Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Карпов та хоёрыг сайн харж, ховсдохын тулд би эхний эгнээнд суух ёстой"Уншсан6,405

...Каспаров хожино гэдгийг би зүгээр л урьдчилан харсан. Тэгэхдээ энэ тухай өөрт нь хэлж болохгүй байсан. Энэ тухай Каспаровын ээж, жолооч Коля хоёр л мэдэж байсан

Гүрж Сталинд Вольф Мессинг хэмээх гайхалтай зөнч байсан бол харин шатрын дэлхийн аварга, агуу Каспаровт Дадашев хэмээх гүрж зөнч, ховсч эр байжээ. Итгэхэд бэрх л юм. Гэхдээ ганц Каспаров ч бүү хэл түүний мөнхийн өрсөлдөгч Карповт хүртэл үйлчилгээ үзүүлдэг эмч, сэтгэлзүйч нарын бүхэл бүтэн багаас гадна бас л зайнаас нөлөөлдөг ховсчид байсан гэлцдэг.

Баку хотын иргэн Тофик Гасанович Дадашев хэмээгч холыг зөгнөж, ойрыг мэддэг мэргэн нэгэн болох тухай 90-ээд оны эхээр хачирхалтай сонин яриа их тарсан байдаг. Гол нь энэ хүнийг их мастер Гарри Каспаровын багт ажилладаг, далдыг мэддэг, хүний оюун санаанд ямар нэг аргаар нөлөөлж чаддаг хэмээх сураг чимээ сонсогддог байлаа. Дадашев ч хожим энэ тухайгаа хэвлэлд яриа өгч баталгаажуулжээ. Хариуг нь Каспаров ч хэвлэлээр бас өгсөн юмдаг. "Литературная Россия" сонинд олон жилийн өмнө өгсөн Дадашевийн сонирхолтой ярилцлагыг Н.Төмөрхуягийн орчуулснаар хүргэж байна.

Агуу шатарчдын тухай өөр нийтлэл уншихыг хүсвэл:

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Чонын ав

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Виктор Корчной Зөвлөлтийн эсрэг"

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь


-Юунаас бүх юм эхэлсэн бэ гэж та асууж байна уу?

-1984 онд Москвад, Холбооны байшингийн баганат танхимд дэлхийн шатрын аваргын халз тулалдаан болж байх үед би төрөлх нутаг Азербайжандаа амарч байлаа. Бүгд л энэ тэмцээний тухай шуугицгааж, Каспаров хариугүй хожигдож байсансан. Гэтэл намайг Азербайжаны Коммунист намын Төв хороонд дуудаж, "Каспаров яачих нь энэ вэ? Тантай тэр учирмаар байна гэх юм. Тоглолтын байдал есөн өргийн дараа 4:0 болоод байна"гэлээ. Ингээд би Москвад ирж, өөрийн туслах Сергеевийн хамт жирийн тасалбар худалдаж аваад Баганат танхимд орж байдлыг ажиглахаар шийдлээ. 12 дахь өрөг эхлэх гэж байсан юм. Олон ч хүн байна. «Карповын талынхан» гэсэн заагт 30-40 хүн сууж, «Каспаровын талынхан» гэсэн хэсэгт царай алдсан таван хүн байх юм. Тайзан дээр Каспаров гарч ирлээ. Сэтгэлээр уначихсан, тун ч ядруу харагдана. Хэдэн хормын дараа инээмсэглэсэн, цовоо, хөнгөн шингэн Карпов гарч ирээд эгц ширтэн, гараа шийдэмгий сунгав. Каспаров өндийн хараад гарыг нь атгаснаа, толгойгоо ганзагалав.

Энэ өдөр хоёр шатарчин хайнцлаа. Би 13 дахь өрөгт бас ирж харлаа. Өмнөх тоглолтынх шиг л юм боллоо. Их мастерууд задлан шинжилгээ хийж, санаа оноогоо хэлэлцэж байх юм. Эдний мэдээллийг лав ашигладаг болов уу гэж бодлоо. Орой тийшээ Каспаровын багийн ахлагч Мамедов утасдаж, бид «Россия» зочид буудалд Каспаровтай, Каспаровын ээжтэй уулзсан. "Карпов стратегаар барахгүй тактикийн цохилтоор надаас хол давуу тоглож байна" гэж Каспаров үнэнээ хэллээ.

