Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайны хүн ба Ялалтын маршалУншсан17,408

Дайны дараа Жуковыг ховорхон дээшлэлт, хүндхэн уналтууд хүлээж байсан юм. Гэхдээ эх орны дайны ялалтын түүхээс хэн ч түүний нэрийг авч хаяж чадаагүй билээ

-Дайны баатрууд энхийн цагт эрх баригч нарын өрсөлдөгч болдог. Сталин ч, Хрущев ч жанжныг гавъяат тавцнаас нь буулгахаар бүхнийг хийсэн. Дайны дараа Жуковыг ховорхон дээшлэлт, хүндхэн уналтууд хүлээж байсан юм. Гэхдээ эх орны дайны ялалтын түүхээс хэн ч түүний нэрийг авч хаяж чадаагүй билээ-

Георгий Жуков орос түмний дунд нэр хүнд нь хэзээ ч унаж байгаагүй зөвлөлтийн үеийн цөөхөн зүтгэлтнүүдийн нэг юм. Оросын түүхэнд Георгий Жуковын нэр нь Александр Суворов, Михаил Кутузов нартай зэрэгцэн тавигдаж, түүний амьдрал нь дайн ба эх оронтойгоо нягт холбогджээ. Ялалтаас хойш 70 жил өнгөрч байгаа ч гайхамшигт жанжны түүхэнд хандах хүндэтгэл сулраагүй байгаа.

Зөвлөлтийн дөрвөн удаагийн баатар Георгий Константинович Жуковт хамгийн хүндтэй цол хэргэмийг дайнд аврагдсан ард түмэн нь өгчээ. Тэр бол “Ялалтын Маршал” юм.

 Зүүнээс: Маршал Георгий Жуков, Британийн фельдмаршал Бернард Монтгомери, Маршал Константин Рокоссовский нар. Зөвлөлтийн жанжнуудад Британийн цэргийн одон гардуулсны дараа, Берлин, 1945 он

ДАЙНААС ДАЙНЫ ХООРОНД

Тэр “дайны хүн” байжээ. Дайн түүнийг сонгон аваад залуугаас нь маршалын буурал суутал тавиагүй юм.

1915 оны наймдугаар сарын 7-нд 18 настай Георгий Жуков морин цэргийн хороонд татагдлаа. 1916 оны наймдугаар сард тэрээр унтер-офицерийн сургуулийг дүүргээд дайнд татагдан оров. Есдүгээр сард нь баруун фронт дээр хөнгөн шархадсан ба дайсны цэргийг олзолсон гээд Георгийн загалмайгаар шагнагджээ. Аравдугаар сард тэрээр хүнд шархаджээ. Дайны фронтод тэр эргэн очсонгүй.

Хувьсгалын дараа өөрийнх нь бичсэнээр “большевикуудын байр суурийг” хүлээн авсан байлаа. Дайн түүнийг дахин олж аваад 1918 онд Улаан армид татсан байна. Царицыны орчим 1919 онд шархадсан байлаа. Морин цэргийн дарга нарын курс төгсөөд Иргэний дайны фронт дээр байлдаж явав. Тэнд анхныхаа Зөвлөлтийн Байлдааны улаан тугийн одонгоор энгэрээ мялаав.

 Жуков Халх голд. Энэ зургийг Зөвлөлтийн шилдэг

гэрэл зургийн сурвалжлагч нарын

нэг Павел Трошкин авсан байв.

Иргэний дайны дараа тэрээр морин цэрэгт алба хааж байлаа. Шаргуу зүтгэлтэй түүний цол жилээс жилд нэмэгдсээр. 1939 оны зургадугаар сарын 1-нд Белорусийн цэргийн тойргийн морин цэргийн командлагчийн орлогч түүнийг Батлан хамаалахын ардын комиссар Ворошилов дуудан Монголд яаралтай нисэн Зөвлөлтийн цэргийн командлалыг авахыг тушаав. Долдугаар сарын 3-нд Японы явган цэрэг Халх голыг гатлан түшиц газартай болсон юм. Жуков хоёр танкийн бригадын хүчээр дайсныг атаклан гол гаталсан япончуудыг бүрэн устгажээ. Халх голын ялалтынх нь төлөө түүнд Зөвлөлтийн баатар цол олгожээ. Хожим түүнд Монгол Улсын баатар цол олгосон байлаа. Жуковын 1940 онд Улаанбаатарт амьдарч байсан байранд нь Жуковын музейг байгуулж, дэргэд нь маршалын хөшөөг Монголчууд босгосон юм.

