Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталинградын тулааны шийдвэрлэх үе ба фельдмаршал, генерал хоёрын хувь заяаУншсан26,430

Хэдийгээр түүний амьд үлдсэн ганц хүү Эрнстэд эцгийгээ хааяа эргэх эрх олгосон ч Паулюсын амьдралын сүүлчийн өдрүүд тун ганцаардмал байдалд өнгөрсөн юм.

History.mn дэлхийн хоёрдугаар дайны шийдвэрлэх үе болсон Сталинградын тулааны тухай, фельдмаршал Ф.Паулюс болон генерал Зейдлиц нарын олзлогдсоноос хойшхи хувь заяаг өгүүлж байна.


Арванхоёрдугаар сар гэхэд Сталинградад бүслэгдсэн Германы 6 дугаар арми руу агаарын замаар "гүүр" босгоно гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл гэдэг нь тодорхой болов. 1942 оны арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар өдөрт таван хүн нэг талхыг хувааж идэж байв. Удалгүй талх ч үзэгдэхээ болив. Сталинград дахь бүх л морь, нохой, муур, хархыг хүртэл идэж дуусгалаа. Уг “тогоо” буюу бүслэлтэд орсон 250 мянган цэргээс зөвхөн 40 мянга нь л тулалдаанд идэвхтэй оролцох хэмжээний чадвартай байв. Гэсэн мөртлөө гудамж, хонгил, байшин бүрийн төлөө тулалдаанд яаж ийгээд л германчууд ясны дайчид гэдгээ харуулан тулалдах хүч гаргаж байдаг бол бүслэлтэд тэдэнтэй хамт орсон Румын, Италийн анги нэгтгэлүүд огт байлдааны ажиллагаанд оролцолгүй бууж өгч, хариуцсан байрлалаа алдаж байв. Хоргодох байрууд бүслэгдсэн немцүүдийн гуравны нэгийг л багтааж байсан тул тэдний ихэнх нь бөмбөгнөөс үүссэн хонхорхойн хөлдүү газар окоп маягаар хоноглодог байлаа.

Оросуудын анхны тооцоогоор 80-90 мянган германчууд бүслэгдсэн гэж тооцож байсан нь алдаатай болж энэ чинээгээр бүслэлтийн цагирагийг хумих, шахах ажиллагаа удаашралтай болж байв.

Готын бүлэглэлийн давшилт бүтэлгүйтсэнээр арванхоёрдугаар сарын 24-н гэхэд 6 дугаар армийг чөлөөлөх гэсэн Германы командлалын бүх төлөвлөгөө нуран унав. Зөрүүлээд 24-ний өглөө гвардийн 2 дугаар арми, 51 дүгээр армийн хүчээр оросууд Котельниковын чиглэлд давшилт эхлүүлж Сталинградад ойртож ирсэн Германы хүчийг шахлаа. Генерал А.И.Еременкогийн командалсан Котельниковын операци амжилттай хэрэгжиж 12 дугаар сарын 29-н гэхэд дайснаа Сталинградаас 300 км-ийн алсад таягдан хаяснаар Паулюсын найдвар бүрэн тасарлаа.

Бүслэгдэж ямар ч авралгүй хүнд байдалд орсон хэдий ч 6 дугаар арми бууж ч өгсөнгүй, талууд аль аль нь бие биеэ отсон, хүлээсэн бага сагахан мөргөлдөөн хийсэн байдалтай 12 дугаар сарын сүүлийн хэдэн хоногийг өнгөрөөж 1943 он гарлаа. Цагариг гэж нэрлэсэн операциар Германы бүслэгдсэн армийг хоёр хэсэг ярж хуваагаад дуусгах төлөвлөгөө ч Кремльд, Дээд Ерөнхий командлалын газрын ширээн дээр батлагдаж, 1 дүгээр сарын эхний долоо хоног шувтармагц эхлэх байв.

Баруунаас генерал А.И.Еременко, зүүнээс Хрушев

Германы 6 дугаар армийг хоёр хэсэгт хувааж нэг нэгээр нь цохиж устгах төлөвлөгөөг К.К.Рокоссовскийн Доны фронт гүйцэтгэх болов. 

1943 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Зөвлөлтийн командлал фельдмаршал Паулюст тулган шаардах бичиг гардуулж, бууж өгөхгүй бол бүслэлтэд байгаа бүх цэргийг үг дуугүй устгана гэлээ.

