Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дрездений бөмбөгдөлтийг Токиод давтсан ньУншсан16,053

Онгоц байдаг, үр дүн байдаггүй. Яах вэ?

1942 оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын “Hornet” онгоц тээвэрлэгчээс хөөрсөн 16 В-25 бөмбөгдөгч Токиог анх бөмбөгдсөн байдаг. Сэтгэлзүйн ач холбогдлоос өөр ямар нэг олигтой зүйл авчраагүй энэ бөмбөгдөлт нь сүйрлээр төгссөн гэж хэлж болох ба бөмбөгдөлтөөс буцаж ирэн буух ёстой Хятадын нисэх буудал дээр ганц ч онгоц хүрч чадаагүй байна. Ихэнх нь унаж эвдэрсэн, живсэн бөгөөд хоёр машины баг тэр чигээрээ япончуудад олзлогдсон байдаг. (Перл Харбор киног санаж байна уу? Дулиттл буюу Алек Болдуин даргатай хэдэн онгоцоор Токиог бөмбөгддөг тэр хэсэг)

Америкчууд энэ бөмбөгдөлтөөс хойш олон зүйл өөрчилж бөмбөгдөх арга барил, техникээ зогсолтгүй сайжруулж байсан ба шинээр тулалдаанд орох В-29 онгоцондоо маш их найдлага тавьж байлаа.

Тухайн цаг үеэсээ хэдэн үеэр тасарсан энэ аймшигт, хүчирхэг бөмбөгдөгч  анх 1944 оны зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Явато арал дахь нэгэн үйлдвэрийг бөмбөгдсөн бөгөөд 68 бөмбөгдөгч хөөрч, 47 бөмбөгдөгч байн дээрээ ирэн бөмбөгдсөн ба Америкчуудын хохирол 57 багийн гишүүн (5-6 онгоц болов уу), нэг сурвалжлагч болжээ. Харин япончуудын хохирол, үйлдвэрийн орчимд 1 ширхэг бөмбөг унасан байна.

Марианы арлуудыг эзэлж авсны дараа В-29 юу чаддагаа үзүүлэх сайхан боломж гарч ирлээ. 1944 оны арваннэгдүгээр сарын 7-нд (энэ өдрийг санаж байна уу? Зоргег хэзээ цаазалсан билээ?) Токиогийн тэнгэрт нэгэн В-29 гарч ирсэн ба тагнуулын зорилготой энэ онгоцыг унагах гэж 100-гаар тоологдох сөнөөгч нар ээлж дараалан тэнгэрт гарсан ч 9000 метрийн өндөрт яваа онгоцонд ойртох аргагүй байлаа. 

Ингээд Токиог бөмбөгдөх онгоц маань байлдааны үр дүнтэй зэвсэг болж чадах нь тодорхой болсон учир жинхэнэ тулаанд оруулахаар арваннэгдүгээр сарын 24-нд Японы нэгэн зэвсгийн том үйлдвэрийг бөмбөгдүүлэхээр 100 гаруй В-29 хөөргөжээ.  Асар өндрөөс бөмбөгдсөн бөмбөгдөлтийн үр дүнд үйлдвэрийн талбайн 1 хувийг ашиглалтаас гаргасан байна.

100 бөмбөгдөгч 1%. 

Онгоц байдаг, үр дүн байдаггүй. Яах вэ? Бага өндрөөс бөмбөгдвөл, болж өгвөл бүр 3000-аас доош өндрөөс бөмбөгдвөл онч харьцуулшгүй өндөр болно. Гэтэл сөнөөгч онгоцноос хэрхэн хамгаалах вэ? Ямар бөмбөгөөр бөмбөгдөх вэ? Чухам юу бөмбөгдөх вэ?

Америкчууд нэг юм бариад авсан бол ер нь л цаана нь гардаг хүмүүс. Энэ бүх бүтэлгүй явдлын дараа зохих дүгнэлт хийж олон янзын арга хэмжээ аван бөмбөгдөлт хүссэн үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй болсон хойноо буюу 1945 оны гуравдугаар сарын 10-нд Японы нийслэл Токиог бөмбөгдлөө. Энэ бол америкчуудын нэгэн удаагийн оролдлогоор хамгийн их хүн алсан аллага байлаа.

