Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Штаб руу гал нээгээд !Уншсан88,791

Хятад улс тэр чигээрээ хөөрсөн хүүхэд залуучуудын гарт орж хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг болж байсан тэр үеийг “бүгд бүгдийн эсрэг дайн” хэмээн нэрлэсэн байдаг.

Нийтлэлч "Чалчаа саарал" бичиж байна.

Штаб руу гал нээгээд! 

Энэ үгийг 1966 онд Хятадын удирдагч Мао Зэ Дун тухлаг сандалд сууж, хүнд суртал, хээл хахуульд идэгдсэн түшмэдийн гайгаар хувьсгалаар олж авсан ололт амжилт болгон гажуудаж, сүйрэх аюулд ирсэн учир хэлсэн гэдэг. Үнэндээ энэ бол аливаа хувьсгалын дараа гардаг эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан бөгөөд  “Их үсрэлтийн” бодлогын үеэр суларч ирсэн нэр нүүрээ аврах гэсэн Маогийн оролдлого байлаа. Энэ үгээр соёлын хувьсгал гээч зүйл эхэлсэн нь Хятадын түүхэнд бас нэг аймшигт муухай толбо болон үлдсэн билээ.

Соёлын хувьсгал гэдэг бол хөдөө, тосгоны ард иргэдийг бичиг үсэгтэй болгох, улс орны хөгжилд саад тотгор болж буй хуучирсан ёс заншлыг халах гэсэн оролдлого гэдэг утгаар цөөнгүй улс оронд хэрэгжиж байсан (Монгол улсад соёлын довтолгоо нэрээр хэрэгжиж бичиг үсэг үл мэдэх явдлыг ихээхэн багасгасан, хувийн ариун цэвэр гэх мэт ойлголт бий болсон гэх мэт) бол харин Хятадад энэ хувьсгал ихээхэн өөр утга агуулгатай зүйл болж хувирсан юм.

Маогийн хэлсэн тэрхүү “штаб руу гал нээх” ёстой хамгийн үнэнч шударга цэргүүд нь дунд сургуулийн сурагчид болох улаан хамгаалагч нар (хунвэйбин), оюутан ажилчдын төлөөлөгч нар болох эсэргүүцэн тэмцэгчид буюу цаофанэй нар байв.

Гартаа Хун вэй Бин хэмээн бичсэн улаан даавуу ороосон хүүхэд залуучууд өөрсдийгөө хувьсгалыг хамгаалагчид гэж нэрлэсэн бөгөөд тэдэнд хувьсгалын үйл хэргийг хамгаалахад ямар ч хамаагүй арга хэрэглэх эрхийг Мао дарга өгчээ. Хүүхдүүд ч тэр даруй ажилдаа идэвхийлэн орсон бөгөөд тэдний хамгийн эхний хохирогч нь багш нар байв. Багшийгаа янз бүрийн нэр хочоор нэрлэж, барьж аван үс толгойг нь хусах, элдэв хачин шог малгай хүчээр өмсүүлэн хотоор чирч явах, олны өмнө зогсоон янз бүрийн хэрэг тулгаж шившиглэх бөгөөд энэ үедээ хувьсгалын эсэргүү ямар үйлдэл хийж байсныг нь зарлан балбаж нүдэн байх нь энүүхэнд. Энэ бүх үйлдлээ Мао даргын хэлсэн үгнүүдийн ишлэл бүхий улаан номыг нүүрнийх нь өмнө савчин шулганалдана. (Соёлын хувьсгалын дундуур энэ номыг хатуу, нимгэн, нордоггүй хавтастай хийсэн гэдэг бөгөөд ийм номоор зодож цохиход их сайн өвтгөдөг, зүсдэг, дараа нь угаахад цус хурдан арилдаг, шинэ мэт болдог байсан учир улаан хамгаалагч нарт их хэрэгтэй зүйл байж)

Энэ явдал улам бүр эрчимжин 1966 онд Хятад даяар 6 сарын турш бүх хичээл сургалт хаагдан улаан хамгаалагч, эсэргүүцэн тэмцэгч нарын хувьсгалт үйл хэрэгт нь туслуулахаар олон автобус, галт тэрэг үйлчилж байв. Залуучууд ч зохион байгуулалттайгаар багш, доктор доцентуудыг шившиг болгоод зогсохгүй төрийн түшмэдийг гоочилж эхэллээ. Эхлээд түмний шившиг болгодог, зоддог нүддэг байсан бол одоо алах зэрэг үйлдэл хэвийн үзэгдэл болж эхэлсэн бөгөөд Мао болон түүний талынхан энэ үйлдлийг дэмжсээр.

“Ард түмэнд итгэ, тэдний санаачилгыг дэмж... замбараагүй үйл явдлаас айх хэрэггүй бөгөөд ард түмний энэ төлөөлөл удахгүй зохион байгуулалтад орох болно... сурагч оюутны өөдөөс бүү эсэргүүц...” гэх мэт зөвлөгөөг засаг төрийн томчууд нь ард олондоо өгсөөр.