Паулюс хариу өгөхийг огтхон ч хүссэнгүй. Тэр байтугай цагаан туг өргөж, тулган шаардах бичиг явуулсан ахмад Осипенког фашистууд араас нь буудаж хөнөөснөөр аль аль тал нь цус урсгасан ширүүн тулаанд орохоос өөр аргагүй болсон юм. Цагариг хэмээх нэрээр тэмдэглэгдсэн операци буюу Сталинградын тулааны шийдвэрлэх үе ирлээ. Доны фронтын цэргүүд 10-ны өглөө давшилтад орлоо. Давшилтын эхний өдөр л германчууд хориглолтоо 6-8 км цөмлүүлж, улмаар хориглолтын хоёр дахь зааг дээрээ оросуудын давшилтыг тогтоох гэсэн боловч бүтсэнгүй. Улаан арми Паулюсийн 6 дугаар армийг устгахад шаардлагатай бүх арга хэмжээг авч, хүч түрж байлаа. Паулюс ямар ч найдваргүй болсноо ойлгож, нэгдүгээр сарын 20-нд Гитлерээс бууж өгөх зөвшөөрөл хүсэв.

К.К.Рокоссовский

Гэвч Гитлер татгалзав. Нэгдүгээр сарын 22-ны өглөө Рокоссовский олон цэргийн цус урсгахгүйн тулд бууж өгөх шаардлагыг дахин Паулюст хүргүүлэв. Шийдвэртэй хариу ирээгүй тул Рокоссовский давшилтаа улам хайр найргүй, хүчтэй эхлүүлж, устгах ажиллагааг эрчимжүүлэв. Зөвлөлтийн артиллерийн хүчтэй цохилт Паулюсийн армийн хориглож байгаа газрын бүх цэгт тусч байлаа. Дахин хоёр хоног тэсээд Паулюс радиогоор "Цаашид хориглох аргагүй болов, сүйрэл гарцаагүй иржээ. Амьд үлдэгсдийг аврахын тулд бууж өгөхийг зөвшөөрнө үү, эм эмнэлгийн хэрэгсэл, боолт ч үгүй 18 мянган шархтан эмнэлгийн тусламж авахгүй бол авралгүй болж байна" хэмээн хүссэн ч Гитлер "Бууж өгөхийг хориглоно, арми эцсийн хүнээ, эцсийн сумаа дуустал байрандаа зогсох ёстой" гэсэн хариу өглөө.

Нэгдүгээр сарын 25, 26-нд зөвлөлтүүд Сталинградын баруун талаас нэвтэрч, маргааш нь гэхэд Сталинградын фронтын 62, Баруун өмнөд фронтын 21 дүгээр армиуд Мамай толгойн орчимд нэгдсэнээр Паулюсын арми голоороо хоёр хэсэгт хуваагдлаа.

Гитлер ч байдал авралгүй болсныг ойлгож 29-нд шөнө радиогоор Паулюст фельдмаршал цол олгосныг зарлахдаа Германы түүхэнд ийм цолтой хүн хэзээ ч олзлогдож байгаагүйг онцолсон нь түүнийг амиа хорлоорой хэмээн далдуур сануулсан явдал байв.

Хотын төв рүү шахагдсан 6 дугаар армийн өмнөд хэсгийн эсэргүүцэл нэгдүгээр сарын 31-н гэхэд бүрэн дарагдаж генерал Ф.Паулюс бууж өгч, зэвсгээ хураалгалаа. Паулюсыг бууж өгөх үед бүслэгдсэн хойд хэсэг эсэргүүцэл үзүүлсээр байв. Рокоссовский, Воронов нар өөрсдийн биеэр Паулюсыг байцааж, үлдсэн цэрэгтээ бууж өгөх тушаал өгөхийг шаардсан ч Паулюс "Би олзны хүн, хойд бүлгийн командлагчид бууж өгөх шаардлага өгөх эрхгүй" хэмээн татгалзсан байдаг. Рокоссовский ч удаан гуйсангүй артиллерийн хүчтэй бэлтгэл хийж, танк, явган цэргийг давшилтад оруулж тракторын завод болон, Баррикад заводын районд таслагдсан генерал Уолтер Хейтцээр удирдуулсан хойд хэсгийн эсэргүүцлийг хоёрдугаар сарын 1-н гэхэд бүрэн дарж, зэвсгийг нь хурааж авав.