"Намайг танд туслаасай гэж бодож байна уу? Чухам яаж туслуулмаар байна вэ?" гэвэл "Ядахдаа тоглолтын явцыг удаашруулах арга байвал..." гэдэг юм байна. Дэлхийн аварга асан Михаил Таль "Чи халз тоглолтоо нэгэнт алджээ. Гэхдээ нэр төртэйхөн тоглож хожигдохыг бод" гэж надад хэлсэн гэв. “4:0 байгаа тохиолдолд танд бас хүн шиг тоглох боломж байгаа юм байж. Хэрэв 5:0 болсон тохиолдолд тийм боломж танд үлдэх үү?” гэсэн чинь Каспаров цочин гайхаж «Тийм нөхцөлд би ерөөсөө тоглохоор ч очихгүй» гэдэг юм байна. «5:0 болсон үед л би танд тусална. Та халз тоглолтод хожигдохгүй» гэж би хэллээ. Каспаров надад итгэхгүй байна гэдгийг ч ойлголоо. Харин Каспаровтай ярьж байхдаа би түүнд өөрийнхөөрөө ховсдож нөлөөлж эхэлсэн юм.

-“Нөлөөлж” гэдэг тань юу гэсэн үг вэ?

-Харилцагч хүндээ сэтгэлийн их энерги хүч дамжуулахыг хэлж байгаа юм.

-Та эхлээд Каспаровт шууд тусалъя гэж бодоогүй хирнээ 5:0 болсон хойно тусалъя гэсэн нөхцөл болзол тавьдаг нь ямар учиртай юм бэ?

-Ганц хүний хувь заяа бус, дор хаяад хоёр хүний хувь заяаны асуудал яригдаж байгаа болохоор Каспаровт туслах тухай асуудал бол амаргүй хэрэг байлаа. Би хүнд тус болж эхлэхэд тэр хүн хувь тавилантайгаа миний дотор оршиж, тус дэм болж дуустал миний дотор амьдрах болдог юм. Энэ бол их хүч хугацаа шаарддаг зүйл. «5:0 болсон тохиолдолд» гэж хэлсний учир бол Каспаров дахиад нэмж хожигдоно гэдгийг би олж үзсэн (Хэн түрүүлж зургаа хожсон нь аварга болно) Үүнээс гадна тийм тохиолдолд Каспаров итгэл найдвараа надтай холбохоос өөр ямар ч аргагүй болно. Чухам тэгж өөрийгөө бүрэн даатгах л надад хэрэгтэй.

Тэгтэл хэдэн хоногийн дараа Мамедов сандран утасдаж «Хоёр цагийн дараа тоглолт эхлэх гэж байдаг, Каспаров очиж тоглохгүй гээд байх юм. Та ирээч гэлээ. Зочид буудлын хонгилд Мамедоваас гадна цөхөрч арга тасарсан Каспаровын ээж Клара Шагеновна зогсож байна. «Аймшигтай юм болж байна. Аварч үзээч» гэж үглэн угтлаа. Дээш өрөөнд ортол Гарри диван дээр уруу харан хэвтэнэ. Юу болсон тухай асуусан чинь “Би хараар тоглоно. Хожигдох байх гэж бодогдоод айгаад байна” гэлээ. Тэгэхээр нь би “Бүү ай та өнөөдөр тэнцэнэ” гэсэн. Миний хэлснээр л тэнцлээ.

27 дугаар өргийн өмнө Каспаровын эх утасдаж «Хотын захын байранд ирж дасгалжуулагчдыг нь хараач, юу ч хийхгүй юм. Нэг нь солиорч, нөгөө нь ууж, гурав дахь нь....» гэхэд би «очихгүй» гэж татгалзлаа. «Энэ удаа очих хэрэг ч алга. Каспаров хожигдоно. Тэгш газар бүдэрнэ дээ. Өөрт нь энэ тухай бүү хэлээрэй» гэлээ. Хожигдсоныхоо дараа Каспаров утасдаж «Үнэхээр би тэгш газар бүдэрлээ. Тэнцүү байрлалд сэрэмж алдсанаас боллоо. Ээж таны хэлснийг дараа нь бүгдийг ярьсан. Одоо би тав хожигдчихоод байна. Тэгэхлээр би таны мэдэлд бүрэн шилжлээ» гэв. «Ойлгож байна, одоо би тусална» гэж хариулсан.

