Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөвУншсан13,737

1939 оны 7-р сарын дундуур-сүүлээр япончууд Халх голын тулалдаанд зориулан 64-р сөнөөгч сентай, Ки-30 хөнгөн бөмбөгдөгч бүхий 31-р сентайг авчирлаа.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн тав дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

 

Найм. Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

 

1939 оны 7-р сарын дундуур-сүүлээр япончууд Халх голын тулалдаанд зориулан 64-р сөнөөгч сентай, Ки-30 хөнгөн бөмбөгдөгч бүхий 31-р сентайг авчирлаа. Хятадад 10 онгоц унагаж ас хэмээх хүндтэй цолын эзэн болсон асар их туршлагатай Татео Като сөнөөгчдийг толгойлж ирсэн бөгөөд энэ нэмэгдэл хүчтэй нийлээд Японы арми Халх голын тэнгэрт нийт 200 гаруй онгоц гаргах боломжтой болсон нь уг дайн эхэлж байсан үетэй харьцуулахад хэд дахин их болсон тоо юм. Япончуудын ингэж хүч нэмэгдүүлж байгааг Зөвлөлтийн тагнуулууд  зохих цагт нь мэдэж, мэдээлж байсан боловч тэдний мэдээ урьдын адил бодит байдлаас бас л их зөрүүтэй байлаа. Тагнуулын мэдээгээр Япончууд энэ нэмэлт хүчийг авсны дараа 252 сөнөөгч онгоцтой, 198 бөмбөгдөгч онгоцтой гэж тооцож байсан нь бодит тоо болох 200 онгоцноос ихээхэн зөрүүтэй байна. Харин тагнуулчдын нэг чухал мэдээ нь “Япончуудад хүч нэмэх боломж тун муудаж, тухайн бүсийн нөөцөө шавхаж дуусаж байна, одоо нэмэлт хүчийг төв Хятадаас авахаас өөр аргагүй” гэсэн утгатай дүгнэлт юм.

Японы эдгээр хүчний өөдөөс Зөвлөлт, Монголын нисэх хүчин юу сөргүүлж байв?  Зөвлөлтийнхөн Белорусын цэргийн тойргоос 56-р хурдан бөмбөгдөгч хороог татан авчирсан төдийгүй И-16, И-15-ын шинэ эскадрилуудыг авчирсаар байлаа.

Халх голын тэнгэрт Зөвлөлтийн нисэх хүчин ноёлох байр суурь олж чадсаны хүчинд Монголын нисэх хүчин ч бас байлдааны даалгавар биелүүлэх боломжтой боллоо. Хэдийгээр цөөхөн, хуучирсан муу онгоцтой боловч (нийт 7 ширхэг Р-5 онгоц байсан гэх ?) Монгол нисгэгчид маань 186 байлдааны нислэг хийсэн гэсэн тоо байдаг юм байна. Р-5 онгоцоор ганцаарчлан нисэх нисгэгчид маань шөнөөр дайсны ар талын байг бөмбөгдөж ядраах, туйлдуулах зорилготой дайралт хийж байсан бололтой. Зөвлөлтийн ТБ-3 онгоц ч бас яг л ийм арга барилаар бөмбөгдөж байжээ. 

Аврагч ахмад Грицевиц, авруулагч хошууч Забалуев нар. И-16-д 2 хүн багтсаны нууц нь хошуучийн биеийн хэмжээ бололтой

Ингээд Халх голд Японы цуглуулсан 200 гаруй онгоцны өөдөөс Зөвлөлт-Монголын 530 гаруй онгоц сөрөн зогсож байсан бөгөөд тэдний хангамж, нисгэгчдийн туршлага, газрын дэд бүтэц дайны эхэн үетэй харьцуулахын аргагүй дэвшилд хүрсэн байв.

