Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тонька пулемётчинУншсан77,220

Түүнд 1978 оны наймдугаар сард буудан алах ял оноогоод ердөө маргааш нь 11-ний өглөөгүүр ялыг нь гүйцэтгэн буудан хороожээ. 55 настай энэ эмэгтэй өршөөл үзүүлэхийг гуйсан ч Москва татгалзсан байдаг.

“Тонька пулемётчин” хочтой Макаровна Антонина Макаровна бол дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайны үеийн хамгийн аймшигтай урвагч, алуурчин байж мэднэ. Эх орны дайны үед Гитлерийн армийн эзлэгдсэн нутагт, германчуудад ажиллаж Оросын партизан, энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, цэрэг дайчид нийтдээ 1500 гаруй хүнийг буудан хороосон эмэгтэйг дайны дараа чекистүүд тооцоо бодохоор эрэн сурвалжилсаар байлаа. .

Нутаг нэгтэн, орос иргэдээ бөөнөөр нь хядаж байсан түүнийг 1941-1943 онд фашистуудын эзлэгдсэн нутаг дэвсгэрт “Тонька пулемётчин” хэмээн нэрийдэж байж.

Энэхүү байлдааныг түүхэнд Брянскийн бүслэлт хэмээн тэмдэглэсэн юм. Бүслэлтэд орсон улаан армийн таван сая цэрэг амь үрэгдэж, 500 мянга нь олзлогдож, ойролцоогоор 85 мянга нь бүслэлтээс гарсан байдаг. Тэдний дунд сувилагч Антонина Макарова байлаа. Фашистууд бүслэгдсэн газрыг зогсоо зайгүй бөмбөгдөж байв.1941 оны аравдугаар сард Гитлерийн арми ЗХУ-ын нийслэл Москва хот руу улайран тэмүүлж байлаа. Тэд Вязьмагийн ойролцоох оросуудын бэхлэлтийг цөмлөн, Зөвлөлтийн таван армийг бүслээд байлаа. Краснодарт 150 км2 газарт бүслэгдсэн зөвлөлт дайчид эцсээ хүртэл тэмцсэн ч, хүч тэнцвэргүй байлдааны төгсгөл тодорхой байв.

Ээлжит бөмбөгдөлтийн үеэр ухаан алдсан Антонина нэг сэргээд хартал эргэн тойронд нь амьд хүн үлдээгүй байжээ. Тэрбээр нас барчихаад, тамд очиж гэж бодсон гэдэг. Гэтэл хажууханд нь хүн ёолох сонсогдов. Нуувчид шархадсан цэрэг байгааг хараад л тэрбээр амьд гэдэгтээ итгэж, азтайгаа гайхаж байжээ. Ёолж байсан цэргийг Николай гэх бөгөөд тэд хамтдаа бүслэлтээс гарахаар шийджээ.

Брянскийн ойд өлсөж үхэхгүйн тулд модны холтос, хуурай навч буцалгаж, гол зогоож, өдөртөө гал түлж, дулаацаад, шөнөдөө осгохгүйн тулд тас тэврэлдэн хонож байлаа. Антонинагийн хувьд аймшигт зовлон ард нь үлдэж, аврал мөн гэр бүлийн жирийн амьдрал өмнө нь байна гэж бодсон аж.

Гэтэл түүний мөрөөдөл биелэх учиргүй байж. Брянскийн ойролцоо ирээд Николай эхнэр хүүхэдтэйгээ дуулгаад, “Тэдэн рүүгээ явна” гэжээ. Бүсгүй өөртэй нь үлдэхийг гуйж, нус нулимстайгаа холилдсон ч нэмэр болсонгүй. Тэрбээр ойд орь ганцаараа үлдэв. Николайд хаягдсан нь дайсны бөмбөгдөлтөөс дутахгүй том цохилт болж, ухаан нь самуурах шахсан бүсгүй тосгоноос тосгоны хооронд амьгүй мэт сажилжээ.

