Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн хачирхалтай халз тулалдаанУншсан13,843

Илдний эрдмийг сайн эзэмшсэн болохоороо тэр үү шалтагтай шалтаггүйгээр баруун солгойгүй халз тулаан хийх ба энэ нь түүний амьдралын хэв маяг, ажил төрөл нь болсон тийм л хүн байсан гэнэ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Холливудын томоохон найруулагчдын нэг Ридли Скотын анхны кино болох Халз тулалдагчид  (The Duellists) киног зарим нэг нь үзсэн болов уу. Энэ кинон дээр гардаг үйл явдлыг зохиолчийн уран сэтгэмж хэмээн бодож явдаг байсан боловч үнэндээ энэ нь бодит үйл явдал байжээ.

Наполеоны эрин үед Францын офицер Франсуа Луи Фурьне-Сарловеза хэмээх дэг журам сахилга бат гэдэг юмыг мэддэггүй, том толгойлсон, хэрүүл уруул хийж, амьтан хүнтэй муудалцдагаараа алдартай нөхөр байж. Илдний эрдмийг сайн эзэмшсэн болохоороо тэр үү шалтагтай шалтаггүйгээр баруун солгойгүй халз тулаан хийх ба энэ нь  түүний амьдралын хэв маяг, ажил төрөл нь болсон тийм л хүн байсан гэнэ.

Нэгэн удаа мань хүн залуухан эрийг халз тулаанд дуудаж, бүлж алсны дараа Фурьнегийн даргын тэвчээр алдагджээ. Тэрээр даруулгагүй нөхрийг сургахын тулд өөрийн зохион байгуулж байгаа найр цэнгэлд Фурьнег ирэхгүй байхыг анхааруулсан ба үүнийгээ өөрийн туслах, шилдэг илдчин Пьер Дюпон де л’Этанг-аар дамжуулж хэлүүлсэн байна. Тухайн үеийн дүрэм журмаар бол ингэж доромжлуулсан Фурнье нь өөрийн даргыг халз тулалдаанд дуудаж болохгүй. Гэхдээ даргынхаа “баруун гартай” бүлэлцэхэд саад болох юм байсангүй. Тэрхүү баруун гар нь өнөөх Дюпон.

Хоёр шилдэг илдэчний тулаан эхэллээ. Фурнье шууд л довтолж эхэлсэн боловч Дюпон ганцхан хөдөлгөөнөөр өрсөлдөгчөө нэвт бүлэн унагалаа. Халз тулалдааны дүрмээр бол хэн нэг нь бүлүүлсэн, цавчуулсан, шархадсан л бол тулалдааныг зогсоох ёстой ба энэ ёсоор ч болж. Харин цус алдан хэвтэх Фурнье шууд л даагаа нэхэх тухай ярьж эхэлсэн байна.

Хэдэн долоо хоногийн дараа Фурнье эдгэрч халз тулаан дахин болоо. Энэ удаа удаа Фурнье ялж Дюпоныг шархдуулсан ба өнөөх нь бараг унаж байхдаа л даагаа нэхэх саналтай байгаагаа хэлжээ.

3 дахь тулалдаанд хэн хэн нь шархадсан ч ялагчаа тодруулж чадсангүй. Аргагүй л илдний эрдмийн эрдэм чадал нь тэнцсэн хоёр байжээ. Үүний дараа Фурнье нь гар бугаар буудалцахыг санал болгосон ч Дюпон хүлээн авсангүй. Учир нь Фурнье нь уйдах үедээ ойрхон тамхи татан байгаа цэргүүдийнхээ гаансны толгойг зад буудаж зугаацдаг, цэцэн гэж жигтэйхэн нөхөр гэдгийг тэрээр мэдэлгүй яахав. Хоёр нөхөр удтал маргалдсаны дараа хэн нэг нь бууж өгтөл халз тулалдаанаа илдээр үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч, үүнийгээ бичгээр баталгаажуулсан гэдэг.