Бууж өгсөн генерал Уолтер Хейтц, аль хэдийнэ оросуудын олзонд ороод байсан Ф.Паулюстай уулзаж байна

Сталинградад бүслэгдсэн 270 мянга орчим цэргээс 240 мянга нь германчууд байсан ба 90 мянга орчим цэргүүд, нэг фельдмаршал, 22 генерал, 2500 орчим офицеруудтайгаа бууж өгч олзлогдсон. Үлдсэн 150 мянга орчим германчууд Сталинградын нуранги дор үүрд үлдсэн юм. Олзлогдогсдын тал хувь нь ч дараагийн долоо хоногт шарх болон өлсгөлөнгөөр хэт дордсон бие нь дийлээгүй нас барсан байдаг. Бүр хожим олзлогдсон 91 мянган хүнээс 6 мянга нь л дайны дараа нутгийн бараа харсан гэдэг.

Нийтдээ Сталинградын тулалдааны эхнээс төгсгөлийг хүртэл Германы талын хохирлыг 800 мянган цэргээр тооцдог бол Улаан арми 1.1 сая цэргийнхээ хохирлоор асар үнэтэй ялалт байгуулсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны үндсэн эргэлт энэ байлаа. Германчууд Дорнод фронт дээрх бүх хүчнийхээ дөрөвний 1-ийг Сталинградад алсдан ч гэдэг.

Хоёр талаас тулалдааны явцад нийт 2 сая орчим хүн үрэгдсэн ба 6 дугаар армийн анги нэгтгэлүүдэд Германы армийн хамгийн шилмэл дивизүүд багтаж байсан. Сталинградад бүрэн ялалт байгуулсан ч оросуудыг хавраас өмнө дайсны 150 мянга гаруй цэргийн цогцсыг цэвэрлэх ажил хүлээж байв.

 

Генерал Вальтер фон Зейдлиц-Курцбах

“Сталинградын тогоонд” олзлогдсон Германы офицерууд дотроос Паулюсын армийн 51 дүгээр корпусыг командалж байсан, артиллерийн цэргийн генерал Вальтер фон Зейдлиц-Курцбах НКВД-гийн сонирхлыг тун онцгой татаж байв. Түүнийг Зөвлөлтийн цэргийн олзлогдогсдын лагерьт аваачин үзэл суртлын талаар ухуулга, ятгалга хийж эхэлжээ. Генерал фон Зейдлиц фюрерт тун их гомдож, гутарсан нь Зөвлөлтийн комиссаруудад ашиг тусаа өгнө гэж найдаж байлаа. Тэрбээр Сталинград дахь учир утгагүй хядааныг хараад сэтгэлзүйн хувьд тэнцвэрээ алдчихсан нэгэн байв. Мөн баривчлагдахынхаа өмнөхөн амиа хорлох бодол ч түүнд төрж байсан гэлцдэг.

Тэрчлэн Гитлерийн дэглэм хэдий чинээ түргэн унана, Германы ард түмний ирээдүйд төдий чинээ ач тустай байх болно гэдгийг тун сайн ойлгосон байлаа. Үүний төлөө Сталинтай ч хамтрахад бэлэн байгааг нь сайтар ажигласан комиссарууд тэр тал руу нь "залсаар" есдүгээр сар гэхэд фон Зейдлиц Зөвлөлтийн цэрэгт чадах чинээгээрээ тусалдаг болжээ.

Герман офицеруудын чөлөөт холбооны гишүүд, голд нь генерал Зейдлиц

1943 оны есдүгээр сарын 11-12-нд Луневод тэрбээр дэслэгч генерал Эльдер Александр фон Даниельс, хошууч генерал Отто Карфес, хошууч генерал Мартин Латтман (бүгд Сталинградад олзлогдсон) нарын 93 хүнийг оролцуулан Герман офицеруудын чөлөөт холбоог байгууллаа. Зейдлиц уг холбооны тэргүүнээр сонгогдов. Холбооноос явуулах суртал нэвтрүүлэг герман цэргүүдэд ихээхэн нөлөө үзүүлж, үг дуугүй зэвсгээ хураалгахад тус дэм болно хэмээн Зөвлөлтийнхөн найдсан нь эндүүрэл байлаа.

Холбоо эхний шалгалтаа 1944 оны хоёрдугаар сард өгсөн юм. Корсун-Шевченкогийн районд Германы 80 мянга орчим хүнтэй, 1600 орчим их буу, 270 гаруй танк бүхий арван дивиз бүслэгдэж, тэдэнд хандан оросууд Зейдлицийн холбоог хөдөлгөөнт радио нэвтрүүлгийн хэрэгслээр ханган, чанга яригчаар ухуулга хийсэн боловч огт үр дүнгээ өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, герман цэргүүдээс ганц нь ч бууж өгсөнгүй. Хоёрдугаар сарын 17-нд германчууд бүслэлтээс гарах гэж улайран оролдож, тал хүнээ алдсан ч үлдсэн хэсэг нь бүслэлтээс гарч чадсан болохыг хожим фельдмаршал Манштейн номдоо бичсэн байдаг. Харин Оросын талын цэргийн түүхчдний бичсэнээр германчууд бүслэлтээс гарч чадаагүй бөгөөд бүрэн устгагдсан гэдэг.