ОЛОН ГАЙ, АНХНЫ ЯЛАЛТ

Герман Зөвлөлтөд довтлоход Жуков Улаан армийн Жанжин штабын дарга байлаа. Дайны фронтод байдал энд тэндгүй ээлжлэн муудаж, гурван долоо хоногийн дараа дайсан Зөвлөлтийн нутгийн гүнд 500-600 километрт нэвтрэн орж ирэв. “Армийг бүрэн бэлэн байдалд оруулж шуурхайлан шаардлагатай арга хэмжээ аваагүйд цэргийнхэн бидэнд хариуцлага ноогдож байгаа. Хийж байснаасаа илүүтэйгээр бид байх ёстой байжээ…” гэж хожим дурсамжиндаа тэр өгүүлсэн байдаг.

 Улаан Армийн Бузулукийн 39 дүгээр

морин хорооны дарга Георгий Жуков

1941 оны долдугаар сард, стратегийн нэгэн чиглэлд том хүч хуримтлуулан тэнд ноцтой цөмрөлт хийхийг Георгий Жуков Дээд ерөнхий командлалын газарт санал болгожээ. Зөвшөөрөл ч ирж, Старая Русса — Ельня — Брянск заагт Зөвлөлтийн хүчийг төвлөрүүлж эхэлсэн юм. Ельнийн районд байгуулсан Нөөцийн фронтын командлалыг Жуков хүлээн авав. Ельнийн цүлхгэр нь Москвад довтолгоон хийхэд ашигтай түшиц байсан учир фашистууд түүнийг алдахгүйг ихээхэн хичээсэн юм.

Жуков их буучдад дайсныг тасралтгүй буудах тушаал өгсөн юм. Тиймээс түшиц газар нь аажмаар фашистуудын шилдэг хүчний оршуулга болон хувирсан байлаа. Дайн эхэлснээс хойш Германы цэрэг анх удаагаа ухарч эхэлжээ! Есдүгээр сарын 6-нд “Ельнийн районд дайсны бүлэглэлийг бут ниргэн Ельня хотыг эзлэх таны тушаалыг биелүүллээ. Жуков” гэсэн богинохон цахилгаан Сталинд очсон байв.

Ельня хотын орчмын 150-200 кв.км нутаг дэвсгэр нь ялагдашгүй гэж байсан верматаас байлдан авсан Европ дахь анхны ялалт болсон юм..

БАРУУН ФРОНТОД ӨӨРЧЛӨЛТ ИХТЭЙ

 

1941 оны аравдугаар 5-нд Сталин түүнийг дуудан Ленинградын фронтод илгээв. Жуков ирээд хотыг эцсийн хүнээ дуустал хамгаалахаар шийдсэн байна. Хотын хамгаалалт хийгдэж, аравдугаар сараас фашистууд хамгаалалтад орж байгаа тухай тагнуулчид мэдээлж эхэлсэн юм. Америкийн сэтгүүлч Гаррисон Солсбери: «Хэрэв немцүүдийг зогсоож чадсан гэвэл тэдний цусыг ургаж байж хийсэн юм. Тэр есдүгээр сарын өдрүүдэд хичнээн нь бут ниргэгдснийг хэн ч хэзээ ч тоолж чадахгүй… Немцүүдийг Жуковын төмөр эр чадал л зогсоосон юм. Есдүгээр сарын өдрүүдэд тэр аймшгийн байлаа » гэж бичжээ.

Германы цэрэг 3-4 хоногийн дотор Москвад орж ирэх аюул гарч ирлээ. Сталин Жуковыг дуудан Баруун фронтын командлагчаар томилов.

Москвагийн чиглэлд дайснууд нэг сая орчим цэрэг, 1700 танк, 14 мянган их буу, миномёт, 1390 онгоц төвлөрүүлсэн байв. Жуков хамгийн түрүүнд танкийн аюултай чиглэлүүдийг хамгаалах аар шийдсэн байлаа. Хамгаалалтаар дайсны хүчийг сулруулж, ар талаас шинэ дивизүүдийг Москвад татан арванхоёрдугаар сарын 6-нд Улаан арми сөрөг довтолгоонд орлоо. Дайснаасаа давуу биш хүчээр тэд 1942 оны нэгдүгээр сар гэхэд дайснаа Москвагаас 100-250 км-ын зайд шахан гаргажээ. Москвад занал хийж байсан аюулыг устгаж чадлаа.

СТАЛИНГРАД

Вермахтийн шилдэг гэгдэх 6-р арми 1942 оны наймдугаар сард Сталинградад орж ирэв. Хотын төлөөх ширүүн байлдаан гурван сар орчим үргэлжлэв. Зөвлөлтийн цэргийг Жуков л нэгтгэн удирдаж байлаа. Арваннэгдүгээр сарын 19-нд Сталинградын дэргэд Зөвлөлтийн армийн сөрөг довтолгоон эхлэн дөрөв хоногийн дараа немцүүдийг бүслэв. Бүслэгдсэн 330 мянган хүнтэй бүлэглэлийн үлдэгдэл 1943 оны хоёрдугаар 2-нд буун өгчээ. Улаан армийн энэ ялалт нь Эх орны дайны эргэлт болсон юм.