Гуравдугаар сарын 10-ны шөнө (сөнөөгч онгоцны аюулаас зайлсхийж шөнийг цаг сонгосон) 282 хүнд бөмбөгдөгч В-29 тэнгэрт хөөрсөн ба эхний цөөхөн онгоц 2000 метрийн өндөрт нисэн заасан цэгт шатаах бөмбөгөө хаясан байна. Энэ бол үндсэн группийн гол баримжаа байлаа. Баримжаагаа олж авсан бөмбөгдөгч нар Токиогийн дээр ирэн хагас сая шахам шатаагч бөмбөгөө 15 м-ийн зайтай маш няхуур хаялж эхэлжээ.  (бөмбөг хоорондын зай 15 метр байхыг тушаасан байсан ба энэ хэмжээнээс давахад шатаах үр дүн муудна гэж тооцсон байна. )

Тухайн үеийн Токио хот нь үндсэндээ мод, цаасаар хийсэн барилгатай, хоорондын зай нь бага, чихцэлдсэн гудамтай хот байсан бөгөөд шатаах бөмбөгний дараа түймэр маш хурдтай таран Токиогийн энд тэнд том түймэр асан байснаа удалгүй бүгд нийлж нэгэн том там болсон байна. 

Тэр шөнө 300 км-ын цаанаас харагдаж байсан түймрийн голомт хэсэгт 1000 градус хүртэл халж байсан ба төмөр зам, гэрлийн шон, төмөр гүүр хүртэл хайлан дусалж байсан гэдэг. Бөмбөгдөгчийн сүүлийн хэсэг асар их халсан агаарын дээш урсгалд цохигдон зуугаар тоологдох метрт хүртэл шидэгдсэн тохиолдол байсан байна.

Бөмбөгдөлтийн дараа америкчуудын хохирол: 27 хүнд бөмбөгдөгч, түүний баг болох 270 хүн байснаас 14 онгоц нь шөнийн сөнөөгчид буудуулсан бол 13 нь сураггүй алга болсон, агаарын босоо урсгалд цохигдон задарч унасан байна. 42 машин хүнд гэмтэл авсан ч буудалдаа буцан ирж чаджээ.

Япончуудын хохирол: Японы цагдаагийн албаны гаргасан мэдээгээр бөмбөгдөлтийн дараахан 83793 цогцос олсон байдаг ба олон зуу, мянган хүн юу ч үгүй үнс нурам болсон байсан нь тодорхой. Иргэний хамгаалахын хийсэн тооцоогоор бөмбөгдөлтөөс хойшхи хоёр хоногт нас барсан хүний тоог 97 мянга гэж тоолсон ба 125 000 хүн янз бүрийн түлэгдэлд өртсөнөөс 40 000 орчим нь маш хүнд түлэгдэлтэй байжээ. 

Мэдээж шарх, түлэгдэлтээс болж дараа дараагийн өдрүүдэд олон хүн нас барсан байж таарах ба Японы нийт тооцоогоор 120-130 мянган хүн, зарим түүхчид бүр 200 000 хүн алагдсан гэж үздэг байна.  

Америкийн Агаарын армийн ерөнхий командлагч Кертис Ле Мэй энэ бөмбөгдөлтийн тухай дараа нь ярихдаа “хэрвээ бид дайнд ялагдсан бол би дайны гэмт хэрэгтэн болох байсан нь тодорхой” гэж хэлсэн байдаг билээ.

P.S.

Токиог (Дрезден, Гамбург...)  бөмбөгдөх цэрэг дайны ямар нэг шаардлага байгаагүй, энгийн номхон оршин суугчдыг аль болохоор олноор хөнөөхөөр маш шаргуу бэлдсэн, цэргийн гэмт хэрэг, аймшигтай явдал... зэргээр Англи-Америкчуудын хийсэн олон том бөмбөгдөлтийг ярьж бичдэг.

Яахаараа дайтаж байгаа улсын нийслэл нь цэрэг дайны ямар нэг ач холбогдолгүй болдгийг мэдэх юм алга. Токиод цэрэг дайны том үйлдвэрүүд байгаагүй гэж зарим нь тайлбарлана.