Ийнхүү Корсун-Шевченкогийн район, Черкассын орчимд болсон хэрэг явдлын дараа Зөвлөлтийн командлал Зейдлицийн Герман офицеруудын холбоонд онцын найдлага тавихаа больсон ч хааяа ашигладаг байв. Хэдийгээр уг холбооны зүгээс онцын ашиг гараагүй ч германчуудын хувьд Зейдлицийн суртал ухуулга ноцтой байжээ.

1944 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Дрездений цэргийн шүүх түүнд эх орноосоо уравсан гэж үзээд эчнээгээр алах ял оноосон байна. Ингээд долдугаар сарын 20-ны хуйвалдаанд оролцсон хэрэгт нь буруутган улмаар амиа хорлоход хүргэсэн фельдмаршал Эрвин Роммелийг 1944 оны аравдугаар сарын 18-ны өдөр оршуулах үед үүнийгээ зарласан билээ. Роммелийн амиа хорлох болсон жинхэнэ шалтгааныг дайн дуустал германчууд олон нийтээс нууж байв.

Энэ үед хатагтай Ингсборг Зейдлиц эр нөхрөөсөө салах болсныг мэдэгдэв. Хэрвээ ийм алхам хийхгүй бол хатагтай болон түүний дөрвөн охины аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэжээ. Хатагтай Зейдлиц салах өргөдлөө гаргав. Энэ нь 1944 оны долдугаар сарын 20-ны өдөр Адольф Гитлерийн амь насанд фон Штауффенберг амжилт муутай халдлага хийхээс хэдхэн цагийн өмнөх явдал.

Гестапо Штауффенбергийн хуйвалдаанд оролцсон байж болох бүх хүнийг гэр бүлийн хамт баривчилж эхэллээ. Энэ баривчилгаа нөхрөөсөө салах өргөдөл гаргаад байсан хатагтай Зейдлицийг ч тойрсонгүй. Түүнийг наймдугаар сарын 3-нд Верден-Аллерт баривчлан Бремени шоронд хорилоо. Мөн үүнээс хоёр өдрийн дараа түүний хоёр том охин, хүргэнийг баривчилсан төдийгүй хоёр бага охиныг нь ч хүүхдийн хорих лагерьт аваачив. Гэвч Рейхийн сайд Альберт Шпеерын хүчин чармайлт болон гэр бүл цуцалсан байдлыг нь харгалзан Зейдлицийн гэр бүлийнхнийг удалгүй суллав.

Зүүнээс генерал Зейдлиц, Паулюс нар

Үүнтэй зэрэгцэн оросууд генерал Зейдлицийг Ростовт аваачиж, байгуулсан холбоо нь үр дүнгээ өгөөгүйн шийтгэл болгож тун хатуухан нөхцөлд хорилоо. Түүнийг ганц хүний өрөөнд түгжиж, сэтгэлзүйн айхтар дарамтууд үзүүлэн тамлаж эхлэв. Ялалт ирсэн ч түүний өрөөнд дараагийн дөрвөн жилийн турш гэрэл огт унтраасангүй. Зейдлицийг гэр орныхонтой нь холбоо барихыг хориглодог байсан болохоор тэднийхээ талаар юу ч мэдэхгүй явсаар ийнхүү дөрвөн жилийг ардаа орхиж, улмаар сэтгэл санаа нь хямран галзуурах хандлагатай болж ирсэн тул Москвад авчран Бутырийн шоронд арай гайгүй нөхцөлтэй өрөөнд хорьжээ.