Энэ хоёрын хооронд болдог тулалдаан нь удалгүй хэвийн зүйл болон хувирч, хоорондын харилцаа нь ч ихээхэн дотно болж эхэлжээ. Хэн нэг нь хол газар албан ажлаар явах болбол нөгөөдөө учир явдлаа бичсэн захидал явуулах ба эргэн уулзах мөчийг тэсэж ядан хүлээж байна гэсэн үгсээр захиа нь дуусна. Ээлжит тулалдаанаа хийхийн өмнө гар барьж, инээлдэн ярилцах  ба удалгүй бүр тэврэлдэн уулзаад дараа нь нэгнийгээ алах гэж улайран зүтгэнэ.

Ийм байдлаар тэд 19 жилийн дотор 30 гаран удаа халз тулалдаж хэн нь ч бууж өгсөнгүй. Эцэст нь Дюпон сүүлчийн халз тулалдаанаа гар буугаар хийх санал тавьсан ба хэн нэгний үхлээр дуусах энэ тулалдааныг хийх болсон шалтгаанаа эхнэр авах гэж байгаа гэдгээр тайлбарласан байна. Фурнье ч зөвшөөрсөн хариу өгч, “ аль болох хуримын бэлтгэлд цаг зав, хөрөнгө хүч зарахгүй байхыг” зөвлөөд, “өөрөө ганц бие хэвээр нөгөө ертөнцөд очих болов уу гэж байж байна” хэмээн бичжээ.

Хоёр нөхөр ойд, гэрчгүйгээр тулалдахаар болсон ба ойн хоёр талаас ороод  хүссэн үедээ буудаж болохоор тохиролцжээ.

Гар буугаар цэцэн бууддаг Фурнье нь ойд ороод тун удалгүй Дюпаныг модны цаана өөр тийшээ харан зогсож байгааг хараад шууд буудлаа. Толгой нь мулт үсрэн унах шиг болж Фурнье ч баярлан, бас харамсан зогсох тэр үед шанаан дээр нь бууны гол төмөр хүрэхийг мэдэрсэн байна. Дюпон заль хэрэглэн Фурньег сумгүй болгож авсан нь энэ. Одоо Дюпон өрсөлдөгчөө алах бүрэн эрхтэй төдийгүй, Фурнье нь ч үүнийг эсэргүүцэх эрхгүй болж байгаа гэсэн үг.

Дюпон Фурньегийн амь өөрийнх гарт байгааг хэлж, дахин хэзээ нэгэн цагт таарах бол шууд буудах эрхтэй, Фурнье зүгээр зогсож байгаад буудуулах ёстой гэдгийг сануулаад амиа аврах уу, эсвэл дахиж нүдэнд харагдахгүйгээр алга болох уу гэсэн сонголт үлдээсний 2 дахийг нь Фурнье сонгосноор энэхүү он удаан жил үргэлжилсэн халз тулалдаан дуусгавар болжээ.

Фурнье энэ явдлаас хойш ахиж дэвшиж Людовик XVIII-ийн том жанжин болсон төдийгүй бас цагтаа Наполеонтой зодолдож хүртэл амжсан хүн.

Харин Дюпон нь сүүлийн халз тулалдааны дараахан цэргээс халагдан жирийн эргэн болж зохиол бичин амар тайван амьдарсаар өрсөлдөгчөөсөө 13 жилийн дараа нас баржээ.

Энэ хоёр хүний түүх нь тухайн цаг үеийн Франц орны амьдрал, тэр тусмаа цэрэг офицеруудын ёс суртахууны хэм хэмжээ, зан байдлыг хамгийн сайн ойлгуулах нэг тод жишээ юм болов уу хэмээн бодогдох юм.

P.S

Энэ түүхийг Ридли Скотын хийсэн, одоо гарч буй “The Last Duel” хэмээх кинотой андуурах бий. Уг кино нь мөн л бодит түүхээс сэдэвлэн хийсэн боловч цаг үе нь арай өмнөх үеийн тухай юм билээ шүү.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 6. 0:50
Зочин

Ийм түүхтэй кино юм бий. Миний дуртай жанрын кино. Халз тулааны хэсгүүд нь ч элдэв маяггүй, их бодитой хийгдсэн санагддаг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]