Ингэж явсаар Локоть тосгонд ирэхэд германчууд хэдийнэ эзэлчихсэн байв. Түүнийг тосгоны захад цагдаа нарт саатуулжээ. Фашистуудад эзлэгдсэн хот, тосгодод урвагчид цагдаагийн үүрэг гүйцэтгэж байлаа. “Чи хэн бэ. Хаанаас явж байна” гэж оросоор асуухад бүсгүй “Намайг Антонина Макарова гэдэг. Москвагаас ирсэн” гэж хариулав.

***

Германчууд Локотид автономит улс байгуулах эрх олгохдоо нутгийн ард иргэдийн дэмжлэгийг авна гэж тооцсон байлаа. Зөвлөлт засгийн үед хөрөнгөө хураалгасан хүмүүст эд зүйлсийг нь эрг үүлэн өгч, газрыг тариачдад хувааж эзэмшүүлэхээр амласан байна. Гэсэн ч бүгдийнх нь дэмжлэгийг авч чадаагүй нь мэдээж. Дайснуудад эх орноо худалдахыг олон хүн хүссэнгүй. Тэд ой руу зугтаж, партизаны бүлэг байгуулан, фашистуудтай тэмцэж байв.

Бүслэлтээс гарч чадсан хүмүүс тэдэнтэй нэгдэж байв. Фашистууд Локотийн даргаар тэр нутгийн архины үйлдвэрийн инженер байсан Бронислав Каминский гэгчийг томилжээ. Тэрбээр партизанууд болон тэднийг дэмжигчдийг устгаж байлаа. 1943 оны зун Брянскийг фашистуудаас чөлөөлөх тулаан эхэлжээ. Дайснууд баруун зүгт ухрахад мэдээж урвагчид ч дагав.

1943 оны есдүгээр сарын 5-нд улаан арми Локотийг эзэлжээ. Дайны хатуу хуулиар эх орноосоо урвагчдад буудан алах ял ногдуулж, эсвэл олон жил хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлэн, чанга дэглэм дор хорьдог байв. Локоть тосгонд “пулемётчин Тонька” хэмээн алдаршсан аймшигтай яргачин эмэгтэй бараг домог болсон байлаа.
Гэтэл тэр урвагч эмэгтэй сураггүй алга болчихож. 1944 онд фронтын хээрийн цэргийн эмнэлэгт 422 дугаар ангиас нэгэн сувилагч бүсгүй шилжин иржээ. Үг дуу цөөтэй, даруухан бүсгүй шархадсан цэргүүдэд бүгдэд нь хүрч сувилахыг хичээнэ. Тэр бол мөнөөх дээр дурдсан, фашистуудад эзлэгдсэн Локоть ороод чимээ алдарсан Антонина Макорова байв. Антонина тэр эмнэлэгт цэргүүдийг асарсаар дайныг дуусгасан байна.

Тэндээ ирээдүйн нөхөр Валентин Гинзбургтэйгээ танилцжээ. Тэд дайн дууссаны дараа Валентины төрөлх нутаг Лепельд суурьшив. Антонина Лепель хотод 30 гаруй жил амьдрахдаа хоёр охин төрүүлж, хотынхоо оёдлын үйлдвэрт чанар шалгагчаар тасралтгүй ажиллаж, хөдөлмөрийн гавшгайч болжээ. Тэгээд зогсохгүй хотын хүндэт иргэн ч болсон аж.

***

1978 он. Дайн дууссанаас хойш 33  жил өнгөрсөн ч НАХЯ пулемётчин Тонька хэмээгч харгис эмэгтэйн мөрөөр хайсаар байв. Эцэст нь авьяаслаг мөрдөн байцаагч нарын олон жилийн чадварлаг мөрдөлтийн ачаар Тонькагийн мөрөөр оржээ. Цаг ирлээ.

Хэргийн эзэн 33 жилийн туршид Антонина Макаровна Гинзбург нэртэй явсан өнөөх гавшгайч, эх орны дайны ахмад дайчин байлаа. Насанд хүрсэн хоёр охин нь Москвагаас Германы Кенигсберг хүртэл фронтын зам туулсан сувилагч ээжээрээ бахархана. Гэр бүлээрээ ахмад дайчны хөнгөлөлт эдэлнэ.