28 дахь өргийн өмнө туслах Сергеевийн хамт Каспаровынд ирлээ.

"Та надтай уулзахаар шийдсэнээрээ тун оножээ. Таны хувь тавиланг эргүүлж чадах тэр хүн чинь чухам би мөн. Миний танд туслах гэсэн сэтгэлд гурван шалтгаан байна. Бид нэг Бүгд найрамдах улсынх, Хоёрт гэвэл, хүний ёсоор та миний сэтгэлийг татаж байна. Гуравт, миний хувийн спортын сонирхол. Танаас надад юу ч хэрэггүй. Баярласан, талархсанаа ч илэрхийлэх хэрэггүй. Үүнээс гадна хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. “Би хүчтэй, би хожино” гэж тоглолт бүрийн өмнө давтаж бай гэж сургаад ховс хийдэг профессор хүртэл бидний ажилд хөндлөнгөөс орж болохгүй. Одоо би танд яаж туслахаа хэлье. Карпов та хоёрыг сайн харж байхын тулд би эхний эгнээнд суух ёстой. Та надад тийм эрхийн бичиг олж өгөх хэрэгтэй. Миний ховс нөлөөлж танд нүүхэд хөнгөн, хялбар, Карповт хүнд, хэцүү болж эхэлнэ. Танд ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх болно. Тоглолт бүрийн өмнө та надруу утасдаж бай. Карповын биеийн байдлаас шалтгаалж яаж нүүхийг би танд хэлж өгнө. Мөн тоглож дуусаад нүүсэн өргөө Карповтой хамт бүү үз" гэж би хэллээ.

Ингээд 28 дахь өргөөс эхлээд Каспаров үд дунд утасдахад нь би түүнд зөвлөгөө өгч эхэллээ. Тэгэхдээ «би яаж ч тусалсан та л тоглож байгаа» гэдгийг ямагт сануулдагсан. Тоглолт бүрт би ирж, ойртон суугаад хардаг байлаа. Каспаров тайзан дээр гарч надтай харц солилцоно. Ингээд бидэнд ашигтай сэтгэлзүйн нөхцөл бүрдэж Каспаров ч тоглож эхэлнэ дээ.

-32 дахь өрөгтэй ямар үйл явдал холбогдон өрнөсөн юм болоо? Каспаров анх удаа Карповыг хожсон шүү дээ. Та энд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Каспаров хожино гэдгийг би зүгээр л урьдчилан харсан. Тэгэхдээ энэ тухай өөрт нь хэлж болохгүй байсан. Энэ тухай Каспаровын ээж, жолооч Коля хоёр л мэдэж байсан, «Удаан тоглоорой, тэнцүү байдал үүсвэл нүүгээд л байх юм шүү. Өнөөдөр энэ тун чухал» гэж би Каспаровт зөвлөсөн. Тэгээд л миний урьдчилан мэдэж байснаар Каспаров хожсон доо.

-Тун сүрхий хожил болсон юм. Каспаровын анхны ялалт хүртэл мэргэжилтнүүд түүнийг хэрхэн үнэлж байсныг мэдэх үү? Карпов тэмцээний санаачилгыг бүрэн атгаж байна. Карповт ялалт хэрэгтэй, Карпов ялах болно гэж их мастер Лилиенталь бичсэн. Гүнзгий ангал дээр ганц гараараа зүүгдчихсэн савлаж байгаа хүний дүрийг сэтгэлдээ төсөөлөгтүн. 27 дахь өргийн дараа Каспаров чухам ийм байдалтай болоод байна гэж Тайманов бичсэн. Тэгээд цааш юу болсон билээ?

-Хөгийн сонин юм их л бичиж байсан. Алийг ярьж амжих вэ? 47 дахь өргийг Каспаров хараар хожсон. Орой нь надруу ярьж гялайсан баярласнаа хэлж билээ. 48 дахь өргийг үзэж чадахгүй. Баку руугаа буцах болсноо хэлэхэд минь «Та намайг орхиж байгаа юм уу?» гэж тун гайхан асуусан. «Үгүй, та бид хоёрын холбоо тасрахгүй. 48 дахь өргийг та хожно. Харин халз тоглолт цааш үргэлжлэхгүй, тасалдана» гэсэн юм, Түүхэнд ийм явдал гараагүй гээд Каспаров надад итгэсэнгүй. Яг миний хэлснээр боллоо. Халз тоглолтыг зогсооно гэж би лавтай хэлэв.