8-р сарын 2-нд 23 ширхэг дайрагч И-16 нь 19 Чайка-гийн хамгаалалт дор Японы нисэх буудлыг дайрсан бөгөөд бүлгийн удирдагчаар “өнөөх” (Халх голын тэнгэрт-4 нийтлэлд энэ хошуучийн амь гарсан тухай бичсэн) Забалуев ниссэн бөгөөд мань зальтай эр нисэх буудлыг нь холуур тойрч урд талаас нь ирсэн учир япончууд  дайралт эхэлж байгааг мэдсэнгүй. Нисэх буудлаас хурандаа Кацуми Абэ-гийн (их танил нэр байх чинь) Ки-36 яг хөөрч байх үед дайрч таарсан бөгөөд Японы онгоц тэр даруй буудуулж унан хурандаа багийн нөгөө гишүүнтэйгээ цуг үхсэн байна. Энэ дайралтаар ёслолын байдалд байгаа юм шиг жагсан зогссон байсан 7 онгоц юу ч үгүй болтлоо шатан өөр бусад олон онгоц ноцтой гэмтжээ. Зөвлөлтийн тал ямар нэг хохирол хүлээсэнгүй.

8-р сарын 5-нд Халх голын тэнгэрт томоохон агаарын тулалдаан болсон бөгөөд оросууд дайсныхаа 17 онгоцыг унагаж, нэг И-16 алдсан гэх бол япончууд Зөвлөлтийн 27 сөнөөгч, 10 бөмбөгдөгчийг унагасан гэж мэдээлжээ.  Бодит байдал дээрээ юм ихээхэн өөр байдгийг, ялангуяа япончууд ялагдаад эхлэх үедээ унагасан онгоцны тоог үлгэрийн мэт их болгодог гэдгийг бид мэднэ. Энэ өдрүүдэд ямар ч байсан Японы хоёр ас амь үрэгдсэн бөгөөд эдгээр нь 10 ялалттай Таро Кобаяши, 26 ялалттай Минёши Мотожима нар юм.

Зөвлөлтийн 150-р хурдан бөмбөгдөгчийн хороо нэг онгоцоо алдсан ба Халуун рашааны орчим дайсны байрлалыг бөмбөгдөж байхдаа зенитийн их буунд оногдож шатсан байна. Шатаж байгаа онгоцоо дайсны зэвсгийн агуулах руу чиглүүлэн мөргөж дэлбэрсэн гэх бөгөөд онгоцны дарга нь Михаил Ююкин хэмээх хүн байжээ.

Цаг агаарын болон бусад шалтгаанаас тэнгэрт нам тайван байсаар 12-ны өдөр Зөвлөлтийн 134 И-16, Японы 60 сөнөөгч оролцсон тулаан болсон бөгөөд оросууд аль болох том хүчээр тулалдах гэж зорьж байсан бол япончууд 10-20 онгоц бүхий хэсэг бүлэг болон тулалдан-зугтан Зөвлөлтийн онгоцнуудыг өөрийн тал руу дагуулан ирж зенитийн их бууны дэмжлэгийг ашиглах гэсэн боловч энэ нь бүтэлтэй болоогүй байна. Энэ тулалдаанаар япончууд  11 Ки-27 алдсан бол Зөвлөлтийн хоёр И-16 унаж, нэг нисгэгч амь үрэгджээ. Японы буудуулж унасан 11 онгоцны дотор 14 ялалт бүхий Жиро Окуда хэмээх бас нэгэн ас байсан байна.

Дахин тэнгэр муудаж 19-ний өдөр л цэлмэсэн бөгөөд энэ өдөр Зөвлөлтийн 22-р сөнөөгч хорооны онгоцууд Японы 64-р сентайн нисэх буудлыг дайрч байхад хурдан бөмбөгдөгч СБ-нүүд Халуун рашааны ойролцоох төмөр замын зангилааг бас бөмбөгдөж байв.  Сөнөөгч нар дайсныхаа 2 онгоцыг зогсоол дээр нь шатаасан бол бөмбөгдөгч нар нэг онгоцоо алдсан ч  Японы цэргийн гол хангамж дамжин өнгөрөх цэгийг гэмтээж хэсэг хугацаанаас жагсаалаас гаргаж чаджээ.  Энэ бол 8-р сарын 20-ны өмнөх өдөр байлаа.

Японы туршлагатай ас нисгэгч нар улам бүр цөөрч тэнгэрт ноёрхлоо бүрэн алдсан төдийгүй хэзээ мөдгүй их тулаан болох шинж мэдрэгдсээр...

Үргэлжлэл: Халх голын тэнгэрт: Наймдугаар сарын 20-21-ний тэнгэрт

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]