Тэгвэл цэрэг дайны үйлдвэр гэж юу вэ? Буу, сум, цэргийн техник үйлдвэрлэдэг үйлдвэрийг хэлэх үү? цэргийн хувцас хэрэгсэл үйлдвэрлэдэг үйлдвэр үүнд орох уу? Цэрэг армийн хоол хүнсийг үйлдвэрлэдэг үйлдвэр яах вэ? Цэрэг армийн дэд бүтцийн гол сүлжээ нь болох төмөр болон авто зам, холбооны төв зэрэг нь цэрэг дайны явдалд хамаагүй юу? Тэр армийг удирдаж байгаа олон зуун түшмэд, удирдагч, улс төрч нар цэрэг дайны ямар нэг ач холбогдолгүй юу? Хамгийн сүүлд нь: цэрэг армийн үндсэн суурь, гарал болох жирийн ард түмний сэтгэл санаа цэрэг дайны ямар нэг ач холбогдолгүй юу?

Одоо арай өөр өнцгөөс харъя.

Токиод цэрэг дайны том үйлдвэр байгаагүй гэдэг. Тэгвэл 30 гаруй хүнтэй жижиг үйлдвэрүүд хэдэн зуу, мянгаар тоологдох хэмжээгээр байсан ба ихэнх нь том үйлдвэрүүдийн жижиг захиалгуудыг хийдэг, үйлдвэрлэдэг байсан байна. Японы цэрэг дайны үйлдвэрлэлийн 70% нь чухам ийм жижиг үйлдвэрээс бүтэх ба тэдгээр жижиг үйлдвэрүүд нь Япон даяар, Токио даяар энд тэнд таран байрлаж байжээ.

Бас нэгэн зүйл: Тухайн үеийн нөхцөлд, тухайн үеийн онгоцоор бөмбөгдөх гэж ямархуу зүйл байсныг харъя.
Ямар нэг үйлдвэр заводыг яг онож бөмбөгдөх болоход маш олон онгоц хэрэглэх шаардлагатай ба дээр нэгэн үйлдвэрийг 100 гаруй бөмбөгдөгч дайраад 1%-ийн хохирол үзүүлсэн тухай дурдсан. Гэтэл энэ үйлдвэрийг удаан хугацаагаар ажилгүй болгох, эсвэл бүр мөсөн жагсаалаас гаргахын тулд дор хаяж 400 гаруй онгоцоор, нам өндрөөс, өдрийн цагт, хэд хэдэн удаагийн оролт хийх замаар гүйцэтгэж болох нь гэсэн тооцоо гарч байж. Гэтэл тэр үед Америкт 200 гаруйхан В-29 байсан билээ.  Мөн 400 гаруй онгоцыг, өдрийн цагаар дахин дахин оролт хийлгээд байх агаараас эсэргүүцэн хамгаалах алба гэж юу байх вэ дээ.

Тэгэхээр яах ёстой гэж?  Токио зэрэг хотыг бөмбөгдөлгүй зөвхөн цэргийн объектуудыг бөмбөгдөж, газрын тулаан хийсээр 2-4 сая хүнээ алдаж, Япончуудын 7,5-20 сая хүнийг алах хэрэг үү? (Америкчуудын тооцоо) Эсвэл Токиог “хивсэн бөмбөгдөлтөөр” газрын хөрснөөс арилтал нь бөмбөгдөх үү?

Одоо Токиог бөмбөгдөх нь цэрэг дайны ямар нэг ач холбогдолгүй байсан гэж ярих хэрэг байна уу? 

Тэгээд зуун, зуун мянган энгийн ард иргэдийг алж, шатааж байх нь зөв хэрэг үү?

XX зууны эхэн үеэр Доу-гийн номлол хэмээх зүйл маш их газар авч байсан ба энэ номлол нь  дайныг зөвхөн агаараас бөмбөгдөх замаар ялах боломжтой гэсэн утгатай юм. Энэ номлолыг Америкчууд дайсныхаа энгийн оршин суугчдыг байнгын айдаст байлгаж, террор хийх замаар (террор, террорист гэдэг нь нэг сахалтай нөхөр Аллах Акбар гэж хашгираад өөрийгөө дэлбэлээд байдаг төдий зүйл биш, ихээхэн өргөн ойлголт) ялалт хийж болно гэж хүлээж авсан нь тэр.

Токио дараа нь Хиросима, Нагасаки ...

Америкчууд дэлхий дахинд мессеж илгээлээ.

Өөрөөр хэлбэл тэрхүү зуун, зуун мянган хүнийг алж, шатааж байгаа нь америкчуудын хувьд зөв хэрэг юм. Тэд Обамагийн хэлснээр онцгой үндэстэн. Зөвхөн тэд л сайн, муу зүйл гэж юу болохыг мэднэ, шийднэ..

Бөмбөгдөлтийн дараа Токиог цэвэрлэсэн байдал
Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]