-Нээрээ Каспаров 48 дахь өргийг хожиж, тэгээд ФИДЕ-гийн ерөнхийлөгч халз тоглолтыг таслан зогсоосон шүү. Тэгэхээр Каспаров ялагдалгүй салж, та амласнаа биелүүлсэн хэрэг үү? Таны сэтгэл хангалуун байсан уу?

-Үгүй. Каспаров дэлхийн аварга болоогүй шүү дээ. 1985 оны 9 дүгээр сарьн 2-нд Москвад дэлхийн шатрын холбооны шийдвэрээр хоёр шатарчин дахиж тоглох боллоо. 24 өрөг тоглоно. Бүх өргийн талаас илүүг, эсвэл эхэлж зургаа хожсон нь дэлхийн аварга болох байлаа.

-Та хоёр дахь халз тоглолтод хэрхэн оролцсон бэ?

-Каспаров удтал утасдсангүй. Каспаров нэг хожиж хоёр хожигдсон хойно л сая нэг утасдсан. Тэгээд би эхэлсэн ажлаа дуусгахаар шийдсэн юм. Лениний гудамж дахь тусгай байранд нь Каспаровын хүссэнээр уулзаж билээ. Зургаа дахь өргийн өмнө Каспаров яах ч учраа мэдэхээ больчихсон байв. Хажууд нь ээж нь тэвдэн гүйнэ. «Та үзэг аваад бичээрэй» гэж эхэд нь хэллээ. «6, 7, 8 дахь өргүүд тэнцэнэ. Энэ өргүүд дээр би байна. Дараа нь би Баку хот руу буцна. 15 дахь өрөгт би буцаж ирнэ. 15 дахь өрөг хүртэл Гарри нэг хожиж, бусад өрөгтөө тэнцэнэ. Хожлын тоо 2:2 болно. 15 дахь өргийн дараа халз тоглолтын явцад өөрчлөлт гарч Каспаров хошуучлах болно. Харин танд баяр хүргэе. Та дэлхийн аваргын ээж болно» гэж билээ.

15 дахь өргийн өмнө амжиж Москвад ирүүт би утасдаж «Өнөөдөр би очиж үзэхгүй. Хайнцах болно» гэж хэллээ. Өргөө дууссаны дараа Каспаров утасдаж байна. “Миний өмнө бичүүлсэн зүйлийг санаж байна уу” гэсэн чинь “Мэдээж хэрэг, санаж байна”. “15 дахь өргийн дараа хэд дэх өргийг тоглох билээ” гэвэл “17 дахь” гэж хариулав. “Яагаад” гэж асуувал “17 дахийг би цагаанаар тоглоно” гэж Каспаров хариулдаг юм байна. “Үгүй, 15 дахь өргийн дараа 16 дахийг тоглоно шүү” гэвэл “Хараар азаа туршмааргүй байна” гэж байна. “Аз турших хэрэг гарахгүй. Удаан барьж тоглоорой. Ялалт өөрөө хүрч ирнэ” гэж би зөвлөлөө.

Энэ 16 дахь өргийг би очиж үзсэн юм. Каспаров хараар хожлоо. Каспаров 19 дэх өргийг бас хожсон юм. Энэ өргийн дараа би туслахтайгаа хооллож суухдаа «Каспаров над руу утасдахгүй байна. Энэ нь түүний гол алдаа болно доо» гэж бодлогошрон хэлж билээ. Туслах Сергеев над руу гайхан харлаа. Каспаров үнэхээр 20 дахь өрөгт зовж зүдрэн тэнцээд надруу утасддаг юм байна.  Гарри та алдаж байна. Одоо би танд 22 дахь өргийг хожигдоно гэдгийг хэлэхээс өөр аргагүй боллоо гэв. “Үгүй, хожигдохгүй. тэр ч байтугай Карповын нүүдлийг би урьдчилан тааж мэддэг болсон” гэдэг байгаа. Юм ойлгог гэж бодоод би түүнд тусалсангүй. Каспаров 22 дахь өрөгт хожигдлоо.