1978 онд Белоруссын Лепель хотоос түүнийг баривчилсан байна. Ахмад дайчин, хөдөлмөрийн гавшгайч, бор шаргал өнгийн цувтай нас тогтсон Антонина Макарова гэр рүүгээ явж байхад нь машин ирж зогсоод хар хослолтой гурван хүн бууж ирэв. Тэд “Та бидэнтэй хамт яаралтай нэг газар очих хэрэгтэй боллоо” гэсэн байна. Аюулаас хамгаалахын төлөөлөгч түүнд “Таныг яагаад энд авчирсныг та мэдэж байна уу” гэхэд “Энэ ямар нэгэн алдаа байх” гээд мушийн сууж байсан гэдэг.

“Та бол Антонина Макаровна Гинзбург биш. Та бол Антонина Макаровна, бүр алдаршсан нэрээрээ бол пулемётчин Тонька. Та бол немцүүдэд ажиллаж хүмүсийг бөөнөөр нь буудаж байсан залхаан цээрлүүлэгч. Брянскийн ойролцоох Локоть тосгонд таны үйлдсэн аймшигт аллага одоо хүртэл домог шиг яригдаж байдаг. Бид таныг 30 гаруй жил хайлаа. Юу үйлдэж байснаа одоо бидэнд ярих цаг чинь болсон. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ” гэж мөрдөн байцаагч хэлжээ.

“Сүүлийн жилүүдэд зүрх түгшээд байдаг болсон юмаа, юу болохыг мэдэж байж л дээ. Олон жил өнгөрч, гэхдээ яахав бичээд бай л даа” гэж тэрээр хэлсэн байна. Энэ явдлаас нэг цагийн дараа үйлдвэрийн боловсон хүчин рүү Аюулаас хамгаалахаас утасдаад Макарова ажилдаа дахин очихгүй болсон учраас хувийн эд зүйлс нь ажил дээр нь үлдсэн бол гэр бүлгийнхэнд нь өгөхийг сануулжээ. Ингээд пулемётчин бүх үнэнээ өчжээ.

Фашист цагдаа нарт туугдаад явж байхдаа Антонина аар саар зүйл ярьж байснаа сүүлдээ Зөвлөлт засгийг харааж, зүхэж эхэлжээ. Түүний үзэн ядалт урвагч нарыг ч гайхашруулсан тул хотын даргад түүнийг танилцуулжээ. Каминский урд нь зогсох 19 настай царайлаг бүсгүйтэй хэдэн хором ярилцахдаа коммунистуудын талаарх үзэл бодлыг нь асуухад нөгөөх нь “Үзэн яддаг” гэж хариулсан байна. “Тэднээс нэгийг ч болов устгаж чадах уу” гэхэд бүсгүй шууд л “Арвыг ч алж чадна” гэжээ.

Ингээд Каминский Антонинаг буудсангүй, харин заводын байранд нэг өрөө гаргаж өгөхийн зэрэгцээ сарын 30 герман маркаар цалинжуулах болов. Түүнд бас нэг пулемёт өгчээ. Бүсгүй Локоть тосгоны шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэсэн орон тоон дээр ажилд оржээ. Энэ нь алах ялд заагдсан хүмүүсийг буудан хороох ажил аж. Антонина амьд гарахыг хүссэн нь ойлгомжтой. Гэхдээ амиа дэндүү өндөр үнээр олж авчээ. Локотид Антонина сайн дураараа ирсэн.

Хэн ч түүнийг тийш явахыг хүчлээгүй, хэн ч түүнд бусдыг ал, эс бөгөөс чи өөрөө үхнэ гэж тулгаагүй. Фашист дэглэмийг дэмжүүлэхийг хүссэн Вермахтын удирдлага Локоть тосгоныг нэн хэрэгцээт бараануудаар маш сайн хангадаг байсан аж. Тэндхийн иргэд өмсөж зүүх, идэж уухын гачигдлаас гарчээ. Антонина ой руу зугтаж, партизануудтай нэгдэх боломжтой байсан ч тийм сонголт хийсэнгүй.

