө нөгөө ертөнцөд очих замаа хайж, бүр байх боломжгүй газар ч эрсээр байгаад олдог юм шиг. Иймэрхүү тэнэг, бас утгагүй төгсгөл хаа сайгүй үргэлжилсээр.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 4 сар 11. 0:00
Ганаа

Сонирхолтой нь тэнэг мэт боловч эд нар түүхэнд үлдсэн л байгаа биз дээ.Эднээс том хэргэм зэрэгтэй,ухаантай байсан сая сая хүмүүсийг хэн ч бичихгүй бас дурсахчгүй.

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 7 сар 9. 0:13
Зочин

CHI UHSEN BOL TUUHEND ULDEN UU BARINA UU HEND CH PADGUISHDEE DAHIAD AMILHGUIGEES HOISH TIIMES ENE NASANDAA L SAIHAN AMIDAR

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]