Зөвлөлтийн 34, гадаад орнуудын 29 одон медалийн эзэн, Зөвлөлтийн Маршал Союза Георгий Жуков парадын хувцастайгаа, дөчөөд оны сүүлчээр

ЯЛАГЧИЙН ГАРЫН ҮСЭГ

Курскийн цүлхгэр, Днепр мөрнийг гаталсан, Белорусийн стратегийн ажиллагаа, Висла-Одерийн ажиллагаа зэрэг хамгийн чухал чиглэлүүдэд Жуков зөвлөлтийн фронтуудын ажиллагааг зохицуулах, командлах үүргийг гүйцэтгэж ирэв. Берлинийг дайрсан нь эх орны дайны төгсгөл болсон юм. Түүнд Жуков 1944 оны арваннэгдүгээр сараас эхлэн бэлтгэжээ. Түүхэн тулалдаан 1945 оны дөрөвдүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд Берлин тавдугаар сарын 2-нд уналтад оржээ.

1945 оны тавдугаар сарын 9-ний 0 цаг 43 минутад Герман үг дуугүй буун өгсөн гэрээнд немцийн генерал-фельдмаршал Вильгельм Кейтель гарын үсгээ зурав. Тэр түүхэн баримтад маршал Георгий Жуков гарын үсгээ зуржээ. Дайн Зөвлөлтийн ялалтаар төгслөө.

Жуков ард түмний хайртай жанжин байсан юм. Зөвлөлтийн олон хүний нүдэнд тэрээр Ялалтын бэлгэдэл нь болон харагдаж байлаа. Гэхдээ захирагчдад баатар жанжнууд нь зөвхөн фронт дээр хэрэгтэй. Дайны баатрууд энх цагт эрх баригчдын өрсөлдөгч болдог. Тиймээс Сталин ч Хрущев ч жанжныг гавъяат тавцнаас нь буулгахаар бүхнийг хийсэн юм. Дайны дараа Жуковыг ховорхон дээшлэлт, хүндхэн уналтууд хүлээж байсан юм. Гэхдээ эх орны дайны ялалтын түүхээс хэн ч түүний нэрийг авч хаяж чадаагүй билээ. Гэхдээ маршал Жуков хийсвэр бэлгэдэл биш бодит түүхэн хүн юм.

ЖУКОВЫН ТУХАЙ ИШЛЭЛ:

Дуайт Эйзенхауэр, америкийн генерал "Би Жуковын жанжны авъас, түүний хүн чанарыг нь биширдэг… Би Баруун Европт холбоотны цэргийн ерөнхий командлагч байхдаа би ч миний удирдлагад байсан хүмүүс ч анги нэгтгэлийг командалдаг генералууд ч Берлиний чиглэлд Жуковын командалсан Зөвлөлтийн цэргийн ялалтын маршийг амьсгаа даран ажиглаж байлаа. Жуков Германы хамгийн төвд фашизмын цайзыг бут ниргэх зорилго тавьсан бол түүнийгээ заавал хийнэ гэдгийг бид мэдэж байлаа"

БАРИМТУУД

Маршал Георгий Жуков 1945 оны зургадугаар сарын 24-нд Агуу эх орны дайнд Германыг ялсан Зөвлөлтийн Ялалтын парадыг хүлээн авчээ. Парадыг маршал Константин Рокоссовский командалжээ.

Берлинд 1945 оны есдүгээр сарын 7-нд Бранденбургийн хаалганы дэргэд болсон Дэлхийн хоёрдугаар дайнд Холбоотны цэрэг ялсны Ялалтын парадыг Зөвлөлтийн нэрийн өмнөөс маршал Жуков хүлээн авсан байлаа.

ЗХУ-ын Маршал Г. К. Жуковын нэрээр Москвагийн нэгэн өргөн чөлөөг нэрлэсэн бөгөөд 1995 онд Манежийн талбайд барималч Вячеслав Клыков, уран барилгач Юрий Григорьев нарын бүтээсэн Жуковын хөшөөг байрлуулсан байна. Маршал Георгий Жуковыг Ялалтын парад дээр унасан морьтой нь хөшөөнд мөнхөлжээ.Тэр жилд нь Маршал Жуковын өргөн чөлөөнд бас нэг хөшөөг нь босгосон юм.

Эх орны дайны тухай “Дурсамж ба бодол” нэртэй номыг нь “Зөвлөлтийн цэрэгт зориуллаа. Г.Жуков” гэсэн гэсэн бичигтэйгээр гаргасан байв. ЗХУ-д уг ном 12 удаагийн хэвлэлтээр нийт найман сая хувь хэвлэгджээ. Түүний дурсамжийг дэлхийн 30 оронд 19 хэлээр орчуулан хэвлэсэн байв.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 3. 11:46
Зочин

Жанжин Жуковын дуртгалын хасаж засвар хийгээгүй анхдагч дуртгалыг оросууд хэвлэсэн гэсэн түүнийг хаанаас яаж олох бэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]