Антонинаг хоёр өдрийн дараа тосгоны захад байдаг оршуулгын газарт ирэхийг тушаав. Яваад очтол ухсан том нүхний ирмэг дээр хорь гаруй хүнийг эгнүүлэн зогсоосон байлаа. Тэдний эсрэг талд бүсг үйд өгсөн нөгөөх пулемётыг зоожээ. Тэднийг буудахыг бүсгүйд тушаав. Эхний ажлаа Макарова шал согтуу гүйцэтгэсэн гэдэг. Учир нь бүсгүй өөдөөс нь цоо ширтэх хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өөдөөс гал нээж чадахгүй байлаа.

Хажууд нь зогсож байсан нэг фашист цэрэг Антонинад шилэн аяга дүүрэн архи өгөхөд нэг амьсгаагаар хөнтөрч орхисон байна. Хэдэн хормын дараа түүний айдас, эргэлзээ арилж, пулемёт тачигнаж гарчээ. Ингэж нэг удаадаа 27 хүнийг нэг дор нь шүршдэг болов. Амин газарт нь онолгүй шархдуулсан хүмүүсийг бүсгүй гар буугаар нүд рүү нь буудаж, гүйцээдэг байсан гэдэг. Ингэж нутаг нэгтнүүдээ бөөнөөр нь устгаж, аллага үйлдснийхээ дараа Антонина тэвэр дүүрэн олзтой харина.

Тэрбээр үхсэн хүмүүсийн гутал хувцас, зүүлт ээмгийг тайлж аваад гэртээ авчирч угааж арчин, зарахыг нь зарж, өмсөж болохыг нь хэрэглэдэг байжээ. Цусны толбо, сумнаас үлдсэн нүх бүсгүйг огт айлгадаггүй байлаа.

Эхэндээ ажлынхаа дараа Антонина хэдэн цагаар тааз ширтэн суудаг байж. Тэгээд оройдоо герман цэргүүдтэй уушийн газарт ухаанаа алдтал архидаад тасарч унадаг болов. Сүүлдээ хүн алах нь үүрэгт ажил нь гэдэг болж.

Хоёр жилийн хугацаанд тэрбээр 1500 хүний аминд хүрчээ. Антонина Макарова “пулемётчин Тонька” болсон түүх ийм аж. ДЯЯ-ны байцаагчийн өмнө өөрийн тухай ярьж суугаа нас тогтсон эмэгтэй харамсаж, гэмшсэн шинжгүй байлаа.

“Ямар ялгаа байхав, пулемёт чичрээд л....Хэн үхэж байгаа нь надад хамаагүй хэрэг. Өнөө хүртэл би энэ талаар огтхон ч бодож байгаагүй” гэж хамгийн сүүлд хүмүүсийг буудаж байснаасаа 35 жилийн дараа тэрээр мөрдөн байцаалт дээр хэлж байжээ.

Тэрээр мэдүүлэгтээ “Хүмүүсийг буудах бол нэг их ялгаа байгаагүй дээ. Зөвхөн тоо нь л өөр өөр байсан. Ихэнхдээ 27-гоос дээш хүнийг нэг хэсэг болгон бууддаг байлаа. Шоронгоос 500 орчим метрийн зайд ухсан нүхний ирмэг дээр бууддаг байсан. Хүмүүсийг нүхний ирмэг дээр цааш нь харуулан жагсаана. Буудах газарт хэн нэгэн миний пулемётыг аваачаад тавьчихсан байдаг. Би пулемётынхаа ард өвдөглөж суугаад л шүршдэг байсан. Энэ чинь миний ажил шүү дээ” гэжээ.

"Германчуудад зүтгэж байсан орос цагдаа нар болохоор партизанууд, тэдний ар гэрийнхнийг цаазлах дургүй байсан байх л даа” гэж ярьжээ. Би ч хэнийг буудаж байгаагаа мэддэггүй, тэд ч намайг мэддэггүй. Ингэхээр надад айж ичих зүйлгүй байсан. Заримдаа хэн нэгнийх нь цээжинд “партизан” гэсэн бичиг өлгөсөн байдаг байлаа. Зарим нь үхэхийнхээ өмнө дуу дуулдаг байсан. Цаазын дараа би буугаа цэвэрлэнэ. Сум бол хангалттай” гэж Антонина Макаровна мэдүүлжээ.