-Байдал хүндэрсэн нь ойлгомжтой. Карпов нэг өрөг хожвол аваргаа хадгалах нь байна шүү.

-Тиймээ, үүнийг бүгд ойлгож байлаа. 23 дахь өрөг хайнцаж. сүүлчийн цорын ганц өрөг үлдсэн үед асуудал улам хурцдав. Тэгээд ч Каспаров над руу сэтгэл догдлон утасдсан нь ойлгомжтой. «Бүү сандар, Гарри. би тантай хамт байна. Та хожноо гэсэн чинь “Та юу ярьж байна. Би хараар тоглоно. Шийдвэрлэх өрөг, аз туршихгүй, тэнцэхэд л гүйцээ юм чинь» гэж их л догдлон дуугарав. “Тэр системийг юу гэж нэрлэдгийг би мэдэхгүй. Гэвч би тодхон харж байна. Сүүлчийн гурван шугамыг эзэлж тэндээ боднуудаа сэлгэж тавиад л бай. Урагш зүтгэж огт болохгүй. Карпов аймшигтай дарамт үзүүлнэ. Бүү сандраарай. Маш хурц байрлал үүснэ. Карпов азаа турших болно. Хамаг хүүгээ түлхээд элгээ нээх бий. Тэгээд л та халз тоглолтод хожиж аварга болно доо” гэсэн юм. Ингэж ярилцсаныг минь манайд зочилж байсан Курьянов гэдэг хошууч гэрчилнэ.

Сүүлийн 24 дэх өрөг эхэллээ. Каспаров сүүлийн гурван шугамаас урагш гарахгүй байв. Миний сэтгэл догдлон Сергеевийн хамт кофе уухаар явлаа. Тэгтэл Каспаровын ахлах дасгалжуулагч Никитин бидэнд ойртож “Гарри юу хийж байна, айхавтар хурц байрлал үүсгэлээ. Бидний бэлтгэж өгснөөс өөр юм нүүгээд байх юм. Байдал нэн хүнд байна” гэж билээ. Гэвч Каспаров хожиж дэлхийн аварга болсон юм.

-Карпов, Каспаров хоёр гурав дахиа халз тоглосон даага нэхэх тэмцээний талаар юу хэлэхсэн бол?

-Каспаровынхантай хамт Лондон явахаас би татгалзсан юм. Тэдний сэтгэл ихэд гонсойсон харагдсан. Лондонд халз тоглолтын эхний үед та нарт санаа зовох юмгүй. Харин халз тоглолтын 2 дахь хэсэгт, Ленинградад байдал хүнд болно. Өмнөх 2 тоглолтоос яг эсрэг юм болно гэсэн. Үнэхээр ч 16 дахь өрөг хүртэл Каспаров гурван хожлоор тасарсан явлаа. Өмнөх тоглолтын 22 дахь өрөгт (Каспаровын хожигдсон) би ямар ч буруугүй. Ер нь 37 өрөгт би Каспаровт тусалж, энэ өргүүдэд Каспаров хожигдоогүй билээ. Ленинградад Карпов гайхамшигтай сайхан наадаж 17, 18, 19 дүгээр өргүүдийг шувт хожив. Тооны харьцаа тэнцлээ. 20, 21 дэх өргүүд тэнцээгээр дуусч, нөгөө аюултай 22 дахь өргийн цаг боллоо. Карпов нэг хожоод л нөгөөдөхийг тэнцэхэд даагаа нэхчихнэ. Ийм хурц үед Каспаровынхон намайг хайж миний туслахын гэргийгээс хүртэл асуув. Сергеев Каспаровынхны гэрийн утсыг өгч би Ленинград руу утасдлаа. Клара Шагенова утас авч, учиргүй баярлав. Гарриг дуудууллаа. «Карпов тун ч хүчтэй наадаж эхэллээ» гэж хэлэхэд нь «Миний хэрэгцээ байна уу?» гэж асуулаа. Каспаров «Тийм. Танд боломж юу байна» гэж нэлээд түгдчин дуугарав. «За сайн. Өнөө орой би Ленинград руу явъя. Өглөө угтаж аваарай гэсэн билээ.