1955 оны есдүгээр сард ХБНГУ-ын канцлер Конрад Аденауэр Москвад айлчлав. Тэрбээр Зөвлөлтийн шоронд хоригдож байгаа Германы олзлогдсон хүмүүсийг суллаагүй тохиолдолд ЗХУ-тай хэзээ ч дипломат харилцаа тогтоохгүй гэж мэдэгдэв. Хэдийгээр ЗХУ үүнд тун таагүй хандаж байсан ч, аргагүйн эрхэнд зөвшөөрч 749 хоригдол авч үлдэн бусдад нь гарах виз олгожээ. Харин авч үлдсэн эдгээр хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Баруун болон Зүүн Германы шүүхэд шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

1955 оны аравдугаар сарын 4-нд Вальтер фон Зейдлиц шоронгоос гарлаа. Тэрбээр хоёр өдрийн дараа гэрийнхэнтэйгээ уулзав. Түүний ихэнх хуучин найзууд дуугүйхэн, илт зай барьсан шинжтэй угтлаа. Энэ бол ерөнхийдөө хувь заяаны түүнд олгож буй шийтгэл гэдгийг ч тэрбээр тун сайн ойлгож байлаа. Фон Зейдлицийн хуучин ихэмсэг зангаас юу ч үлдээгүй байв. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамт Бремен-Хорнед амьдарч байгаад 87 насандаа 1976 оны дөрөвдүгэр сарын 28-ны өдөр таалал төгссөн бөгөөд түүнийг урвагч, үгүй гэсэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байдаг билээ.

 

Фельдмаршал Фридрих Паулюс

Фельдмаршал Фридрих Паулюсын хувьд Сталинградад хүлээсэн ялагдлаасаа сэтгэхүй, бие бялдрын хувьд салж чадахгүй байсаар зүйл дууссан гэж хэлж болно. Тэрбээр Зейдлицийн байгуулсан холбоонд элсэхээс эхлээд татгалзаж байв. Тэрбээр олзлогдсон цэргийн хүн улс төрийн үйл ажиллагаа явуулах нь тийм ч зохимжтой зүйл биш хэмээн үзэж байлаа. Гэвч Гитлерийн эсрэг долдугаар сарын 20-нд гарсан халдлагыг сонсоод өөрийнхөө үзэл бодлыг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Учир нь уг хуйвалдаанд оролцогчдын нэг нь түүний удирдлагад байсан хүн агаад нөгөө хоёр нь болох фельдмаршал Эрвин фон Вицлебен, генерал Эрих Хепнер нарыг Паулюс тун их хүндэтгэдэг байжээ. Ингээд Вицлебен, Хепнер нарыг дүүжлэн хороосон 1944 оны наймдугаар сарын 8-ны өдөр Паулюс анх удаа радиогоор фашистуудын эсрэг хүчтэй мэдэгдэл хийж, Дорнод фронтод тулалдаж асан Германы цэргийн ангиудыг Гитлерийн эсрэг тэмцэлд орохыг уриалсан юм.

Яг энэ өдөр Гестапо Паулюсийн гэр бүлийнхнийг баривчиллаа. Тэднийхнээс гагцхүү дөрвөн сарын өмнө Италийн Анциод алагдсан хүү Фридрих нь л шоронд ороогүй юм.

Паулюс гэр бүлийнхэнтэйгээ Зейдлиц шиг уулзан, учирч, хамт амьдарч чадаагүй. 1946 онд Нюрнбергийн шүүх хурал дээр Паулюс Зөвлөлтийн ялын дүгнэлтэд гэрчээр оролцож, 1953 оныг хүртэл хоригдож байлаа. Эхнэрийг нь бөөнөөр хорих лагериас америкчууд сулласан авч 1944 онд Баден-Баденд нас барсан юм. Паулюс суллагдаад коммунизм бол Европын ганц найдвар гэдэгт гүнээ итгэсэн тул БНАГУ-ын Дрезден хотноо суурьшлаа. Тэрбээр Ардын цагдаагийн газар сургагчаар ажиллаж, өөрийнх нь зүг ирэх үндсэрхэг дайралтуудаас нэр төрөө хамгаалахын тулд асар их хүчин чармайлт тавьж асан ч нэг л амжилт олохгүй байв. Хэдийгээр түүний амьд үлдсэн ганц хүү Эрнстэд эцгийгээ хааяа эргэх эрх олгосон ч Паулюсын амьдралын сүүлчийн өдрүүд тун ганцаардмал байдалд өнгөрсөн юм.

Фридрих Паулюс Дрезден хотноо 1957 оны хоёрдугаар сарын нэгэнд буюу Сталинградад 6 дугаар арми бууж өгсний 14 жилийн ойтой зэрэгцэн хорт хавдрын улмаас 66-тайдаа таалал төгссөн билээ. Хүү Эрнстийн хувьд эцгийгээ коммунистуудын талд орсонд тун дургүй байсан бөгөөд 1970 онд амиа хорлон нас барсан.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]