***

1943 оны зун Зөвлөлтийн армийн Брянскийг чөлөөлөх тулалдаан эхэлж. Тоня, тэндхийн хэдэн янхантай адил  бэлгийн замын өвчин авч, тэднийг Германы ар тал руу эмчлүүлхээр явуулсан байна. Энэ хооронд Локоть тосгонд зөвлөлтийн цэрэг орж ирэн урвагч цагдаа нарыг баривчилсан ч Тонько пулемётчин  шударга цаазаас үлдэж орхижээ.

Харин тосгоны ойролцоо талд түүний буудсан 1500 орчим хүний булш үлдсэн байна. Ингээд л 1921 онд төрсөн, Москвагийн иргэн Антонина Макаровна Макароваг 33 жилийн турш эрсэн байна. Түүний талаар мэдээлэл тун бага байлаа. Хамт ажиллаж байсан урвагчид нь бол бүр юу ч мэдэхгүй. Ингээд энэ хугацаанд ийм ойролцоо нэртэй 250 орчим хүнийг судалж шалгасан ч алуурчин бүсгүй усанд хаясан чулуу шиг сураггүй.

1977 онд “Тонькагийн” дүү гадаадад явах болж тэр үеийн журмын дагуу Иргэний бүртгэл мэдээллийн төвд хүснэгт бөглөжээ. Гэтэл нэг сонин зүйл гарч ирсэн байна. Гадаад явах хүний төрөл төрөгсөд нь Панфилов овогтой байтал нэг эгчийнх нь л Макарова гэсэн өөр овогтой байв.

Ингээд хүснэгт бөглөсөн хүнийг дуудаж, тодруулахад Антонина хэмээх эгч нь сургуульд орсныхоо дараа овгоо хэлж чадахгүй байсанд ангийн хөвгүүд нь “Наадах чинь Макаровын охин” гэж өмнөөс нь орилоход багш нь журналд охиныг “Макарова” гээд биччихжээ. Ингээд сургуульд түүнийг бүгд Макаров гэж дуудсаар, охин ч нэрэндээ дасаж, хожим нь бичиг баримтаа ч хууль дүрмийн дагуу Макарова болгожээ. Энэ нь Тонькаг олон жил аварсан байлаа. Дээрээс нь тэрээр нөхрийнхөө Гинзбург овгийг авсан нь эрлийг мухардуулсан байдаг.

Хотын хүндэт иргэн, ахмад дайчныг нотлох баримтгүйгээр баривчилж, ял тулгаж болохгүй тул дайны үед Локоть тосгонд амьдарч байсан, пулемётчин Тонькаг мэдэх хүмүүсийг гэрч болгон, таниулахаас өөр арга байсангүй. Ингээд нэг эмэгтэйг эхлээд Лепель хотын оёдлын үйлдвэрт нууцаар аваачин, цонхны цаанаас Макароваг харуултал шууд л танив. Гэхдээ олон жил өнгөрсөн тул гэрч андуурч болох магадлалтай. Тиймээс дахин өөр хоёр ч гэрч дуудав.

Тонька мөн, эсэхийг хэлэх хэрэгтэй гэхэд гэрч хоёр эмэгтэй үхтлээ айсан гэдэг. Яргачин Тонька гэгч хүмүүсийн зүрхэнд тэгтлээ орсон байжээ. Нөгөөх хоёр гэрчийн гадаад төрхийг өөрчлөн, нэгийг нь хотын эмэгтэйчүүдийн байгууллагын даргын өрөөнд бичээчийн дүрээр суулгаад, нөгөөг нь гадаа байлгаж байгаад Макароваг дууджээ.

Тэд Антонина Макароваг хараад л “Тонька мөн байна” гэжээ.