Замдаа шөнө чухам юу болохыг урьдчилан харлаа. 22 дахь өрөг тэнцэнэ. 23-ыг Карпов цагаанаар хожно. 24 дэх тэнцэнэ. Карпов даагаа нэхэх нь тэр! Вокзал дээр Сергеев бид хоёрыг жолооч Коля угтаж авав. «Гарри яаж байна» гэвэл «Одоо ч дажгүй. Тантай ярьснаас хойш санаа нь амарч надтай шөнийн 2 цаг хүртэл бильярд тоглосон. Наргиж хөөрөөд л» гэсэн хариу сонслоо. “Каспаровын багийнхан зүгээр биз” гэж сонирхсон чинь, нэг эвгүй явдал болсон.  Дасгалжуулагч Владимировыг сэжиглэж, бэлтгэсэн гарааны материалыг Карповт дамжуулж байна гээд Каспаров хөөчихсөн гэв. Клара Шагенова биднийг угтаж Владимировыг харааж байв. Владимировыг яагаад тэгж хөөснийг ч би ойлголоо. Халз тоглолт дуусах ойртож байдаг. Тэгэхэд тооны харьцаа тэнцчихсэн. Карпов хожиж эхэлсэн үед өөрийгөө яаж ийгээд зөвтгөхийн тулд өөр нэгнийг хардаж сэрдэж, буруугаа тохохоор шийдсэн байна. “22 дахь өргийн өмнө Каспаровтай уулзана” гэж хэллээ. Ингээд “Гарри, та өнөөдөр заавал хожих хэрэгтэй. Өнгөрсөн халз тоглолтын 22 дахь өргийг санаарай. Ийм учраас би ирсэн юм” гэж хэлээ. “Гарри та эцсээ хүртэл нүүгээрээ. Та хожно итгэх хэрэгтэй” гэж нэмэв. Сергеев бид хоёр жаал хождож ирлээ. 5 минутад 15 нүүдэл хийчихсэн байна. Каспаров ч сайхан нүүж, Карпов ч сайн хариулж байх юм.

Өрөг хойшилж, Каспаров яаж хожихоо мэдэж байгаагаа хэлээд, надад талархаж байгаагаа илэрхийлж, гарын тийзээ дарсан зургаа дурсгасан юм. Москва руу буцаж явахдаа хоёрдмол сэтгэлд автан шаналж явлаа. Нэг талаас бодвол зорьсондоо хүрч Каспаровыг ялууллаа. Нөгөө талаас бодвол Карповын хувьд шударга бус юм хийж байгааг ойлгож мэдэрч байсан юм. Сүүлдээ Каспаров хэвлэлд хачирхалтай сонин зүйл ярьж эхлэв. Севильд болсон 1987 оны халз тоглолтын өмнө Шпигельд сэтгүүлд өгсөн яриандаа намайг эсрэгээрээ Карповт зөвлөгөө өгч, хожуулж байсан тухай мэдээлсэн юм.

-Гэлээ гэхдээ та ямар нэгэн зүйл, таавар ярих нь ярьсан юм байгаа биз дээ?

-Ер нь би гурван зүйл урьдчилан хэлсэн юм. Нэгд, Карпов халз тоглолтод ялагдахгүй. Дараа нь 23 дахь өргийг хожиж, тэмцээнд хошуучилна. Карпов олон бодоор наадахад, Каспаров тэсэлгүй алдаж хожигдоно. Сүүлчийн зөнгийн тухайд бол 24 дэх өргийг Карпов идэвхгүй сул тоглож хожигдоио. Эцэст нь халз тоглолт 12:12-оор дуусч Каспаров аваргаа хадгална гэж би хэлсэн юм.

-Ойлгомжтой. Олон улсын хэмжээнд ялахын тулд бусад уран бүтээлчид танаас зөвлөгөө авдаг уу?

-Тэгдэг, энэ тухай би сүүлд ярина. Одоо би их завгүй байна. Каспаровт юм уу, эсвэл Карповт туслах зав алга.

Агуу шатарчдын тухай өөр нийтлэл уншихыг хүсвэл:

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Чонын ав

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Виктор Корчной Зөвлөлтийн эсрэг"

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]