“Улаан хамгаалагч нарыг хүн алсных нь төлөө шоронд хорих хэрэгтэй юу гэж үү? Би бодохдоо тэгэх хэрэггүй гэж бодож байна. Яахав хүн алсан байж... Мэдээж хүн алах сайхан зүйл биш ч гэсэн ард түмэн хэн нэгнийг тэгж ихээр үзэн ядаж байгаа бол одоо яах вэ дээ. Бидний хэрэг биш учир бид саад болж болохгүй... Харин ардын цагдаа нар улаан хамгаалагч нартай нэгдэж тэдэнд мэдээлэл өгч дэмжиж байх ёстой болов уу ...” хэмээн нийгмийн аюулгүй байдлын яамны сайд Се Фужчи хэлж байсан нь тухайн үеийн жинхэнэ төрхийг харуулж байгаа хэрэг.

Хэнээс ч айхааргүй болсон улаан хамгаалагч нар хотын дарга, төрийн түшмэдийг ангуучилж гарлаа. 1967 онд Шанхай хотын захиргааг эзлэн авч даргыг нь элдвээр тамлан шившиглэж байгааг Мао дарга магтан дуулсаар.

Хятад улс тэр чигээрээ хөөрсөн хүүхэд залуучуудын гарт орж хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг болж байсан тэр үеийг “бүгд бүгдийн эсрэг дайн” хэмээн нэрлэсэн байдаг.  Яг үнэндээ сэтгэлийн хөөрөлдөө автан солиорсон гэмээр эдгээр хүүхдүүдийг хэн дуртай нь өөрийнхөө өстөн, дайсныг намнуулахад ашиглаж байсан бөгөөд Мао даргаас эхлээд жижигхэн тосгоны ургац бүртгэн авдаг хүн болох гэсэн нэгэн хүртэл тэднийг ашиглаж хүссэндээ хүрч байлаа.

Чухам ийм үед Ухань хотын явдал гээч зүйл болсон байна. Олон сая хүнтэй энэ хотод улаан хамгаалагч нар дэндүү гаарч ямарваа нэг хууль номд захирагдахгүй, алж талж байгааг нь Уханийн цэргийн тойргийн дарга харж тэсэлгүй өөрийн мэдлийн цэргүүдээ хотод оруулж улаан хамгаалагч, эсэргүүцэн тэмцэгч нар төдийгүй хотын бүх л удирдлагыг зайлуулж бүх эрх мэдлийг гартаа авч хотод эмх журам тогтоолоо. Бээжингээс ирж түүний энэ үйл ажиллагааг зогсоох гэсэн Жоу Эньлайн онгоцыг хотод буулгахгүй, буух гэвэл танк хэрэглэнэ гэж сүрдүүлж байв. Бээжин цэргийн ихээхэн хүчийг Ухань хотод ойртуулж авчирсны дараа л хотын шинэ дарга бууж өгсөн гэдэг.

Иймэрхүү явдлын дараа Мао цаг өөр болсныг ойлгосон бололтой улаан хамгаалагч, эсэргүүцэн тэмцэгч нарыг хазаарлах арга чарга хэрэгжүүлж эхэлсэн ба угаасаа түүний өрсөлдөгчөө дарж авах, тэдний гар хөлийг тасалж хаях гэсэн гол зорилгыг тэдгээр хүүхдүүд хангалттай сайн гүйцэлдүүлж өгсөн учир одоо тэдний хэрэг гэж үгүй.

“Арван мянган галзуурсан харх нь ганц ширхэг галзуурсан барнаас илүү аюултай” гэж Мао хэлсэн бөгөөд энэ нь түүний хэлсэн “штаб руу галлаад” гэсэн үг үүргээ нэгэнт гүйцэтгэж, тэр “гал нээх” тушаалыг нь гүйцэтгэсэн арван мянган галзуурсан хархын шаардлага үгүй болсныг зарласан үг байжээ.

“Улаан хамгаалагч нар нь хариуцлагагүй, улс төрийн хувьд боловсорч гүйцээгүй нөхдүүд” гэж Мао дүгнэн даруй аливаа үйл ажиллагаагаа зогсоохыг шаардахад олонх нь түүний үгэнд орсон бол зарим нэг улайрсан нөхдүүдийг Хятадын Ардын чөлөөлөх армийн тусламжтайгаар хотуудаас гаргасан байна. Хотуудаас гаргасан гэж хэлж байгаа ч энэ үедээ бүр хүнд артиллер хэрэглэсэн, янз бүрийн хотод олон түмний өмнө хэдэн арван хунвэйбин болон цаофанэй нарыг буудан хороосон тухай мэдээнүүд цувсаар.

Ингэж 1969 онд улаан хамгаалагч нарын үйл хэрэг дууссан бөгөөд олон сая улаан хамгаалагч нарыг дахин хүмүүжүүлэхийн тулд хөдөө газар ажил эрхлүүлэхээр хөөлөө. Зарим тоогоор 10 сая гаруй хүүхдүүд ингэж хөдөө цөлөгдсөн ба 10 жилийн дараа л тэд гэртээ эргэн ирсэн гэдэг.

Залуу дэврүүн хүүхдүүдийг хөөргөж байж сая гаруй хүний амь насанд хүрсэн гэдэг энэ соёлын хувьсгалын өөр бас нэг хувилбар хэдэн жилийн дараа Хятад улсад давтагдаж бас цөөнгүй хүний амь насыг авч одсон нь Тянь Ань Миний талбайд болсон явдал гэдгээр бид бүгд мэднэ. Яг үнэндээ тэнд хэдэн нөхдүүд баахан шуугиж байгаад хөөгдсөн болохоос айхтар юм юу ч болоогүй гэж олон хүн баталдаг. Харин ойролцоох гудамжнуудад уу... Энэ нь тусдаа сэдэв биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]