Түүний нөхөр Виктор Гинзбург эхнэртээ хайртай, ямар нэгэн гэмт хэрэг, мөнгө завшсан байлаа ч уучилна гэж байсан. 1945 онд Кенигсбергт цэргийн эмнэлэгт хэвтэж байхад нь залуухан сувилагч бүсгүй ирсэн, тэгээд л танилцаж насан турш хамт амьдарсан гэж ярьсан. Гээд яахав дээ, үнэнийг нь л хэлсэн дээ гэж мөрдөн байцаагч нь дурсчээ.

Антонина яахав немцийн цэргийн эмнэлгээс зугтааж манайханд бүслэгдээд өөр бичиг баримт олж дахиад   л сувилагч болох нь тэр. Байцаалт дээр тэр юуг ч нуугаагүй, аймшигтай зүйлээ бүгдийг ярьсан. Сонсоход ч аймаар байсан. Бүр хүмүүсийг буудаж байснаа дэс дараагаар нь санаж байсан. Үнэхээр хэрцгий эмэгтэй. Түүнээсээ айж эмээсэн, харууссан төрх ер байгаагүй. Залуудаа ямар хүүхэн байсан бол гээд бодоход санаанд багтахгүй байсан шүү” гэж мөрдөн байцаагч Леонид Савоськин ярьжээ.

Түүнд 1978 оны наймдугаар сард буудан алах ял оноогоод ердөө маргааш нь 11-ний өглөөгүүр ялыг нь гүйцэтгэн буудан хороожээ. 55 настай энэ эмэгтэй өршөөл үзүүлэхийг гуйсан ч Москва татгалзсан байдаг.

Эх орны дайны үед эх орноосоо урван тэрсэлсэн тохиолдол олон байсан ч залхаан цээрлүүлэгч, алуурчин эмэгтэйн ганц түүх л энэ.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 7. 23:45
Бич утгыг

Тухайн үеийн сонголт байсан юм байлгүй дээ...

2020, 1 сар 28. 17:32
Зочин

Энд ганц Николайг бичиж Оросын хэдэн цэрэгтэй бүслэлтээс гарах гэж явахад нь тэд охиныг бйанга хүчиндэж байсан тул яргачин болсон гэсэн

2019, 11 сар 18. 14:01
Зочид минь ээ

Маш их аймшигтай зовлон туулсан учраас л амиа аврахын тулд зандалчин болсон гэдэг шүү. Ойд Николайдаа хаягдаж германуудад баригдаад шөнө болгон арав хориороо хөөрхий бүсгүй хүчирхийлж үйл тамыг нь үзэж байсан тул амиа аврахын тулд ийнхүү замыг сонгосон хэмээн оросын түүхчид өөрсдөө хэлсэн байдаг. Зандалчин болсон нь энэ бүсгүйн сэтгэлийг чулуу болгосон байх л даа. Эм хүмүүн нэг шулуудвал хэн ч түүнийг үл зогсоож чадмой, улам л цааш явдаг гэдэг шүү.

2021, 9 сар 15. 15:20
Зочин

о Сайхан охин байсан юм билээ Түүнийг анх Зөвлөлтийн цэргүүд хүчиндсэн гэдэг

2019, 10 сар 7. 23:07
Зочин

Энэ эмэгтэйн тухай ОХУ "Зандалчин" гэдэг телевизийн олон ангит кино хийсэнийг Соёмбо телевизээр гарч байсан. Зэвүүн кино шүү

2019, 12 сар 11. 0:44
Зочин

киноноосоо ѳѳр юм тэнд ѳѳрийгѳѳ нуухын тулд дахиад цуврал аллага хийж байгаад баригдаж байгаа гардаг

2019, 10 сар 6. 11:30
Зочин

хүний амьдрал гэдэг ч хэцүү юмдаа

2018, 2 сар 1. 16:44
Зочин

Яг юу болсныг үнэндээ хэн мэдэхэв дээ. Байдаг л нэг коммунист түүх байна.

2018, 3 сар 21. 21:25
Зочинггг

Хуцаадбай тэнэг пизда минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]